Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00010

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2022.12.21 №00010

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Х ХХК-д холбогдох,

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХА30/15 дугаартай, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлмандах, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: С ХХК нь Х ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК нь IOS, Android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг С ХХК-ийн хэрэглэгчдэд олгосон хөгжмийн үйлчилгээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийн дотор нээх үүрэг хүлээж, С ХХК нь тус хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг 15 хувийн хөнгөлөлттэй багц болгон үл буцах нөхцөлтэйгээр Х ХХК-аас худалдан авах, нийт төлбөр 300,900,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт нийт 210,360,000 төгрөг төлсөн. Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүйгээс гадна гэрээ байгуулах үед хөгжмийн урлагийн 60,000 бүтээлийг эзэмших, ашиглах онцгой эрхийг аваагүй байсны зэрэгцээ гэрээнд заасан үйлчилгээг нэвтрүүлэх техникийн боломжийг ч бүрдүүлээгүй болох нь хожим илэрсэн. Энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу 5 жил шалгагдаж, улмаар Прокурорын тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдаж иргэний шүүхэд хандсан. Манай зүгээс Х ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжийг удаа дараа олгосон боловч гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 210,360,000 төгрөгийг Х ХХК-аас буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Х ХХК нь гадаад болон дотоодын дуу хөгжмийн стрийминг үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. С ХХК-тай байгуулсан дээрх ХА-30/15 дугаартай гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал тус компани нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болохыг санаархаж, улмаар гэрээгээр далимдуулан манай бизнесийн болон гэрээний нууцыг олж авах зорилгоор гэрээгээр хүлээгээгүй үүрэг биелүүлэхийг манайхаас удаа дараа шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж 2016 оны 08 дугаар сард гэрээний 9.3-т заасны дагуу гэрээг цуцлах саналыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь С ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай хамааралтай учраас гэрээний 9.5-д зааснаар хүлээн авсан төлбөрийг буцааж төлөхгүй. Мөн урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөөр сервер болон гадаадын хуулийн этгээдээс оюуны өмчийн эрх авсан, хариуцагчийн урсгал зардал, татвар төлөлт зэрэгт зарцуулагдсан. Үр шимийг нь нэхэмжлэгч хүлээгээд авсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай юм. Гэрээнээс гараагүй боловч гэрээний 4.8-д заасныг зөрчсөн. Дотоодын зохиогчийн эрхтэй холбоотойгоор гэрээний заалт зөрчигдсөн. Төлбөрийг бүрэн төлөөгүй байж эрх нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцалчихсан. Эдгээр нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул гэрээнээс татгалзах боломжгүй юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор С.Дөлмандахад холбогдох эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн ч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх хуулийн зохицуулалттай хамааралтайгаар хариуцагч компанийн удирдлагыг буруутгах боломжгүй ба 2021 оны 06 дугаар сард нэхэмжлэгчээс анх шүүхэд хандсан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн тул хариу тайлбарт дурдагдсан үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Хуур мюзик групп ХХК-с 210,630,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,211,100 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 70,600 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ хэрэгжээгүй, дуусгавар болсон тул нөхөж төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар 14-ний өдөр гэрээг цуцалж, өгсөн төлбөрийг буцаан авах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч тус шүүх хуралдааны явцад ямар нэг байдлаар гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгсөн мөнгийг гаргуулахаар нэхэмжлээгүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, хүчингүй болсон тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01137 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

4.2. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талд мэдэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс ямар нэг байдлаар огт мэдэгдээгүй. Мөн дээрх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар татгалзах санал гаргаагүй тал нь хугацаагаа тогтоох ёстой. Уг хуулийн зохицуулалт хэрэгжээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна.

4.3. Шүүх гэрээний үгийн утгыг шууд анхаарч, 60,000 хөгжмийн үйлчилгээний эрхийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй нь гэрээний үүргийг зөрчсөн гэж үндсэн агуулгаар дүгнэсэн. Гэтэл гэрээнд 60,000 хөгжмийн үйлчилгээний эрх нь 300,900,000 төгрөгтэй тэнцүү байхаар заасан. Үүнийг нэхэмжлэгч талын гэрээний хураамж гэж ойлгож байгаа. С ХХК-аас 300,900,000 төгрөгийг бүрэн өгөөгүйн улмаас 60,000 хөгжмийн үйлчилгээний эрхийг нийлүүлээгүй гэж үзэж байна. Мөнгөө бүрэн өгсөн байсан бол 60,000 хөгжмийн үйлчилгээний эрхийг хугацаа хоцорсон ч бүрэн нийлүүлэх боломжтой байсан. Хэрэгт авагдсан баримтаар техникийн боломж бүрэн бүрдсэн, гадаадын компаниудаас хөгжмийн стриймингийн эрх буюу албан ёсны эрхийг авсан болох нь тогтоогдож байгаа. С ХХК-аас авсан 210,630,000 төгрөгийн 160,000,000 төгрөг нь дээрх үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хамтран ажиллах хугацаанд бий болсон хураамжийг дээрх байдлаар зарцуулсан болохыг танилцуулж байсан.

4.4.2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талууд гэрээ дүгнэж, акт үйлдсэн. Тус актаар хариуцагч байгууллагаас хөгжмийн стрийминг үйлчилгээний туршилтын хувилбар, гадаадын гэрээ байгуулж байгаа үйл явцыг бүрэн танилцуулж, гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 30/15 дугаар албан тоотыг үндэслэн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзсэн. Хөгжмийн стрийминг үйлчилгээний гадаад болон дотоодын дуу хөгжмийн харьцаа нь 80:20 байдаг. Гэрээний үлдэгдэл төлбөр орж ирсэн үед дотоодын дуу хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас авах боломжтой талаараа илэрхийлж байсан тул Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 30/15 дугаар албан тоот нь дотоодын дуу хөгжмийн эрхийг аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

4.5. Түүнчлэн шүүх хариуцагч нь гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа гэрээний үүргийг зөрчсөн тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж дүгнэлт хийсэн. Өмнө уг маргаан шийдвэрлэгдэж, анхан шатны шүүх процессын алдаа гаргасан гэж үзэж давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнтэй холбоотойгоор шүүх хэрэгт авагдсан баримтуудад үзлэг хийсэн. Хариуцагчийн гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хувийг ашиглахыг оролдсонтой холбоотойгоор талуудын хооронд маргаан гарсан. Нэхэмжлэгч хариуцагчид цахим мэдээлэл ирүүлэхдээ нэр бүхий гадаад компаниудын гэрээний хувийн эх хувийг үзэж, үзлэг шалтгалт хийнэ гэсэн байсан. Ингээд 2016 оны 06 дугаар сараас хойш талууд уулзаагүй. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан хариуцагчийн дансны хөдөлгөөнийг хаасан тул гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

4.6. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, хуульд заагаагүй үндэслэлийг хуулиар зохицуулсан мэт тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт гэрээний татгалзалтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй гэх үндсэн агуулгаар мэтгэлцэж оролцсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх атал шүүх 10 жил гэж тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 5 жил гаруй хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан шаардаж, амаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Уг хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар гаргах хугацаа шаардлагагүй гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр татгалзлаа бичгийн хэлбэрээр өгч, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.2. Гэрээнээс татгалзахдаа аль нэг тал нөгөө талдаа мэдэгдэхийг хуульд зохицуулсан боловч мэдэгдэх хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүй. Талуудын хооронд удаа дараа уулзалт зохион байгуулж байсан. Сүүлд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгуулсан, хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2848 дугаар албан тоотоор энэ талаар мэдэгдэж байсан тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг өгсөн гэж үзэж байна.

5.3. Гэрээнд С ХХК нь төлбөрийг 3 хувааж төлөхөөр заасан бөгөөд төлбөрийг бүрэн төлснөөр үйлчилгээг нээхээр тохиролцоогүй. Түүнчлэн, нэгэнт гэрээгээр тогтоосон хугацаанд үйлчилгээг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг шалгах шаардлагагүй гэж үзсэн. Үүрэг гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон бөгөөд хоосон дансыг хаасан ч үйл ажиллагааг алдагдуулах боломжгүй. Гэрээ дүгнэсэн актын хувьд зөвхөн туршилтын хувилбарыг танилцуулсан гэдгийг тэмдэглэл тусгагдсан бөгөөд энэ нь гэрээний 3.1, 3.2-т заасан зардал гаргах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд үүнтэй холбоотой санхүүжилт үлдэх ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн, гэрээнд зөвхөн хариуцагчийн хамтран ажилладаг компаниудтай хамтран ажиллахгүй байхаар заасан. Х ХХК нь Х ХХК-ийн хамтран ажиллагч байгууллага биш тул тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үүргийг зөрчил биш. Мөн нэхэмжлэгч төлбөрийг шилжүүлснээс хойш 1 жил 6 сарын хугацаанд ямар нэг үйлчилгээ хүлээн аваагүй тул үндэслэл бүхий эргэлзээ төрж, байгуулсан гэх гэрээ хэлэлцээрийг шаардсан.

5.4. Тухайн актан дээр зөвхөн туршилтын хувилбарыг танилцуулсан, гэрээний биелэлтийг дүгнэсэн зүйл байхгүй.

5.5. С ХХК-ийн хэрэглэгчид гар утасны аппликэйшнээр гадаад, дотоодын уран бүтээлчдийн 60,000 бүтээлийг ашиглах боломжийг бүрдүүлэхээр тохиролцсон. Уг тохиролцооны үнийг нэхэмжлэгч нь урьдчилан төлсөн. Цаашдын хамтын ажиллагаа нь хэрэглэгчдээс авсан хураамжийн үндсэн дээр үргэлжлэх ёстой байсан. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2016 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсэж, 2021 онд дуусгавар болсны дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн журмаар маргаан хянан шийдвэрлэгдэж байхад иргэний журмаар давхар хандах боломжгүй, тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Гэрээний үүрэг шаардаагүй, харин гэрээнээс татгалзаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тооцох боломжгүй. 60,000 хөгжмийн эрхээс нэг нь ч бүтээгүй байхад хариуцагчаас дээрх татгалзлыг гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХА30/15 дугаартай хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлж байсан, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэх үндэслэн заан маргасан байна.

 

3. С ХХК нь Х ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХА-30/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас хөгжмийн үйлчилгээний 60,000 сарын эрхийг үл буцах нөхцөлтэйгээр 300,900,000 төгрөгөөр худалдан авах, энэхүү 60,000 эрхээс бусад үйлчилгээний эрхийг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд нэхэмжлэгч хөнгөлттэй үнээр нь тооцож, хариуцагч талд сар бүр шилжүүлэх нөхцлийг талууд харилцан тохиролцсон байна. /1хх9-12/

 

3.1. Талууд дээрх гэрээг байгуулсан болон нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч талд 210,630,000 төгрөг төлсөн мөн уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч талд хөгжмийн үйлчилгээний эрх шилжүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй байна. Харин гэрээ хэрэгжээгүй буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй эсэх, энэхүү татгалзлын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс доорх байдлаар залруулан өөрчлөлт оруулав. Учир нь, шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа, түүнээс үүссэн маргааныг зохицуулах хуулийг зөв тодорхойлж, тайлбарлах учиртай.

 

Зохигчдын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ Хамтран ажиллах гэрээ гэж нэрлэгдсэн байх боловч гэрээний талуудын илэрхийлсэн хүсэл зориг, тохиролцсон нөхцөл, харилцан хүлээсэн үүргийг харьцуулан үзэхэд холимог төрлийн гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Тодруулбал, гэрээний 2.1-д ...Скайтел нь хөгжмийн үйлчилгээний 60,000 эрхийг 15 хувийн хөнгөлөлттэйгээр Багц болгон Хуурмюзикээс худалдаж авах..., мөн гэрээний 6.1-д Скайтелын худалдан авч буй Багц буюу 60,000 эрхийн нийт төлбөр 300,900,000 төгрөг байна..., 3.2-т ...Хөгжмийн үйлчилгээнд багтаж буй дуу, хөгжим болон бусад төрлийн агуулга нь оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх, түүнтэй холбоотой төлбөр болон маргааныг хариуцагч тал бүрэн хариуцах-аар тус тус тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь оюуны өмчийн эд хөрөнгийн эрхийн лицензийн гэрээний дагуу гадаад болон дотоод дуу хөгжмийн үйлчилгээтэй холбоотой эрхийг эрх бүхий этгээдүүдээс нь авах, цуглуулах, ийнхүү ашиглах боломжтой болсон эрхээ нэхэмжлэгчид 300,900,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. Энэхүү тохиролцооны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Улмаар талууд гэрээний 7.1-д ...гэрээнд заасан 60,000 эрхээс бусад үйлчилгээний эрхийг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд Скайтел хөнгөлөлттэй үнээр нь тооцож хариуцагчид сар бүр шилжүүлэх-ээр тохиролцсон. Энэхүү ашиг өгөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж зохицуулсан. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

3.3. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан төлбөрийн зориулалт болох 60,000 дуу, хөгжмийн эрхийг ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.

 

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс 2016 оны 08 дугаар сард нэхэмжлэгч талд гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй, цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн талаар тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан зохигч хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэнийг буруутгахгүй.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг нэхэмжлэгч талд буцаан олгох үүрэгтэй.

 

4. Хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тухайд,

 

4.1. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулах тухай шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэргийн 3 дугаар хавтас, 142-143 дахь талд авагдсан баримтаар, нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргасан байх бөгөөд хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэсэн тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

4.2. Гэрээнээс татгалзахдаа хариуцагч талд өмнө нь мэдэгдээгүй гэж үзэхгүй. Учир нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрийг буцаан авах талаар тайлбарлан, улмаар зохигчид энэхүү үндэслэлээр мэтгэлцсэн байна. Үүнээс гадна, хариуцагч нь 2016 оны 08 дугаар сард гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч талд мэдэгдэл хүргүүлж байсан болон талуудын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэл, албан тоотоор энэ талаар мэдэгдэж байсан тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

4.3. С ХХК-аас авсан 210,630,000 төгрөг нь хамтран ажиллах хугацаанд бий болсон хураамж гэх давж заалдах гомдол мөн хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг худалдах, худалдан авах гэрээнй харилцааг зохицуулсан хэм хэмжээний дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас албан ёсны эрх бүхий 60,000 хөгжмийн үйлчилгээг худалдан авахаар шилжүүлсэн гэрээний үнэ гэж үзнэ.

 

4.4. Хэргийн 2 дугаар хавтас, 73 дахь талд авагдсан Гэрээ дүгнэсэн акт гэсэн баримтаар хариуцагч гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлсэн буюу бодит үр дүн гарсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд зааснаар хөгжмийн үйлчилгээний 60,000 сарын эрхийн зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд уг баримтыг шүүх үнэлээгүй, хариуцагч үүргээ биелүүлж байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж дүгнэлт хийсэн буюу хариуцагч нь гадаадын хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа гэрээний үүргийг зөрчсөн тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн гэх гомдлын тухайд, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ нэхэмжлэгч гэрээнд заагаагүй шаардлага тавьсан зэргээр тайлбарласан. Шүүх гэрээний талуудын хэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг хийсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн дүгнэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

4.6. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, хуульд заагаагүй үндэслэлийг хуулиар зохицуулсан мэт тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлыг мөн хангахгүй орхив.

 

Учир нь маргаан бүхий гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 532 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан байна. /1хх 35-38/ Ингээд нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар тасалдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр эхлэн тоологдоно. Хуулийн энэхүү зохицуулалт ёсоор нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...476 дугаар зүйлийн 476.1... гэснийг 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,211,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ