Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “Монгол дайвин” ХХК-д холбогдуулан гаргасан 1 055 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Б.А, Ц.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтын ажиллагааны явцад “М” ХХКнь “Г” ХХК-аас зээлээр барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авсан. Талууд эцсийн байдлаар тулгалт хийж, нийт 1 055 000 000 төгрөгийн өрийг төлөхөөр тохиролцсон.

“М” ХХКнь бидэнд төлөх 1 055 000 000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрдөг. Өрөндөө Эрдэнэ Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурь, 121 м.кв-ын нэг суурийг тус тус хүлээлгэн өгөхөөр 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тохиролцож тооцоо нийлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч суурийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй тул 1 055 000 000 төгрөгийг “Монгол дайвин” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Хурлын тэмдэглэлээс харахад 2017 онд багтааж суурийг Г ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Харин 129 000 000 төгрөгийн бараа материалыг шилжүүлсний дараа “Г” ХХК-ийн нэр дээр суурийг шилжүүлнэ гэсэн яриа дурдагдаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Харин тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд бараа материалыг дутуу өгсөн гэж тайлбарласан байсан. Үүнийг нь манай тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасуулан тооцуулах боломжтой. Манайхаас бараа материал гаргаж өгөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу 1 055 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-д дурдсанаар бол бэлэн бусаар буюу Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурь олгоно гэж талууд акт үйлдсэн. Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК нь уг “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа атлаа дээрх эд хөрөнгөөр өгөхөөр тохирсон тохиролцоог зөрчиж, тухайн үед талууд итгэл үзүүлж акт үйлдсэнийг далимдуулан, уг актын утга агуулгыг буруугаар буюу нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар тайлбарлаж, үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч “Г” ХХК мөн адил “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авна гэдгээ өөрсдөө ч мэддэг бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай “М” ХХК-д хандаж “Тооцоо нийлсэн акт”-д дурдагдсан Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн байдаг.

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ыг талуудын хооронд үйлдэх болсон шалтгаан бол “Г” ХХК, “Гранд паувер” ХХК, иргэн “Дэлгэрхаан”, “Монгол дайвин” ХХК, “Атмор” ХХК, “Сөдрүс” ХХК гэсэн хэд хэдэн компаниуд нийлж Эрдэнэт хотод байрлах Эрдэнэт Эко" хорооллыг бариж байгуулахаар хамтран хөрөнгө оруулалт хийж “Эрдэнэт Эко” хороолол төслийг эхлүүлсэн хамтын ажиллагаанаас үйдэлтэй бөгөөд уг төсөл тухайн үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж цаашид үргэлжлэх боломжгүйгээр эогсонги байдалд орсон. Дээрх төсөл зогсонги байдалд орж цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул дээрх хөрөнгө оруулагч компаниуд оруулсан хөрөнгө оруулалтаа аль аль нь мөнгөөр авах боломжгүй болсон тул дээрх төслийн үр дүнд бий болсон амины орон сууцны сууриудыг, тухайн төсөлд оролцсон өөр өөрсдийнхөө оролцооныхоо байдалд дүйцүүлэн тухайн төсөлд хамтран оролцсон компаниудад ногдуулан хуваарилан өгсөн бөгөөд “Г” ХХК-д бусад компаниудын зүгээс “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг олгохоор хуваариласан. Мөн дээрх хэд хэдэн компаниудын төлбөр тооцоог нэгтгээд зөвхөн “Монгол дайвин” ХХК-ийн нэр дээр “Тооцоо нийлсэн акт” үйлдэх болсон шалтгаан нь “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриуд “Монгол дайвин” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул шилжилт хөдөлгөөн хийхэд амар хялбар байдлыг нь харгалзан үзэж “Тооцоо нийлсэн акт”-аа “Монгол дайвин” ХХК-ийн нэр дээр үйлдсэн байдаг бөгөөд энэ нь “Монгол дайвин” ХХК-ийн зүгээс “Г” ХХК-д 1 055 000 000 төгрөгийг өгнө гэсэн ойлголт биш.

Талууд дээрх байдлаар тохиролцсон боловч яагаад өнөөдрийг хүртэл дээрх “Тооцоо нийлсэн акт”-аар тохиролцсон “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг “Монгол дайвин” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй гол шалтгаан нь нэхэмжлэгч талын буруугаас үйлдэлтэй бөгөөд хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн талуудын “Уулзалтын тэмдэглэл”-д дурдсанчлан “Г” ХХК-ийн зүгээс “М” ХХК-д 129 189 090 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг биетээр хүлээлгэн өгсний дараагаар дээрх сууриудыг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон. Одоо ч хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн зүгээс дээрх “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг талуудын “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин мөнгөн дүнгээр бол боломжгүй, учир нь талуудын хооронд мөнгөн дүнгээр өгч, авалцах ямар ч тохиролцоо байхгүй болно.

Ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоох ёстой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөт байдлаар үйлдэнэ. Чөлөөт байдлыг талууд гэрээний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан. Тооцоо нийлсэн актад 1 055 000 000 төгрөгийг “Эрдэнэт эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Иймд “М” ХХКнь “Г” ХХК-тай хамтран ажилласан гэж үзэж байгаа.

Мөн 1 055 000 000 төгрөгийн өр яаж бий болсон гэдгийг тогтоох ёстой. Бусад компанийн өрийг “М” ХХКнь өөрийн нэр дээр авч тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Үүргийн дагуу мөнгөн хэлбэрээр бус “Эрдэнэт эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Үүнийг талууд хүлээн зөвшөөрсөн. 129 000 000 төгрөгийн бараа материалыг өгөөгүй учраас “М” ХХКнь суурийг шилжүүлж өгөөгүй. Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын үнийн дүнд нэхэмжлэгч “Г” ХХК-аас “М” ХХК-д хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129 189 090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон байдаг нь нэхэмжлэгч талын зүгээс хавтаст хэрэгт хавсарган өгсөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн талуудын хоорондын “Уулзалтын тэмдэглэл”-д дурдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Г” ХХК-ийн зүгээс дээрх 129 189 090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй байгаа тул уг 129 189 090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг “Г” ХХК-аас гаргуулах асуудлыг уг иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч “Г” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас 1 055 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч “Г” ХХК-аас 129 189 090 /нэг зуун хорин есөн сая нэг зуун наян есөн мянга ерэн/ төгрөгийн үнэ бүхий карказ гаргуулах тухай хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 5 432 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 804 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тухайн хурлаар шийдвэрлэсэн 3-д заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, талууд “М” ХХКнь 1 055 000 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг Эрдэнэт Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусны 16 айлын суурь, 121 м.кв-ын 1 суурь тус тус олгон бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов" гэж тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбар тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч “М” ХХКнь гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор Эрдэнэт Эко хороолол нэгж талбарын 6104101418 дугаар бүхий 3681 м.кв газрын гэрчилгээ буюу 4 таун хаусны 16 суурь байрлах газрын тусгаарлан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрчилгээг авч, кадастрын зургийг хийлгэсэн болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, хариуцагчийн тайлбараар тогтоогдов. Түүнчлэн Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут "Эко хороолол 1 байр, 0 тоот 116.11 и.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, 35 хувийн гүйцэтгэлтэй 60 ширхэг амины орон сууцны суурийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХКбүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000380072 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх ба уг суурийг газрын хамт нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжтой байна” гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл Орхон аймгийн Баян Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут "Эко хороолол 1 байр, 0 тоот 116.11 и.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, 35 хувийн гүйцэтгэлтэй 60 ширхэг амины орон сууцны гэрчилгээг нэг гаргасан учраас тусад нь салгаж өгөх боломжгүйгээс болж өнөөдрийг хүртэл манайд шилжүүлж өгөөгүй байхад шүүх үл хөдлөхийн гэрчилгээтэй гэдэг үндэслэлээр ямар нөхцөл байдлын улмаас шилжүүлэн өгөхгүй байсан гэдгийг тодруулалгүй шууд шилжүүлэн өгөх боломжтой гэж буруу дүгнэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийг үүрэг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй ба 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Г” ХХК, “М” ХХКнарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл “Г” ХХК-ийн захирал С.Мягмарсүрэн “... танай компанид өгөх 129 189 090 төгрөгийн Дундговь аймгийн Гурван сайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу ачигдсан материалыг өгөөд..." гэж дурдсан ба нэхэмжлэгч уг барилгын материалыг хариуцагч талд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд бодит үүрэг 925 810 310 төгрөг байхад ирээдүйд гүйцэтгэх үүргийг буюу 129 189 090 төгрөгийг оруулан тооцож, нийт 1 055 000 000 төгрөгөөр тооцоо нийлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Гранд байшин" ХХК 129 189 090 төгрөгийн бараа материал өгөхөөр тохиролцсон боловч тухай тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш тухайн бараа материал хэрэггүй болсон тул “М” ХХКманай компаниас нэхэмжлээгүй. Бид тооцоо нийлсэн актын дагуу барилгын суурийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан гэдэг нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд дээрх хугацаанд буюу биднийг суурь шилжүүлж өгөхийг шаардаж байхад манайхаас 129 189 090 төгрөгийн бараа материалыг шилжүүлж өгвөл бид суурь шилжүүлэх болно гэсэн хариу өгч байгаагүй мөн манайхаас бараа материал шаардаж байсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэг талыг барьж "Монгол дайвин" ХХК үүргээ зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь тооцоо нийлсэн актад дурдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа байдал хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгөхгүй байгаа болон өгөх боломжгүй байгаа байдал, тухай эд хөрөнгийн бодит үнэ актаар тохиролцсон үнэтэй тохирч байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор, эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу 1 055 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, тооцоо нийлсэн актаар мөнгө төлөхөөр бус, “Эрдэнэт Эко” хорооллын 4 таун хаусын 16 айлын сууцны суурийг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэж татгалзжээ.

 

            Шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг сольж, арилжааны гэрээний үүрэг үүссэн учраас талуудын хооронд байгуулагдсан өмнөх гэрээний үүрэг шинэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

            Үүрэг солих тухай хэлцэлд иргэний эрх зүйн хэлцэл хийх журмууд бусад хэлцлийн нэгэн адил үйлчилнэ. Талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр өмнөх гэрээний үүргийг сольсон гэж үзвэл солигдсон үүргийн агуулга нь үл хөдлөх хөрөнгө буюу барилгын суурь байх бөгөөд Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулсан байна.

 

            Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн мөнгөн төлбөр төлөх үүргийг арилжааны гэрээний эд хөрөнгө шилжүүлэх үүргээр солих тухай хэлцэл хийгдсэн гэж үзэхийн тулд тухай төрлийн хэлцэлд хуулиар тавигдах шаардлагыг анхаарна.

 

Хариуцагч “Монгол дайвин” ХХК-аас нэхэмжлэгч “Г” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцож шинээр үүрэг үүсгэсэн бол уг хэлцлийг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан эсэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар байгуулж, шинээр үүрэг үүссэний дараа өмнөх үүрэг дуусгавар болсон байх учиртай. Хэрэгт ийм баримт байхгүй байна.

 

Талуудын хооронд хийгдсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Хурлын тэмдэглэл”, “Тооцоо нийлсэн акт”-ыг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл гэж үзэх боломжгүй. Иймд үүрэг солигдсон тухай шүүхийн дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж үзнэ.

 

Нөгөө талаас, үл хөдлөх хөрөнгө буюу барилгын суурийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх тухай тохиролцооноос татгалзан өмнөх үүссэн мөнгө төлөх үүрэг шаардаж байгаа гэж үзвэл 1 055 000 000 төгрөгийн төлбөрийн үүрэг хариуцагч “Монгол дайвин” ХХК-д үүссэн болох нь баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Гэтэл төлбөр нь “Гранд паувер” ХХК, “Атмор” ХХК, “Сөдрүс” ХХК-ийн төлбөрөөс бүрдсэн талаар хариуцагч тайлбарласан, мөн үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Мөн нэхэмжлэгч “Г” ХХК нь 129 189 090 төгрөгийн барилгын материал шилжүүлэх үүрэгтэйгээ зөвшөөрсөн байна.

 

Дээрхээс үзвэл талуудын хооронд үүссэн харилцаа, хэргийн нөхцөл байдал тодорхой бус, маргааны зүйлд хамааралтай хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.  

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 432 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

   А.ОТГОНЦЭЦЭГ