Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/04257

 

 

 

 

 

2022 10 14

101/ШШ2022/04257

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК -д холбогдох,

Х ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХА30/15 дугаар бүхий хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд С ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох Хамтран ажиллах гэрээний төлбөр 210,630,000₮ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна.

Нэг.Нэхэмжлэлийн агуулга

С ХХК Х ХХК-тай 2015 оны 01-р сарын 01 -ны өдөр № ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний зорилго нь Сын хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээг онцгой эрхтэйгээр хүргэх, мөн хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээгээр дамжуулан хөгжмийн үйлчилгээний төлбөрийг төлөх боломжийг бүрдүүлэх байсан. Дээрх зорилгыг биелүүлэх үүднээс С ХХК нь хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг 15 хувийн хөнгөлөлттэй багц болгон үл буцах нөхцөлтэй Х ХХК-аас худалдан авах, С ХХК-ийн худалдан авч буй багц буюу 60,000 эрхийн нийт төлбөр 300,900,000 /гурван зуун сая есөн зуун мянга/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Харин хариуцагч Х ХХК 2015 оны 3-р сарын 1-15-ны өдрийн дотор IOS, Android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон Хөгжмийн үйлчилгээг нэвтрүүлэх үүрэг тус тус хүлээсэн.

С ХХК төлбөрийн урьдчилгаанд нийтдээ 210,360,000 /хоёр зуун арван сая гурван зуун жаран мянган/ төгрөг төлсөн. Гэтэл Х ХХК Хамтран ажиллах гэрээгээр тохирсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй бөгөөд Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөгжмийн урлагийн 60.000 бүтээлийг эзэмших, ашиглах онцгой эрхийг аваагүй байсны зэрэгцээ гэрээнд заасан үйлчилгээг нэвтрүүлэх техникийн боломжийг ч бүрдүүлээгүй болох нь илэрсэн. Гэсэн хэдий тус компанид боломж олгон 2015 оны 3-р сарын 15-ны өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэхээр хичээсэн боловч үр дүнд хүрээгүй, цаашид хүрэх эсэх нь ч тодорхойгүй байгаа тул Х ХХК-тай байгуулсан № ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ээс татгалзаж, гэрээний үр дагаврыг арилгах шаардлагатай болж байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл Х ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалан уг хамтран ажиллах гэрээ хэрэгжилгүй 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамтран ажиллах гэрээнд зааснаар Х ХХК IOS, Android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон Хөгжмийн үйлчилгээ-г 2015 оны 3-р сарын 1-15-нд нээх үүрэг хүлээсэн боловч энэ үүрэг биелэгдээгүй. С ХХК-ийн зүгээс Х ХХК-д гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжийг удаа дараа олгосон боловч тус компани гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн заалтын дагуу Х ХХК-тай 2015 оны 01-р сарын 01-ны өдөр № ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн: хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу татгалзлаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлага:

С ХХК, Х ХХК-тай байгуулагдсан 2015 оны 01-р сарын 01- ний өдрийн ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ-с татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 210,360,000 /хоёр зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг Х ХХК-аас буцаан гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч Б.М нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015.1.10-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь нэхэмжлэгчийн хэрэглэгчдэд хөгжмийн үйлчилгээ үзүүлэх байсан. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч нь программд суурилсан хөгжмийн үйлчилгээ нэвтрүүлэх байсан. Нэхэмжлэгч нь тодорхой төлбөр төлсөн. Хариуцагч нь үр дүн хүлээлгэж өгөөгүй. 60 000 эрхээ аваагүй байсан. Гэвч бид нэмэлт хугацаа олгосон. Гэвч ямар нэг үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж үр дүнг арилгах хэрэгтэй болсон. Иргэний хуулийн 476-д хамтран ажиллах талаар заасан. Хөгжлийн үйлчилгээг нээх үүрэгтэй байсан боловч үүрэг биелэгдээгүй. Нэхэмжлэгч нь удаа дараа боломж олгосон боловч үүрэг биелэгдээгүй. Иймд Иргэний хуулийн 225, 205-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь мөнгө төлсөн боловч хариуцагч нь ямар нэг хөгжмийн үйлчилгээний эрхийг хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч нь санхүү, техник, оюуны эрхийн хувьд боломжгүй байсан. Эрүүгийн журмаар 5 жил шалгагдсан. Прокурорын тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гээд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаагдаж иргэний шүүхэд хандсан.

Талууд хамтран ажиллахаар ямар компаниуд тохирсон бэ. Нэхэмжлэгч нь тодорхой хэрэглэгчтэй компани. Хариуцагч нь технологийн компани юм. Хариуцагч нь 60 000 эрхтэй гээд нэхэмжлэгчийн хэрэглэгчдэд нийлүүлж ашиг орлого хуваахаар тохирсон. Иймд хариуцагч нь 60 000 эрхийг бусдаас авсан байх ёстой байсан. 2015.3.15-нд үйлчилгээг нээх ёстой байсан боловч энэ үйлчилгээ нээгдээгүй. Нэхэмжлэгч нь гэрээ зөрчсөн гэх зүйл байхгүй. Харин мөнгөө төлж үүргээ биелүүлсэн. Яг гэрээ хэрэгжих болоход боломжгүй болж хугацаа олгож эхэлсэн байдаг. Гэвч хугацааг удаа дараа олгосон боловч 60 000 эрхээс ямар нэг эрх хүлээлгэж өгөөгүй. Гэрээний үүрэг биелэгдээгүй. Үнэлгээ тогтоосон үүрэг биелэгдээгүй. Иймд мөнгөө буцаан шаардаж байгаа юм. Гэрээнд заасан үйлчилгээг нээх гэж сурталчилгаа явуулсан. Гэтэл хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс болж эвгүй байдалд орж нэр хүндийн хувьд хохирол учирсан боловч бид өгсөн мөнгөө л авъя гэж байгаа юм. Прокурорын тогтоолыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол хариуцагч нь энэ талаар гомдол гаргаж маргах болох байсан боловч маргаагүй гэв.

 

Хариуцагч Х ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс доорх үндэслэлээр хариу тайлбар тайна. Х ХХК нь гадаад болон дотоодын дуу хөгжмийн стрийминг үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ба С ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХА-30/15 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал С ХХК нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болохыг санаархаж, улмаар гэрээгээр далимдуулан манай бизнесийн болон гэрээний нууцыг олж авах зорилгоор гэрээгээр хүлээгээгүй үүрэг биелүүлэхийг манайхаас удаа дараа шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж Х ХХК нь хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Аль нэг тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналтай бол энэ тухайгаа 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу гэрээг цуцлах саналыг манай компанийн зүгээс 2016 оны 08 дугаар сард хүргүүлсэн. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь С ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзэж байгаа ба хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-т Гэрээг Сын буруугаас шалтгаалан хугацаанаас нь өмнө цуцалсан бол Х нь гэрээг цуцалсан өдөр хүртэл хүлээн авсан төлбөрийг буцааж төлөхгүй гэж заасан нөхцөл болон гэрээний дагуу орж ирсэн төлбөрийг гэрээнд заасан хийгдэх ажлуудын дагуу зарцуулсан, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 210.630.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хөгжмийн стрийминг үйлчилгээ: IOS, Android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон үйлчилгээ юм. Хэрэглэгч сар бүр тогтмол төлбөр төлснөөр уг үйлчилгээг ашиглах эрхтэй болох бөгөөд хөгжмийн бүтээлийг худалдаж авч буй хэрэг биш юм.

Хөгжмийн стрийминг үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлэхээр зорин ажиллах явцдаа С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-той уулзаж төслийн талаар танилцуулахад тэрээр хамтран ажиллахыг санал болгож улмаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр С ХХК нь үйлчилгээний эрхийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, харин Х ХХК нь бусад үүрэн холбооны компаниудад төслийг танилцуулахгүй, хамтран ажиллахгүй байх үүргийг хүлээсэн. Хариуцагч санхүүгийн хувьд С ХХК-аас бүрэн хамааралтай болж улмаар санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж үзсэн тул талууд харилцан тохиролцож гэрээний 4 дүгээр зүйлийн 8 дахь Х -тэй хамтран ажиллаж буй контент нийлүүлэгч студи, хамтлаг дуучин болон уран бүтээлчидтэй энэхүү гэрээгээр зохицуулагдаж буй үйл ажиллагаатай ижил төрлийн хэлбэрээр шууд болон шууд бусаар харилцахгүй байх, зөвхөн Хээр дамжуулан харилцах. Үүнд хөгжмийн стрийм үйлчилгээнээс бусад хамтын ажиллагаа хамаарахгүй болно гэсэн заалтыг гэрээнд тусгасан.

Гэрээ цуцлагдах хүртэл талууд аливаа саад бэрхшээлийг даван туулж, харилцан ойлголцож хамтран ажиллаж ирсэн ба гэрээний талуудын хооронд үүссэн маргаан гэрээ цуцалсан үндэслэл нь нэхэмжлэгч компанийн тэргүүн дэд захирлаар Д.Н томилогдсон үеэс эхлэлтэй ба дараах цаг хугацааны дараалалтай байна. Үүнд:

1. Д.Н нь томилогдоод удаагүй байхдаа бидэнтэй /С.О-н хамт/ уулзах хүсэлтэй байсан тул түүний албан өрөөнд очиж уулзахад түүний өрөөний самбар дээр өөрийн гэсэн хөгжмийн болон видео үйлчилгээтэй болох талаар зурж бичсэн байсан. Энэхүү сонирхол, бодлого нь Hi-Fi music (хөгжим) болон SkyGo (видео) үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж байснаар нь батлагддаг. Мөн анхны уулзалтаар манай төслийг С ХХК-д шилжүүлэх талаар хэд хэдэн удаа дурдсан бөгөөд бид татгалзсан хариу өгсөн.

2. 2015 оны 9, 10 дугаар сард С ХХК-ийн Г.А уулзахад хөгжмийн салбарын өрсөлдөгч Х групп ХХК-тай хамтран хөгжмийн стрийминг үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай ам алдсан С ХХК нь ижил, төстэй болон өрсөлдөгч компаниудтай хамтрахгүй байх үүрэг хүлээгээгүй гэж мэдэн будилж эхэлсэн.

3. 2015 оны 10, 11 дугаар сард С ХХК-ийн зүгээс Х ХХК-ийн гадаадын болон дотоодын хөгжмийн компани, уран бүтээлчидтэй байгуулсан гэрээнүүдийн хуулбаруудыг авах хүсэлтийг гаргаж эхэлсэн ба бидний зүгээс гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй учир татгалзсан.

4. 2015 оны 12 дугаар сард Х  групп ХХК болон С ХХК-иуд хамтран ажиллах болсон талаар олон нийтэд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.

5. 2016 оны 2 дугаар сарын 1-ий өдөр СХХК-ийн төлөөлөлтэй уулзаж Universal Music Group, Sony Music Entertainment-тай байгуулсан гэрээнүүд, Warner Music Group хэлцлийг хуулбарлаж өгөх боломжгүй, харин ажлын хэсэг байгуулж гэрээнүүдийг шалгах, шалгуулахаар харилцан тохиролцсон. Гэвч СХХК-ийн зүгээс ажлын хэсэг байгуулаагүй, гэрээг шалгаагүй бөгөөд зөвхөн гэрээний хуулбарыг авах хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

6. 2016 оны 6 дугаар сард Hi-Fi Music нэртэй хөгжмийн стрийминг үйлчилгээг зах зээлд танилцуулсан. СХХК нь Hi-Fi Music үйлчилгээний танилцуулга мэдээлэл өөрийн албан ёсны вэб сайтын (www.skytel.mn) Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэсэгт байршиж байсан, мөн өөрийн Fасebook хуудас болон телевизийн сурталчилгааг явуулж байсан бөгөөд харамсалтай нь дээрх үйлчилгээ тун удахгүй хаагдсан.

7. 2016 оны 6-р сард /сайн санахгүй байна/ СХХК-ийн зүгээс СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан боловч иргэний маргаан байна гэж үзсэн тул хэрэг үүсгэж үргэлжлүүлэн шалгахаас татгалзсан.

8. Бид харилцан ойлголцох талаар хичээсэн боловч гаднын болон дотоодын компаниуд, уран бүтээлчидтэй байгуулсан гэрээнүүдийн хуулбарыг авахыг хүсэж буйгаа илэрхийлж байсан.

9. 2016 оны 8-р сард С ХХК нь СБД-ийн прокурорт гомдол гаргасан.

10. 2016 оны 8 дугаар сард цаашид харилцан ойлголцох, хамтран ажиллах боломжгүй гэж үзэж гэрээг цуцлах саналыг С ХХК-д хүргүүлсэн бөгөөд аливаа байдлаар хариу ирүүлээгүй.

Х ХХК нь Sony Music Entertainment, Universal Music Group гэсэн гадаадын улсын хөгжмийн компаниудтай гэрээтэй ажиллаж байсан бөгөөд гэрээ байгуулсан талаар нотлох баримтуудыг С ХХК-д хүргүүлж байсан, мөн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б тус компанийн албан байранд уулзаж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Үүнээс гадна Улсын Их Хурлын дарга З.Э тэдгээр компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан.

Дээрх үйл байдлаас харвал С ХХК нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болох сонирхолтой бөгөөд үүндээ гадаад дуу хөгжмийг оруулах зорилгоор гадаадын дуу хөгжмийн компаниудтай байгуулсан гэрээний хуулбарыг биднээс авч ижил төстэй гэрээ байгуулах, тэдгээрийн дуу хөгжмийг авч ашиглах сонирхолтой байсан гэж үзэх үндэслэл байсан гэж үзэхээр байгаа төдийгүй Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн ч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх хуулийн зохицуулалттай хамааралтайгаар Х ХХК-ийн удирдлагыг буруутгах боломжгүй ба 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгчээс анх шүүхэд хандсан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн тул хариу тайлбарт дурдагдсан үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

"С ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй заасан зохицуулалтыг үндэслэн Х ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нэмэгдүүлсэн шаардлага нотлогдож байгаа талаар болон нэхэмжлэлийн үндсэн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагууд хэрхэн уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй төдийгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад энэ талаар бичигдээгүй байна.

Түүнчлэн хууль зүйн үндэслэл болгож буй эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Х ХХК-ийн захирал С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага 5 жил гаруй шалгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаар тогтоолд дурдсан үндэслэлийг ашиглаж нэхэмжлэгч тал хууран мэхэлж хэлцэл байгуулсан учир хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан хуулийн заалт нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15/12 тоот Хамтран ажиллах санал албан бичигт Universal Music Group (UMG) болон Sony Music Entertainment (SМЕ) компаниудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон хамтран ажиллаж эхлээд байна гэж бичсэн бөгөөд дээрх байдал нь С ХХК-ийн SkyMelody үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах, Universal Music Group болон Sony Music Entertainment компанийн хөгжмийн бүтээлүүдийг нийлүүлэхээр хүргүүлсэн санал юм.

1. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х ХХК-ийн зүгээс С ХХК-ийн Ц.П, Ц.А нарт олон улс дахь хөгжмийн оюуны өмчийн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн, маргааш нь буюу 10-ны өдөр танилцуулсан материалын файлыг илгээж байсан. Үүнд, Х ХХК-ийн олон улсын түншүүдийн талаарх хуудсанд Warner Music Group (тун удахгүй) гэж оруулсан нь танилцуулга хийх үед Warner Music Group компанитай гэрээ байгуулаагүй байсныг илтгэж байна.

2. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15/31 тоот Дэмжлэг хүсэх тухай албан бичигт Сони Мюзик компанид гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн олон улсын гуйвуулгын баримтыг хавсаргасан бөгөөд уг баримт нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн баримт байдаг. С ХХК-тай гэрээ байгуулснаас Сони Мюзик компанитай гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлсэн болохыг нотолж байна.

3. 2015 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Сони Мюзик болон Юниверсал Мюзик компанийн удирдлагууд Х ХХК-ийн урилгаар Монгол Улсад айлчилж IСТ Ехро 2015 өдөрлөгт оролцсон, мөн Хуур - С - Сони болон Хуур - С - Юниверсал гэсэн гурвалсан санамж бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд дээрх айлчлалыг С ХХК-ийн санаачилгаар зохион байгуулсан.

4. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15/52 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Гэвч Warner Music Group-ийн гэрээнд нь бүх төрлийн мэдээллийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах сервер байршуулах.... Энэ нь урьдчилан тооцоолох боломжгүй, хамгийн том хүндрэл байсан , Мөн хүлээгдэж байсан гэрээ, лицензүүдийг баталгаажуулж авахаас гадна Universal Music Group, Sony Music Entertainment компаниудын 90,000 орчим цомог, 1.5 сая орчим дууг татан авч, боловсруулалтуудыг хийгээд байна гэж бичсэн бөгөөд энэ нь өмнө гэрээнүүд байгаагүй, харин хүлээгдэж байсан гэрээнүүдийг байгуулсан талаар тайлагнаж байсныг нотолж байна.

5. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн уулзалтын үеэр миний хувьд С.Д Анх гэрээ хийхээс өмнө бид гаднын түншүүдтэй гэрээ хийх бүх нөхцөлөө тохирсон байсан. Гаднын түншүүд хэлэхдээ 2015 оны 1 дүгээр сард гэрээ байгуулна, 2 дугаар сард контент татна, 3 дугаар сард үйлчилгээг нээх боломжтой гэж тайлбарласан гэж хэлсэн нь протоколд тэмдэглэгдсэн.

Үүнээс гадна С ХХК нь хууран мэхлүүлсэн, залилуулсан гэх гомдол гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэж 5 жил гаруй хугацаанд шалгасан боловч нотлогдоогүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон төдийгүй тухайн үед залилуулсан гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж байсан хэдий ч өнөөдөр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Х ХХК нь хөгжмийн стрийминг үйлчилгээг эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, гадаадын компаниудтай Монгол Улсаас анх удаа Сони Мюзик, Юниверсал мюзик компаниудтай хамтран ажиллахаар тохиролцсон байсан тул ганц С ХХК бус үүрэн холбооны бусад оператор компаниудтай хамтран ажиллах боломж нээлттэй байсан төдийгүй хариуцагчаас С ХХК-тай хууран мэхлэх зорилгоор гэрээ байгуулсан гэж үзвэл гадаадын компаниудтай гэрээтэй, тэдгээрийн эрхийг авсан гэж хэлэх шаардлага байхгүй гэрээгүй болон шинээр гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нуух боломжтой байсан төдийгүй Х ХХК нь гадаадын компаниудтай шинээр гэрээ байгуулсан болон гэрээ байгуулаагүй талаар С ХХК-д ил тод мэдэгдэж байсныг С ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд болох Д.Б, Ц.П нар нь гэрчлэх боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийг тодруулсантай танилцлаа. Хурлыг үргэлжлүүлье.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь буруу ойлголттой байна. Хөгжмийн үйлчилгээний эрх өгч авах талаар л тохирсон. Эрх өгөх талаар тохиролцоогүй. Бид гадаадын компанитай гэрээтэй гээд залилсан гэдэг. Гэвч эрүүгээр 5 жил шалгагдаад хэрэгсэхгүй болсон байдаг. 2016 онд үндэслэлгүй гомдол гаргаж шалгуулаад тэгээд одоо гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж байгаад гомдолтой байна. Гэрээг хэрэгжих боломжгүй болгочхоод одоо ингэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Гаднын компанитай байгуулсан гэрээ байдаг. Бид эрүүгийн шүүх хурал болбол гаргах талаар бодож байсан. Гэрээг гаргаж өгөхгүй болохоор л цагдаад гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь санхүүгийн чадамжгүй байсан гэдэг. Бид 2004 оноос технологийн салбарт ажиллаж танигдсан байсан. Захирлуудтай нь өмнө нь хамтарч ажиллаж байсан. Би дууны чиглэлээр гаднын компанитай холбогдсон гэхэд нэхэмжлэгч нь бид гэрээ хийе гэж байна. Пүрэвдоржийн мэдүүлгээр 3 компанитай гэрээ байгуулагдсан биш гэрээ байгуулагдаж байгаа гэдгийг мэдэж байсан талаар хэлсэн байдаг. Гэрээ байгааг мэдэж дүгнэсэн боловч залилууллаа гэж цагдаад гомдол гаргасан байдаг. Хай фай-тай 2016.5.20-нд гэрээ байгуулсан боловч энэ талаар 2015 оны 10 сараас ярьж эхэлсэн байдаг. Хай фай дотоодын дуутай холбоотой гэрээ гэдэг боловч тийм зүйл байдаггүй. Манай хийсэн ажлыг нэхэмжлэгч тал ирж шалгаад хийсэн ажлыг дүгнээд буцаан явуулсан мэйлээр зөвшөөрсөн. Манай өрсөлдөгчтэй гэрээ байгуулсан. Манай гэрээг үзье гэж нэхсэн ба бид зөвшөөрсөн боловч шалгадаггүй бөгөөд хуулбар авахыг л шаарддаг. Хуулбар өгөх талаар гэрээнд заагаагүй. Нэхэмжлэгч тал манай гадаадын компанитай байгуулсан гэрээг л авахыг зорьсон. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалъя гэсэн бол би бусад компанитай гэрээ байгуулах боломжтой л байсан. Бид уулзалтаар гэрээгээ мөрдөж байгаа талаар илэрхийлж байсан. Гэрээг цуцлах талаар нэг ч удаа хэлж байгаагүй юм. 1,9 сая дуу татагдсан байгааг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн байдаг. Цагдаад гомдол гаргаснаас болж яллагдагчаар татагдсан хүнтэй хүн харилцаа үүсгэдэггүй юм билээ. Эрүүгийн хэрэг дуусангуут бусадтай хамтрах гэсэн боловч иргэний хэрэг үүсгүүлээд дахиад л миний ажлыг зогсоосон. Гадаадын түншүүд ирээд санаж бичгээ байгуулсан. Бүх сурталчилгаа нь гарч ирээд гэрээ байгуулсан гээд дүгнэлт гарч ирсэн байхад залилсан гээд л байдаг. Яг үнэндээ энэ гэрээтэй холбоотойгоор хохирогч нь би юм. Цагдаа гэрээгээ өгчих тэгээд л хэрэг хаагдана гэдэг байсан. Гадаадын компанитай гэрээ байгуулах гэж явсан хөдөлмөрөөрөө олж авсан давуу байдлаа зүгээр өгөхийг хүсээгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Хариуцагч нь гадаад болон дотоодын стриймэн үйлчилгээ явуулдаг. Нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ хэвийн явагдаж байхад гэрээгээр хүлээгээгүй үүрэг шаардаж байгаад цуцлах санал ирүүлсэн. Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн буруугаас гэрээг цуцалсан бол төлбөрийг буцаан олгохгүй. Нэхэмжлэгчийн захирал нь хариуцагч талтай уулзаад хөгжмийн үйлчилгээтэй болох талаар схем хийсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн ажилчид нь өөр бусадтай гэрээ байгуулахаар ярьсан байсан. Мөн гадаадын өөр компанитай байгуулсан гэрээг шаардаж байсан. Улмаар өөр компанитай гэрээ байгуулж байгаа талаар олон нийтэд мэдээлсэн байдаг. Уулзалт хийж ажлын хэсэг байгуулж гэрээний хэрэгжилтийг шалгах болсон. Гэвч ийм шалгалт болоогүй. Прокурорын тогтоолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг судлахад данс битүүмжилсэн тогтоол хэрэгт байгаа. Үүнээс болж санхүүгийн хүндрэл үүсэж гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсныг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж үр дагавар арилгуулъя гэж байна. Иргэний хуулийн 204.1-д заасан шаардлагыг зөрчиж байна. Шүүх дээр л гэрээний татгалзал ярьж байгаа бөгөөд өмнө нь энэ талаар ярьж байгаагүй. Нэхэмжлэгч нь 60 000 эрхийг л өгөөгүй гэж байна. Гэтэл 60 000 эрхийг авсан бол 300 гаран сая төгрөгийг төлөх байсан. Иргэний хуулийн 225.4.3 зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай байгаа юм. Энэ нь гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний эх хувийг шаардсан. Энэ шалгах явдал 2016.6.30 хүртэл үргэлжилсэн боловч шалгаагүй. Ингээд 8.1-нд цагдаад гомдол гаргасан. Холбогдох хуульд зааснаар прокурорын байгууллага гэм бурууг тогтоодоггүй. Иймд прокурорын тогтоолоор шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Талууд гэрээ дүгнэсэн акт дээр хариуцагч нь талууд туршилтын хувилбарыг танилцуулаад нэхэмжлэгч нь үүнийг олон нийтэд танилцуулчихсан. Зохиогчийн эрх аваагүй гээд байгаа гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгч тал зөвшөөрөөд дараагийн төлбөрийг хийхээр тохирсон байдаг. 60 000 эрх нь 300 саяыг бүрэн төлснөөр хэрэгжих байсан юм. Зохигчид цагдаад хандсанаар гэрээнээс татгалзах асуудал биш гэдэг талаар маргаагүй. Гэрээгээ эцсийн байдлаар дүгнээд гэрээнээс гарах эсэх талаар ямар нэг дүгнэлт гараагүй. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэснээр Иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс татгалзах боломжгүй болсон. Иргэний хуулийн 476-д заасан зохицуулалт байдаг. 210 сая төгрөг нь гэрээний дагуу төлсөн хураамж юм. Энэ мөнгөөр сервер авсан. Мөн гадаадын хуулийн этгээдээс оюуны өмчийн эрх авсан. Мөн хариуцагчийн урсгал зардал зэргээр энэ мөнгө нь зарцуулагдчихсан юм. Мөн татвараа төлчихсөн бөгөөд хариуцагчид энэ мөнгө байхгүй. Уг мөнгө зарцуулагдаад үр шимийг нэхэмжлэгч хүлээгээд авчихсан. Мөн зардлаар хийгдсэн үр шим нь байгаа юм. Харин энэ үр шимийг хэрхэн хуваах нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Ижил төстэй компанитай гэрээ байгуулахгүй гэж тохирсон. Гэрээнээс гараагүй боловч гэрээний 4.8 заасныг зөрчсөн. Дотоодын зохиогчийн эрхтэй холбоотойгоор гэрээний заалт зөрчигдсөн. 300 гаран саяыг бүрэн төлөөгүй байж эрх нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 480.2.1 зааснаар гэрээг цуцалчихсан. Өнөөдөр гаргаж байгаа үндэслэл нь өмнөх шийдвэрээс хуулсан. Яагаад гэрээний үүргээ шаардаагүй юм. Эдгээр нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул гэрээнээс татгалзах боломжгүй юм гэв.

Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд: 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх9-12/, С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулганы хуулбар /1-р хх13-14/, төлбөрийн даалгаврын хуулбар /1-р хх15/, төлбөрийн хүсэлтийг хуулбар /1-р хх16/, нэхэмжлэхийн хуулбар /1-р хх17/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 201625022442 дугаар тогтоолын хуулбар /1-р хх18/, Х ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 15/52 дугаар албан тоотын хуулбар /1-р хх19/, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15/103 дугаар албан тоотын хуулбар /1-р хх20/, 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар /1-р хх21-22/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх23/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ..86 дугаар захирамжийн хуулбар /1-р хх24-26/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1646 дугаар захирамжийн хуулбар /1-р хх27-30/, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 711 дүгээр захирамжийн хуулбар /1-р хх31-33/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх34/, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 532 дугаар тогтоолын хуулбар /1-р хх35-37/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/1283 дугаар хариу мэдэгдэх хуудас /1-р хх171/, /, С ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04/2678 дугаар албан тоотын хуулбар /2-р хх124/, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2844 дугаар албан тоотын хуулбар /2-р хх125/, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар /2-р хх126-127/, С ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 01/6298 дугаар албан тоотын хуулбар /2-р хх202-207/-г нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч Х ХХК нь шүүхэд: гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбар /1-р хх87-93/, Х ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /1-р хх104-106/, 4 ширхэг гэрэл зураг /1-р хх107-108/, сурталчилгааны гэрэл зураг /1-р хх147, 149/, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт /2-р хх73/, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн санамж бичгийн орчуулгын хуулбар 2 ширхэг /2-р хх121, 123/, Универсал мюзик групп интернэшнл-н 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотын орчуулгын хуулбар /2-р хх143/, Сони мюзик-н 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн албан тоотын орчуулгын хуулбар /2-р хх145/, лицензийн гэрээний орчуулгын хуулбар /2-р хх145-147/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 7-423/676 дугаар тодорхойлолт /3-р хх108/-г нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн контент нийлүүлэх гэрээний хуулбар /1-р хх184-186/, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ХА-469116 дугаар хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх187-191/, Х ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17/11 дүгээр албан тоотын хуулбар /1-р хх204-205/, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагч С.Дыг дахин байцаасан тухай тэмдэглэлийн хуулбар /1-р хх206/, Үндэсний дата төвийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/210 дугаар албан тоотын хуулбар /1-р хх207/, зогсуур түрээсийн үйлчилгээний гэрээний хуулбар /1-р хх208-210/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 615 дугаар захирамжийн хуулбар /1-р хх211-212/, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн С.Дыг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх213-214/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ц.А-г гэрчээр дахин асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх215-216/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /1-р хх217/, гадаад гүйлгээний 1 ширхэг, кассын орлогын 2 ширхэг баримтын хуулбар /1-р хх218/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ц.П-йг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх219/, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 30/15 дугаар албан тоотын хуулбар /1-р хх220/, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ц.А-г гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх221-223/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.А-аг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх224-225/, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ц.П-г гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх226-228/, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн С.Д-г яллагдагчаар татах тогтоолын хуулбар /1-р хх229-230/, мөн өдөр С.Д-г яллагдагчаар байцаасан тэмдэглэлийн хуулбар /1-р хх231-232/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Д-г яллагдагчаас дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /1-р хх233-234/, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.Очмандахыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлийн хуулбар /1-р хх235/, Х ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 15/52 дугаар албан тоотын хуулбар /1-р хх237-238/, цахим шуудангийн орчуулгын хуулбар /1-р хх239, 241, 242, 244/, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ч.Д-г гэрчээр асуусан тэмдэглэл /2-р хх113-114/, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ч.Д-г гэрчээр асуусан тэмдэглэл /2-р хх165-166/, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолын хуулбар /2-р хх170/, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хохирогчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /2-р хх171172/, 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Д.Б-г гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /2-р хх180-182/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Д.Б-г гэрчээр дахин асуусан тэмдэглэлийн хуулбар /2-р хх183-184/, 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолын хуулбар /3-р хх120/-г нотлох баримтаар гаргуулсан.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Пг гэрчээр асуусан /2-р хх52-54/, мөн өдөр Ц.А-г гэрчээр асуусан /2-р хх57-59/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цахим шууданд үзлэг хийсэн. /3-р хх122-139/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж, хариуцагчаас 210,630,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, дуусгавар болсон тул төлсөн төлбөр болох 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөөгүй боловч үндэслэлийг хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж өөрчилсөн.

Эцэст нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж өөрчилсөн байна. /2-р хх221-241/

Цаашлаад энэ шүүх хуралдаан дээр эцсийн байдлаар тодруулсан үндэслэлийг бичгийн хэлбэрээр гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаж, өөрөөр хэлбэл бичгийн хэлбэрээр тодруулсан үндэслэлтэй танилцах, хариу тайлбар гаргах хугацаа шаардлагатай талаар хүсэлт гаргаагүй.

Хариуцагч Х ХХК нь гэрээний үүргээ биелүүлж байсан, нэхэмжлэгч нь гэрээнд заагаагүй үүрэг шаардсан, улмаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр ХА-30/15 дугаартай гэрээ байгуулсан байна. /1-р хх9-12/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийг шууд утгыг анхаарна.

Уг гэрээний 7-д орлого хуваарилах талаар зохицуулсан бөгөөд 6-д заасан 60,000 эрхээс бусад эрхийг нэхэмжлэгчийн хэрэглэгчид худалдан авсан тохиолдолд хариуцагч нь ашиг авах талаар заажээ.

Улмаар 6.1-д зааснаар нэхэмжлэгч нь 60,000 эрхийг багц болгон тодорхой хуваарийн дагуу урьдчилан 300,900,000 төгрөг төлж авах бөгөөд 11.1-д зааснаар хөгжмийн үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 1 жилийн хугацаанд гэрээний 1.1, 1.2-т зааснаар өөрийн хэрэглэгчдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна.

Тодруулбал, 60,000 эрхийн хувьд хариуцагч нь урьдчилан ашиг буюу 300,900,000 төгрөгийг авах бөгөөд харин энэхүү 60,000 дуу, хөгжмийн борлуулалтын орлогыг нэхэмжлэгч бүрхэлд нь авахаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр талууд тодорхой ашиг олох, эсхүл тодорхой зорилгод хүрэхээр харилцан эрх, үүрэг хүлээж хамтран ажилладаг.

Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд хариуцагч тодорхой хуваарийн дагуу ашиг олох бөгөөд харин нэхэмжлэгч нь 60,000 эрхийг өөрийн хэрэглэгчдэд худалдах замаар ашиг олох, түүнчлэн өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамран ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 120,360,000 төгрөг, 06 дугаар сарын 03-ны өдөр 90,270,000 төгрөг, нийт 210,630,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон төлбөрийн даалгаврын хуулбараар тогтоогдож байна. /1-р хх13-15/

Дээрх гэрээ байгуулагдсан болон нийт 210,630,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн талаар зохигчид маргаагүй.

Гэрээний нэр томьёо хэсэгт хөгжмийн үйлчилгээ гэдгийг IOS, Android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох боломжийг хэрэглэгчдэд олгох үйлчилгээг ойлгохоор заасан. Цаашлаад гэрээний 3.1-д зааснаар энэхүү хөгжмийн үйлчилгээтэй холбоотой программ хангаж, тасралтгүй ажиллагаа, холбогдох зардлыг Х ХХК хариуцахаар тохиролцсон.

Улмаар уг хөгжмийн үйлчилгээг гэрээний 3.5-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэрэглэгчдэд хүргэж эхлэхээр тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Х ХХК нь дээр дурдсан хугацаанд 60,000 дуу хөгжмийн эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, түүнчлэн уг үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох техник, программ хангамж зэрэг дэд бүтцийг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн байна.

Гэвч гэрээнд заасан хугацаанд хөгжмийн үйлчилгээ нь хэрэглэгчдэд хүрээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд тодорхой хугацаагаар үйлчилгээ нээх хугацааг хойшлуулж байсан талаар зохигч хэн аль тайлбарласан. Энэхүү үйл баримт нь Х ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 15/52 дугаар албан тоот, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, С ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04/2678 дугаар албан тоотын хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2844 дугаар албан тоотын хуулбар болон хэрэгт байгаа бусад баримтаар тогтоогдож байна. /1-р хх19, 3-р хх124, 2-р хх126-127, 124, 125/

Ийнхүү гэрээний хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй болох нь хариуцагчийг төлөөлөн 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн уулзалтад оролцсон С.О-н үйлчилгээг хугацаанд нь нээгээгүй нь С ХХК-с хамааралгүй гэх агуулга бүхий тайлбараар тогтоогдож байна. /3-р хх124/

Харин хариуцагч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн боловч 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хамтын үйл ажиллагаанд ашиглагдах серверийг улсын хилээр нэвтрүүлсэн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбараар тогтоогдсон. /1-р хх217/

Улмаар уг серверийг Үндэсний дата төвд байрлуулж, ажилд бэлтгэсэн болох нь тус төвийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/210 дугаар албан тоот, түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байна. /1-р хх207-210/

Цаашлаад энэхүү сервер нь ажиллаж зарим дуу, хөгжмийн бичлэгийг татаж ажилд бэлтгэж эхэлж байсан болох нь гэрч Ц.П-н 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст сервер байрлуулсан бөгөөд гадаадын хамтлаг дуучдын дуунууд татагдаж байсан, Universal Music Group, Warner Music Group компанитай гэрээ байгуулаагүй, зөвхөн Sony Music Entertainment компанитай гэрээ байгуулсан байсан гэх агуулгаар өгсөн тайлбараар тогтоогдож байна. /1-р хх227/

Энэхүү тайлбар нь Sony Music Entertainment компанийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотын орчуулгын хуулбараар нотлогдож байна. /1-р хх239/

Гэвч хамтран ажиллах гэрээнд хөгжмийн үйлчилгээг тодорхойлсноор хариуцагч нь гадаадын болон дотоодын дуу хөгжмийг бусдад дамжуулан борлуулах эрхтэй байх ёстой байсан боловч дотоодын дуу, хөгжмийг бусдад дамжуулан борлуулах эрхгүй байсан болох нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 30/15 дугаар албан тоотын хуулбараар тогтоогдсон. /1-р хх220/

Цаашлаад зохигчид 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хэрэгжилтийн эхний үе шатыг дүгнэж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд 2 дахь ээлжийн төлбөрийг олгохоор тохиролцсон байна. /2-р хх73/

Энэхүү гэрээ дүгнэсэн актаар нэхэмжлэгч нь Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment компаниудтай хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулагдсан, хөгжмийн үйлчилгээний туршилтын хувилбар танилцуулагдсан болохыг зөвшөөрсөн байна.

Мөн хариуцагч нь Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь холбогдох албан тоот, лицензийн гэрээний хуулбар, түүний орчуулгаар тогтоогдож байна. /2-р хх142-150/

Үүнээс гадна зохигчид Universal Music Group, Sony Music Entertainment компаниудтай хамтын үйл ажиллагааны санамж бичиг байгуулж байжээ. /2-р хх120-123/

Хариуцагчийн төлөөлөгч нь эдгээр санамж бичгийн орчуулгыг эрүүгийн хэрэг шалгагдах явцад прокурорын байгууллага хийлгэсэн гэж тайлбарласан бөгөөд Universal Music Group компанитай байгуулсан санамж бичгийн орчуулга нь техникийн шинжтэй алдаатай байна. Гэвч зохигч уг санамж бичиг байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, цаашлаад энэхүү орчуулга нь эрүүгийн хэрэг шалгаж байсан цаг хугацаатай тохирч байна.

Мөн зохигчид 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хэрэгжилтийг шалгаж, хариуцагч нь 3-ны өдөр хийгдсэн болон хийгдэж байгаа ажлын тайланг цахим шуудангаар хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь 5-ны өдөр дээрх ажлын тайланг хүлээн зөвшөөрч, хариу цахим шуудан илгээж байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /3-р хх131-135/

Цаашлаад зохигчид 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр гэрээний хэрэгжилтийн талаар хийсэн уулзалтаар 10-18-ны өдрүүдэд дахин гэрээг дүгнэх талаар тохиролцжээ. /3-р хх126/

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч энэ нь хариуцагчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг нь 60,000 дуу, хөгжмийн эрхийг нэхэмжлэгчид ашиглах эрх олгох гэж тохиролцсон.

Аливаа этгээдийн гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоох тул нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 532 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хариуцагч нь анхнаасаа хуурч мэхлэх зорилготой байсан гэх тайлбар үндэслэлгүй. /1-р хх35-37/

Мөн хариуцагч нь серверийг улсын хилээр нэвтрүүлж, зохих газар байршуулсан бөгөөд хамтран ажиллах гэрээгээр бусдаас авсан оюуны өмчийн эрх болон өөрийн оюуны өмч буюу хөдөлмөрөөр хамтран ажиллахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн анхнаасаа хариуцагч нь санхүүгийн хувьд хамтран ажиллах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй.

Улмаар хариуцагч нь гэрээний 3.1-д заасан үүрэг буюу гүйцэтгэх ажлын хүрээнд хөгжмийн үйлчилгээ үзүүлэх программ хангамжийн туршилтын загварыг танилцуулсан болох нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн анхнаасаа хариуцагч нь техникийн боломж, чадварын хувьд хамтран ажиллах боломжгүй байсан гэх тайлбар мөн адил үндэслэлгүй. /2-р хх73/

Харин хамтран ажиллахад шаардагдах оюуны өмчийн эрхийн хувьд гэрээний нэр томьёо хэсэг, 3.2-т зааснаар гэрээ байгуулагдах үед хариуцагч нь гадаадын болон дотоодын дуу, хөгжмийг ашиглах албан ёсны эрхтэй байхаар заасан байна.

Гэвч хариуцагч нь гэрээнд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment компаниудтай сүүлд гэрээ байгуулсан, харин дотоодын дуу, хөгжмийг ашиглах эрхгүй байсан болох нь дээр дурдсан гадаадын компаниудын албан тоот болон лицензийн гэрээний хуулбар, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 30/15 дугаар албан тоотын хуулбараар тус тус тогтоогдсон. /2-р хх142-150, 1-р хх220/

Үүнээс гадна гэрээний 4.8-д заасан нь нэхэмжлэгчийг хариуцагчийн хамтран ажилладаг дуучин, хамтлаг, уран бүтээлч болон контент үйлдвэрлэгч буюу өөрөөр хэлбэл дуу, хөгжмийг үүрэн телефоны үйлчилгээ ашиглагчид хүргэх зорилгоор дахин боловсруулалт хийдэг этгээдтэй хамтран ажиллахыг хориглосон байна.

Иймд нэхэмжлэгч нь Х групп ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр контент нийлүүлэх, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь маргаж буй гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл болохгүй. /1-р хх184-191/ Учир нь хариуцагч нь Х групп ХХК-тай хамтран ажилладаг үйл баримт тогтоогдоогүй бөгөөд дотоодын дуу хөгжмийг ашиглах эрх хариуцагчид олгогдоогүй байжээ.

Ийнхүү хамтран ажиллах гэрээ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хугацаадаа бүрэн хэрэгжээгүй байхаас гадна хариуцагч нь маргаж буй гэрээний 1.7-д заасан үүргээ зөрчиж Мобиком ХХК-тай хамтран ажиллах талаар хэлцэл хийгдэж байсан болох Универсал мюзик групп интернэшнл-н 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотын хуулбар, түүний орчуулгаар тогтоогдсон. /2-р хх142-143/

Түүнчлэн хариуцагч нь Сони мюзик интертайнмент ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу явагдах байсан хөгжмийн үйлчилгээ хэрэгжих боломжгүй болсон Сони мюзик интертайнмент ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 17-04/21-01 дугаар албан тоотын хуулбар, түүний орчуулгаар тогтоогдсон. /2-р хх144-145/

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг буцаан авах талаар тайлбарлан, улмаар зохигчид энэхүү үндэслэлээр мэтгэлцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ хэрэгжих хугацаа хэтэрсэн, хэрэгжих боломжгүй болсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас гадаадын дуу, хөгжмийн оюуны өмчийн эрхтэй холбоотой гэрээний хуулбарыг шаардсан нь хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах, хугацаа хэтрүүлэх үндэслэлд хамаарахгүй юм.

Цаашлаад маргаж буй хамтран ажиллах гэрээнд заасан дээрх үндэслэлээр хариуцагч нь хамтын үйл ажиллагаанаас олох ашгаа 3 үе шаттайгаар урьдчилж авах, харин нэхэмжлэгч нь хөгжмийн үйлчилгээг нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хэрэглэгчдэд контент буюу 60,000 эрхэд багтах дуу, хөгжмийг өөрийн хэрэглэгчдээ худалдан борлуулах замаар ашиг олохоор тохиролцсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар төлсөн төлбөр нь хураамж гэх тайлбар үндэслэлгүй.

Зохигчид ийнхүү тохиролцсон боловч хариуцагч нь дуу, хөгжмийн 60,000 эрхийг нэхэмжлэгчид ашиглах эрх олгоогүй үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй. Цаашлаад гэрээнд заасан хөгжмийн үйлчилгээний үйл ажиллагаа явагдаагүй байх тул нэхэмжлэгч нь 2 удаагийн үйлдлээр нийт 210,630,000 төгрөг төлсөн боловч, үйлчилгээнээс ашиг олох гэрээний үндсэн нөхцөл хэрэгжих боломжгүй болсон байна.

Энд гэрээний 6.1, 6.2-т зааснаар төлбөрийн зориулалт нь 60,000 дуу, хөгжмийг ашиглах эрхийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох гэж зохигчид тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үйл баримт, үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, гэрээнд заасан төлбөрийн зориулалт болох 60,000 дуу, хөгжмийн эрхийг ашиглах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсжээ.

Энд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 08 дугаар сард хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй. /1-р хх46/

Өөрөөр хэлбэл, зохигч хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Ийнхүү нэгэнт нэхэмжлэгчид гэрээнээс татгалдах эрх үүссэн, зохигчид гэрээ хэрэгжихгүй боломжгүй болж татгалзсан үйл баримтын талаар маргахгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийн буцаан олгох үүрэгтэй.

Эдгээрээс гадна хариуцагч тал нь гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан боловч гэрээнээс татгалзаж, гүйцэтгэлийг буцаан шаардах нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төлнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 210,630,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Х ХХК-с 210,630,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,211,100 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,600 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД