Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 143/ШШ2022/00135

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ХБ

 Хариуцагч:Д.У

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280.46 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хяналтын шатны шүүхээс дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, Х.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК нь Д.У*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 676 280.46 төгрөг, нотариатын зардалд 6 000 төгрөг, нийт 20 682 280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Б.С*******, Д.У******* нар нь Х*******ны Өмнөговь салбарын Ц******* тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ-114 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ2017 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845.43 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг нийт 4 729 845.43 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201 тоот зээлийн гэрээ байгуулан 3 892 906.01 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг нийт 6 892 906.01 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай ахуйн хэрэгцээнд зориулан, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4 610 388.47 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 12 000 000 төгрөг нийт 16 610 388.47 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201843664732 тоот зээлийн гэрээ байгуулан 16 130 240.61 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 18 130 240.61 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашины сэлбэг авах зориулалтаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018******* тоот зээлийн гэрээ байгуулан 17 558 363.75 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг нийт 19 588 363.75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч Б.С******* нь 2018 оны 08-р сард зуурдаар нас барсан.

Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10 234 706.54 төгрөг, зээлийн хүү 4 481 112.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 568.58 төгрөг нийт 14 716 387.91 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018******* тоот зээлийн дагуу дахаах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2018******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах

2. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах; 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2018******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17 265 293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 342 565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68 421.12 төгрөг, зээлийн төлбөрт 20 676 280.46 төгрөг, нотариатын төлбөр 6 000 төгрөг гаргуулах нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20 682 280.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У*******ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.У*******, Б.С******* нар нь Өмнөговь салбарын харьяа Ц******* тооцооны төвөөс анх 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаад 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээнийхээ зориулалтаар 36 сарын хугацаатай авсан байдаг. Уг зээлийн 1 129 000 төгрөгийн үлдэгдэл дээр 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэмэлтээр 3 500 000 төгрөгийн цалингийн зээлийг мөн адил өрхийн хэрэглээнд буюу цагаан сарын хэрэглээнд гэсэн зориулалтаар авсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уг зээлийн үлдэгдэл 3 892 906 төгрөг дээр нэмэлтээр 3 000 000 төгрөгийг ахуйн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатайгаар, мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үлдэгдэл 4 610 380.47 төгрөг дээр нэмж 12 000 000 төгрөгийг автомашин худалдан авч гэр бүлийн хэрэглээндээ ашиглах зориулалттай нэмэлтээр авсан байдаг. Үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх зээлийн үлдэгдэл 16 130 240.61 төгрөг, нэмэлтээр 2 000 000 төгрөгийг өмнөх худалдаж авсан автомашиныхаа сэлбэг хэрэгцээнд зориулна гэсэн үндэслэл зориулалтаар авсан. Нийтдээ 18 130 240.61 төгрөгийг авсан байдаг. Мөн үүний дараа 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр уг цалингийн зээлийн үлдэгдэл 17 558 363 төгрөг дээрээ нэмээд 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээнд хашааны хаалга хийх зориулалттай 48 сарын хугацаатай хамтран зээлдэгчээр гэр бүлийн хүн Д.У******* орж тус тус зээлж авсан байдаг. Зээлдэгч Б.С******* нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барсан. Ингээд зээлийн төлбөр хугацаа хэтэрч эхэлсэн байгаа. Үүнээс үүдээд банк 2019 оны 10 дугаар сард уг нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байгаа. Зээлийн төлбөрийг хариуцагч Д.У*******ас гаргуулах хүсэлтийг гаргасан байгаа. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт гэсэн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээний хугацааг цуцлах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нийт 6 удаагийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан байдаг. Сая Х.О******* төлөөлөгч тухайн зээлийн зориулалтыг тодорхой хэллээ. Тухайн зээлийг өрхийн хэрэгцээндээ, гэр бүлийн хэрэгцээнд автомашин худалдаж авах зориулалтаар авсан. Дээд шүүхийн тогтоолд дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Дээр нь нийт 5 удаагийн тохиолдолд зээлдэгч нар хүсэлт гаргасан байдаг ч дүгнэлт хийгээгүй. Мөн хамгийн сүүлд 2 000 000 төгрөгийн зээл авахдаа үлдэгдэл мөнгө нь зөвхөн үндсэн зээл юм уу, эсхүл зээлийн хүүг багтааж тооцсон эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 241.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Мөн тус хуулийн 241.1-д заасны дагуу тухайн зээлдэгч нар хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байна. Мөн банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэн алинаас нь зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хуулийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэдэг үндэслэлээр буцаасан.

Үндсэн зээлдэгч нас барсан. Нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У******* нь зээлийн төлбөрөөс дөрвөн удаагийн төлөлт хийсэн байдаг. Үүнийг дурдвал 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 866 609 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 124 310.93 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 297 150 төгрөгийг тус тус төлсөн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байгаа. Мөн барьцааны гэрээнд банканд барьцаалуулсан ирээдүйд бий болох барьцаа хөрөнгүүдийн тодорхойлолт гээд барьцааны зүйлийн хэсэгт цалин орлогыг тодорхойлсон байгаа. Үүнд барьцаалуулагч Б.С*******, Д.У******* нарын цалингийн орлогыг нь барьцаалсан. Мөн тухайн барьцаанд хөдлөх хөрөнгө буюу автомашин болоод гэрийн эд хогшил нь дундын өмчлөлийн эд хөрөнгүүд гэдгээ барьцааны гэрээний 2.7.2-т тодорхой зааж өгсөн байдаг. Үүнээс зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У******* нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бичгийг бүрдүүлж өгсөн. Гэрээний нөхцөлийг аль аль нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээний оролцогч болоод тухайн гэрээг байгуулсан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.У******* Х ХХК-ийн Өмнөговь салбарт зээлийн хүүг хасуулах тухай өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдөлдөө үндсэн зээлийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрөөд хүүг хасуулж өгөөч гэдэг байдлаар банканд хүсэлт гаргасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу тооцож зээлдэгчээс авах эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бид нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн байдлаар дахин нэмэгдүүлээгүй. Анх 2019 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Д.У*******ас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй болох нь хууль зүйн үндэслэлүүдээр тодорхой байна. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд банканд гаргасан хүсэлтүүд, зээлийн төлбөрийг төлсөн баримтууд байна. Харилцагч 2018 оны 08 дугаар сард нас барснаас хойш зээлийн төлбөрийг төлсөн байдал нь хамтран үүрэг гүйцэтгэгч энэ гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн тодорхой илэрхийлэл юм. Энэ байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК 20 682 280.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээл хэзээ хэнд олгогдсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээр хариуцагч болон миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартай явж байсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин итгэмжлэл авч дээд шүүхээс ирсэн тогтоолын агуулга, бусад хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судлуулах үүднээс Х ХХК-ийн зүгээс 20 682 280 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс яг 50 хувь болох 10 341 140 төгрөгийг хүлээн зөвшөөрч болох юм. Үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Шалтгаан нь Улсын дээд шүүхийн гаргасан тогтоолыг нэхэмжлэгчийн зүгээс иш татаж ярьж байна. Ярихдаа дээд шүүхийн тогтоол нь Х ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь 5, 6 удаа үргэлжлүүлэн үлдэгдэл дээрээ нэмж зээл аваад байсан байна. Энэ болгон дээр Э.У******* хүсэлт гаргаад байсан байна. Энэ байдлыг анхаарч үз гэсэн ийм зүйл хэллээ. Гэхдээ энэ олон удаагийн зээл авахад үлдэгдэл гэж жишээ нь, нэхэмжлэл дээр 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 229 845 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөгийн зээл авсан гэсэн мэдээлэл явдаг. Гэтэл үлдэгдэл гэж яриад байгаа нь яг үндсэн зээлийн үлдэгдэл яриад байна уу, нэмэгдүүлсэн хүүний дүн аваад байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ мэтээр Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт байгааг харж үзэх нь зүйтэй байх. Тийм учраас нэхэмжлэгчийн яг одоо хийсэн тооцоолол болон нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа баримтуудаас үзэхэд нотлох боломжгүй байна. Тийм учраас тооцооллынх нь үүднээс нэгэнт зээл авсан нь үнэн учраас ямар ч байсан 10 341 140 төгрөг буюу одоо тооцогдоод байгаа зээлийн үнийн дүнгийн 50 хувийг хариуцаж болох юм. Үлдэгдлийг нь хариуцах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс Х ХХК-ийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/2018******* дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/2018******* дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Х ХХК-ийн Ц******* тооцооны төв гаргасан хүсэлт, Д.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Уын зээлийн бүртгэлийн картын хуулбар 2 хуудас, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай тушаал, 2019 он 11 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2019 он 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Д.Уын өргөдөл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 617 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 29/11334 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201 тоот зээлийн болон барьцааны гэрээ, Х ХХК-ийн тооцооны төвд гаргасан хүсэлт, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/2018 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2018 тоот зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт, зээл хүсэгчийн анкет, ЗГ2017 тоот барьцааны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5585/059 дугаартай итгэмжлэл, зээлийн бүртгэлийн картын хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 10-өдрийн ЗГ2017 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ2021 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ20176168203 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ2018 зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БГ2018 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2018 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БГХ2018 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12292 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0316 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь Д.У*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20 676 280.46 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 20 682 280.46 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ2018******* тоот зээлийн гэрээг үндэслэж, зээлдэгч Б.С******* 2018 оны 8 дугаар сард нас барсан тул зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Д.У*******ас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилжээ.

3. Хариуцагч Д.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 10 341 140.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дахь хэсэгт зааснаар үгүйсгэсэн.

4. Х ХХК болон Б.С*******, Д.У******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/2018******* тоот зээлийн гэрээгээр 17 558 363.75 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2 000 000 төгрөг нэмж, нийт зээлийн хэмжээ 19 588 363.75 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар олгохоор тус тус тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь зээлдэгч Б.С*******, Д.У******* нар нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 6 удаа хамтран зээл авсан талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурддаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х ХХК нь Б.С*******д удаа дараа зээл олгож байсан ба ийнхүү зээл олгохдоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дээр тухайн үеийн олгох зээлийн дүнг нэмж үндсэн зээлийн хэмжээг тодорхойлж гэрээ байгуулдаг байжээ.

Тодруулбал, Х ХХК зээлдэгч Б.С*******д 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг олгосноор эхэлсэн байх ба энэ гэрээнд хамтран зээлдэгч З.Ч******* оролцсон байна.

Улмаар Х ХХК, зээлдэгч Б.С*******, хамтран зээлдэгч Д.У******* нар нь:

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 1 229 845.43 төгрөгийг нэмж нийт 4 729 845.43 төгрөг,

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 3 892 906.01 төгрөгийг нэмж нийт 6 892 906.01 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 4 610 388.47 төгрөгийг нэмж нийт 16 610 388.47 төгрөг,

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 16 130 240.61 төгрөгийг нэмж нийт 18 130 240.61 төгрөг,

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх зээлийн үлдэгдэл 17 558 363.75 төгрөгийг нэмж нийт 19 588 363.75 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулжээ.

Дээрхийг дүгнэвэл Х ХХК зээлдэгч Б.С*******д нийт 6 удаагийн зээлийн гэрээгээр 27 500 000 төгрөгийг олгосон байх ба үүнээс анхны буюу 1 удаа 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд ээж З.Ч******* нь хамтран зээлдэгчээр, бусад 5 удаа буюу 22 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд Д.У******* хамтран зээлдэгчээр оролцжээ.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь банк зээлийн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан байх явдал юм.

Гэтэл нийт 27 500 000 төгрөгийн зээл авсан зээлдэгч Б.С*******тэй 5 удаа буюу 22 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Д.У*******ас зээлийн төлбөрийг түүний авсан зээлийн хэмжээтэй холбоотой шаардаагүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч энэ нь тухайн үүрэг нь зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосон үүрэг гүйцэтгэгчийн ганцаар хүлээх ёстой үүрэг болно гэсэн ойлголт биш юм.

Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгч үүргийг хэрхэн ямар хэмжээгээр хариуцах талаар гэрээнд заагаагүй байна.

Зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны Цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болно, 2.4.2-т цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана, 3.2.2-т цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авах гэж тус тус тохиролцжээ.

Энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Б.С*******д холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлогыг барьцаалаагүй Д.У*******д хамаарах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч Д.У******* нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа, түүнд нь тохируулж зээл олгосон бол дээрх гэрээнд зааснаар түүний цалингаас зээлийн төлбөрийг суутган авахаар тохиролцжээ.

Гэтэл гэрээний дээрх тохиролцоо Д.У*******д хамаарахгүй байгаа нь түүний цалин орлогыг барьцаалж цалингийн зээл олгосон гэх хангалттай үндэслэлийг тогтоож чадахгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******ийн шүүх хуралдаанд ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3 500 000 төгрөгийн зээл нэмж авах үеэс эхлээд ээжийгээ хамтран зээлдэгчээс болиулаад эхнэрийгээ хамтран зээлдэгчээр оруулсан юм гэх тайлбараас үзэхэд зээлдэгч цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч /үүрэг гүйцэтгэгч/-ийн цалин орлогыг судалж түүнд тохируулан зээл олгодог эсэх нь эргэлзээтэй байна.

Барьцааны гэрээнд цалингаас гадна 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүд болон хэрэгт авагдсан 6 удаагийн зээлийн гэрээ зэрэг баримтаас үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсаныг бүрэн хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж заасны дагуу талуудыг гэрээгээр хүлээх үүргээ тодорхойлоогүй, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул үүргийг тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.У*******ас 10 341 140.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 10 341 140.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*******ас 10 341 140 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 180 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У*******ас 10 341 140.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг барьцааны хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10 341 140.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*******ас улсын тэмдэгтийн хураамж 180 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНСҮРЭН