Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01169

 

 Гранд байшин ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 167 дугаар магадлалтай,

Гранд байшин ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол дайвин ХХК-д холбогдох 

1,055,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

129,189,090 төгрөгийн үнэ бүхий карказ төмрийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамтын ажиллагааны явцад Монгол дайвин ХХК нь Гранд байшин ХХК-аас зээлээр барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авсан. Талууд эцсийн байдлаар тулгалт хийж, нийт 1,055,000,000 төгрөгийн өрийг төлөхөөр тохиролцсон. Монгол дайвин ХХК нь бидэнд төлөх 1,055,000,000 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрдөг. Өрөндөө Эрдэнэ Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурь, 121 м.кв-ын нэг суурийг тус тус хүлээлгэн өгөхөөр 2017.03.14-ний өдөр тохиролцож тооцоо нийлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч суурийг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй тул 1,055,000,000 төгрөгийг Монгол дайвин ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Хурлын тэмдэглэлээс харахад 2017 онд багтааж суурийг Гранд байшин ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Харин 129,000,000 төгрөгийн бараа материалыг шилжүүлсний дараа Гранд байшин ХХК-ийн нэр дээр суурийг шилжүүлнэ гэсэн яриа дурдагдаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Харин тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2017.03.14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд бараа материалыг дутуу өгсөн гэж тайлбарласан байсан. Үүнийг нь манай тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасуулан тооцуулах боломжтой. Манайхаас бараа материал гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1,055,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-д дурдсанаар бол бэлэн бусаар буюу Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурь олгоно гэж талууд акт үйлдсэн. Гэтэл нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь уг Тооцоо нийлсэн акт-ын дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байгаа атлаа дээрх эд хөрөнгөөр өгөхөөр тохирсон тохиролцоог зөрчиж, тухайн үед талууд итгэл үзүүлж акт үйлдсэнийг далимдуулан, уг актын утга агуулгыг буруугаар буюу нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар тайлбарлаж, үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Гранд байшин ХХК мөн адил Тооцоо нийлсэн акт-ын дагуу дээрх эд хөрөнгийг шилжүүлэн авна гэдгээ өөрсдөө ч мэддэг бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө буюу 2019.01.25-ны өдөр манай Монгол дайвин ХХК-д хандаж Тооцоо нийлсэн акт-д дурдагдсан Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн байдаг. 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ыг талуудын хооронд үйлдэх болсон шалтгаан бол Гранд байшин ХХК, Гранд паувер ХХК, иргэн Дэлгэрхаан, Монгол дайвин ХХК, Атмор ХХК, Сөдрүс ХХК гэсэн хэд хэдэн компаниуд нийлж Эрдэнэт хотод байрлах Эрдэнэт Эко" хорооллыг барьж байгуулахаар хамтран хөрөнгө оруулалт хийж Эрдэнэт Эко хороолол төслийг эхлүүлсэн хамтын ажиллагаанаас үйдэлтэй бөгөөд уг төсөл тухайн үед санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж цаашид үргэлжлэх боломжгүйгээр зогсонги байдалд орсон. Дээрх төсөл зогсонги байдалд орж цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул дээрх хөрөнгө оруулагч компаниуд оруулсан хөрөнгө оруулалтаа аль аль нь мөнгөөр авах боломжгүй болсон тул дээрх төслийн үр дүнд бий болсон амины орон сууцны сууриудыг, тухайн төсөлд оролцсон өөр өөрсдийнхөө оролцооныхоо байдалд дүйцүүлэн тухайн төсөлд хамтран оролцсон компаниудад ногдуулан хуваарилан өгсөн бөгөөд Гранд байшин ХХК-д бусад компаниудын зүгээс Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг олгохоор хуваариласан. Мөн дээрх хэд хэдэн компаниудын төлбөр тооцоог нэгтгээд зөвхөн Монгол дайвин ХХК-ийн нэр дээр Тооцоо нийлсэн акт үйлдэх болсон шалтгаан нь Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриуд Монгол дайвин ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул шилжилт хөдөлгөөн хийхэд амар хялбар байдлыг нь харгалзан үзэж Тооцоо нийлсэн акт-аа Монгол дайвин ХХК-ийн нэр дээр үйлдсэн байдаг бөгөөд энэ нь Монгол дайвин ХХК-ийн зүгээс Гранд байшин ХХК-д 1,055,000,000 төгрөгийг өгнө гэсэн ойлголт биш. Талууд дээрх байдлаар тохиролцсон боловч яагаад өнөөдрийг хүртэл дээрх Тооцоо нийлсэн акт-аар тохиролцсон Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг Монгол дайвин ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Гранд байшин ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөөгүй гол шалтгаан нь нэхэмжлэгч талын буруугаас үйлдэлтэй бөгөөд хэрэгт авагдсан 2017.03.14-ний өдрийн талуудын Уулзалтын тэмдэглэл-д дурдсанчлан Гранд байшин ХХК-ийн зүгээс Монгол дайвин ХХК-д 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг биетээр хүлээлгэн өгсний дараагаар дээрх сууриудыг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон. Одоо ч хариуцагч Монгол дайвин ХХК-ийн зүгээс дээрх Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг талуудын Тооцоо нийлсэн акт-ын дагуу шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин мөнгөн дүнгээр бол боломжгүй, учир нь талуудын хооронд мөнгөн дүнгээр өгч, авалцах ямар ч тохиролцоо байхгүй болно. Ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоох ёстой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөт байдлаар үйлдэнэ. Чөлөөт байдлыг талууд гэрээний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан. Тооцоо нийлсэн актад 1,055,000,000 төгрөгийг Эрдэнэт эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Иймд Монгол дайвин ХХК нь Гранд байшин ХХК-тай хамтран ажилласан гэж үзэж байгаа. Мөн 1,055,000,000 төгрөгийн өр яаж бий болсон гэдгийг тогтоох ёстой. Бусад компанийн өрийг Монгол Дайвин ХХК нь өөрийн нэр дээр авч тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Үүргийн дагуу мөнгөн хэлбэрээр бус Эрдэнэт эко хорооллын 4 таун хаусын 16 айлын суурийг бэлэн бусаар өгөхөөр тохиролцсон. Үүнийг талууд хүлээн зөвшөөрсөн. 129,000,000 төгрөгийн бараа материалыг өгөөгүй учраас Монгол дайвин ХХК нь суурийг шилжүүлж өгөөгүй. Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ын үнийн дүнд нэхэмжлэгч Гранд байшин ХХК-аас Монгол Дайвин ХХК-д хүлээлгэж өгөөгүй байгаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу хүлээлгэн өгсөн 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын бараа материалын үнийн дүнг оруулан тооцсон байдаг нь нэхэмжлэгч талын зүгээс хавтаст хэрэгт хавсарган өгсөн 2017.03.14-ний өдрийн талуудын хоорондын Уулзалтын тэмдэглэл-д дурдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Гранд байшин ХХК-ийн зүгээс дээрх 129,189,090 төгрөгийн үнийн дүн бүхий 24 айлын орон сууцны 5 давхар барилгын карказыг манай компанид үйлдвэрлэж өгөөгүй байгаа тул уг 129,189,090 төгрөгийн үнэ бүхий барилгын карказыг Гранд байшин ХХК-аас гаргуулах асуудлыг уг иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар хариуцагч Монгол дайвин ХХК-иас 1,055,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Гранд байшин ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Гранд байшин ХХК-аас 129,189,090 төгрөгийн үнэ бүхий карказ гаргуулах тухай хариуцагч Монгол дайвин ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 5,432,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 804,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 167 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 167 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02296 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг хариуцагч талын зүгээс эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь хариуцагч Монгол Дайвин ХХК-д холбогдуулан 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ын дагуу гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа 1,055,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн уг актаар талуудын хооронд мөнгө төлөхөөр бус, Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууцны суурийг шилжүүлэхээр тохиролцсон тохиролцоог зөрчиж ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Монгол Дайвин" ХХК-ийн хувьд талуудын хооронд үйлдэгдсэн Тооцоо нийлсэн акт-н дагуу Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууцны суурийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр байгаа болно. Анх талуудын хооронд үүссэн харилцааны хувьд гэвэл нэг талаас нэхэмжлэгч Гранд байшин ХХК-ийн хамаарал бүхий этгээдүүд болох Гранд Паувер ХХК, иргэн Дэлгэрхаан, нөгөө талаас хариуцагч Монгол Дайвин" ХХК-ийн хамаарал бүхий этгээдүүд болох Атмор ХХК, Седрүс ХХК зэрэг компаниуд нийлж Эрдэнэт хотод байрлах Эрдэнэт Эко хорооллыг барьж байгуулах зорилгоор хамтран ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд дээрх компаниудын хооронд барилгын материал худалдах, худалдан авах харилцаа үүссэн юм. Ийнхүү дээрх компаниудын хооронд үүссэн барилгын материал худалдах, худалдан авах харилцаанаас үүссэн өр төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох Гранд Паувер ХХК, иргэн Дэлгэрхаан нарын шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн авч, харин нөгөө талаас хариуцагч Монгол Дайвин ХХК нь өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох Атмор ХХК, Седрүс ХХК зэрэг компаниудын өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар тус тус шилжүүлэн авсан юм. Ийнхүү Худалдах, худалдан авах харилцаанаас үүдэлтэй шаардах эрх болон өр төлбөрийг нэхэмжлэгч Гранд байшин ХХК болон хариуцагч Монгол Дайвин ХХК нар шилжүүлэн авахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмыг баримтласан бөгөөд энэ нь хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрх болон өрийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ хэмээн зохицуулсан байгаа юм. Иймд талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээнээс үүсэлтэй Шаардах эрх болон Өрийг шилжүүлэх харилцааг уг талуудын хооронд анх үүссэн худалдах, худалдан авах гэрээг хийсэн хэлбэрээр буюу аман хэлцлээр шилжүүлж болохоор зохицуулсан байгаа тул дээрх талуудын Шаардах эрх болон Өрийг шилжүүлсэн үйлдэл нь хуульд харшлаагүй байна гэж үзэж байна. Ингээд нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь шаардах эрх шилжүүлэн авч, хариуцагч Монгол Дайвин ХХК нь өрийг шилжүүлэн авсны дараагаар талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3. дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бөгөөд ийнхүү солихдоо 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-аар Эрдэнэт Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууцны суурийг шилжүүлэхээр тохиролцож өрийг сольсон бөгөөд ийнхүү өмнөх өрийг сольход мөрдөгдөх хуулийн шаардлага нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцсон байхад л хангалттай байгаа юм. Гэтэл үүнийг Давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа талуудын үүрэг сольсон тохиролцоог Арилжааны гэрээ-ний харилцаа үүссэн гэж тайлбарлаад, талууд Арилжааны гэрээ"-г хуульд заасан шаардлага болон хэлбэрийн дагуу хийх ёстой байсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт заасныг Давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж, хэрэглэсэн бөгөөд хуулиар шаардаагүй зүйлийг талуудаас шаардсан гэж үзэж байна. Иймд уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 167 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 181/ШШ2019/02296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь хариуцагч Монгол дайвин ХХК-д холбогдуулан 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ын дагуу 1,055,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 129,189,090 төгрөгийн үнэ бүхий карказ төмрийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь зөв боловч магадлалын зарим үндэслэл хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь ...хариуцагч Монгол Дайвин ХХК-тай ажил хэргийн холбоотой компани..., хамтын ажиллагааны явцад барилгын материал худалдсан ба 2017.03.14-ний өдрийн хоёр компанийн хооронд үүссэн өглөг, авлагын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл, мөн өдрийн тооцоо нийлсэн актад 1,055,000,000 төгрөгийг Монгол Дайвин ХХК нь Гранд байшин ХХК-д төлөхөөр тохиролцсон. Уг акт, хурлын тэмдэглэлд заасны дагуу 16 байшингийн суурийг шаардсан боловч шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул тооцоо нийлсэн актад заасан үнийн дүн буюу 1,055,000,000 төгрөгийг гаргуулна гэж үндэслэлээ тайлбарласан байна.

Хариуцагч нь Гранд байшин ХХК-тай Монгол Дайвин ХХК-ийн өр төлбөр бус Атмар ХХК, Седрүс ХХК-ийн өр төлбөрийг нэгтгэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад төлбөрийг мөнгөөр бус харин бэлэн бусаар буюу Эрдэнэ Эко хорооллын 4 таун хаусын 16 айлын сууриар барагдуулахаар тохиролцсон тул мөнгө төлөх боломжгүй, харин 16 айлын байшингийн суурийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар гаргажээ.

Хариуцагч Монгол Дайвин ХХК нь ... 2017.03.14-ний өдрийн Гранд байшин ХХК, Монгол Дайвин ХХК нарын хооронд үүссэн өглөг авлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэлд Гранд байшин ХХК-ийн захирал С.Мягмарсүрэн: ...танай компанид өгөх 129,189,090 төгрөгийн Дундговь аймгийн Гурван сайхан суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын дутуу ачигдсан материалыг гүйцээж өгөөд ... гэж дурдсаны дагуу манайд 129,189,090 төгрөгийн барилгын материал буюу карказыг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь ....одоо бид карказ төмөр нийлүүлэх боломжгүй тул хариуцагчаас шаардаж байгаа 1,055,000,000 төгрөгөөс 129,189,090 хасч тооцоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг ...талуудын хооронд байгуулагдсан өмнөх гэрээний үүрэг шинэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэжээ.

Гэвч ... Үүрэг солих тухай хэлцэлд иргэний эрх зүйн хэлцэл хийх журмууд бусад хэлцлийн нэгэн адил үйлчилнэ. Талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр өмнөх гэрээний үүргийг сольсон гэж үзвэл солигдсон үүргийн агуулга нь үл хөдлөх хөрөнгө буюу барилгын суурь байх бөгөөд Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулсан байна. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн мөнгөн төлбөр төлөх үүргийг арилжааны гэрээний эд хөрөнгө шилжүүлэх үүргээр солих тухай хэлцэл хийгдсэн гэж үзэхийн тулд тухайн төрлийн хэлцэлд хуулиар тавигдах шаардлагыг анхаарна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. Учир нь, талуудын хооронд өмнө нь ямар төрлийн эрх зүйн харилцаа үүссэн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад урьдчилсан дүгнэлт хийснийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь 2017.03.14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-ыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хэдий ч талуудын хооронд анх иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн нь ойлгомжгүй, улмаар ямар үүргийн, аль өр төлбөр, тооцоог ...16 айлын суурь, 121 м.кв-ын 1 суурийг авах-аар тооцооны акт үйлдсэн нь тодорхойгүй буюу зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн төрлийг зөв тогтоож дүгнэхгүйгээр хууль хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн тооцоо нийлсэн актыг үндэслэл болгосон атлаа мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Гранд байшин ХХК нь 129,189,090 төгрөгийн барилгын материалыг хариуцагчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, мөн энэ маргаанд зохигчдоос гадна өөр бусад хуулийн этгээдийн өглөг, авлага хамаарах эсэх нь ойлгомжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Иймээс ...талуудын хооронд үүссэн харилцаа, хэргийн нөхцөл байдал тодорхой бус, маргааны зүйлд хамааралтай хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэсэн магадлалын үндэслэл зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 5,435,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД