Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2018/00547

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2018/00547

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг мангирт 5 дугаар хэсэг 7 гудамж 3 тоотод оршин суух, 51 настай, эрэгтэй ******* овогт *******ын *******ийн /ТВ-67060111/ нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 хороолол, 14-65 тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ******* овогт Лхагвын ******* /ХГ-67062601/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй булаг 3-17 тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ы *******ын /ТЯ-77122811/ холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдсэн төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Э.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

...Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр алт угаах тоног төхөөрөмжийг Э.*******т 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2017.07.10-нд урьдчилгаанд 17.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл 17.500.000 төгрөгийг 2017.07.10-нд авахаар тохиролцож, энэ нөхцөлийг гэрээндээ тусгаж талууд гарын үсгээ зурцгаасан.

2017.07.10-ны өдөр өнгөрч 17.500.000 төгрөгийг удаа дараа нэхэж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ-ний 2.3-т Худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги хариуцагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 17.500.000 төгрөгийн алдангид 8.750.000 төгрөг нэхэмжилнэ. Э.*******аас тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* нь Э.******* гэдэг хүнд алт угаах тоног төхөөрөмжийг 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьчдчилгаанд 17.500.000 төгрөгийг өгч, үлдэх 17.500.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцон Худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийсэн. Урьчилгаанд авсан мөнгөөрөө тоног төхөөрөмжийнхөө бэлдэцийг бэлдээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бэлэн болгож хүлээлгэж өгөхөөр болсон. Улмаар Э.******* ирж тоног төхөөрөмжөө хүлээн авч үлдэгдэл мөнгөө өнөөдөр өгөх боломж алга үйл ажиллагаа явуулж байгаад үлдэгдэл мөнгөө 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгье гэсний дагуу тухайн 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийсэн байдаг. Улмаар зохигчид гэрээндээ тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнийг хугацаандаа өгөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тусгаж өгсөн байдаг. Ингээд талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэдийгээр хариуцагчаас миний хувьд мөнгө төлбөр төлөөгүй мэдэхгүй С.Цогтбаяр гэдэг хүн мэднэ гэж байгаа хэдий ч Ц.*******той Худалдах, худалдан авах гэрээ хийн гарын үсэг зурсан байгаа нь эцсийн хариуцлагыг энэ хүн хүлээх ёстой.

Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 82 дугаартай захирамжинд заагдсан урьдчилан төлсөн 17.500.000 төгрөгийг өгч авалцсан төлбөрийн баримт, банкаар дансаар шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар заасан боловч өгсөн авсан бичиг баримт байхгүй учраас энэ баримтыг манай талаас гаргах боломжгүй юм. Тийм учраас захирамжийн энэ хэсгийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний бие нь С.Цогтбаяр, С.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нартай ажиллахаар тохиролцож хамтран ажилласан. Ц.******* гэдэг хүнээс алт угаах тоног төхөөрөмжийг гэрээ хийхээс өмнө очиж авсан санагдаж байна. Харин намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад С.Цогтбаяр намайг Чи Ц.******* дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад би бэлнээр өгөөгүй, С.Цогтбаяр л өгсөн байх. Мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээнд гарын үсэг зурсан. Миний хувьд техник тоног төхөөрөмж авах мөнгө төгрөг ч байхгүй. Зөвхөн би С.Цогтбаяр гэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажилахаар тохиролцсон байсан боловч сүүлдээ таарч тохирохгүйн улмаас удалгүй ажлаасаа гарсан. Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа. 2017 оны 09 дүгээр сард цалингаа нэхэхээр очиход тэдний ажил зогссон, С.Цогтбаяр ор сураггүй алга болсон байсан. Би өөрөө ч хохироод явж байгаа хүн.

С.Цогтбаярыг С.Батнарангаас сураглахад мэдэхгүй байсан. Хальт сураг сонсоход 2017 оны 11 сард Солонгос Улс руу гарсан сурагтай байсан. Шүүх дээр надад холбогдуулан нэхэмжлэл ирэхэд С.Цогтбаярыг хамтран хариуцагчаар татуулан эрэн сурвалжлахад өөрийн байгаа хаяг дээрээ байхгүй байраа түрээслээд явсан байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Энэ асуудал надад хамаагүй. Би зөвхөн С.Цогтбаярыг гуйхаар нь л өөрийн нэр дээр гэрээ хийн гарын үсгээ зурсан. С.Цогтбаяр л удирдаж зохион байгуулан ажилладаг байсан. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлдээ тодруулга хийсэн тайлбараас:

2017 оны 04 дүгээр сард Э.*******, Т.Чулуун-Эрдэнэ, С.Цогтбаяр нар нь Бидэнд алт угаах тоног төхөөрөмж хэрэгтэй байна, та хийж өгөөч гэж ирж надтай уулзсан. Би тэдэнтэй ярилцаж байгаад уг тоног, төхөөрөмжийг нь 35.000.000 төгрөгөөр хийх болж тохиролцоод урьдчилгаанд нь 17.500.000 төгрөг аваад материал, бэлдэцээ бэлдэж, тоног төхөөрөмж буюу скуперийг хийж бэлэн болгосон.

Ингээд 2017 оны 05 дугаар сарын 11-нд уулзаж скруперээ Э.*******т хүлээлгэж өгөөд түүнтэй гэрээг хийсэн. Э.******* нь тэр үед үлдэгдэл мөнгөө 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгье гэж хэлээд үүнийгээ гэрээндээ тусгаж гарын үсгээ зурж өгөөд явсан...тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Э.*******аас скуперийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, хугацаа хэтрүүлэсэн хоног тутмын алдангид 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Т.Чулуун-Эрдэнийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Миний найз О.Батнаран надад 2017 оны 04 дүгээр сарын дундуур С.Цогтбаяр гэдэг алт олборлодог хүн байна хоёулаа энэ хүнтэй цуг ажиллая гэж хэлсэн. Тухайн үед О.Батнаран бид хоёр С.Цогтбаяртай нийлж хөлсөөр ажиллахаар ярилцсан...С.Цогтбаяртай 4 сарын дундаас хойш уулзаж анх царайг нь харсан. 2017 оны 05 дугаар сарын 10-наас хойш О.Батнаран, С.Цогтбаяр бид гурав хувиараа алт олборлохоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харангант гэх газарт ирсэн. Сүүлд Э.******* бид гурав дээр нэмэгдэж хөлсөөр ажиллахаар болсон. Бид 2017 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хамт ажиллацгаасан.

С.Цогтбаяр, О.Батнаран бид гурав 2017 оны 04 дүгээр сард хамтран алт хувиараа олборлох ажлаа ярилцах үедээ алт олборлоход ийм ийм тоног, төхөөрөмж хэрэгтэй авна гэж хоорондоо ярилцсан. Ерөнхийдөө С.Цогтбаяр усан буу авах санааг гаргаж, С.Цогтбаяр хэдэхдээ ...би өөрөө бүх хөрөнгө техникийг гаргана, та нар зүгээр л ажлаа хий гэсэн саналтай байсан. С.Цогтбаяр усан буу 35.000.000 төгрөгний үнэтэй байна. Урьдчилгаа болох 17.500.000 төгрөгийг төлж авсан гэж тухайн үедээ хэлж байсан. О.Батнаран, Э.******* бид гуравт алт олборлоход шаардагдах тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл худалдаж авах шаардлага байгаагүй. Учир нь С.Цогтбаяр бүх хөрөнгө, техник гаргаж байсан. Бид 3 зүгээр л хөлсөөр ажиллаж байсан.

О.Батнаран, Э.******* бид гурав С.Цогтбаяртай 2017 оны 05 сараас 2017 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл хамт ажилласан хугацааныхаа цалин хөлсийг огт аваагүй. Би хүүхдийн сургууль орлоо гэж С.Цогтбаяраас 3.000.000 төгрөг авсан. Бид 3-ын цалин 1.500.000 төгрөг байна гэж анх ажил эхлэх үедээ хоорондоо тохиролцсон байсан. С.Цогтбаяр нь 2017 оны 10 дугаар сард цалин мөнгөө тавина, Улаанбаатар хот руу хоол хүнс олж ирнэ гээд явсан, буцаж ирээгүй. О.Батнаран бид хоёр техник хэрэгсэлтэйгээ Ерөө сумын Ялбаг гэх газарт үлдсэн. Тэр үед н.Гантөмөр гэх хүн ирээд усан буу авъя, С.Цогтбаяртай өгч, авалцахаар ярьсан гээд ирсэн. Тухайн үед О.Батнаран бид хоёр С.Цогоо ах тэгж хэлэхгүй дээ өгөхгүй гэж маргасан боловч н.Гантөмөрийн утсан дээр С.Цогтбаяр усан бууг н.Гантөмөртэй өгч авалцах талаар ярилцсан бичлэг байсан тэгээд удаагүй н.Гантөмөр усан бууг аваад явсан.

Э.*******, С.Цогтбаяр, О.Батнаран гурав Дархан-Уул аймгаас усан бууг авахаар явсан. Тэр үед нь би байгаагүй. С.Цогтбаяр л усан бууг хүлээж авсан. 2017 оны 07 дугаар сард С.Цогтбаяр би өөрөө хол байна, эксковаторын түрээсийн гэрээ хийх шаардлагатай байна О.Батнаранг чи миний өмнөөс түрээсийн гэрээг өөрийн нэр дээр хйичих гэж утсаар яриад О.Батнарангаар эксковаторын түрээсийн гэрээг хийлгүүлсэн гэж байсан... гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч О.Батнарангийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Миний бие С.Цогтбаяртай 2017 оны 04 дүгээр сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газар хамт ажилладаг болсноор таних болсон. Бичил уурхайн чиглэлээр С.Цогтбаяр захиралд тусалдаг байсан. Алт угаах усан бууг С.Цогтбаяр захирал өөрөө санаачилж, С.Цогтбаярын мөнгөөр авсан. Бид нарт ямарч хөрөнгө байхгүй, техник, тоног төхөөрөмж авах, хөрөнгө мөнгөний асуудлыг өөрөө шийдвэрлэдэг байсан. Ажиллаж байсан хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 сар хүртэл С.Цогтбаяртай хамтарч ажиллахдаа цалин, хөлс огт аваагүй байгаа. Миний сонссоноор эксковатор түрээслэсэн н.Гантөмөр гэдэг хүнд шилжүүлсэн гэсэн. Тухайн усан бууг анх худалдаж авахад С.Цогтбаяр захиралтай би болон дахиад 2 ажилтаны хамт очиж хүлээж авахад нь цуг байлцсан. С.Цогтбаяр нь өөрөө мөнгөө төлсөн учир усан бууг С.Цогтбаяр захирал өөрөө хүлээж авсан.

Захирал С.Цогтбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 17-нд ...2 эксковаторын түрээсийн гэрээг О.Батнаран чи өөрийнхөө нэр дээр хийчих, би төлбөрийг нь хийх юм гэж хэлсний дагуу миний бие н.Гантөмөр гэж хүнтэй эксковаторын түрээсийн гэрээг би хийсэн. С.Цогтбаяр түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй учраас надаас н.Гантөмөр нэхээд байгаа юм. Энэ нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөний асуудлыг С.Цогтбаяр л хариуцах ёстой гэж бодож байна. Э.*******т бол энэ асуудлыг ямар ч хамааралгүй гэж хэлмээр байна...ч гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Б.Мөнхбаатарын шүүхэд өгсөн мэдүүлгээс:

Би С.Цогтбаярыг сайн танихгүй. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Э.******* намайг уурхайд засварчин гагнуурчнаар ажилд оруулсан. ...С.Цогтбаяртай хамт 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын сүүл хүртэл хамт ажиллаж байсан. С.Цогтбаярын мөнгөөр алт угаах усан буу авсан...Анх гэрээг Э.*******ын нэр дээр хийсэн байдаг. Бодит байдал дээр тэр усан буу Э.*******т хамааралгүй. Э.******* усан буу авах мөнгөтэй хүн биш...гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ц.*******ийн нэхэмжлэлтэй Э.*******т холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдсэн төлбөр, алдангийн хамт нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ц.******* нь Э.*******т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдсэн төлбөр, алдангийн хамт нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Э.******* нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийн гарын үсэг зурж, мөн өдрөө уг гэрээг нотариатаар баталгаажуулан, 35.000.000 төгрөгний үнэ бүхий Скрупер /алт угаах тоног төхөөрөмж/-ийг худалдан авч, урьдчилгаа 17.500.000 төгрөг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсэн, зохигчдын хооронд үлдэгдэл төлбөр болох 17.500.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах, хэрвээ худалдан авагч нь гэрээнд заасан хугацаандаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр гэрээндээ тусган харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч нь дээрх төлбөрөөс нийт 17.500.000 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн төлбөр 17.500.000 төгрөг үлдсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... би С.Цогтбаяр, С.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нартай ажиллахаар тохиролцож хамтран ажилласан...намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад С.Цогтбаяр Чи Ц.******* дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад ир гэсний дагуу очиж гэрээ хийн гарын үсэг зурсан. Тухайн үед би мөнгө, төгрөг бэлнээр өгөөгүй, С.Цогтбаяр л өгсөн байх. Мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээнд гарын үсэг зурсан...Зөвхөн би С.Цогтбаяр гэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажилахаар тохиролцсон байсан боловч...Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа... хохироод явж байгаа хүн...Шүүх дээр надад холбогдуулан нэхэмжлэл ирэхэд С.Цогтбаярыг хамтран хариуцагчаар татуулан эрэн сурвалжлахад өөрийн байгаа хаяг дээрээ байхгүй байраа түрээслээд явсан байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...Би зөвхөн С.Цогтбаярыг гуйхаар нь л өөрийн нэр дээр гэрээ хийн гарын үсгээ зурсан. С.Цогтбаяр л удирдаж зохион байгуулан ажилладаг байсан. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар өгч байгаа нь гэрч нарын шүүхэд гаргасан мэдүүлгээр С.Цогтбаяр гэдэг хүнтэй хамтран хөлсөөр ажиллаж байсан байж болох боловч хариуцагч Э.******* нь нэхэмжлэгчтэй Худалдах, худалдан авах гэрээ хийн гарын үсэг зурснаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээж, худалдан авагч болсон гэж үзэх бөгөөд худалдан авсан Скрупер /алт угаах тоног төхөөрөмжийн/ үнийг төлөх үүрэг нь худалдан авагчийн үндсэн үүрэг гэж гэж үзнэ.

Мөн хариуцагч нь гэрээг байгуулан, гарын үсэг зурсан тал дээр маргаагүй боловч гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөр алдангийн хамт 26.250.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, С.Цогтбаяр ...гэрээ хийж ир... гэсний дагуу ...өөрийн нэр дээр гэрээ хийсэн... гэх тайлбарыг шүүхэд гаргаж, уг төлбөрийн үлдэгдлийг С.Цогтбаяр төлнө гэж маргаж байгаа хэдий ч татгалзлынхаа үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Зохигчдын хооронд хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.8-д Худалдаж авсан хөрөнгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. гэсэн заалтыг зөрчсөн байгаа нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Э.*******аас Худалдах, худалдан авах гэрээ-нд заасны дагуу скупер /алт угаах тоног төхөөрөмж/-ийн үлдэгдэл төлбөр алдангийн хамт нийт 26.250.000 төгрөг гаргуулан Ц.*******т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас хамтран хариуцагчаар С.Цогтбаярыг татан оролцуулахаар, мөн эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай Хамтран хариуцагч татах тухай, мөн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжуудыг тус тус гарган хариуцагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн байна. Шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай захирамжийн дагуу хамтран хариуцагч С.Цогтбаярыг хугацаа заан эрэн сурвалжилсан боловч тухайн оршин суух хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон нь Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 303-5/6446 дугаартай Танилцуулга зэргээр нотлогдож, мөн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа зэрэг авагдсан болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар Э.*******аас 26.250.000 төгрөг гаргуулан Ц.*******т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА