Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00742

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 121 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж, 12 162 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018.6.20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 12 162 000 төгрөгийн хамгаалалтын тусгай хэрэгслийг  нийлүүлсэн, үнийн 50 хувь 6 081 000 төгрөгийг 2018.7.31-ний өдөр авсан.  Үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөгийг өгөөгүй. Мөнгөө шаардсан ч  хариу ирүүлээгүй. Иймд “С” ХХК-иас 6 081 000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан бүх тусгай хэрэгслийг хүлээлгэн өгч  баримт үйлдсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “И” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй. Иймд гэрээ биелэгдээгүй тул гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувьд шилжүүлсэн 6 081 000 төгрөг болон гэрээний 5.1-д заасан алдангид 6 081 000 төгрөг, нийт 12 162 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “И“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С“ ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 121 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас 12.162.000 төгрөг гаргуулан хариуцагч С“ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Иххар сүлд” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 161 000 төгрөгийг, хариуцагч “С“ ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 210 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Иххар сүлд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 209 542 төгрөг гаргуулан хариуцагч “С“ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч  шүүх хуралдаанд гэрчээр Б.Ариунболд, н.Даваасүрэн нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Гэрчээр оролцсон Б.Чулуунбаатарын мэдүүлгээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж, хариуцагч тухайн тусгай хэрэгслийг хүлээж авсан болох нь нотлогдож байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа талаар огт дурдаагүй. Мөн шүүх тусгай хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хавсралтад зааснаар захиалагч талын эрх бүхий ажилтны гарын үсэг тэмдгээр баталгаажна гэсний дагуу захиалагч тал хүлээн аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч  тусгай хэрэгслийг хүлээж авснаас гадна  үнийн 50 хувь болох 6 080 000 төгрөгийг төлсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн тусгай хэрэгслийн үлдэгдэл төлбөр 6 081 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс хугацаа хэтрүүлсний алданги 3 040 500 төгрөг, нийт 9 121 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, /хх-ийн 1/ гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 6 081 000 төгрөгөө буцаан гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангид 6 081 000 төгрөг, нийт 12 162 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ./ хх-ийн 28 /

 

Талууд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай хэрэгслийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх-57-58/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талууд гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд шилжсэн эсэхэд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон тусгай хэрэгслийг буюу доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэдгээ нотлох үүрэгтэй юм. /хх-1, хх-28/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гэрч асуулгах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн тодорхойлсноор Г.Ариунболд, Д.Даваасүрэн нар нь эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэх байдлыг мэдэх, тухайн хэрэгт ач холбогдолтой гэрчүүд байх бөгөөд тэдгээр хүмүүсийн утасны дугаарыг өгсөн байхад анхан шатны шүүхээс “ хаяг тодорхойгүй” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй болжээ./ хх-ийн 49, 52, /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчийг асуух ажиллагаа нь зөвхөн шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч өөрөө цуглуулах, гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрчүүдтэй хэрхэн холбогдох талаар боломжит мэдээллийг өгсөн, шүүхэд дуудах боломжтой гэж үзнэ. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл буюу эд хөрөнгийг хэний зааварчилгаагаар хэнд хүлээлгэн өгсөн, хариуцагч ямар үндэслэлээр 6 081 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ анхан шатны шүүхээс тодорхойлоогүй, гэрээнээс татгалзаж байхад анз гаргуулсан нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД