Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2022/00219/И |
Дугаар | 130/ШШ2022/00516 |
Огноо | 2022-05-25 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2022/00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, Ш овогт Б.Н,
Хариуцагч: Б аймгийн Н сумын 9 дүгээр баг, Ц тосгонд оршин суух, Х овогт М.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Н-ын Б аймаг Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Х-ын барьсан 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Орчуулагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч М.Х-д холбогдуулан Б.Н-ын Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Х-ын барьсан 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Монгол Улсын иргэн Б.Н би Б аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н сумын Ц тосгоны Бураат улаан сай хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Уг хаваржаанд чулуун хашаа, модон байшин барьж сууж байсан. Уг хаваржааны газарт барьсан модон байшинг 2016 онд Н сумын иргэнд 1,200,000 төгрөгөөр худалдсан. Харин эзэмшил газрыг А.Ө-д шилжүүлээгүй юм. Учир нь би цаашид уг хаваржаанд сууж шинээр байшин барих, мал маллах зорилготой байсан. Гэтэл А.Ө нь миний эзэмшил газрыг 2020 онд тус тосгоны иргэн М.Х-д худалдсан гэж сонссон. Энэ үед Б.Н би М.Х-тай уулзаж наадах газар миний эзэмшилдээ байгаа, би газрыг А.Ө-д албан ёсоор шилжүүлээгүй, та уг хаваржаанд байшин, хашаа барьж болохгүй гэж анхааруулж байсан. Гэтэл М.Х нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х-д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө-өөс худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилд байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй байна. Өнөөдрийг хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа юм.
2. Иймд Б.Н миний Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас иргэн М.Х-ын барьсан 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
2. Хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен хариу тайлбартаа: Хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би нэхэмжлэгч Б.Н-ын танай шүүхэд гаргасан “Б.Н-ын эзэмшил газраас иргэн М.Х-ын хувийн байшинг албадан нүүлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М.Х нь хүнд өвчний учир хүний асрамжид байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй учир миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож энэхүү тайлбарыг гаргаж байгаа болно. М.Х нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-тэй харилцан тохиролцож түүний Бураатын улаан сай гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү Микaлaйд зориулж худалдаж авсан байдаг. А.Ө тухайн хаваржааг худалдахдаа Н сумын Б 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н-ын нэр дээр бичигдсэн, ХХХХХХХ дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х-д өгч гараасаа гар баримт бичиж өгсөн байна. Гар баримтад "Тодорхойлолт. Би А овогтой Ө Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х-ын М-д худалдсан нь үнэн. Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр” гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн гар баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Хд одоо хүртэл хадгалагдаж байна. М.Х нь тухайн хаваржааг худалдаж авахаас өмнө тэнд байсан өвлийн байшинг А.Өн буулгаж авч явсны дараа 2017 оны 12 дугаар сард Өлгий сумын иргэн Ө.А-ын гэрт сууж байхдаа Б.Н-ын эцэг Б-тай утсаар холбогдож танай Бураатад байгаа хаваржаа гэрчилгээтэй юу, тухайн хаваржааг бид худалдаж авмаар байна гэхэд Б нь тухайн хаваржааг А.Ө-д худалдсан байгаа, та нар авах гээд байсан бол түрүүн ярихгүй яасан бэ гэж хариулсныг Ө.А сонсож суусан байдаг. М.Х нь үүний дараа А.Ө-тэй холбогдож тухайн хаваржааг худалдаж авахаар тохиролцсон байдаг. М.Х нь тухайн хаваржааг анх худалдаж авах үед тэнд нурсан чулуун хашаа, малын бууц байсан ба худалдаж авсны дараа чулуун хашааг сэргээн барьж, доод талд нь мал төлүүлэх чулуун хашаа нэмж барьж, 5х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин барьж 2018 оноос хойш одоо хүртэл хэрэгцээнд ашиглаж байна. М.Х нар нь Б.Н шүүхэд хандсаны дараа А.Ө-тэй очиж уулзаж ийм маргаан гарч байгаа талаар мэдэгдэхэд А.Ө нь “А.Ө би Бураат дахь хашаа хороог худалдсан нь үнэн.Туслах хүнгүй өөрөө ганцаараа учир малаас гарч чадахгүй нотариатад очиж чадаагүй. Энэ хүнд янзалж өгөхийг хүсье, хуулийн байгууллага заавал шаардлагатай гэвэл боломжтой үед очно” гэсэн утгатай гар баримтыг 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн байдаг. Ямар ч хүн эзэмших эрхийн гэрчилгээгүй хаваржааг худалдаж авдаггүй. Б.Н нь тухайн хаваржааг А.Ө-д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн мөртлөө сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна. Б.Н-ын нэр дээр байгаа ХХХХХХХ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө хаваржааг худалдахдаа М.Х-д өгсөн ба одоо эх хувиараа түүний гар дээр байна. Гэтэл Б.Ну нь тухайн гэрчилгээ өөрийн гар дээр байгаа мэтээр тайлбарлаж гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба эх хувь нь байхгүй байхад ямар аргаар нотариатаар гэрчлүүлсэн нь эргэлзээтэй байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр захирамж, захирамжийн хавсралтын хуулбар, 0169705 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н-ын хаваржааны фото зураг, М.Х-ын байшингийн зураг, Б.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаар албан бичгийн хуулбар, Иргэний хэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Х.Б-д олгосон итгэмжлэл, А.Ө-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дүгээр албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0169705 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар эмнэлгийн тодорхойлолт, А.Ө-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт орчуулгын хамт, А.Ө-ний 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт, түүний орчуулга, Б.Н-ын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн казах хэлээр гараар үйлдсэн баримт, түүний орчуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө.А, А.Ө нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагч М.Х-ын эхнэр Р.Ө-ийн гарын баримт, газрын үзлэгийн үеийн схем зураг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаар албан бичиг, Б аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 05 оны 23-ны өдрийн 36 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч Б.Н нь Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраасаа иргэн М.Х-ын барьсан 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэхийг хүсжээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын иргэн Б.Н би Б аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н сумын Ц тосгоны Бураат улаан сай хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. М.Х нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х-д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө-өөс худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилдээ байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй байна. Өнөөдрийг хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа юм. Иймд Б.Н миний эзэмшил газраас иргэн М.Х-ын барьсан 5х5 метрийн хувийн байшинг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.Х нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-тэй харилцан тохиролцож түүний Бураатын улаан сай гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү М-д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө тухайн хаваржааг худалдахдаа Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н-ын нэр дээр бичигдсэн 0169705 дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х-д өгч гараасаа гар баримт бичиж өгсөн байна. Б.Н нь тухайн хаваржааг А.Ө-д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн мөртлөө сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дараах үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон ХХХХХХ дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ”-ээр Б.Н-д Б аймгийн Н сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ААА дугаар бүхий 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
4.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг болон мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар хууль ёсны эзэмшигч эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна гэжээ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Н нь газар эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үл хөдлөх хөрөнгө байшинг албадан нүүлгэх шаардлага гаргах эрхтэй байна гэж үзлээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Н-д Бураатын улаан сай гэх газраас хаваржааны зориулалтаар 500 метр газрыг 20 жилийн хугацаатай Н сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 30-ний өдрийн 11 дугаартай захирамжаар олгосон байх ба энэхүү захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлээгүй, энэхүү Б.Н-д газар эзэмшүүлсэн захирамжийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болгоогүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй байна.
4.3. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-т зааснаар "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байна гэж үзлээ.
4.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-т Монгол Улсын иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн 21.4.3-т сумын сумын Засаг дарга сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт жагсаалтын 6 дугаарт Б.Н-д Бураатын уулан сай гэх газраас 500 м.кв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь мөн байна гэж шүүхээс дүгнэлээ.
4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай гэх газарт эзэмшиж байгаа газарт хариуцагч М.Х үл хөдлөх хөрөнгө барьсан талаар маргаагүй ба зохигчдын хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийхэд маргаан бүхий Б.Н-ын эзэмшлийн газарт 5х5 м.кв хэмжээтэй байшинг хариуцагч М.Х барьсан болох нь газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэтэл хариуцагч М.Х нь уг газрыг иргэн А.Ө-өөс худалдаж авсны үндсэн дээр байшин барьж ашиглаж байгаа, нэхэмжлэгч Б.Н нь тухайн хаваржааг А.Ө-д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн мөртлөө сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна гэж маргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 34 дүгээр зүйлийн 34.1-т газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н нь энэхүү газрыг эзэмшиж байгаа тул хариуцагч М.Х нь уг маргаан бүхий газрыг худалдаж авснаар эзэмшиж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан үндэслэлээр уг газрыг эзэмшээгүй байх тул хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ, газрын төлбөр төлсөн тухай баримт зэрэг газар эзэмших эрхтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй. Иймээс хариуцагч М.Х нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
4.6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хариуцагч М.Х Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай гэх газарт байрлах хаваржааг Н сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-өөс худалдаж авсны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө барьж эзэмшиж ашиглаж байгаа гэсэн тайлбараа нотлох үүднээс А.Ө-ийг гэрчээр асуулгахыг хүсэж хүсэлт гаргаж, шүүхээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШЗ2022/00921 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрч А.Ө-ийг асууж мэдүүлэг авахад гэрч А.Ө “2012 оны 09 дүгээр сард Б.Н-аас Н сумын Бураатын улаан сай гэх газарт байршилтай хаваржааг 1,200,000 төгрөгөөр худалдаж авч, улмаар иргэн М.Х-д худалдсан” гэж мэдүүлсэн боловч энэхүү гэрчийн мэдүүлгээр хариуцагч М.Х нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэх боломжгүй, гэрч А.Өнерхан нь маргаан бүхий газрыг эзэмших, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх бүхий этгээд биш учир гэрч А.Ө-ний 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн, мөн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Хызыл сайд дахь хашаа, хороог пүнзний хамт Х.Н-д худалдсан маань үнэн, мөнгийг бэлнээр авсан” гэх гарын баримтууд нь тус тус нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй бөгөөд хариуцагч М.Х-ыг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн гэдгийг нотолсон шууд нотлох баримт биш байх тул энэхүү нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Гэрч Ө.А мэдүүлэхдээ “хариуцагч М.Х нэхэмжлэгч Б.Н-ын эцэг Б-тай утсаар яриад Н сумын Ц тосгоны Бураатын улаан сай гэх газарт байрлах хаваржааг худалдах эсэхийг асуухад Б хаваржаагаа А.Ө-д худалдсан гэж хэлсэн М.Х нь А.Ө-тэй тохиролцож хаваржаа худалдаж авсан” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт уг маргаан бүхий хаваржааг А.Ө-ний нэр дээр хууль журмын дагуу шилжүүлсэн, ямар нэгэн эрхийн акт, гэрээ хэлцэл зэрэг баримт байхгүй байх тул гэрчийн мэдүүлгийн үндэслэл тогтоогдохгүй байна.
4.7. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.Н нь иргэн А.Ө-д 1,200,000 төгрөгөөр худалдсан, хашаа, хороог худалдаагүй гэж тайлбарладаг, мөн Б.Н 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А.Ө-д гарын баримт бичиг өгдөг ба уг баримтад “Бураат дахь хашаа, хороо, байшинг А.Ө-д 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдлаа. Нэг сая хоёр зуун мянган төгрөгийг бэлнээр авлаа. Авлага, өглөг байхгүй гэсэн гарын баримтыг бичиж өгсөн байдаг боловч нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үндэслэлээ “одоо газар миний эзэмшилд байгаа, би газрыг А.Ө-д албан ёсоор шилжүүлж өгөөгүй, миний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж худалдсанд гомдолтой” байна гэж тайлбарлаж байгаа тайлбар нь үндэслэлтэй байна.
4.8. Хариуцагчаас гаргаж өгсөн Б аймгийн Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичиг буюу тодорхойлолт нь ямар нотлох баримтыг үндэслэн энэхүү тодорхойлолтыг 2018 оны 07 сарын 10-ний өдөр бичих болсон үндэслэл нь тодорхойгүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
4.9. Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Н-ын эзэмшлийн Б аймгийн Н сумын Бураат улаан сай гэх газарт байрлалтай 500 м.кв газарт барьсан хариуцагч М.Х-ын 5х5 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын Б аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газраас хариуцагч М.Х-ын барьсан 5х5 метрийн харьцаатай байшинг албадан нүүлгэсүгэй,
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б