Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Ж.Т-д холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Т нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвтэй ЗГ/1607861 тоот зээлийн гэрээ байгуулан 1.936.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр тэгш 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 938.374,55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3.284,06 төгрөг, нийт 941.658,61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Ж.Т-аас нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулах. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ. 

       Хариуцагч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банк надаас нэхэмжилсэн 1.658.710,21 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэхэмжлэлийн талаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 816 дугаар шийдвэр гарсан ба тэр шийдвэрээр гарсан мөнгийг би төлж барагдуулсан. Дээрх шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Иймд Хаан банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ж.Т-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хариуцагч Ж.Т Хаан банктай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1404914 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”[1] байгуулж, 200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үүргээ бүрэн биелүүлэх нөхцөлтэй авсан байх ба уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ4736-1 тоот “Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”[2] байгуулж, уг гэрээний дагуу үлдэгдэл 200.000 төгрөг дээр 250.000 төгрөгийг нэмж, нийт 450.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай буюу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар талууд тохиролцсон байна.

         Үүний дараа 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/410 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, зээлийн үлдэгдэл 223.000 төгрөг дээр 277.000 төгрөгийг нэмж, нийт 500.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/1502561 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 498.000 төгрөг дээр 300.000 төгрөгийг нэмж, нийт 798.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/688 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 533.444,82 төгрөг дээр 500.000 төгрөгийг нэмж, нийт 1.033.444,82 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохоор, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/1509032 тоот “Барьцаат зээлийн гэрэ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 779.646,62 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 1.779.646,62 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/15-074-05 тоот “Барьцаат зээлийн гэрээ" байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.271.000 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж нийт 2.271.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201542406931 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.291.329,16 төгрөг дээр 1.000.000 төгрөгийг нэмж, нийт 2.291.329,16 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ201542406931 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.

       Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/1194 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.615.384,02 төгрөг дээр 300.000 төгрөгийг нэмж, 1.915.384,02 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ/1194 тоот “Барьцааны гэрээ” байгуулж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үүний дараа 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1607861 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1.736.000 төгрөг дээр 200.000 төгрөгийг нэмж, нийт 1.936.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болохоор, мөн өдөр БГ/1607861 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

       Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Хаан банк хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

        Хариуцагч Ж.Т “Миний бие Хаан банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн, харин ч илүү төлсөн алдангаа буцаан авах эрхтэй. Өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж, хариу тайлбартаа хэргийн 81-83 дугаар хуудаст авагдсан Хаан банк дахь Ж.Т-ийн 5800373624 тоот харилцах дансны 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны, мөн шүүх хуралдааны үеэр хэний, ямар банкны дансны хуулга болох нь тодорхой бус 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондын дансны хуулга, “өөрийн гаргасан тооцоо” гэх баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.

        Дээрх Ж.Т-ийн Хаан банк дахь 5800373624 тоот харилцах дансны хуулгаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу тухайн дансанд орсон бүх орлого, гарсан зарлагыг тооцох боломжгүй, өөрөөр хэлбэл, тухайн дансны хуулга нь бүрэн бус, зарим бичилт нь харагдахгүй болж, элэгдсэн байгаа тул хариуцагчийн хэлснээр түүний авсан зээлийн хэмжээг төлсөн төлбөрийн хэмжээтэй нь тулган үзэх боломжгүй байна.

       Мөн тэрээр “илүү төлөлт хийсэн” хэмээн шүүх хуралдааны үеэр мэтгэлцсэн боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн “энэ асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн” гэх боловч уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн гэх шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “Өмнөх иргэний хэргийг шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэсэн тул хариуцагчийг уг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

       Харин хэргийн 50-51 дүгээр хуудаст авагдсан зээлийн 5830166862 тоот дансны хуулга, “Зээлийн бүртгэлийн карт”-аас Ж.Т-ийн хэдийд, хэдэн төгрөгийн зээл авч, хэдий хугацаанд ямар хэмжээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоох боломжтой байна.

       Тодруулбал, Ж.Т нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийт 5.027.000 төгрөгийн зээл авч, үүнээс 4.029.374,55 төгрөг төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, мөн энэ хугацаанд 860.837,08 төгрөгийн хүү бодогдсоноос 345.089,07 төгрөгийг төлж, одоо зээлийн хүүний үлдэгдэл 515.748,01 төгрөг, 75.973,74 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсоноос 3.953 төгрөгийг төлж, одоо нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 72.020,74 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа ажээ.

        Мөн хариуцагчаас “Гэрээний хугацаа дууссан, төлөлт хийх шаардлагагүй” гэх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан учир хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

        Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Т-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэлээ.  

         Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Ж.Т-ийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

       Харин нэхэмжлэгч “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Ж.Т нь зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд дээр дурдсанаас өөр “Бусад хөрөнгө” барьцаалаагүй байна.  

        Нөгөө талаар, талуудын гэрээгээр тохиролцоогүй, хариуцагчийн зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад хөрөнгө”-өөс шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Мөн нэхэмжлэлд дурдсан “Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэсэн хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүх хуралдааны үеэр татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаарх тооцооллын дагуу хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүссэнийг дурдах нь зүйтэй байна.     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-аас 40.874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Т-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 997.625,45 төгрөг, зээлийн хүү 515.748,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.020,74 төгрөг, нотариатын зардал 33.000 төгрөг, нийт 1.618.394,21 /нэг сая зургаан зуун арван найман мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

        2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ж.Т-ийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, тасархай хорооллын урд байрлалтай, нэгж талбарын 8516004549, гэрчилгээний 000567207 дугаартай, 700 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай”  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-аас 40.874 /дөчин мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА