Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01616

 

Ө.Аийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалтай

Ө.Аийн  нэхэмжлэлтэй

“Э” ХХК, “Г” ХХК-иудад холбогдох

Орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 320 000 төгрөг, алдангид 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл,  хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл, өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ө.А 2014 оны 06 дугаар сарын 23-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт баригдах Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 давхарт 3 өрөө байр захиалан бариулах гэрээг “Э” ХХК, “Г” ХХК-иудтай байгуулан урьдчилгаанд 19 320 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 23-нд Худалдаа хөгжлийн банкны 454035574 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар байр 2014 оны 09 дүгээр сард ашиглалтад орох байсан боловч ороогүй. Төмөр замаас төлөөлөгч томилон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний маргаан гээд хүлээж аваагүй. Иймд урьдчилгаанд шилжүүлсэн 19 320 000 төгрөг, алданги 9 650 000 төгрөг, нийт 28 980 000 төгрөгөөс хариуцагч Э ХХК-иас 14 490 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 14 490 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.А нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд захиргаанаас олгосон зөвшөөрлөөр 66 айлын орон сууцны барилгад захиалагч тал болж 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 30 хувийн хөрөнгө оруулалт хийж, гэрээ байгуулсан. Захиалагч Замын-Үүд зангилааны шаардлага хангасан 66 ажилтан 30 хувийн хөрөнгө оруулалт удааширч мөн газар олголтын асуудал маргаантай байснаас барилга угсралтын ажил 2014 оны 08 дугаар сарын 01-нд бүрэн зогссон. Зангилаа болон Төмөр замын удирдлагаас хүлээх үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч нь захиалагч иргэний өмнө үүрэг хүлээхгүй тухай гэрээний 4.6-д заасан. “Г” ХХК 1,2 тэрбум төгрөгийг зөвхөн Замын-Үүд зангилаа, “Г” ХХК-ийн хөрөнгө гэж бүртгүүлсэн. Манай тал 150 000 000 орчим төгрөгийг барилгын ажилд оруулсан. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Ганганжир” ХХК, “Дорнын гэгээ” ХХК-иуд хамтарсан хуралдаад олонхын шийдвэрээр “Г” ХХК зээл өөрсдөө авч барилгыг гүйцээн бариулж, ашиглалтад өгөхөөр болсон тул барилгын 60 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг “Г” ХХК-д шилжүүлснээр манай компани санхүүжилт хайх ажиллагаа зогсоосон.

  Улмаар 2015 оны 09 дүгээр сард Зангилаа, “Э” ХХК-ийн хооронд, “Э” ХХК, ажилтны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудлаар Зангилааны дарга О.Мэндсайхан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Цэрэндорж, захиалагчийг төлөөлж Ү.Сангидорж, “Дорнын гэгээ” ХХК-ийн захирал Б.Наранчимэг, “Г” ХХК-ийн захирал Г.Эрхбаяр, “Э” ХХК-ийн захирал Л.Түмэндэмбэрэл, ажилтны төлөөлөл 42 иргэн оролцсон хурлаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын эхээр “Э” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд зангилаанд Төмөр замын ажилчдын 66 айлын орон сууц барина, танай компани хөрөнгө оруулаач гэсэн хүсэлт тавьсны дагуу манай компани 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээгээр “Э” ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Г” ХХК нь хөрөнгө оруулагч гэж талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. Байрны захиалга өгсөн 52 айлын урьдчилгаа төлбөр 712 000 000 төгрөг болсон ба анх “Э” ХХК-ийн удирдлага 52 айлын байрны урьдчилгаа төлбөр 1 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр байрны гүйцэтгэлийг 90 хувьтай болгоод банкны барьцаанд тавьж, зээлээр бүрэн барьж дуусгана гэж байсан. Барилгын ажил 2014 оны 08 дугаар сард зогссон, 09 дүгээр сараас хойш “Э” ХХК банкны зээл хөөцөлдөж, бүтэхгүй болохоор нь 2015 оны 03 дугаар сард хурал хийж, манай компани банкнаас зээл авах боломжгүй болсон, “Г” ХХК-ийн нэр дээр банкнаас зээл авмаар байна гээд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусгаагүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг компанийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барилга угсралтын ажил 2014 оны 08 дугаар сард 60 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд Замын-Үүд зангилаа нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар барилга угсралтын ажил зогссон, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан. Замын-Үүд зангилаанаас “Э” ХХК-ийг байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар дүгнэ гэсэн шаардлага тавьсан. Дээрх хурлаас хойш барилга угсралтын ажлыг хэн үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгах нь тодорхойгүй бөгөөд манай компани Замын-Үүд зангилаа, байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээ байхгүй болно.

  Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгээс 2018 оны 01 дүгээр сард манай компанид танай талаас 450 000 000 төгрөг, манайхаас 712 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид өөрт ногдох хэсгийг ажилчдынхаа эрх, ашгийг хамгаалж авмаар байна гэх санал гаргасан. Үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлийнх юм. Тиймээс бэлэглэлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулсан дүнгээр хуваарилан улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Иймд Ө.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 9 665 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 9 665 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 169 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 2 780 000 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 2 780 000 төгрөг нийт 5 560 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “169 590” гэснийг “59 430” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ХХК-иас төлсөн 169 590 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас төлсөн 170 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ө.А нь 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Г” ХХК болон “Э“ ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Төмөр замчдын 66 айлын орон сууцанд байрны урьдчилгаа төлбөрт нийт 19 320 000 төгрөг төлж тус компаниудтай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 62.78 мкв орон сууцыг нийт 56 502 000 төгрөгөөр барьж 2014 оны 09 сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөх байсан. Гэвч төмөр карказ босгосонооос хойш 2014 оны 07 сараас барилгын ажил зогссон бөгөөд гэрээний хугацаа дуусахад гэрээний үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Хоёр компани удахгүй барилгаа барина гэж хэлдэг ч барилгаа бариагүй тул төмөр замын байгууллагаас цагдаагийн байгууллагаар шалгуулахад эрүүгийн хэрэг маргаан биш иргэний маргаан хэмээн хэргийг прокуророос хаасан байдаг.

Иргэн Ө.А нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусаагүй барилгын 61.3 хувь буюу хөрөнгө оруулагч 52 иргэний нийт 712 000 000 төгрөгт дүйцэх хувийг буцааж авахгүйгээр бүр шилжүүлэх бэлэглэлийн гэрээг “Г” ХХК, “Ганганжир консалтинг” ХХК болон Улаанбаатар төмөр замын харьяа Замым-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн өмнө нь тус өртөөний даргаар ажиллаж байсан гэх Мэндсайхан нарын хооронд байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. 52 иргэнээс хэн нь ч ийм гэрээг хийхийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

Хариуцагч нар Ө.Аээс байр захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 19 330 000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөний үнийн дүнд нь дуусаагүй барилгаас төлсөн үнийн дүнд нийцүүлэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан хамтын амьдралтай байсан нөхөр Дугарсүрэнгийнх нь нэр дээр барилгын хувийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Анхан шатны шүүхээс байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 330 000 төгрөгийг “Э” ХХК болон “Г” ХХК-иас тус бүр 9 665 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс иргэн Ө.Аийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 330 000 төгрөгийг мөнгөө шилжүүлэхдээ өөрийн данснаас 5 560 000 төгрөгийг Дугарсүрэнгээс 13 770 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дугарсүрэнгээс компанид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийг нэхэмжлэгч Ө.Ад олгосон баримт байхгүй гэж үзэн нэхэмжлэлээс 5 560 000 төгрөгийг хоёр компаниас хувь тэнцүүлэн гаргуулж нийт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 13 770 000 төгрөгийг хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь хариуцагч нар анхнаасаа Ө.Аээс байрны урьдчилгаа төлбөрт 19 330 000 төгрөгийг хүлээн авч мөнгөн дүнд нь хамтын амьдралтай байсан нь шүүхээр тогтоогдсон нөхөр Дугарсүрэнгийнх нь нэр дээр дутуу барилгын өмчлөх эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Байр захиалан бариулах гэрээний 1.3 дахь хэсэгт Төмөр замын Замын-Үүд зангилаанаас нэр өгсөн иргэн захиалан бариулж байгаа орон сууцны байрны 30 хувийг заасан хугацаанд төлж гэрээ байгуулаагүй тохиолдолд байр захиалан бариулах гэрээ хийх эрх цуцлагдаж байр захиалан бариулах жагсаалтын дараагийн иргэнтэй гэрээ байгуулах эрх үүснэ гэж заасан.

Хэрэв Ө.А нь байрны урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлөөгүй бол хариуцагч нар байр захиалан бариулах гэрээг Ө.Арингэрэлтэй байгуулахгүй байсан. Байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн гэж үзэн гэрээг байгуулсан. Мөн нөхөр Дугарсүрэн нь тусдаа гэрээ байгуулсан бол хариуцагч нар үүнийг хэрэгт хавсарган өгч Ө.Аийг Дугарсүрэнгийн 13 770 000 төгрөг нэхэмжилсэн гэж маргах байсан. Гэрээнд төлбөрийг захиалагч зөвхөн өөрийн нэрээр заавал тушаана гэсэн ямар ч заалт байхгүй бөгөөд тухайн үед мөнгийг гэрээнд заасан дансанд тушаагаад байр захиалан бариулах гэрээг Ө.А байгуулсан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалыг хүчингүй болгож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Түмэндэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна.

2015 оны 03 дугаар сарын 18-нд “Ганганжир консалтинг” ХХК, “Дорнын гэгээ” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК захирлууд хуралдаж “Төмөр замын Замын-Үүд өртөөний захиалгаар барьж буй 66 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгах боломж нөхцөлийн тухай” хэлэлцэж, уг хурлаас “Гэрээг “Г” ХХК руу шилжүүлэх, үл хедлех хөрөнгийн гэрчилгээг мөн “Э” ХХК-иас “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болсноор “Э” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг “Г” ХХК-д шилжсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг “Г” ХХК-д шилжиж “Э” ХХК цаашид бодит байдал дээр гэрээнд ямар нэгэн оролцоогүй болсон талаарх хэргийн үйл явдал, түүнийг нотлох харуулж байгаа тодорхой нотлох баримтуудад үндэслэлгүй үнэлэлт дүгнэлт өгснөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Мө 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №03 тоот гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан ба “Ганганжир консалтинг” ХХК, “Э” ХХК, Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан нар нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээгээ дүгнэж “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж гарын үсэг зурцгаасан байдаг. Энэ гэрээ дүгнэсэн актад: “Ганганжир консалтинг ХХК, “Э” ХХК, Дорнын гэгээ ХХК-ийн хамтарсан 2015 өны 03 дугаар сарын 18-ны прөтөкөлөөр “Э” ХХК, Замын-Үүд зангилаагийн хооронд байгуулсан гэрээг “Г” ХХК-руу шилжүүлэх, 66 айлын дуусаагүй үйлдвэрлэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг мөн “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, банкны зээлийн барьцааг “Дорнын гэгээ” ХХК гаргахаар тус тус шийдвэрлэсэн” гэж гэрээг талууд дүгнэж акт үйлдэн гарын үсэг зурсан.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь: Талууд оролцож 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 03 тоот гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үйл баримт, гэрээ дүгнэсэн актаар өмнөх “Ганганжир консалтинг” ХХК, “Э” ХХК. “Дорнын гэгээ” ХХК-ийн хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 18-ны протокол дээр үндэслэн “Э” ХХК, Замын-Үүд зангилааны хооронд байгуулсан гэрээг “Г” ХХК-рүү шилжүүлэх, 66 айлын дуусаагүй үйлдвэрлэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг мөн “Гарьдын бурд” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар талууд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн байхад хэргийн үйл явдал, түүнийг нотлох харуулж байгаа тодорхой нотлох баримтуудаас өөр байдлаар үндэслэлгүй дүгнэлт өгснөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь Ө.Аийн нэхэмжлэлтэй “Э” ХХК, “Г” ХХК нартай холбогдох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаартай шийдвэрийн “Г” ХХК-иас 9 665 000 төгрөгийг гаргуулах, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалын “Г” ХХК-иас 2 2 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахтай холбоотой хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Анхан болон давж заалдах шүүхийн дараах шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа болно.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Замын-Үүд зангилаа, “Э” ХХК, “Дорнын гэгээ” ХХК, “Г” ХХК, орон сууц захиалагч 42 иргэн оролцсон хуралдаанаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээгээр барилгыг 2014 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүргээ “Э” ХХК зөрчсөн тул түүнтэй байгуулсан дээрх гэрээг цуцалж, гэрээгээ дүгнэхийг талуудад даалгасан боловч талууд гэрээг дүгнээгүй байна” гэж дүгнэлт хийсэн ба энэ үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Замын-Үүд зангилааны 07 дугаартай “Хурлын тэмдэглэл”, “2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрээ дүгнэсэн акт” зэргээр Замын-Үүд зангилааны санаачилгаар захиалагч Замын-Үүд зангилаа, төслийг ерөнхий гүйцэтгэгч “Э” XXК, хөрөнгө оруулагч “Г” ХХК-ийн толгой компани болох “Ганганжир консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаж гэрээний үүрэг дуусгавар болсон байхад “Г” ХХК-ийг нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрөөс 9 665 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Шүүхэд хянан шийдвэрлэгдэх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төмөр замчдын 66 /А/ байрны өмчлөгч “Г” ХХК болон “Ганганжир консалтинг” ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа ДГА, Замын-Үүд өртөөний дарга П.Бямбасүрэн, захиалагч 52 ажилтны төлөөллүүдийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66 /А/ орон сууцны захиалагч, хөрөнгө оруулагч 52 ажилтанд /нэрс хавсралтаар авагдсан/ уг орон сууцны 712 000 000 төгрөгт дүйцэх 61.3 хувийг буцааж авахгүйгээр бүр шилжүүлэн, үүнээс 450 000 000 төгрөгт дүйцэх 38.7 хувь нь “Г” ХХК-д үлдэхээр тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчээ. Дээрх 52 ажилтны нэрс дунд нэхэмжлэгч Ө.Аийн нэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Дугарсүрэнгийн нэр уг 52 ажилтны нэрсийн 43-т бичигдсэн байх бөгөөд байр захиалан бариулах гэрээг Ө.А байгуулсан ба урьдчилгаа 30 хувьтай тэнцэх 19 330 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа ийнхүү дүгнэсэн байдлаасаа эсрэг агуулга бүхий Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Г” ХХК-иас 9 665 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

Давж заалдах шүүх магадлалдаа: Дээрх 52 ажилтны нэрс дунд Ө.Аийн нэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Дугарсүрэнгийн нэр байсаар байтал нэхэмжлэгч Ө.Аийн өмнөөс Б.Дугарсүрэн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй хэмээн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаартай шийдвэрийн “Г” ХХК-иас 9 665 000 төгрөгийг гаргуулах, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалын “Г” ХХК-иас 2 780 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө.А нь “Э” ХХК, “Г” ХХК-иудад холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 320 000 төгрөг, алданги 9 650 000 төгрөгийн хамт нийт 28 980 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь “...2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК, “Г” ХХК-тай “Байр захиалан бариулах гэрээ” байгуулж, 62.78мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 56 502 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч, орон сууцны урьдчилгаа төлбөрт 19 320 000 төгрөгийг гэрээнд заасан дансанд тушаасан, гэрээний дагуу байр 2014 оны 09 дүгээр сард ашиглалтад орох байсан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй тул гэрээний 4.2.-т заасны дагуу урьдчилгаа төлбөрөө алдангийн хамт буцаан гаргуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Э” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, “Ган ганжир консалтинг” ХХК-тай “Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах гэрээ”, мөн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Г” ХХК-тай “Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулжээ.

Гэрээний дагуу барилгын ажил явагдаж эхэлсэн боловч захиалагч 66 ажилтны 30%-ийн хөрөнгө оруулалт удааширч гүйцэтгэл хангалтгүй байсан, мөн газар олголт маргаантай байснаас шалтгаалан барилга угсралтын ажил 2014 оны 08 дугаар сард бүрэн зогссон байна.

2015 оны 03 дугаар сард “Ган ганжир консалтинг” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК барилгын зээл хөөцөлдөх болсонтой холбогдуулан дуусаагүй барилгын гэрчилгээг “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар захиалагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа “Э” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ дүгнэхийг даалгасан гэжээ.

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээг дүгнэж, Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг “Г” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Г” ХХК, УБТЗ Дорноговь аймаг, Замын-Үүд өртөө, хөрөнгө оруулагч нийт 52 ажилтны хооронд Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр “Г” ХХК УБТЗ-ын харъяа Замын-Үүд өртөө /зангилаа/-ний захиалгаар баригдаж байгаа 52 ажилтны хөрөнгө оруулсан 5136мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 61.3 хувийг бэлэг хүлээн авагч /Замын-Үүд зангилаа, хөрөнгө оруулагч 52 ажилтан/  талын өмчлөлд шилжүүлсэн, тус гэрээг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, төмөр замын 66 тоот 5136мкв талбайтай орон сууцны зориулалттай, 60%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 38.7%-ийн өмчлөгчөөр  “Г” ХХК, 61.3%-ийн өмчлөгчөөр Замын-Үүд өртөөний 52 ажилтан бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон баримт хэрэгт авагджээ.

Талуудын хооронд дээрх бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаар хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн, тус бэлэглэлийн гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлээр уг гэрээтэй холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй тул шүүгчийн захирамж үндэслэл бүхий гараагүйгээс гадна хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлэх боломжийг олгоогүй, 6 дугаар зүйлийн 6.4.-т заасан зохигчийн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, түүнчлэн  38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байна.

Мөн барилгад хөрөнгө оруулсан захиалагчийн тоо 52 ажилтан гэж тооцогдсон байхад анхан шатны шүүх “...бэлэглэлийн гэрээ байгуулсан 52 ажилтны нэрсийн жагсаалтад нэхэмжлэгчийн нэр багтаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг бэлэглэлийн гэрээнд хамааралгүй гэж үзсэн, давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэрээр шилжүүлсэн хөрөнгөд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байх тул шийдвэр, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шийдвэр, магадлалын заалтаас өөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 226 800 төгрөг,  хариуцагч “Э” ХХК-иас төлсөн 59 430 төгрөг, “Г” ХХК-иас төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД