Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00207

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00207

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00207

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Д ХХК, А ХХК, С ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт М.Д ХХК-аас 45,508,126 төгрөг, С ХХК-аас 829,372,205 төгрөг, А ХХК-аас 180,119,578 төгрөг, нийт 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 129,189,090 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Д ХХК, А ХХК тус бүрийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

М.Д ХХК болон түүний хамаарал бүхий А ХХК, С ХХК нь хамтын ажиллагааны явцад Г.Б ХХК-аас зээлээр барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авч нийт 1,055,000,000 төгрөгийн өр үүсгэсэн бөгөөд тухайн өрийг талуудын нягтлан бодогч нар эцсийн байдлаар санхүү бүртгэлийг тулгаж нийт 1,055,000,000 төгрөгийг төлөхөөр 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр талуудын эрх бүхий этгээд болох М.Д ХХК, А ХХК-ийн ерөнхий захирал С.Д, санхүү албаны дарга Ж.Б, Г.Б ХХК-ийн захирал С.М нар хуралдаж хурлын тэмдэглэл үйлдэн тооцоо нийлж баталгаажуулсан. М.Д ХХК бидэнд төлөх 1,055,000,000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрдөг ба энэ өрөнд Эрдэнэт эко хорооллын 4 ширхэг таун хаусын 16 айлын суурийг, 121 м.кв суурь тус бүрийг 65,937,500 төгрөгөөр тооцон 2017 ондоо хүлээлгэн өгөхөөр санал гаргаж манайх хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч суурь, мөнгө шилжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч М.Д ХХК-аас 45,508,126 төгрөг, С ХХК-аас 829,372,205 төгрөг, А ХХК-аас 180,119,578 төгрөг, нийт 1,055,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

М.Д ХХК-тай нийт өглөг, авлагын тооцооллыг гаргаад 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 37,176,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8,331,040 төгрөг, нийт 45,508,126 төгрөг гэж 2 тусдаа тооцооны акт үйлдсэн. С ХХК дээр 2015-2017 онуудын тооцоог нийлж, 829,372,205 төгрөгөөр баталгаажуулсан. А ХХК нь тооцоо нийлсэн актаар 180,119,578 төгрөг баталгаажуулсан, сөрөг нэхэмжлэлд дурдсан 129,189,090 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэжээ.

 

2.Хариуцагч М.Д ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

М.Д ХХК нь Г.Б ХХК-тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, бараа материал хүлээж авч байсан зүйлгүй. Талуудын хооронд үүссэн бодит харилцаа бол нэг талаас Г.Б ХХК, түүний хамаарал бүхий Г.П ХХК, иргэн Дэлгэрхаан, нөгөө талаас М.Д ХХК, А ХХК, С ХХК нар нийлж, Эрдэнэт эко хорооллыг барих хамтын ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд уг төсөл санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас зогссон учир хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон. Ингэхдээ хөрөнгө оруулагч компаниуд оруулсан хөрөнгө оруулалтаа аль аль нь мөнгөөр авах боломжгүй тул төслийн үр дүнд бий болсон амины орон сууцуудын суурийг төсөлд оролцсон оролцооны байдалд дүйцүүлэн хуваарилсан. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн актаар Г.Б ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд 4 таун хаусын 16 айлын суурийг олгохоор хуваарилсан юм. Уг сууриуд М.Д ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул шилжилт хөдөлгөөн хийхэд амар хялбар байдлыг нь харгалзан үзэж тооцоо нийлсэн актаа М.Д ХХК-ийн нэр дээр үйлдсэн ба энэ нь М.Д ХХК-ийн зүгээс Г.Б ХХК-д 1,055,000,000 төгрөгийг өгнө гэсэн ойлголт биш. Хэрэгт авагдсан талуудын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд дурдсанчлан Г.Б ХХК-ийн зүгээс М.Д ХХК-д 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг биетээр хүлээлгэн өгөөгүй учир сууриудыг шилжүүлээгүй. Одоо ч хариуцагч "М.Д ХХК-ийн зүгээс дээрх Эрдэнэт эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг Тооцоо нийлсэн актын дагуу шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин мөнгөн дүнгээр бол боломжгүй, учир нь талуудын хооронд мөнгөн дүнгээр өгч, авалцах ямар ч тохиролцоо байхгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч М.Д ХХК нь 45,508,126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.Хариуцагч А ХХК, С ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр бараа бүтээгдэхүүн авсан, тооцоо нийлсэн актаар үлдэгдэлтэй байгаа гэдэгт маргахгүй.

3.2.Гэхдээ нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэгч зөвхөн М.Д ХХК-аас мөнгө нэхэмжилж байсан. Тухайн үед А ХХК, С ХХК-ийг хариуцагчаар оролцуулах боломжтой байсан ч нэхэмжлэгч өөрөө оролцуулаагүй, харин сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд энэ шаардлагыг гаргасан. Талуудын хоорондох харилцаа 2015-2017 онуудад үүссэн, хамгийн сүүлд тооцоог 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийлсэн. Хуульд зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул 2020 оны 03 дугаар сард хугацаа дууссан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байхаар заасан. Үүнийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжилсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцно гэжээ.

 

4.Хариуцагч М.Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн актын үнийн дүнд Г.Б ХХК-аас тус компанид хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон. Талуудын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд энэ тухай дурдсан байдаг. Өнөөдрийг хүртэл хугацаанд Г.Б ХХК дээрх 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй тул уг 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг Г.Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

Г.Б ХХК нь М.Д ХХК-ийн 129 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөөгүйг хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ гэжээ.

 

5.Хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн актын үнийн дүнд Г.Б ХХК-аас тус компанид хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон. Талуудын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд энэ тухай дурдсан байдаг. Өнөөдрийг хүртэл хугацаанд Г.Б ХХК дээрх 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй тул уг 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг Г.Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

А ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Хоёр хариуцагч нэг мөнгийг тус тусдаа шаардсан байна. Тухайн мөнгийг М.Д ХХК нэхэмжлэх эрхгүй, харин А ХХК шаардах ёстой байсан. Гэтэл хариуцагч А ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, харин М.Д ХХК-аас сөрөг нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлаж байна. иймээс хариуцагч М.Д ХХК мөнгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй, шаардах эрхгүй этгээд нэхэмжилсэн гэж үзэж байна. Харин манай компани А ХХК-аас үндсэн нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгөнөөс энэ дүнг хасч тооцоход татгалзахгүй гэжээ.

 

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Д ХХК-аас 45,508,126 төгрөг, С ХХК-аас 829,372,205 төгрөг, А ХХК-аас 50,930,488 төгрөг, нийт 925,810,819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,189,181 төгрөг болон Г.Б ХХК-аас 129,189,090 төгрөг гаргуулах тухай М.Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Б ХХК-аас 129,189,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа А ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,432,950 төгрөг, хариуцагч М.Д ХХК-ийн төлсөн 804,500 төгрөг, хариуцагч А ХХК-ийн төлсөн 805,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,787,004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.  

 

8.Хариуцагч А ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Г.Б ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч М.Д ХХК-аас 1,055,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Харин А ХХК болон С ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн гэх баримтуудыг үйлдсэнээс хойш шүүхэд хариуцагчаар оролцуулах нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2022 оны 02 дугаар сард, 4 жил 11 сарын дараа гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу харьяалагдах шүүхэд нэхэмжлэл гаргахыг ойлгоно. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн гаргасныг хөөн хэлэлцэх хугацаандаа шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч тал нь зөвхөн М.Д ХХК-тай тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргасан, харин тооцоо нийлсэн баримтуудыг хариуцагч тал татгалзлаа нотлох замаар гаргаж өгсөн.

8.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад санхүүгийн тэмдэг дарагдан, төлөгч талыг төлөөлж Бадамгарав гэж хүн гарын үсэг зурсан нь М.Д ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. М.Д ХХК-ийн хариу тайлбарт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллах гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлсэн нь тодорхой харагддаг. Мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол санхүүгийн анхан шатны баримтууд байдаг эсэх талаар баримтуудыг шүүхээр гаргуулах хүсэлтийг тайлбартаа дурдсаныг шүүхэд хангаж шийдвэрлээгүй. Мөн хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах эрхгүй этгээдэд гардуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хариуцагч А ХХК-д холбогдох хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9.Хариуцагч С ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

9.1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэхээс илүүтэй хамтран харилцах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтран ажилласан хугацаа, хамтын ажиллагаа гэх агуулгыг дурддаг. М.Д ХХК, А ХХК, С ХХК-ийн хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй. Шүүх харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүн хэрхэн нийлүүлсэн, хариуцагч хэрхэн хүлээж авсан талаар ямар ч баримт байдаггүй. Тодорхой бараа бүтээгдэхүүнийг авсан цагаас эхлэн тухайн барилга байгууламжийг барихад тодорхой цаг хугацаа шаардагдана, энэ хугацаанд худалдах, худалдан авах гэрээний үнийг зээлээр ирээдүйд төлөхөөр тохиролцсон зүйл байхыг үгүйсгэхгүй, итгэлцлийн хүрээнд гэрээг бичгээр байгуулаагүй гэж нэхэмжлэгч хэлдэг.

9.2.Тооцооны үлдэгдлийн баталгаа буюу хэлцлүүдийг Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл гэж үзэх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

10.1.Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр М.Д ХХК-д холбогдуулан 1,055,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. 3 шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай болсны дагуу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тодруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг нэмж татан оролцуулсан. Нэхэмжлэгч тал тогтоосон журмын дагуу 1,055,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

10.2.Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт болон худалдах худалдан авах гэрээний тухай маргаагүй, хариуцагч нар үүнийг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Мөн Тооцоо нийлсэн акт нь хэлцэл биш, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нягтлан бодогч нарын баталгаажуулсан санхүүгийн баримт юм. Ийм учраас хариуцагч нарын гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч А ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Г.Б ХХК нь анх хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д ХХК-аас 45,508,126 төгрөг, С ХХК-аас 829,372,205 төгрөг, А ХХК-аас 180,119,578 төгрөг, нийт 1,055,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчлөн гаргасныг хариуцагч М.Д ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч А ХХК, С ХХК нар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан,

хариуцагч М.Д ХХК, А ХХК нар нь нэхэмжлэгч Г.Б ХХК-д холбогдуулан тус бүр 129,189,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх хуралдаанд хариуцагч А ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, харин хариуцагч М.Д ХХК сөрөг нэхэмжлэлээ дэмжсэнийг нэхэмжлэгч нь тус үнийн дүнг хариуцагч А ХХК-аас нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцоход татгалзахгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч тал барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авсан, улмаар талууд төлбөр тооцооны үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан гэж тайлбарласныг хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болон тооцоо нийлсэн үйл баримтыг маргахгүй тухай тайлбарыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан байна. (хэргийн 1 дэх хавтас 1, 200, 2 дахь хавтас 52 дахь тал)

3.2.Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уулзалт хийж, тэдний хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нараас нэхэмжлэгчид дор дурдсан өртэй болохыг баталгаажуулжээ. Үүнд:

3.2.а.М.Д ХХК 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны өр 37,177,176 төгрөг, түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны өр 8,331,040 төгрөг,

3.2.б.С ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны өр 829,372,205 төгрөг,

3.2.в.А ХХК 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны өр 50,930,488 төгрөг, 129,189,090 төгрөг. (хэргийн 1 дэх хавтас 7, 64-68 дахь тал)

3.3.Дээрх тооцооны баримтуудыг компанийн нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд зохигчид энэ талаар анхан шатны шүүхэд маргаж мэтгэлцээгүй тул тооцоо нийлсэн актад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

3.4.Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч А ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч нэр бүхий хариуцагч нар нь ийм агуулгаар анхан шатны шүүхэд мэтгэлцэж тайлбар гаргаж байгаагүй тул тэдгээрийн анхан шатны шүүхэд гаргаагүй тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх үнэлэхгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлсэн... гэсэн тайлбарыг хариуцагч нар эсэргүүцсэн тайлбар гаргаж байгаагүй, харин ч зөвшөөрсөн тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхаас гадна бараа бүтээгдэхүүн нийлүүлэх буюу хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд, хэлбэрийн хувьд заавал бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй болно.

 

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийг хариуцагч нараас тооцооны үлдэгдлийг шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Талууд тооцоо нийлсэн актуудад өр төлөх хугацааг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн шаардлага гаргасан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлдээ хариуцагчаар М.Д ХХК-ийг татсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамтран хариуцагчаар А ХХК, С ХХК-ийг тус тус татан оролцуулсан байна.

 

6.Дээр дурдсанаар, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ. Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд хариуцагч М.Д ХХК-ийн тайлбарт санхүүгийн анхан шатны баримтууд байдаг эсэх талаар баримт гаргуулах хүсэлт илэрхийлэгдээгүй учир хүсэлт хангаж шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. (хэргийн 1 дэх хавтас 60-61, 245-246 дахь тал)

Түүнчлэн хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдэд энэ магадлалын Хянавал хэсгийн 3.3, 3.4, 5 дахь заалтад тус тус эрх зүйн дүгнэлт өгсөн болно.

 

7.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, С ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/02324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А ХХК-ийн төлсөн 413,000 төгрөг, С ХХК-ийн төлсөн 4,305,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА