Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01015

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01015

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01137 дугаар шийдвэртэй,

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

ххх ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээг цуцалж, 210,630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдалай, өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч С.Дөлмандах, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг, Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** ХХК нь ххх ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр ххх ХХК 2015 оны 03 дугаар сарын 01-нээс 15-ны өдрийн дотор ios android болон вэб платформд суурилсан гадаад болон дотоодын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр хүлээн авах, сонсох онцгой боломжийг хэрэглэгчдэд олгосон хөгжмийн үйлчилгээг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн.

*** ХХК хөгжмийн үйлчилгээний төлбөрт 300,900,000 төгрөг төлөх үүрэг хүлээн төлбөрийн урьдчилгаанд нийтдээ 210,360,000 төгрөг төлсөн.

Гэтэл ххх ХХК гэрээгээр тохирсон хугацаанд ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хөгжмийн урлагийн 60,000 бүтээлийг эзэмших, ашиглах эрхийг аваагүй байсны зэрэгцээ гэрээнд заасан үйлчилгээг нэвтрүүлэх техникийн боломжийг ч бүрдүүлээгүй болох нь илэрсэн.

Гэсэн хэдий ч тус компанид боломж олгон 2016 оны 8 сар хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэхээр хичээсэн боловч үр дүнд хүрээгүй.

Хариуцагч ххх ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй тул хамтран ажиллах гэрээг цуцалж, төлсөн 210,630,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ххх ХХК нь *** ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал *** ХХК нь өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээтэй болохыг санаархаж улмаар гэрээгээр далимдуулан манай бизнесийн болон гэрээний нууцыг олж авах зорилгоор гэрээгээр хүлээгээгүй үүрэг биелүүлэхийг манайхаас удаа дараа шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж ххх ХХК нь хамтран ажиллах гэрээний 9.3-т заасны дагуу гэрээг цуцлах саналыг 2016 оны 8 сард хүргүүлсэн.

Гэрээг цуцлах болсон шалтгаан нь *** ХХК-ийн үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзэж байгаа ба хамтран ажиллах гэрээний 9.5-д Гэрээг ***ийн буруугаас шалтгаалан хугацаанаас нь өмнө цуцалсан бол Хуур мюзик нь гэрээ цуцалсан өдөр хүртэл хүлээн авсан төлбөрийг буцааж төлөхгүй гэж заасан нөхцөл болон гэрээний дагуу орж ирсэн төлбөрийг гэрээнд заасан хийгдэх ажлуудын дагуу зарцуулсан тул 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байж зөвхөн үр дагавар нэхэж байгаа нь бодитой бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч ххх ХХК нарын хооронд 2015 оны 1 сарын 1-ний өдөр байгуулагдсан ХА-30/15 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцлаж, хариуцагч ххх ХХК-иас 210,630,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххх ХХК-иас 1,281,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний аль тал хэрхэн биелүүлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

4.1. Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй ба 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Уулзалтын протокол-д *** ХХК-аас гэрээг сунгах асуудлын талаар яригдаж шийдвэрлэгдсэн, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** ХХК-ийн төлөөллүүд гэрээний ажлын явцад шалгалт хийж, хариуцагчийн зүгээс хийсэн ажлаа бүрэн танилцуулсан, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл-ээр хөгжмийн үйлчилгээний явц, хамтын ажиллагааны талаар гэрээг дүгнэх, шалгах асуудлын талаар харилцан тохиролцсон нь талуудын хамтын үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж байсныг нотлох төдийгүй нэхэмжлэгчээс гэрээний хэрэгжилтийг байнга шалгаж, явцын хяналтыг хэрэгжүүлдэг байсан талаарх баримтууд нь баримтаар авагдсан, тухайн үйл баримтуудын талаар хариуцагч талаас үндэслэл бүхий тайлбар өгч мэтгэлцсэн.

4.2. Гэрээг цуцлах талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь эргэлзээтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлоогүй байхад шүүх уг шаардлагын үндэслэлийг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.3. Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээг дүгнэж, Гэрээ дүгнэсэн акт-д *** ХХК, ххх ХХК-уудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх биелэлтийг дүгнэж, хоёрдох удаагийн төлбөр болох 90,270,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр тохиролцсон байдлыг шүүх дүгнээгүй.

4.4. Гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл-ээр нэхэмжлэгчээс гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн эсэхийг нотлохгүй ба дээрх баримт нь хөгжмийн үйлчилгээний явц, хамтын ажиллагааны талаар гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг харилцан тохиролцсон байсан төдийгүй шүүхээс хамтран ажиллах гэрээтэй холбоотой дүгнэлт хийхдээ гэрээний 9.3-т Аль нэг тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналтай бол энэ тухайгаа 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэснийг болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчээс гэрээний нөгөө талдаа гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар мэдэгдэлгүйгээр 2016 оны 08 дугаар сард эрүүгийн журмаар хууль хяналтын байгууллагад хандсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй.

4.5. *** ХХК нь гэрээний үүргийг зөрчөөгүй гэж шүүх үзсэн нь буруу, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн [email protected] цахим хаягт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын хуулийн хэлтсийн менежерээс ирүүлсэн Сайн байна уу гэх гарчигтай цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хариуцагч байгууллагын харилцагч гадны түншүүд болох Sony Music Group, Universal Music Entertainment, Warner Music Group гэх байгууллагууд тус бүрийн бичлэгийн эрх, зохиогчийн эрхийн гэрээний хуулбар эх хувиас гэх мэт компанийн дотоод нууцлалтай баримтуудыг үндэслэлгүйгээр шаардаж байсныг илтгэж байгаа төдийгүй 2015 оны 12 дугаар сард Хай-Фай Медиа групп ХХК болон *** ХХК-иуд хамтран ажиллах болсон талаар олон нийтэд мэдээлж, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан, 2016 оны 06 дугаар сард хөгжмийн стрийминг үйлчилгээг зах зээлд танилцуулсан мэтээр www.skytel.mn вэб сайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгааг явуулж байсан учир *** ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.8-т Хуур мюзиктэй хамтран ажиллаж буй контент нийлүүлэгч студи, хамтлаг, дуучин болон уран бүтээлчидтэй энэхүү гэрээгээр зохицуулагдаж буй үйл ажиллагаатай ижил төрлийн хэлбэрээр шууд болон шууд бусаар харилцахгүй байх, зөвхөн Хуур мюзикээр дамжуулан харилцах, хөгжмийн стрийм үйлчилгээнээс бусад хамтын ажиллагаа хамаарахгүй болно гэж заасныг зөрчсөн болохыг нотолж байна.

4.6. Анхан шатны шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгч талаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах гэж тодорхойлж хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтуудыг баримталж гэрээнээс татгалзах, цуцлах эсэх нь ойлгомжгүй тайлбар хийсэнтэй хамааралтайгаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж авсан мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчээс аливаа байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх гаргасан мэтээр шийдвэртээ дүгнэж улмаар шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргасан шийдвэртээ тааруулж зориуд зохион бичиж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж тодорхойлсон бол уг байдлаа өөрсдөө нотлох үүрэгтэй, хэрэгт энэ талаарх бичгийн баримт авагдаагүй.

4.7. Хариуцагч талаас шүүх хуралдааны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гарахгүй байсан учраас шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангуулах хүсэлтийг, 2022 оны 04 дүгээр сарыи 04-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах нь байтугай бичгээр гарахгүй байсан тул шүүх хурлын бичлэгийг аудио дуу, дүрсний хэлбэрээр бүтнээр нь хуулбарлан авах хүсэлтийг тус шүүхийн тамгын газарт гаргасан ч шүүгч бичлэгийг өгөхөөс татгалзаж байгаа талаар хариуцсан ажилтан амаар мэдэгдэж хариуцагч тал шүүх хуралдааны үнэн зөв тэмдэглэлтэй танилцах, шүүх хурлын бичлэгийг үзэх, хуулбарлан авах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

4.8. Шүүх ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй үндэслэлээ дурдаагүй зориуд орхигдуулсан, хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг шалгаж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах талаар зохицуулалт байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээнд *** ХХК мөнгө төлнө, ххх ХХК нь хөгжмийн үйлчилгээ буюу тодорхой хэлэхэд гадаадын хамтлаг дуучдын хөгжмийн бүтээлийг *** ХХК-ийн хэрэглэгчдэд шууд сонсгох 60,000 хөгжмийн эрхийг нийлүүлж хамтран ажиллана гэсэн нөхцөл тохиролцсон. Энэ үйлчилгээг 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээх байсан боловч нээгээгүй хойшлуулж 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уулзсан. Энэ хугацаанд шаардлага, мэдэгдэл ирж байсан. Улмаар 2016 оны 8 сард манайхыг гадаадын хамтлаг дуучдын бүтээлийг ашиглах оюуны өмчийн эрхгүй байж хууран мэхэлсэн гэдэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад өгснөөр бидний маргаан эхэлсэн. Иймд *** ХХК нь гэрээнд заасныхаа дагуу 300,000,000 төгрөгөөс 230,000,000 төгрөгийг өгсөн гэтэл ямар үүргийг биелүүлээгүй гэж буруутгаад шүүхийн шийдвэрт гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 210,630,000 төгрөгийг буцааж гаргуулъя гэж заасан байсан. Мөн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохтой холбоотой шаардлага гаргасан байсан боловч татгалзаж, хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой туссан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй бидэнд боломж олгоогүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

5.2. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдээд хоёр дахь удаагийн төлбөр болох нийт 90,270,000 төгрөгийг авсан акт үйлдсэн учраас гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. Тухайн хоёр дахь удаагийн санхүүжилтийг авахдаа бид гадаадын хөгжмийн гурван компанитай тохиролцоод эрхээ авна гэж ярилцаад тухайн үед санхүүжилтээ авсан боловч хамгийн гол нь гэрээн дээр 210,630,000 төгрөг нь 60,000 хөгжмийн эрхийн төлбөр гэдэг байдлаар маш тодорхой бичсэн. Энэ 60,000 хөгжмийн эрхээсээ нэгийг ч биелүүлээгүй байж санхүүжилт хэвээр үлдэх ёстой гэдэг үндэслэлээр маргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Дүгнэсэн акт дээр туршилтын хувилбар гэдгийг маш тодорхой бичсэн байдаг. Гэхдээ одоо ямар нэгэн үр дүн болон бэлэн болсон ажил танилцуулаагүй. Дараа нь 2016 оны 06 сарын 30-ны өдрийн актад зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашдаа үүргээ биелүүлэхгүй бол гэрээгээ цуцлах талаар бичсэн байгаа учир мэдэгдсэн гэж үзнэ.

5.3. *** ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал байхгүй, бид мөнгөө төлөх үүрэг хүлээсэн, мөнгөө төлсөн, бидний буруутай үйл ажиллагааг нотолсон зүйл байхгүй.

5.4. Мөн хуралдааны тэмдэглэлийг зөрүүтэй, буруу гэж маргаад байна уу, яг ямар үндэслэлээр маргаад байгаа нь ойлгомжгүй.

5.5. Хөөн хэлэлцэх хугацааны талаар 2016 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүссэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байсан учир иргэний журмаар гомдол гаргаад шийдүүлэх боломж байсан. Энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэдэг үндэслэл байхгүй.

5.6. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ххх ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээг цуцалж, төлсөн 210,630,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хариуцагч ххх ХХК-ийн хүсэлтийг шүүх хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19647 дугаар захирамжаар

А. *** ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны ажилтан Ц.Ариунзаяагийн [email protected] цахим хаяг дахь: 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр [email protected], ochmandakh@хуур.mn илгээсэн Уулзалтын протокол гэх гарчигтай цахим шуудан, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн [email protected], ochmandakh@хуур.mn Уулзалтын тэмдэглэл нэртэй цахим шуудан, Юниверсал мюзик ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Д.Болор захиралд илгээсэн ххх ХХК-тай гэрээтэй болох тодорхойлолтын албан бичиг, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн и-мэйл;

Б. [email protected] цахим хаяг дахь: 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн [email protected], [email protected] цахим хаягт илгээж байсан цахим шуудан, [email protected] цахим хаягнаас [email protected] хаяг руу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн *** ХХК-ийн болон ххх ХХК хамтран ажиллах гэрээний ажлын явцад хийсэн шалгалтын тухай цахим шуудан, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр [email protected], [email protected], [email protected] Хөгжим, дуу бичлэгийн зохиогчийн эрхийн асуудлууд гэх цахим шуудан;

В. ochmandakh@хуур.mn цахим хаяг дахь: [email protected], [email protected] хаяг руу илгээж байсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн цахим шууданд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэжээ.

 

3.2. Улмаар анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг үйлдсэн боловч уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдал бүрэн тусгагдсан байх учиртай.

 

4. Иймд дээрх цахим баримтыг хуульд зааснаар бэхжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй юм.

Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүхийн материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,281,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА