Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/02324

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/02324

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэгт байрлах, Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт байрлах, М ХХК ,

Хариуцагч: Баянгол дүүрэгт байрлах, А ХХК ,

Хариуцагч: Баянгол дүүрэгт бүртгэлтэй, С ХХК -д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт******* ХХК-иас 45.508.126 төгрөг,******* ХХК-иас 829.372.205 төгрөг,******* ХХК-иас 180.119.578 төгрөг, нийт 1.055.000.000 төгрөг гаргуулах,

Хариуцагч******* ХХК,******* ХХК-иас тус тус нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 129.189.090 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Грандбайшин ХХК нь хариуцагч Монголдайвин ХХК,******* ХХК, Седрус ХХК-д тус тус холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1.055.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"*******" ХХК, "Монголдайвин" ХХК-ууд ажил хэргийн холбоотой компаниуд билээ. Хамтын ажиллагааны явцад итгэлцлийн хүрээнд гэрээг бичгээр хийгээгүй, "Монголдайвин ХХК манай компаниас зээлээр бетон зуурмаг, фунд сапуд зэргээр барилгын материал, тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан.******* ХХК,******* ХХК-ийн хувьд хариуцагч "Монголдайвин ХХК-тай хамаарал бүхий хуулийн этгээдүүд тул итгэлцлийг хүрээнд мөн л амаар тохиролцоод явдаг байсан. 2014-2017 оны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэн тооцож 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Тооцоо нийлэхдээ хоёр талын нягтлангуудын тооцсон тооцоо зөрж байсан тул манайх хариуцагч талын гаргасан тооцоог хүлээн зөвшөөрөөд баталгаажуулсан. Компани тус бүрээр тооцоо нийлснээс гадна нийтдээ 1.055.000.000 төгрөгийн өр үүссэн, тухайн өрийг "Монголдайвин ХХК хариуцан ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон.

"Монголдайвин ХХК нь бидэнд төлөх 1.055.000.000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидэнд энэхүү өрөндөө тооцож Эрдэнэт Эко хороолол-ын 4 ширхэг таун хаусын 16 айлын суурь, 121 метр квадратын суурийг, суурь тус бүрийг 65.937.500 төгрөгөөр тооцон 2017 ондоо хүлээлгэн өгөхөөр тохирч акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч суурийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч "Монголдайвин" ХХК-аас 45.508.126 төгрөг, "Седрүс" ХХК-аас 829.372.205 төгрөг, "Атмор" ХХК-аас 180.119.578 төгрөг, нийт 1.055.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1.055.000.000 төгрөгийг шаардсан, харин сүүлд давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа манайх тодруулж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, энэ тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэв.

 

2.Хариуцагч Монголдайвин ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. ҮүндТус шүүхэд нэхэмжлэгч манай "Монголдайвин" ХХК-д холбогдуулан 45.508.126 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлинй үндэслэлээ худалдах худалдан авах гэрээний дагуу гэж тодорхойлжээ. Гэвч******* ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд ******* ХХК-тай ямар нэг гэрээ байгуулж байгаагүй бөгөөд худалдах худалдан авах гэрээний дагуу бараа материал хүлээж авч байсан зүйлгүй. Хэрэв нэхэмжлэгч бараа материал авсан гэж байгаа бол яг хэдэн төгрөгт тооцож хэзээнээс хэзээний хооронд, ямар ямар нэр төрлийн бараа худалдан авсан талаар анхан шатны баримтыг гаргаж өгөх шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн бодит харилцаа бол нэг талаас ******* ХХК түүний хамаарал бүхий этгээдүүд болох Гранд паувер" ХХК, иргэн Дэлгэрхаан нар, нөгөө талаас******* ХХК,******* ХХК "Седрүс" ХХК гэсэн хэд хэдэн компаниуд нийлж Эрдэнэт хотод байрлах "Эрдэнэт Эко" хорооллыг барьж байгуулахаар хамтран хөрөнгө оруулалт хийж Эрдэнэт Эко" хороолол төслийг эхлүүлсэн хамтын ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд уг төсөл тухайн үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж цаашид үргэлжлэх боломжгүйгээр зогсонги байдалд орсон юм. Ингээд нэгэнт дээрх төсөл зогсонги байдалд орж хамтран ажиллах гэрээ-ний талууд хамтын үйл ажиллагааны зорилгоо биелүүлэх боломжгүй болсноос тухайн үед хамран ажиллах гэрээг тооцож дуусгавар болгосон юм. Ингээд гэрээг тооцож дуусгавар болгохдоо хөрөнгө оруулагч компаниуд оруулсан хөрөнгө оруулалтаа аль алин нь мөнгөөр авах боломжгүй тул төслийн үр дүнд бий болсон амины орон сууцнуудын суурийг төсөлд оролцсон оролцооны байдалд дүйцүүлэн хуваарилан өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актаар ******* ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүд нарт 4 таун хаусын 16 айлын суурийг олгохоор хуваарилсан юм.

Мөн дээрх хэд хэдэн компаниудын төлбөр тооцоог нэгтгээд зөвхөн******* ХХК-ийн нэр дээр "Тооцоо нийлсэн акт" үйлдэх болсон шалтгаан нь "Эрдэнэт Эко" хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриуд "Монголдайвин" ХХК-н нэр дээр бүртгэлтэй байсан тул шилжилт хөдөлгөөн хийхэд амар хялбар байдлыг нь харгалзан үзэж "Тооцоо нийлсэн акт"-аа "Монголдайвин" ХХК-н нэр дээр үйлдсэн байдаг. Яагаад өнөөдрийг хүртэл дээрх "Тооцоо нийлсэн акт"-аар тохиролцсон Эрдэнэт Эко" хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг "Монгол Дайвин" ХХК-н зүгээс нэхэмжлэгч "******* ХХК-н нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа гол шалтгаан нь нэхэмжлэгч талын буруугаас үйлдэлтэй. учир нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн талуудын "Уулзалтын тэмдэглэл-д дурдсанчлан "******* ХХК-н зүгээс "Монголдайвин" ХХК-д 129.189.090 төгрөгний үнэ бүхий барилгын бараа материалыг биетээр хүлээлгэн өгсний дараагаар дээрх сууриудыг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсонд гол учир шалтгаан байгаа юм. Одоо ч хариуцагч "Монголдайвин ХХК-ийн зүгээс дээрх Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг талуудын "Тооцоо нийлсэн акт"-н дагуу шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин мөнгөн дүнгээр бол боломжгүй, учир нь талуудын хооронд мөнгөн дүнгээр өгч, авалцах ямар ч тохиролцоо байхгүй болно. Иймд дээрх маргаантай асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдгийг зөвшөөрч байна. Хоёр удаагийн тооцоо нийлсэн акт байдаг. Эхнийх 2014 оных, сүүлийн 2016 оных байдаг. Сүүлд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хоёр удаагийн тооцоо нийлсэн актаар 45.508.126 төгрөг байгаа, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа тул Монгол дайвин ХХК-ийн зүгээс өөрт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3.Хариуцагч******* ХХК,******* ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Атмор ХХК,******* ХХК-ийн тухайд худалдах худалдан авах гэрээний дагуу зээлээр бараа бүтээгдэхүүн авсан, тооцоо нийлсэн актаар үлдэгдэлтэй байгаа гэдэгт маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэгч зөвхөн Монголдайван ХХК-г татаж мөнгө нэхэмжилж байсан. Тухайн үед хариуцагчаар оролцуулах боломжтой байсан ч нэхэмжлэгч өөрөө оролцуулаагүй, харин сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд энэ шаардлагыг гаргасан. Талуудын хоорондох харилцаа анх 2015-2017 оны хооронд үүссэн, хамгийн сүүлд тооцоог 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нийлсэн. Хуульд зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул 2020 оны 3 дугаар сараас хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байхаар заасан. Үүнийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжилсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болно гэв.

 

4. Хариуцагч******* ХХК,******* ХХК нараас Грандбайшин ХХК-д холбогдуулан тус бүр 129.189.090 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн "Тооцоо нийлсэн акт"-н үнийн дүнд нэхэмжлэгч "*******" ХХК-иас манай "Монголдайвин ХХК-д хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129.189.090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон байдаг. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн хавтаст хэрэгт хавсарган өгсөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн талуудын хоорондын Уулзалтын тэмдэглэл"-д энэ тухай дурдсан байдаг юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд "*******" ХХК-н зүгээс дээрх 129.189.090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй байгаа тул уг 129.189.090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг "******* ХХК-иас гаргуулж өгнө үү.

Өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь******* ХХК-д энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Хэрэв******* ХХК шаардах эрхгүй гэж үзсэн бол тухайн үед татгалзах байсан. Иймд манайх******* ХХК-ийн тухайд энэ мөнгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.******* ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцоно гэв.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хоёр хариуцагчаас нэг мөнгийг тус тусдаа шаардсан байсан. Хариуцагч******* ХХК-ийн хувьд мөнгийг шаардаж байгаа гэж шүүх хуралдаанд тодруулж байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь тухайн мөнгийг******* ХХК нэхэмжлэх эрхгүй, харин******* ХХК шаардах ёстой байсан. Гэтэл хариуцагч******* ХХК-ийн нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж харин******* ХХК-иас сөрөг нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлаж байна. Иймд шаардах эрхгүй этгээд нэхэмжилсэн гэж үзэж байна. Харин манайх******* ХХК-иас үндсэн нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөнөөс энэ мөнгийг хасч тооцоход татгалзахгүй болно гэв.

 

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Грандбайшин ХХК,******* ХХК-уудын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 3-8, 16, 2хх 6-7, 40-43, 45/

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 19-20, 52-53, 60-62, 64-68, 76-77, 81-84, 92, 245-247, 249, 2хх 21/

Шүүхийн журмаар: "Монголдайвин ХХК,******* ХХК,******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулсан оршин суух хаягийн лавлагаа зэргийг бүрдүүлжээ. /1хх 209-231, 240-244/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Грандбайшин ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт Монголдайвин ХХК-иас 45.508.126 төгрөг,******* ХХК-иас 180.119.578 төгрөг,******* ХХК-иас 829.372.205 төгрөг, нийт 1.055.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: талууд худалдах худалдан авах гэрээг амаар тохирч байгуулсан, хариуцагч компаниуд хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд тул олон жилийн ажил хэргийн тогтсон харилцааны хүрээнд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, түүнчлэн компани тус бүртэй тооцоо нийлсэн акт үйлдсэн үндэслэлээр үнийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Монголдайвин ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ч, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

4.Харин хариуцагч******* ХХК,******* ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж тайлбарласан.

5.Хариуцагч Монголдайвин ХХК,******* ХХК-иас тооцооны үлдэгдлийн баталгаанд тусгагдсан үндэслэлээр 129.189.090 төгрөг тус бүр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Шүүх хуралдааны явцад******* ХХК-ийн хувьд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, харин******* ХХК-иас сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, олгоогүй мөнгийг тооцоонд тусгасан тул гаргуулна гэж тайлбарласан.

6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ: тухайн актад дурдсан мөнгийг аваагүй бодитоор олгоогүй байсан,******* ХХК шаардах эрхгүй, харин******* ХХК шаардах эрхтэй байсан.******* ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасч тооцох боломжтой гэж тайлбарласан.

7.Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

7.1.Хариуцагч Монголдайван ХХК,******* ХХК,******* ХХК нар хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтад маргаагүй.

7.2.Хэрэгт зохигчдын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн 6 ширхэг тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар авагдсан.

-******* ХХК,******* ХХК нарын хоорондох 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх, түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн өдөр хүртэлх хугацааны хоёр байгууллагын өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн тулгаж үзэхэд******* ХХК нь 37.177.176 төгрөг, мөн 8.331.040 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулжээ. /1хх 64, 65/

-Мөн ******* ХХК,******* ХХК нарын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар******* ХХК нь 829.372.205 төгрөгийн өртэй, /1хх 66/

-******* ХХК,******* ХХК нарын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хоёр ширхэг тооцооны үлдэгдлийн баталгаагаар******* ХХК нь 50.930.488 төгрөг, 129.189.090 төгрөгийн өртэй болохыг тус тус баталгаажуулжээ. /1хх 67, 68/

Дээрх тооцоо нийлсэн актуудад зохигч талуудын санхүүгийн ажилтнууд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байна.

7.3.Үүнээс гадна ******* ХХК,******* ХХК нарын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар******* ХХК нь 1.050.000.000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан баримт хэргийн 1 дүгээр хавтасны 8 дах талд авагдсан.

Нэхэмжлэгч дээрх гурван байгууллагын тооцоог нэгтгэж, энэ баримтаар баталгаажуулсан, нэг компанийн бодит үлдэгдэл биш гэж тайлбарласан. Түүнчлэн уг баримтад төлбөрийг бэлэн бус хэлбэрээр барилгын сууриар өгөхөөр тусгагдсан, хариуцагч бэлэн бус хэлбэрээр төлбөрийг өнөө хүртэл төлөөгүй үйл баримтад хуралдааны явцад маргаагүй хүлээн зөвшөөрсөн.

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар болон бичгээр хийнэ гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан, хариуцагч бараа бүтээгдэхүүн авсан үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч тус бүрээс үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч Монгол дайвин ХХК-ийн хувьд өөрт холбогдох 45.508.126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй. Хэрэгт баримтаар авагдсан дээр дурдсан хоёр удаагийн тооцооны үлдэгдлийн баталгааны нийлбэр дүн 45.508.216 /37.177.176+8.331.040/ төгрөг байх боловч нэхэмжлэгч 45.508.126 шаардсан тул энэ хэмжээгээр шийднэ.

Седрүс ХХК-тай хийсэн тооцоо нийлсэн актаар 829.372.205 төгрөг төлөх өртэйг батаалгаажуулсан, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнд мөн маргаагүй тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Атмор ХХК-тай хийсэн хоёр удаагийн тооцоо нийлсэн баримтын нэг болох 129.189.090 төгрөг гэсэн баримтын доод хэсэгт гараар бараа материалыг биетээр хүлээн аваагүй болно гэж тэмдэглэсэн, энэ үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй зөвшөөрсөн. Иймд******* ХХК-иас нэхэмжилж буй мөнгөн дүнгээс энэ мөнгийг хасч тооцон, үлдэх 50.930.488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9.Хариуцагч******* ХХК,******* ХХК нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарласан.******* ХХК-иас 2019 онд шаардсан явдал******* ХХК,******* ХХК нарт хамаарахгүй, энэ шаардлагыг нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сард шүүхэд гаргасан тул хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох-оор, 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хугацаа тасалдахаар тус тус зохицуулжээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлдээ 1.055.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан, өнөөг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан, нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хамтран хариуцагчаар******* ХХК,******* ХХК нарыг тодорхойлсон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

10.Атмор ХХК-ийн хувьд шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК-иас 129.189.090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас******* ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11.Хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч хэргийн 1 дүгээр хавтасны 67 дах талд авагдсан баримтын дагуу нэхэмжлэгчээс дээрх 129.189.090 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүх дээр дурдсанаар уг баримт дахь 129.189.090 төгрөгийн асуудлыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ******* ХХК-ийн төлөх төлбөрөөс хасч тооцсноор шийдвэрлэгдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

12.Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан******* ХХК-иас 45.508.126 /дөчин таван сая таван зуун найман мянга нэг зуун хорин зургаан/ төгрөг,******* ХХК-иас 829.372.205 /найман зуун хорин есөн мянга гурван зуун далан хоёр мянга хоёр зуун таван/ төгрөг,******* ХХК-иас 50.930.488 /тавин сая есөн зуун гучин мянга дөрвөн зуун наян найман/ төгрөг, нийт 925.810.819 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129.189.181 төгрөг болон ******* ХХК-иас 129.189.090 төгрөг гаргуулах тухай Монголдайван ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК-иас 129.189.090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа******* ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.432.950 төгрөг, хариуцагч******* ХХК-ийн төлсөн 804.500 төгрөг, хариуцагч******* ХХК-ийн төлсөн 805.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 4.787.004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/09572 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ