Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01172

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01172

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХК,

 

Хариуцагч: “А” ХХК.

 

Нэхэмжлэлийн шаардлага: 75 330 126 төгрөг гаргуулах.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Бархассүрэн.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75 330 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Б” ХК нь даатгуулагч “Б” ХХК-тай гадаад ачаа тээврийн даатгалын гэрээг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус даатгалын гэрээгээр даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх болон усан (хөлөг) онгоцоор Монгол Улсаас гадаад улс руу болон гадаад улсаас Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааг даатгасан. Тээвэрлэгч “Ашли” ХХК-иар тээвэрлэгдэн ирсэн даатгуулагч “Б” ХХК-ийн ачааг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаалийн талбайд онгойлгож үзэхэд доторх ачаа нь ханарч нурж унасан байдалтай байсан бөгөөд барааны эвдрэлийн тоо ширхэгийг Улаанбаатар төмөр замын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн акт,  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн дүгнэлтээр тогтоосон.

 

1.2 Улмаар нийт 31 801.32 ам.долларын бараа гэмтэж эвдэрсэн нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэрээр Гадаад ачаа тээврийн даатгалын тохиолдол үүссэн хэмээн үзэж уг хохирлын 90 хувь болох 28 621.6 ам.доллар буюу 75 330 126 төгрөгийг “Б” ХК-иас гаргуулж даатгуулагчид олгож шийдвэрлэсэн. 

 

1.3 “Б” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-ийн тээвэрлэсэн ачааны хохиролд даатгуулагчид нийт 75 330 126 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх ачаа нь тээвэрлэлтийн явцад ханарч нурсан буюу тээвэрлэгчийн хариуцлагаас болж гэмтсэн болох нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлтээр дээрх гэмтлүүд нь вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад үүссэн гэснээр тогтоогддог. Мөн тээвэрлэгч “Ашли” ХХК болон даатгуулагч “Баясах Атлас” ХХК-ийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 2.1.7 дахь заалтад Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцан барагдуулна хэмээн заасан байдаг. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан бөгөөд Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Даатгагч нөхөн төлбөр олгосноор олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжинэ” гэж заасан байдаг.

 

1.4 “А” ХХК нь өөрийн хариуцсан тээвэрлэлтийн явцад буюу ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул “Б” ХК даатгалын нөхөн төлбөрт олгосон төлбөрийг буруутай этгээд болох хариуцагчаас буцаан нэхэмжлэх үндэслэлтэй. 

 

1.5 Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасны дагуу буруутай этгээд болох "А” ХХК-иас 75 330 126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “А” ХХК нь “Бодьдаатгал” ХК-тай иргэний болоод бусад хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээж, эрх ашгийг нь зөрчиж, хохирол учруулаагүй.

 

2.1 Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаар заалтыг тус тус үндэслэн манай компанийг хариуцагчаар татсан байх ба энэ зүйл заалтуудад манай компани хамааралгүй. Өөрөөр хэлбэл, манай компани 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Б” ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйл буюу үйлчлүүлэгчийн эрх үүрэгтэй холбоотой хэсгийн 3.1.3 дахь заалтаар үйлчлүүлэгч тал буюу “Б” ХХК нь илгээгч талдаа ачааны сав, баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэхийг урьдчилан анхааруулах үүрэгтэй. Мөн манай компани ачаа тээврийн үйл ажиллагаанд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг ба ачааг тээвэрлээгүй, ачааг илгээгээгүй, ачааг бэхлээгүй болно. Энэ үйл ажиллагаанд тухайн ачааг зуучилсан, илгээсэн, тээвэрлэсэн, хүлээн авсан гээд олон байгууллагын хамтын ажиллагаа, мөн тус тусын хүлээх үүргийн хүрээнд явагдсан.

 

2.2 Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлтийг хавсаргаж өгсөн ба уг дүгнэлтээр вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс болж тээвэрлэлтийн явцад үрэгдсэн талаар, Улаанбаатар төмөр замын 2018 оны 7 сарын 30-ны өдрийн тээврийн актаар ачааг вагонд 2 давхар поддоноор хураасан байсан нь ханарч нурж ирснээс болж ачаа гэмтсэн гэсэн акт үйлдсэн байна. Мөн Улаанбаатар төмөр замын тус актаар тээвэрлэгч нь Улаанбаатар АБТЭМА буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг харин ачааг илгээгч байгууллага нь “Хемтранса” компани байгааг харж болно. Үүнээс үзэхэд ачааг илгээгч байгууллага шаардлагатай бэхэлгээг хийсэн эсэх, ачааг тээвэрлэсэн байгууллага ачааг ханарч унахад хүргэсэн ямар нэг үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй, харин манай компанийн хувьд ачааг бэхлэх үүрэг хүлээхгүй ба илгээгч байгууллага ачааг бэхэлдэг, бэхэлгээг маш сайн хийлгэх үүргийг манай компанийн үйлчлүүлэгч байгууллага хүлээдэг.

 

2.3 Тээвэрлэлтийг манай компани хийдэггүй ба Улаанбаатар төмөр зам ХНН тээвэрлэлтийг хийдэг. Тус байгууллага ачааг гэмтээх хэмжээний ямар нэг үйлдэл гаргасан эсэхийг бид мэдэхгүй ч тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээх үүрэгтэй.

 

2.4 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд даатгалын нөхөн төлбөрийн талаар талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны гэрээ байгуулсан байна. Энэ нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, даатгалын тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрийг төлөхөөр хугацаа тохирсон гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл, талууд холбогдох хууль, журмыг зөрчиж гэрээ байгуулан тохиролцож, уг тохиролцсон үнийн дүнгээ гуравдагч этгээд буюу манайд шууд тулгаж байна. Уг шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд манайх мэдээгүй ба оролцоогүй. Мөн шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хариуцагч тал буюу “Бодьдаатгал” ХК нь дүр үзүүлсэн байдлаар оролцсон болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдаж байна. 

 

2.5 Мөн манай байгууллагын гэм бурууг тогтоосон баримт байхгүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлт, Улаанбаатар төмөр замын тээврийн акт нь манай бурууг нотлохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал буруутай нь тогтоогдсон нөхцөлд шаардах эрх үүснэ.

 

2.6 Иймд тус нэхэмжлэлийн хувьд манай компани нэхэмжлэгчийн тодорхойлсон буруутай этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Б” ХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх CIA01C18014031000002 дугаартай “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”, “Б” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, 0037252 дугаартай тээврийн акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэр, 4 ширхэг гэрэл зураг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаартай “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм батлах тухай” тушаал, хавсралтаар баталсан “Төмөр замын ачаа тээврийн журам”, Голомт банкны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчээс “Б” ХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх CIA01C18014031000002 дугаартай “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам баримтыг бүрдүүлсэн ба хариуцагчийн [email protected]д үзлэг хийсэн.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчаас 2943 дугаартай нэхэмжлэх,  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас гаалийн дагалдах бичиг, Зам тээврийн хөгжлийн яамнаас Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам, баримтыг бүрдүүлсэн.   

 

7. Шүүхийн санаачилгаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0024937 дугаар магадлагаа, “Б” ХК-иас “Баясах атлас” ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээ тогтоосон баримт гэх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2019/04763 дугаар захирамж, “Б” ХХК-иас “Б” ХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Экспортын баримт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас “А” ХХК-тай байгуулсан тээврийн гэрээний хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ТТГ/19/017 дугаартай, “Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох гэрээ” баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

2.1 Хариуцагч “А” ХХК өөрийн хариуцсан тээвэрлэлтийн явцад буюу ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас “Б” ХХК-д учирсан хохирол 75 330 126 төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХК нь даатгалын гэрээ болон шүүхийн шийдвэрийн дагуу “Б” ХХК-д төлсөн. Иймд нэхэмжлэгч нь даатгуулагчид дээрх төлбөрийг төлсөн тул уг мөнгийг буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:

 

3.1 Хариуцагч нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, хохирол учруулаагүй.

 

3.2 Хариуцагч тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Харин ачааг тээвэрлээгүй, ачааг илгээгээгүй, ачааг бэхлээгүй.

 

3.3 Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлт, Улаанбаатар төмөр замын тээврийн акт нь хариуцагчийн гэм бурууг нотлохгүй.

 

3.4 Уг маргаанд хариуцагч нь хариуцвал зохих этгээд биш.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Б” ХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх CIA01C18014031000002 дугаартай “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”, “Б” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, 0037252 дугаартай тээврийн акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэр, 4 ширхэг гэрэл зураг, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаартай “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм батлах тухай” тушаал, хавсралтаар баталсан “Төмөр замын ачаа тээврийн журам”, Голомт банкны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээний баримт, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам, 2943 дугаартай нэхэмжлэх, гаалийн дагалдах бичиг, [email protected]  хийсэн үзлэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2019/04763 дугаар захирамж, “Баясах атлас” ХХК-иас “Бодьдаатгал” ХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Экспортын баримт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас “Ашли” ХХК-тай байгуулсан тээврийн гэрээний хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ТТГ/19/017 дугаартай, “Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох гэрээ” баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч “А” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр АШ/БА-01/2018 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулсан байна. Гэрээний 1.1-д зааснаар тээвэрлэгч “А” ХХК нь үйлчлүүлэгч “Б” ХХК-ийн захиалгат заасан ачааг, түүнд заасан маршрутын дагуу, тогтоосон хугацаанд тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалтын үйлчилгээ, түүнтэй холбоотой бусад үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч “Б” ХХК нь тохирсон төлбөр тооцоог төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1 хх 10-12 дугаар тал/.

 

6. Хариуцагч “А” ХХК нь дээрх гэрээний дагуу үйлчлүүлэгч “Б” ХХК-ийн 1968 сав барилгын өнгөлгөөний материалыг төмөр замаар Литва улсаас Монгол улс руу тээвэрлүүлсэн байна. Уг эд зүйлсийг үйлчлүүлэгч “Б” ХХК нь Монгол улсад хүлээн авах үед илгээсэн нийт 1968 сав барилгын өнгөлгөөний материалын 1124 ширхэг сав нь тээвэрлэлтийн явцад гэмтэж, ашиглахгүй боломжгүй болсон нь ХААҮТ-ын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0024937 дугаар магадлал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0037252 дугаар тээврийн актаар тус тус нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Улмаар үйлчлүүлэгч “Б” ХХК нь даатгагч  “Б” ХК-д холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр C1A01C18014031000002 дугаартай гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу хохирол буюу дээрх эд зүйлсийн үнийн 90 хувь болох 75 330 126 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар “Бодьдаатгал” ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 75 330 126 төгрөгөөс хасаж, үлдэх 55 330 126 төгрөгийг “Бодьдаатгал” ХК-иас гаргуулан “Баясах-Атлас” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх 18-21 дүгээр тал/ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу даатгуулагч “Баясах-Атлас” ХХК болон даатгагч “Бодьдаатгал” ХК-ийн хоорондын даатгалын нөхөн төлбөр буюу даатгалын тохиолдол үүссэн, түүнийг нөхөн төлсөнтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна. 

 

8. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

 

9. Өөрөөр хэлбэл, хариуцагч “А” ХХК болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн АШ/БА-01/2018 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний хариуцлага нь даатгуулагч “Б” ХХК болон даатгагч “Бодьдаатгал” ХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн C1A01C18014031000002 дугаартай, гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу даатгагч  “Бодьдаатгал” ХК нь даатгуулагч “Б” ХХК-ийн 1968 ширхэг сав барилгын өнгөлгөөний материал төмөр замаар Литва улсаас Монгол улсад ирэх үед гэмтэж, ашиглах боломжгүй болсон хохиролд нийт 75 330 126 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу даатгуулагч “Б” ХХК-д төлснөөр даатгагч  “Б” ХК-д гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргах эрх шилжсэн байна.

 

10. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Энэ нөхцөлд даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжсэн байхаас гадна хохирол учирсан, уг хохирол нь гуравдагч этгээдийн гэм буруугийн улмаас учирсан буюу шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Ашли” ХХК-ийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас 1968 сав барилгын өнгөлгөөний материалын 1124 ширхэг сав нь төмөр замаар Литва улсаас Монгол улс руу тээвэрлэх явцад явцад гэмтэж, ашиглахгүй боломжгүй болсон нь баримтаар тогтоогдсон байхыг шаардах бөгөөд  ХААҮТ-ын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0024937 дугаар магадлал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0037252 дугаар тээврийн акт нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 75 330 126 төгрөгийг шаардах эрхгүй байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд мөн зүйлийн 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас болон зохих этгээд нь гуравдагчаар оролцох, оролцуулах тухай хүсэлт гаргаагүй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК-д холбогдох, 75 330 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН