Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00827

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00827

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ...дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт ... .... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... төвийн 5 дугаар давхарт оршин байх ...ХХК /РД:.../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Их тойруу, Логос төвийн ... тоотод оршин байх ... ХХК /РД:..../-иудад холбогдох, 

Байрны урьдчилгаанд шилжүүлсэн 19,320,000 төгрөг, алданги 9,650,000 төгрөг, нийт 28,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Э.Т ХХК-ийн төлөөлөгч Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч Г.Б ХХК-ийн төлөөлөгч Г.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Ө.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн тайлбарт: Нэхэмжлэгч Ө.А миний бие 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдах Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 дугаар давхарт 3 өрөө байрыг захиалан бариулах гэрээг Э.Т ХХК, Г.Б ХХК-иудтай байгуулан урьдчилгаанд 19,320,000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны 454035574 дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар байр 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан боловч төмөр босгоод ашиглалтад ороогүй. Төмөр замын байгууллагаас төлөөлөгч томилон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн гэмт хэрэг биш иргэний маргаан гээд гомдлыг хүлээж аваагүй. Иймд байр захиалгын гэрээний дагуу урдчилгаанд шилжүүлсэн 19,320,000 төгрөг, гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 9,650,000 төгрөг, нийт 28,980,000 төгрөгөөс хариуцагч Э.Т ХХК-иас 14,490,000 төгрөгийг, хариуцагч Г.Б ХХК-д 14,490,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Т ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Л.Тийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ө.А нь Улаанбаатар төмөр замын Замын Үүд зангилаатай төсөл хэрэгжүүлэгч Э.Т ХХК, хөрөнгө оруулагч Ган Ганжир ХХК-иудын тохиролцон байгуулсан хамтран хөрөнгө оруулж орон сууц захиалан бариулах гурвалсан гэрээний дагуу Замын Үүд зангилааны захиргаанаас олгосон зөвшөөрлөөр 66 айлын орон сууцны барилгад захиалагч тал болж 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 30 хувийн хөрөнгө оруулалтыг хийж, гэрээ байгуулсан байна. Захилалагч тал болох Замын Үүд зангилааны шаардлага хангасан гэх 66 ажилтны 30 хувийн хөрөнгө оруулалт удааширч гүйцэтгэл удааширсан. Мөн газар олголтын асуудал маргаантай байснаас шалтгаалан барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сарын 1-нд бүрэн зогсож, он дамжих нөхцөл бүрдсэн.

 

Г.Эрхбаяр захирлын ярьсан шиг Э.Т ХХК, Замын-Үүд зангилаатай анхнаасаа гэрээтэй байгаагүй. 2013 оноос Г.Б ХХК-г хөрөнгө оруулагч болооч гэж санал тавьж байсан нь үнэн. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар манай тал зээл авах боломжгүй гэж тайлбарласан зүйл огт байхгүй. Зангилаа болон Төмөр замын удирдлагын зүгээс хүлээх үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч нь захиалагч иргэний өмнө үүрэг хүлээхгүй тухай гэрээний 4.6-д заасан байгаа. Г.Б ХХК нь 1,2 тэрбум төгрөгийг зөвхөн Замын-Үүд зангилаа болон Г.Б ХХК-ийн хөрөнгө гэж бүртгүүлсэн. Манай талаас 150,000,000 орчим сая төгрөгийг барилгын ажилд оруулсан.

 

2015 оны 3 дугаар сард Э.Т ХХК нь Голомт банкнаас 1.7 тэрбум төгрөгийн зээл хүсэхэд банкнаас 2 хүний бүрэлдэхүүнтэй эксперт томилж барилгыг газар дээр нь ирж үзээд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой гэх хариуг аваад байтал 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ган ганжир ХХК, Дорнын гэгээ ХХК-иуд хамтран хуралдаад олонхийн шийдвэрээр Г.Б ХХК зээлийг өөрсдөө авч барилгыг гүйцээн бариулж ашиглалтад өгөхөөр болсон тул тус барилгын 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг Ган ганжир ХХК-ийн охин компани болох Г.Б ХХК-д шилжүүлэн өгснөөр манай компанийн санхүүжилт хайх үйл ажиллагаагаа зогсоосон.

 

Улмаар 2015 оны 9 дүгээр сард Зангилаа, Э.Т ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал, Э.Т ХХК, ажилтны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал-аар Зангилааны дарга О.Мэндсайхан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Цэрэндорж, захилагчийг төлөөлж Ү.Сангидорж, Дорнын гэгээ ХХК-ийн захирал Б.Наранчимэг, Г.Б ХХК-ийн захирал Г.Эрхбаяр, Э.Т ХХК-ийн захирал Л.Т, ажилтны төлөөлөл 42 иргэн оролцсон хурлаар Замын Үүд зангилаа, Э.Т ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №3 тоот гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгч Ө.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.Б ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Г.Эрхбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 3 дугаар сарын эхээр Э.Т ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд зангилаанд Төмөр замын ажилчдын 66 айлын орон сууц барина, танай компани хөрөнгө оруулаач гэсэн хүсэлт тавьсны дугаа манай компани нь 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Э.Т ХХК-тай Дорноговь аймгийн Замын Үүд суманд байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах 1/14 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Э.Т ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, Г.Б ХХК нь хөрөнгө оруулагч гэж заасан бөгөөд талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан билээ. Тухайлбал Замын-Үүд зангилаа, ажилчидтай гэрээ байгуулах, захиалагчийн төвлөрүүлсэн урьдчилгааг баталгаа болгон банкны богино хугацаат зээлээр хэрэгжүүлж, зээлийн эргэн төлөлтийг хариуцах, барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулж, барилгыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах зэрэг үүргийг Э.Т ХХК хүлээсэн. Харин Гарьдын бүрд гэрээний 1.2-т заасны дагуу Э.Т ХХК-ийн тооцоолж гаргаж ирсэн төслийн эхний үе шатны санхүүжилтэд шаардлагатай байсан 750 сая төгрөгийн 60 хувь буюу 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийж, барилгын ажлыг эхлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ мөнгийг шилжүүлсэн ба 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний биелэлтийг дүгнэсэн актыг үйлдэж 2 талаас баталгаажуулсан болно.

 

Байрны захиалга өгсөн 52 айлын урьдчилгаа төлбөр 712,000,000 төгрөг болсон ба анх Э.Т ХХК-ийн удирдлага 52 айлын байрны урьдчилгаа төлбөр 1 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр байрны гүйцэтгэлийг 90 хувьтай болгоод банкны барьцаанд тавьж, зээлээр байраа бүрэн барьж дуусгана гэж хэлж байсан. Барилгын ажил 2014 оны 8 дугаар сард зогссон, 9 дүгээр сараас хойш Э.Т ХХК банкны зээл хөөцөлдөж, бүтэхгүй болохоор нь 2015 оны 3 дугаар сард хурал хийж, манай компани банкнаас зээл авах боломжгүй болсон, Г.Б ХХК-ийн нэр дээр банкнаас зээл авмаар байна гээд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусгаагүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Б ХХК-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Э.Т ХХК, Г.Б ХХК-иуд хамтран банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн.

 

Барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сард 60 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон бөгөөд Замын-Үүд зангилаа нь 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 52 иргэний хамтарсан хурлаар барилга угсралтын ажил удаан зогссон, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгч Э.Т ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Мөн хурлаар Замын-Үүд зангилааны зүгээс Э.Т ХХК-г байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээгээ 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дүгнэ гэсэн албан шаардлагыг тавьсан. Дээрх хурлаас хойш барилга угсралтын ажлыг хэн үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгах нь тодорхойгүй байгаа бөгөөд манай компани Замын-Үүд зангилаа болон байр захиалагч иргэдтэй байгуулсан гэрээ байхгүй болно.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн зүгээс 2018 оны 1 дүгээр сард манай компанид хандаж танай талаас 450,000,000 төгрөг, манайхаас 712,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид өөрт ноогдох хэсгийг ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж авмаар байна гэх санал гаргасан. Үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлийнх юм. Тиймээс бэлэглэлийн гэрээг байгуулж, хөрөнгө оруулсан дүнгээр хуваарилан улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байгаа. Иймд Ө.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэв.

           

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Эрдэм түн ХХК-иас 14,490,000 төгрөг, хариуцагч Г.Б ХХК-иас 14,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Э.Т ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдах, Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах гэрээг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа, Ган ганжир консалтинг ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Г.Б ХХК-тай байгуулж, Замын-Үүд суманд Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барьж худалдан борлуулах төслийн эхний үе шатны санхүүжилтэд шаардлагтай 750,000,000 төгрөгийн 60 хувь болох 450,000,000 төгрөгийг барилга угсралтын ажил эхлэх шатанд гаргаж, орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх бүх үе шатны ажилд хамтран ажиллахаар тохирчээ.

 

Замын-Үүд зангилаанаас байр захиалах эрх олж авсан, нэхэмжлэгч Ө.А нь төслийн ерөнхий гүйцэтгэгч Э.Т ХХК, төслийн хөрөнгө оруулагч Г.Б ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Байр захиалан бариулах гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдаж буй Төмөр замчдын 66 айлын орон сууцны 3 дугаар давхарт 62,78 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 56,502,000 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 16,950,600 төгрөгийн төлбөрийг Худалдаа, хөгжлийн банкны 454045574 тоот дансанд байршуулах, орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагчид бүрэн шилжих, гүйцэтгэгч барилгыг 2014 оны 9 дүгээр сард багтаан ажлын комисст хүлээлгэн өгөх, үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.

 

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, хариуцагч Э.Т ХХК нь хөрөнгө оруулагч нар болон орон сууц захиалагч нараас гэрээний үүрэгт оруулсан хөрөнгө, төлсөн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан Худалдаа, хөгжлийн банкны 454045574 тоот хадгаламжийн данс буюу орон сууц захиалагчийн нэг болон Замын-Үүд зангилааны жолооч болох С.Бадамгаравын хадгаламжийн дансанд төвлөрүүлж, гэрээний талууд тохирсон тохиролцооны дагуу уг дансны эзэмшигч болон Г.Б ХХК-ийн захирал Л.Эрхбаяр нарын хяналт, гарын үсгээр төвлөрсөн хөрөнгийг барилгын ажилд зарцуулж, барилга угсралтын ажлын 60 хувь гүйцэтгэгдэж, цаашид ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө дутагдсанаас барилгын ажил 2014 оны 7 сард зогссон,

 

Мөн ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг банкнаас авах болзол, журмыг хангах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхэд шаардагдах шаардлагыг харгалзан барилгын ажлыг гүйцэтгэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Г.Б ХХК-ийн нэрээр 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авсан, дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Б ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр Ган ганжир консалтинг ХХК, Э.Т ХХК, Дорнын гэгээ ХХК, Г.Б ХХК-иуд оролцсон 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Төмөр замчдын 66 айлын дуусаагүй барилгын өмчлөгчөөр Г.Б ХХК 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төмөр замчдын 66 /А/ байрны өмчлөгч Г.Б ХХК болон Ган ганжир консалтинг ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа ДГА, Замын-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн, захиалагч 52 ажилтны төлөөлөлүүдийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66 /А/ орон сууцны захиалагч, хөрөнгө оруулагч 52 ажилтанд /нэрс хавсралтаар авагдсан/ уг орон сууцны 712,000,000 төгрөгт дүйцэх 61.3 хувийг буцааж авахгүйгээр бүр шилжүүлэх, үүнээс 450,000,000 төгрөгт дүйцэх 38.7 хувь нь Г.Б ХХК-д үлдэхээр тохиролцож, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авчээ.

 

Дээрх 52 ажилтны нэрс дунд нэхэмжлэгч Ө.Аийн нэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Дугарсүрэнгийн нэр уг 52 ажилтны нэрсийн 43-т бичигдсэн байх бөгөөд байр захиалан бариулах гэрээг Ө.А байгуулсан ба урьдчилгаа 30 хувьтай тэнцэх 19,330,000 төгрөгийн төлбөрийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь Худалдаа, хөгжлийн банкны Дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон.

 

2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилаа, Э.Т ХХК, Дорнын гэгээ ХХК, Г.Б ХХК, орон сууц захиалагч 42 иргэн оролцсон хуралдаанаар Замын-Үүд зангилаа, Э.Т ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр гэрээгээр барилгыг 2014 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүргээ Э.Т ХХК зөрчсөн тул түүнтэй байгуулсан дээрх гэрээг цуцалж, гэрээгээ дүгнэхийг талуудад даалгасан боловч талууд гэрээг дүгнээгүй байна.

 

Нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзсан, түүний оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтынх нь дагуу орон сууцны барилгын ажилд зарцуулсан, дуусаагүй барилгын 61.3 хувийн өмчлөх эрхийг нэр бүхий 52 иргэнд шилжүүлсэн бөгөөд энэ 52 иргэнд Ө.Аийн нэр багтаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.Т ХХК-иас 9,665,000 төгрөг, хариуцагч Г.Б ХХК-иас 9,665,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ад олгох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 169,590 гагуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Т ХХК-иас 9,665,000 төгрөг, хариуцагч Г.Б ХХК-иас 9,665,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 169,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР