Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 920

 

Ө.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК, “ГБ”   ХХК-иудад тус тус холбогдох

Орон сууцны урьдчилгаа төлбөрт 28 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч “ГБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч “Э” ХХК болон “ГБ” ХХК-тай байр захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 19.320.000 төгрөг, алданги 9.660.000 төгрөг, нийт 28.980.000 төгрөгийн тус бүр 14.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээнд зааснаар байр 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан боловч төмөр карказ, арам босгоод өдийг болтол ашиглалтад ороогүй. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улсын Ерөнхий прокуророос гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Иймд байр захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19.320.000 төгрөг, алданги 9.650.000 төгрөг,  нийт 28.980.000 төгрөгөөс хариуцагч “Э” ХХК-иас 14.490.000 төгрөгийг, “ГБ” ХХК-иас 14.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилааны дарга н.Мэндсайхан, “Ганганжир” ХХК-ийн захирал Ц.Ганбат, “Э”   ХХК-ийн захирал Л.Түмэндэмбэрэл миний бие бид 3 хамтран хөрөнгө оруулж, 66 айлын орон сууцны барилга барихаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Замын-Үүд зангилаа нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн шаардлага хангаж чадах 30 хувийн урьдчилгааг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж чадах чадамжтай, 66 ажилчдыг бэлтгэх, мөн барилгын гадны инженер шугам сүлжээг бие дааж гүйцэтгэх гэсэн үүргийг хүлээсэн. “Ганганжир” ХХК, “Э” ХХК нар хамтран барилгын ажлыг өөрсдийн хөрөнгөөр 30 хувийг төлөх, захиалагчдын 30 хувийн хөрөнгөөр 60 хувьд хүргэж, улмаар Худалдаа хөгжлийн банкны зээлээр үлдэгдэл зээлийг төлж барагдуулна гэсэн тохиролцоотой байсан. Ингээд ажил эхэлж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 1.700.000.000 төгрөгийн барилгын угсралтын ажил хийж, барилгын ажил 60 хувьд хүрч, санхүүжилтгүй болж зогссон. Урьдчилгаа 30 хувь болох 1.100.000.000 төгрөгийн санхүүжилт хийхээс 690.000.000 төгрөгийн санхүүжилт хийж, 62 хувийн гүйцэтгэлтэй биелэгдсэн. Мөн захиалагч тал бие даан бэлтгэх ёстой байсан газар болон эрчим хүчний асуудлаа шийдэхгүй байсан зэргээс болоод ажил зогссон. Нэхэмжлэгч 5 дугаар сарын   30-ны өдрийн дотор урьдчилгаа төлөх үүргээ 6 дугаар сарын 23-ны өдөр болгож хойшлуулсан. Зангилаа болон Төмөр замын удирдлагаас хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар захиалагч тал иргэний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж иргэдтэй байгуулсан гэрээний 4.6-д заасан. Газрын асуудал 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Энэ үед Худалдаа хөгжлийн банкны зээлийн материалыг хүргүүлсэн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ганганжир ХХК-ийн захирал Ц.Ганбат, Э ХХК-ийн захирал Л.Түмэндэмбэрэл, Дорнын гэгээ ХХК-ийн захирал н.Наранчимэг, “ГБ” ХХК-ийн захирал Г.Эрхбаяр гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны шийдвэрээр “Э” ХХК-ийн нэр дээр гарсан байсан үл хөдлөх хөрөнгийн 60 хувтай дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг “ГБ” ХХК руу шилжүүлж, “ГБ” ХХК өөрөө банкны зээл авч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ шийдвэрийн талаар захиалагч нарт болон Замын-Үүд зангилаа, “ГБ” ХХК удаа дараа албан тоотоор хүргүүлж байсан. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, Үйлдвэрчний хорооны дарга гэж танилцуулсан Ц.Цэрэндорж, байр захиалсан 42 ажилтан оролцсон хуралдааны тэмдэглэлд манай саналыг үл хэрэгсэн нэг талын 100 хувийн санаачлагаар “Э” ХХК-иас гэрээ цуцалж, “ГБ”   ХХК-тай гэрээ үйлдсэн. Захиалга өгсөн 52 иргэн болон “ГБ” ХХК-ийн хамтарсан 100 хувийн өмч болж бүртгэгдсэн. “Э” ХХК дээр нэг ч өмч, хөрөнгө бүртгэгдээгүй. Энэ өмчид хамаарах асуудлаар иргэн Ө.А нь “Э” ХХК-иас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай “ГБ” ХХК бол барилга угсралтын компани. Манай компани нь “Ганганжир консалтинг” ХХК-ийн охин компани. Манай компанийн 66 хувийг “Ганганжир консалтинг” ХХК 34 хувийг иргэн н.Жаргал гэж хүн эзэмшдэг. Манайх энэ төсөлд хөрөнгө оруулагчаар оролцсон. 2013 оны 11 дүгээр сард манай толгой компани болох “Ганганжир консалтинг” ХХК нь Улаанбаатар Замын-Үүд зангилаа, гүйцэтгэгч Э ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай “ГБ” ХХК, “Э\” ХХК-тай орон сууцад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ хийж, 2014 оны 4 дүгээр сард багтааж 450.000.000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. 2014 оны 8 дугаар сард хөрөнгө оруулалт маань зогссон. Үүнээс хойш энэ барилга баригдаагүй. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар төмөр замын удирдах газар гүйцэтгэгч “Э” ХХК-д хөрөнгө оруулаагүй, цаашид барилга барих боломжгүй гээд  2014 онд хийсэн гэрээг цуцалсан. 2015 оноос хойш тус барилгыг хэн барьж гүйцэтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ өмнө нь “Э” ХХК-ийн нэр дээр гарч байгаад сүүлд “Э” ХХК-иас манай компани руу шилжсэн. 2018 оны 1 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа санал гаргасны үндсэн дээр энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ байр захиалан бариулсан 52 айлын иргэний нэр дээр өмчлөл нь шилжсэн байдалтай байгаа. Тийм учраас бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 9.665.000 төгрөг, хариуцагч “ГБ” ХХК-иас 9.665.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  9.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГБ” ХХК, “Э” ХХК-иас тус бүр 127.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Дугарсүрэн төлсөн гэх 13.770.000 төгрөгийг Ө.А гаргуулахаар шаардлага гаргахад Б.Дугарсүрэнгийн итгэмжлэл, зөвшөөрлийг авахыг шаардахгүй гэж дүгнэлт хийж байгаа нь байж боломгүй тайлбар, дүгнэлт юм. Шүүхийн энэ дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэнийг шүүхэд төлөөлөх зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр хэн нэгэн гуравдагч этгээд түүний өмнөөс шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийг нь өмнөөс нь дураараа хэрэгжүүлж болох мэтээр хуулийн үзэл баримтлал, зарчмыг гажуудуулсан шийдвэр болсон. “Э” ХХК-ийн үүргийг бусдад шилжүүлсэн гэж маргалдаагүй, харин талуудын санаачлагаар өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж “Э” ХХК-ийг гэрээнээс гаргаж, “Э” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, улмаар “Э” ХХК-ийг цагдаагийн байгууллагад Өгч шалгуулахад гэмт хэргийн шинжгүй, “Э” ХХК нь орон сууцны урьдчилгааг Худалдаа хөгжлийн банкны 454045574 дугаар дансанд төвлөрүүлсэн мөнгөнөөс завшсан, залилсан зүйл тогтоогдохгүй байна гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн уг өргөтгөсөн хурлаар тус орон сууцны барилгыг цааш нь үргэлжлүүлэн барих компаниар “ГБ” ХХК-ийг сонгож байгаа талаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь орон сууцны барилгыг барьж дуусган хүлээлгэн өгсөн байх хугацаа буюу 2014 оны 9 дүгээр сараас хойш болон “Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан өргөтгөсөн хурлаас хойш, мөн “Э” ХХК-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байх хугацаанд нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй байж одоо шүүхэд хандаж байгаа нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч нь бодит байдал дээр хүлээн зөвшөөрсөөр ирснийг нотлоно. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.А нь “ГБ” ХХК-тай гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн байрны урьдчилгаа төлбөр нь уг баригдаж байгаа барилгад шингэсэн гэх асуудалтай огт маргадаггүй, тус 60 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ нь “ГБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад сүүлд байр захиалагч нарын хамтран өмчлөлийн зүйлээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй болсон байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаартай шийдвэрийн "Э" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ГБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгтээ: 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “ГБ" ХХК болон “Ганганжир консалтинг" ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн нар нь захиалагч 52 ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66А орон сууцны дутуу хэсгийг шүлжүүлсэн хэдий ч гэрээний хавсралтад орон сууцны төлбөрийг шилжүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ө.А-ийн нэр ороогүй. Мөн дуусаагүй барилгын өмчлөх эрх захиалагч 52 иргэний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч дуусаагүй барилгын урьдчилгаа төлбөрт тооцож авахыг Ө.А зөвшөөрч хүсэлт, итгэмжлэлийг олгосон баримтгүй байна" гэжээ. Гэтэл дээрх 52 ажилтаны нэрс дунд нэхэмжлэгч Ө.А-ийн нэр байхгүй хэдий ч шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Дугарсүрэнгийн нэр уг 52 ажилтны нэрсийн 43-т бичигдсэн байх бөгөөд байр захиалан бариулах гэрээг Ө.Абайгуулсан ба урьдчилгаа 30 хувьтай тэнцэх 13.770.000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.А байрны урьдчилгаа төлбөр нь уг баригдаж байгаа барилгад шингэсэн эсэх талаар огт маргадаггүй байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн "ГБ" ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал тогтоогдохгүй байхад шүүх ингэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаартай шийдвэрийн "ГБ" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч “Э” ХХК, ГБ”           ХХК-иудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 330 000 төгрөг, алданги 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Э” ХХК нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, Ганганжир консалтинг ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдах, Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “ГБ”              ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, Замын-Үүд суманд Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барьж худалдан борлуулах төслийн эхний үе шатны санхүүжилтэд 750 000 000 төгрөгийн 60 хувь болох 450 000 000 төгрөгийг барилга угсралтын ажил эхлэх шатанд гаргаж, орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх бүх үе шатны ажилд хамтран ажиллахаар тохирчээ. /хх-ийн 39-40, 69-70 дугаар тал/

 

Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Байр захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч Ө.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдаж буй Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 дугаар давхарт 62,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 56 502 000 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 16 950 600 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкны 454045574 тоот дансанд байршуулах, орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагчид бүрэн шилжих, гүйцэтгэгч “Э” ХХК, “ГБ” ХХК-иуд нь барилгыг 2014 оны 09 дүгээр сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Байр захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт Ө.А-ийн данснаас 5 560 000 төгрөг, Б.Дугарсүрэнгийн данснаас 13 770 000 төгрөг  тус тус нийт 19 330 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдийн дотоод шилжүүлгийн маягтын баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан урьдчилгаа 30 хувь төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 5-8, 9 дүгээр тал/

 

Харин гүйцэтгэгч тал болох хариуцагч нар нь барилга угсралтын ажлын 60 хувийг гүйцэтгэж, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт байхгүйн улмаас барилгын ажил 2014 оны 07 сард зогссон, гэрээний 1.4-т зааснаар ажил гүйцэтгэгч нь 2014 оны 09 дүгээр сард багтаан захиалагчийн буюу өөрийн материалаар барилгын ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт зааснаар  цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг бөгөөд ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт  заасны дагуу гэрээг цуцалж, ажлын хөлсөнд урьдчилан шилжүүлсэн  19 330 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Байр захиалан бариулах гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч “Э” ХХК, “ГБ” ХХК-иуд нь хамтран үүрэг гүйцэтгэгч нар байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шаардах эрхтэй боловч тэрээр 2 үүрэг гүйцэтгэгчээс тэнцүү хэмжээгээр шаардсан тул энэ үүргийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулсан нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Ө.А-тэй хамтын амьдралтай байсан Б.Дугарсүрэнгийн шилжүүлсэн  13 770 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон хариуцагч хүлээн авсан бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан тул хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр хэн нэгэн гуравдагч этгээд түүний өмнөөс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийг бусдад шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар анх гэрээ байгуулсан хэлбэрээр хэлцэл хийсэн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Ө.А, хариуцагч нарын хооронд үүрэг шилжүүлэх хэлцэл хийсэн, оролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66 /А/ орон сууцны 5136 м.кв талбайтай дуусаагүй барилгыг  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр ГБ” ХХК 38.7% болон Замын-Үүд өртөөний 52 ажилтны  61.3% гэж бүртгэгдсэн байгаа боловч уг бэлэглэлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч Ө.А  оролцоогүй,  түүнээс хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэг болон түүний биелэлтийг хангах зорилготой алдангийн нэмэлт үүрэг дуусгавар болох тул алданги тооцож 9 560 000 төгрөг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Иймд хариуцагч “Э” ХХК-иас 9 665 000 төгрөг, хариуцагч “ГБ” ХХК-иас 9 665 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт  нийцэх  тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э ХХК-иас төлсөн 169 590 төгрөгийг, хариуцагч ГБ ХХК-иас  төлсөн 169 590  төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                               Н.БАТЗОРИГ