Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00041

 

 С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00010 дугаар магадлалтай,

 С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох

 2015.01.01-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.М, Г.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч С ХХК-аас хариуцагчХ ХХК-д холбогдуулан 2015.01.01-ний өдөр байгуулсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Х ХХК-с 210,630,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,211,100 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,600 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00010 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...476 дугаар зүйлийн 476.1... гэснийг 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,211,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.М, Г.Н нар журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

4.1. Магадлалд дурдсанаар ...Анхан шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, Зохигчид гэрээг Хамтран ажиллах гэж нэрлэсэн ч тэдгээрийн илэрхийлсэн хүсэл зориг, тохиролцсон нөхцөл, харилцан хүлээсэн үүргийг харьцуулан дүгнэвэл тэдний холимог төрлийн гэрээ байгуулагдсан байна, Талуудын гэрээний 1.2.1-д Скайтел нь хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг 15 хувийн хөнгөлттэйгөөр багц болгон Х-с худалдаж авах, мөн 6.1-т 60,000 эрхийн нийт төлбөр 300,900,000 төгрөг байна, мөн 3.2-т хөгжмийн үйлчилгээнд багтаж буй дуу, хөгжим болон бусад төрлийн агуулга нь оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх, мөн 7.1-д 60,000 эрхээс бусад үйлчилгээний эрхийг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд С ХХК нь хөнгөлттэй үнээр Х сар бүр шилжүүлэх, хөгжмийн үйлчилгээний онцгой эрхийн хугацаа нь уг үйлчилгээг нээснээс хойш 6 сар байхаар тус тус тохиролцжээ.

Дээрх тохиролцоогоор нэхэмжлэгч нь хариуцагчийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд бий болгосон оюуны өмчийн зөрчилгүй хөгжмийн /стрийминг/ үйлчилгээний эрхийг худалдан авч үнийг төлөх, хариуцагч нь эрхийг худалдсантай холбоотойгоор хөгжмийн үйлчилгээний эрхийг программ хангамжийн тасралтгүй ажиллагаа, хөгжүүлэлт болон хамгаалалтыг гэрээний хугацаанд хангаж ажиллах, оюуны өмчийн зөрчил гарсан бол өөрөө хариуцах үүргийг харилцан хүлээснийг дүгнэвэл хариуцагч нь бусдын бүтээл ашиглах онцгой эрхийг зохих журмын дагуу олж авч нэхэмжлэгчид уг эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч уг эрхийг ашигласны төлбөр төлөх үүргийг хүлээсэн нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй төдийгүй 2015.01.01-ний өдрийн №ХА-30/15 дугаар Хамтран ажиллах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-т Талууд гэрээний хүчинтэй хугацаанд хамтын үйл ажиллагааны удирдлагыг хамтран хэрэгжүүлнэ гэж заасан нь хамтран ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан ба гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Скайтелын худалдан авч буй багц буюу 60,000 эрхийн нийт төлбөр 300,900,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээний 1.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 7 дахь заалтууд нь талууд хамтын үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж байсан үйл байдлыг дээд шатны шүүхээс анхаарч үзэлгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасныг зөрчиж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-т Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасны дагуу Иргэний хуулийн 243-260 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй төдийгүй давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийн төлөө хуульд нийцүүлэх байдлаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг буруу дүгнэсэн, шүүх хамтран ажиллах гэрээний харилцааг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байх хууль зүйн боломжийг хаацайлах байдлаар гэрээний харилцааг буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6-д Хариуцагч гэрээний зүйл болох хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг гэрээний 3.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлэх үүргээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлжээ гэж дүгнэсэн нь буруу бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-т Хуур Мюзик нь 2015.03.01-ний өдрийн хооронд Хөгжмийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах буюу нээнэ, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар гэрээний талууд уулзаж олон нийтэд танилцуулсан /хх 100-102/, 2015.04.10-ны өдөр хариуцагчаас А, П, Т хаяг уруу Хөгжим, дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан явуулж байсан ба U, S компаниудтай гэрээ байгуулсан, W-тэй гэрээ байгуулаагүй байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан үйл байдлыг нотлох баримт хэрэгт авагдсан.

Магадлалд дурдсанаар 300,900,000 төгрөгийг бүрэн төлөөгүй нь хөгжмийн үйлчилгээний эрхийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэх хариуцагчийн татгалзал гэрээнд нийцэхгүй гэх мөртлөө гэрээний аль заалтад хамаарч байгааг дурдаагүйн сацуу 210,360,000 төгрөгийн зарцуулалтын баримтууд хэрэгт авагдсан, дээд шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж байгаа тохиолдолд дутуу төлсөн мөнгөнд хэрхэн хөгжмийн эрхийг бүхэлд нь шилжүүлэх нь ойлгомжгүй төдийгүй нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.3. Анхан шатны шүүх 2022.03.14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -д зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж өөрчилсөн байна гэж үзсэн нь эргэлзээтэй төдийгүй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.14-ний өдрийн 101/ШШ2022/01137 дугаар шүүхийн шийдвэрт буюу мөн өдөр шүүх хурал дээр нэхэмжлэгч Хариуцагч Х ХХК нь 2015.01.01-ний өдрийн ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй тул хамтран ажиллах гэрээг цуцалж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 221 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээний төлбөрт төлсөн 210,630,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон атал магадлалд ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох 210,630,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар хариуцагчид татгалзлаа мэдэгдсэн гэж үзнэ.

Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргахаас өмнө нь татгалзлаа мэдэгдсэн эсэх нь ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасныг болон гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Аль нэг тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналтай болох энэ тухайгаа 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

4.4. Хэргийн оролцогчоос маргаж буй хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх байдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нэхэмжлэгч гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн журмаар шалгуулах сонголтоо хийсэн, хууль хяналтын байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй хамааралтайгаар иргэний журмаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шүүх тогтоогоогүй байхад эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх хохирол, иргэний нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлэж болохгүй зохицуулалтыг хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай мэтээр үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай зохицуулалтыг баримтлаагүй, хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг шалгагдаж байх хугацаанд иргэний журмаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаарх зохицуулалт байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээр хянуулахыг хүсэхийн хамт нэхэмжлэгчээс эрүүгийн журмаар хууль хяналтын байгууллагад хандсан үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр шийдвэрлэж нэхэмжлэгчийн зүгээс иргэний шүүхэд хандах боломж байхгүй байсан талаар дурдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээний дагуу төлбөр огт шаардаж байгаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 .гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.М, Г.Н нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00146 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 7. Нэхэмжлэгч С ХХК Х ХХК-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 8. Анхан шатны шүүх ...талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, ...хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гэрээ хэрэгжээгүй, ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй тул үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх ...зохигчийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний болон хамтран ажиллах гэрээний холимог шинжийг агуулсан хэлцэл байна, ...худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүйгээс хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй... гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

 9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлсон байх тул хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас : ...хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэн, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 10.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зохицуулсан.

 Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний зарим заалтыг үндэслэн зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн боловч тухайн гэрээний зүйл, үр дагаврын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 10.2. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч өөрийн өмчлөлд байгаа эрхийн доголдолгүй хөрөнгө /эрх/-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, үнийг хүлээн авах үүрэгтэй, худалдан авагч нэгэнт гэрээний зүйлийн үнийг төлж, өөрийн өмчлөлд шилжүүлсэн бол тухайн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болно.

 Гэтэл гэрээний 1.2, 4.1-д С ХХК хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг Х ХХК-аас үл буцах эрхтэйгээр худалдаж авах, улмаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн дээрх эрхийг зөвхөн өөрийн хэрэглэгчдэд ашиглуулах ба бусдад дамжуулахгүй байх үүргийг гэрээний 4.3-т зааснаар тус тус хүлээсэн нь худалдах-худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар, гэрээний зорилготой нийцэхгүй байгаа талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 10.3. Улмаар худалдагч болох Х ХХК нь худалдан авагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 210,630,000 төгрөгийг түүнд шилжүүлэх үүрэг хүлээсэн 60,000 хөгжмийн эрхийг өөртөө бий болгох зорилгоор гадаад улсын 3 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах, техникийн холболт хийх, файл татан авч, үйлчилгээ явуулахтай холбоотой бүхий л программ хангамжийг хөгжүүлж боловсруулах, өндөр хүчин чадалтай сервер худалдан авах зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч дээрх тайлбарыг үгүйсгээгүй, харин ч гэрээгээр тохирсон хөгжмийн үйлчилгээг нийлүүлэх хугацааг хойшлуулж, шилжүүлсэн хөрөнгийг зардлыг хүлээн зөвшөөрч байсан зэрэг үйл баримтыг худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаатай хэрхэн холбож дүгнэсэн нь тодорхойгүй, хариуцагчийг тайлбарласнаар нэгэнт гэрээний дагуу хэрэгжиж буй үйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй байна.

 10.4. Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээ бүрэн биелэгдээгүй гэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Иймд зохигчийн хооронд худалдах-худалдан авах, хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт маргааны үйл баримт, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцээгүй гэж үзнэ.

 11. Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

 12. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, ...гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, ...гэрээнд өөрөөр заагаагүй бол хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, ...аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно, ...хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэх зэргээр хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар Иргэний хуулийн холбогдох заалтад тус тус зохицуулжээ.

 13. Анхан шатны шүүх талуудын хооронд хамтын ямар үйл ажиллагаа байсан энэ ажиллагаанд оруулсан талуудын оролцоо, хураамжийг хэрхэн тодорхойлсон, энэ нь ямар баримтаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигчоос тодруулаагүй, улмаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан гэх шаардлагыг маргаж буй эрх зүйн харилцаанд нийцүүлэн дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

 Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 14. Хэрэгт цугларсан баримтаар зохигчийн маргаж буй үйл баримт бодитоор тогтоогдоогүй, хяналтын шатны шүүхээс зохигчийн мэтгэлцээгүй үндэслэлээр эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 167.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2023/00010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.М, Г.Н нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч С.Д-с 2023.02.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,211,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД           Н.БАЯРМАА

                                           П.ЗОЛЗАЯА

                                          Д.ЦОЛМОН

                                                  Х.ЭРДЭНЭСУВД