Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/00788

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/00788

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б... ургийн овогтой Ө... А... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...дүүрэг, .... дугаар хороо, .... төвийн .... дугаар давхарт байрлах, Э ХХК /РД:..../,

 

Хариуцагч: .... дүүрэг, ... дугаар хороо, ..., Л... төвийн ... тоотод байрлах, Г.Б ХХК /РД:..../ нарт холбогдох, 

 

28,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Л.Т , хариуцагчийн өмгөөлөгч Д.Т , Л.Н , хариуцагч Г.Б ХХК-ийн төлөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А  нь хариуцагч Э ХХК болон Г.Б ХХК-тай байр захиалан бариулах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 19,320,000 төгрөг, алданги 9,660,000 төгрөг, нийт 28,980,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийт 28,980,000 төгрөгөөс хариуцагч Э ХХК-иас 14,490,000 төгрөгийг, хариуцагч Г.Б ХХК-д 14,490,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна. Ө.А  нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Э ХХК болон Г.Б ХХК-тай байр захиалан бариулах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 19,320,000 төгрөгийг гэрээнд заагдсан Худалдаа хөгжлийн банкны 454035574 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар байр 2014 оны 09 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан боловч төмөр карказ, арам босгоод өдийг болтол ашиглалтад ороогүй. Төмөр замын байгууллагаас төлөөлөгч томилон ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн гэмт хэрэг биш иргэний маргаан байна. Тийм учраас шүүхээр шийдвэрлүүл гээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Ерөнхий прокуророос гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Иймд Э.Т  ХХК болон Г.Б ХХК-д байр захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19,320,000 төгрөг, гэрээний 4.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 9,650,000 төгрөг нийт 28,980,000 төгрөгөөс хариуцагч Э ХХК-иас 14,490,000 төгрөгийг, хариуцагч Г.Б ХХК-иас 14,490,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б ХХК-ийн төлөөлөгч Г.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай Г.Б ХХК бол барилга угсралтын компани. Манай компани нь Г  консалтинг ХХК-ийн охин компани. Манай компанийн 66 хувийг Г  консалтинг ХХК 34 хувийг иргэн н.Жаргал гэж хүн эзэмшдэг. Манайх энэ төсөлд хөрөнгө оруулагчаар оролцсон. 2013 оны 11 дүгээр сард манай толгой компани болох Г  консалтинг ХХК нь Улаанбаатар Замын-Үүд зангилаа, гүйцэтгэгч Э ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай Г.Б ХХК, Э ХХК-тай орон сууцад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ хийж, 2014 оны 04 дүгээр сард багтааж 450,000,000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. 2014 оны 08 дугаар сард хөрөнгө оруулалт маань зогссон. Үүнээс хойш энэ барилга баригдаагүй. 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар төмөр замын удирдах газар гүйцэтгэгч Э ХХК-д хөрөнгө оруулаагүй, цаашид барилга барих боломжгүй гээд  2014 онд хийсэн гэрээг цуцалсан. 2015 оноос хойш тус барилгыг хэн барьж гүйцэтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ өмнө нь Э ХХК-ийн нэр дээр гарч байгаад сүүлд Э ХХК-иас манай компани руу шилжсэн. 2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа санал гаргасны үндсэн дээр энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ байр захиалан бариулсан 52 айлын иргэний нэр дээр өмчлөл нь шилжсэн байдалтай байгаа. Тийм учраас бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Л.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилааны дарга н.Мэндсайхан, Г  ХХК-ийн захирал Ц.Г , Э ХХК-ийн захирал Л.Т  миний бие бид 3 хамтран хөрөнгө оруулж, 66 айлын орон сууцны барилга барихаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Замын-Үүд зангилаа нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн шаардлага хангаж чадах 30 хувийн урьдчилгааг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж чадах чадамжтай, 66 ажилчдыг бэлтгэх, мөн барилгын гадны инженер шугам сүлжээг бие дааж гүйцэтгэх гэсэн үүргийг хүлээсэн. Г  ХХК, Э ХХК нар хамтран барилгын ажлыг өөрсдийн хөрөнгөөр 30 хувийг төлөх, захиалагчдын 30 хувийн хөрөнгөөр 60 хувьд хүргэж, улмаар Худалдаа хөгжлийн банкны зээлээр үлдэгдэл зээлийг төлж барагдуулна гэсэн тохиролцоотой байсан. Ингээд ажил эхэлж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 1,700,000,000 төгрөгийн барилгын угсралтын ажил хийж, барилгын ажил 60 хувьд хүрч, санхүүжилтгүй болж зогссон. Үүний дараа Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, Г  ХХК-ийн захирал Ц.Г , Э ХХК-ийн захирал Л.Т  миний бие хамтран гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 2 үндэслэлээр биелүүлээгүй. Нэгдүгээрт 66 ажилтнаас 52 иргэн нийт 78 хувийн гүйцэтгэлтэй үүргээ биелүүлсэн. Урьдчилгаа 30 хувь болох 1,100,000,000 төгрөгийн санхүүжилт хийхээс 690,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, 62 хувийн гүйцэтгэлтэй биелэгдсэн. Гэхдээ хугацаа хоцорч биелэгдсэн. Мөн захиалагч тал бие даан бэлтгэх ёстой байсан газар болон эрчим хүчний асуудлаа шийдэхгүй байсан зэргээс болоод ажил зогссон. Тухайн хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон иргэн Ө.А  гэхэд үүргээ бүрэн биелүүлээгүй захиалагчдын тоонд ордог. Учир нь 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор урьдчилгаа төлөх үүргээ 6 дугаар сарын 23-ны өдөр болгож хойшлуулсан. Ө.А ийн дансаар эрх зүйн чадамжтай захиалагч гэж үзэх боломжгүй. Мөн Замын-Үүд зангилааны 52 ажилтнаа төлөөлсөн зангилааг бүрэн эрхтэй захиалагч гэж үзэх үндэслэлтэй. Зангилаа болон Төмөр замын удирдлагаас хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар захиалагч тал иргэний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж иргэдтэй байгуулсан гэрээний 4.6-д заасан. Газрын асуудал 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Энэ үед Худалдаа хөгжлийн банкны зээлийн материалыг хүргүүлсэн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г  ХХК-ийн захирал Ц.Г , Э ХХК-ийн захирал Л.Т , Дорнын гэгээ ХХК-ийн захирал н.Наранчимэг, Гарьдынбүрд ХХК-ийн захирал Г.Э  гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны шийдвэрээр Э ХХК-ийн нэр дээр гарсан байсан үл хөдлөх хөрөнгийн 60 хувтай дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг Г.Б ХХК руу шилжүүлж, Г.Б ХХК өөрөө банкны зээл авч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ хурлын шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Энэ шийдвэрийн талаар захиалагч нарт болон Замын-Үүд зангилаа, Г.Б ХХК удаа дараа албан тоотоор хүргүүлж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, Үйлдвэрчний хорооны дарга гэж танилцуулсан Ц.Цэрэндорж, байр захиалсан 42 ажилтан оролцсон хуралдааны тэмдэглэлд манай саналыг үл хэрэгсэн нэг талын 100 хувийн санаачлагаар Э ХХК-иас гэрээ цуцалж, Г.Б ХХК-тай гэрээ үйлдсэн. Замын-Үүд зангилааны санаачлагаар хийлгэсэн хөндлөнгийн дүгнэлтээр 1,500,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй, манай тооцоогоор мөн 1,500,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Захиалга өгсөн 52 иргэн болон Г.Б ХХК-ийн хамтарсан 100 хувийн өмч болж бүртгэгдсэн. Э ХХК дээр нэг ч өмч, хөрөнгө бүртгэгдээгүй. Энэ өмчид хамаарах асуудлаар иргэн Ө.А  нь Э ХХК-иас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ө.А  нь хариуцагч Э ХХК, Г.Б ХХК-иудад холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19,330,000 төгрөг, алданги 9,650,000 төгрөг, нийт 28,980,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулан гаргуулахаар шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г.Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  ... Г.Б ХХК нь Барилгын ажил 2014 оны 08 дугаар сард хөрөнгө оруулалт зогссоноос цаашид барилга барих боломжгүй болсон. Үүнээс болж барилгыг хэн барьж гүйцэтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ өмнө нь Э ХХК-ийн нэр дээр гарсан ч сүүлд манай компани руу шилжсэн. 2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа санал гаргасны үндсэн дээр барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ байр захиалан бариулсан 52 айлын иргэний нэр дээр өмчлөл нь шилжсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

хариуцагч Э ХХК ...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, Г  ХХК, Э ХХК хамтран хөрөнгө оруулж, 66 айлын орон сууцны барилга барихаар гэрээ байгуулсан. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 1,700,000,000 төгрөгийн барилгын угсралтын ажил хийж, барилгын ажил 60 хувьд хүрсэг ч санхүүжилтгүй болж зогссон. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 2 үндэслэлээр биелүүлээгүй. Нэгдүгээрт 66 ажилтнаас 52 иргэн нийт 78 хувийн гүйцэтгэлтэй үүргээ биелүүлсэн. Урьдчилгаа 30 хувь болох 1,100,000,000 төгрөгийн санхүүжилт хийхээс 690,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, 62 хувийн гүйцэтгэлтэй биелэгдсэн. Гэхдээ хугацаа хоцорч биелэгдсэн. Мөн захиалагч тал бие даан бэлтгэх ёстой байсан газар болон эрчим хүчний асуудлаа шийдэхгүй байсан зэргээс ажил зогссон. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г  ХХК, Э ХХК, Дорнын гэгээ ХХК, Гарьдынбүрд ХХК-ийн захирал 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны шийдвэрээр Э ХХК-ийн нэр дээр гарсан байсан үл хөдлөх хөрөнгийн 60 хувтай дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг Г.Б ХХК руу шилжүүлж, Г.Б ХХК өөрөө банкны зээл авч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Одоо 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга захиалга өгсөн 52 иргэн болон Г.Б ХХК-ийн хамтарсан 100 хувийн өмч болж бүртгэгдсэн. Э ХХК дээр нэг ч өмч, хөрөнгө бүртгэгдээгүй. Иймд Ө.А  нь Э ХХК-иас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Э ХХК нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, Г  консалтинг ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдах, Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Б ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, Замын-Үүд суманд Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барьж худалдан борлуулах төслийн эхний үе шатны санхүүжилтэд 750,000,000 төгрөгийн 60 хувь болох 450,000,000 төгрөгийг барилга угсралтын ажил эхлэх шатанд гаргаж, орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх бүх үе шатны ажилд хамтран ажиллахаар тохирчээ. /хх-ийн 39-40, 69-70 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ө.А  нь төслийн ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, төслийн хөрөнгө оруулагч Г.Б ХХК-иудтай 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Байр захиалан бариулах гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдаж буй Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 дугаар давхарт 62,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 56,502,000 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 16,950,600 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкны 454045574 тоот дансанд байршуулах, орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагчид бүрэн шилжих, гүйцэтгэгч барилгыг 2014 оны 09 дүгээр сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Энэхүү хэлцлийн агуулгаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Гэрээ байгуулсантай холбоотойгоор орон сууцны урьдчилгаа төлбөрт Ө.А  5,560,000 төгрөг, түүнтэй хамтран амьдрагч Б.Дугарсүрэн 13,770,000 төгрөг, нийт 19,330,000 төгрөгийг шилжүүлсэн болох 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байр захиалан бариулах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдийн дотоод шилжүүлгийн маягтын баримтуудаар тогтоогдож байна.   /хх-ийн 5-8, 9 дүгээр тал/

 

Барилга угсралтын ажил 60 хувь гүйцэтгэгдэж, цаашид ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө дутагдсанаас барилгын ажил 2014 оны 07 сард зогссон байна. Гэрээний 1.4-т зааснаар гүйцэтгэгч барилгыг 2014 оны 09 дүгээр сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажил зогсож, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноос талуудын хооронд маргаан үүссэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, мөн хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж, ажлын хөлсөнд урьдчилан шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ө.А тэй хамтран амьдрагч Б.Дугарсүрэн 13,770,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Гэрээтэй холбоотой шаардлагыг гэрээний талууд харилцан бие биедээ гаргана. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт төлсөн бүх мөнгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргахад төлбөр төлсөн этгээдээс заавал итгэмжлэл, зөвшөөрөл авахыг шаардахгүй.

 

Хариуцагч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийг бусдад шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар анх гэрээ байгуулсан хэлбэрээр хэлцэл хийсэн байх ёстой бөгөөд нэхэмжлэгч Ө.А , хариуцагч нарын хооронд үүрэг шилжүүлэх хэлцэл хийсэн, оролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Хариуцагч Г.Б ХХК-ийн тухайд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б ХХК болон Ган ганжир консалтинг ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн нар нь захиалагч 52 ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66 /А/ орон сууцны орон сууцны дутуу хэсгийг шилжүүлсэн хэдий ч гэрээний хавсралтад орон сууцны төлбөрийг шилжүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ө.А ийн нэр ороогүй байна. Мөн дуусаагүй барилгын өмчлөх эрх захиалагч 52 иргэний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч дуусаагүй барилгыг урьдчилгаа төлбөрт тооцож авахыг Ө.А  зөвшөөрч хүсэлт, итгэмжлэлийг олгосон баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.А  нь 2 үүрэг гүйцэтгэгчээс тэнцүү хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ө.А ийн өмнө хариуцагч Э ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг өөр этгээдэд шилжсэн, дуусгавар болсон, хариуцагч Г.Б ХХК нь урьдчилгаа төлбөрт дуусаагүй барилгын өмчлөлийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19,330,000 төгрөгийн 50 хувь буюу 9,665,000 төгрөгийг хариуцагч Э ХХК, үлдэх 50 хувь буюу 9,665,000 төгрөгийг хариуцагч Г.Б ХХК хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч гэрээний 4.2-т заасан алдангийн зохицуулалтыг үндэслэн орон сууцны төлбөрт төлсөн үнийн дүнгээс хоног тутам 0.05 хувийн алданги тооцож 9,560,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь гэрээний үүргээсээ татгалзсан, гэрээний үүрэг шаардах үндэслэл үгүй болсон гэж үзнэ.

 

Иймд  хариуцагч Э ХХК-иас 9,665,000 төгрөг, хариуцагч Г.Б ХХК-иас 9,665,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,650,000 төгрөгт холбогдох хэсгийг ххэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 9,665,000 төгрөг, хариуцагч Г.Б ХХК-иас 9,665,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  9,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б ХХК, Э ХХК-иас тус бүр 127,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР