Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 213

 

 

                                      

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0184/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч П.Алтанчимэг, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батболд, Ч.Эрдэнэгэрэл,
Хохирогч ***, ***, 
Гэрч ***, ***, ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000609 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцлээ. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, ***-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-1995 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагар хорих ялыг тэнсэн хянан харгалзаж байжээ.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч ***гийн нийт 120м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож, ***гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27000000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн ***д итгүүлж, улмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 9 дүгээр сарын      24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж ***г хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч ***т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8,330,000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар ***гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ***ын нэр дээр шилжүүлж, ***аар “***” банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, ***, *** нарт нийт 55330000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
    
Шүүгдэгч *** нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч ***гийн нийт 120м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож, ***гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27,000,000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн ***д итгүүлж, улмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж ***г хуурч мэхлэх аргаар залилан 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 
мөн хохирогч ***т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг амины орон сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 ширхэг амины орон сууцны суурийг барихад 8,330,000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар ***гаас худалдаж авахаар тохиролцсон 1 ширхэг амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ***ын нэр дээр шилжүүлж, ***аар “***” банк бус санхүүгийн байгууллагаас 30,000,000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 10,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, ***, *** нарт нийт 45,330,000 төгрөгийн буюу 2002 оны Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Намайг бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж байгаа боловч би хохирогч нараас мөнгө тоолж аваагүй. ***, *** хоёр газар хүчингүй болоод байшин гудамжид байна, арматурын төмрийг нь хүн авах гээд байна. Тиймээс энэ хүмүүсийн байшинг танай газар дээр баръя гээд *** ***ыг дагуулж ирсэн. ***г анх 25 дугаар хорооллын шинэ зам тавьдаг газарт сууриа цутгах гэж байхад нь *** ***г над дээр дагуулж ирээд надад кабель, байшин зөөхөд туcлаач гэж хэлсэн. Тэр үед би Дархан сумын 17 дугаар сургуулийн хойд талд барилгын узель гэдэг газраас өөрийнхөө ах ***, Жимс ногооны засаг дарга байсан *** зэрэг хэд хэдэн хүнээс киллометр кабель авч ***гийн байшингийн суурийг цутгахад тусалж байсан. *** намайг хөдөө яваад ирэхэд барилгыг зөөж барьсан байсан учраас энэ хүнээс хохирлоо нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна. Би ***гаас 27.000.000 төгрөг аваагүй. *** миний хийсэн зургийн дагуу хийц авч ирээгүй, миний сэтгэлд нийцээгүй. Шувуу нуруутай барилга учраас би авахгүй гэсэн учраас ***, *** нар ирээд дахин тээвэрлэсэн. *** би ***, *** нарын дунд хохироод байна. Байшинг чиний газар дээр барьсан байна, би энэ хоёр хүнээс мөнгөө олж авч чадахгүй болохоор хоёулаа гэрээ хийе гэж хэлсэн. Тэр үед би “Таны юмыг барьсан нь үнэн. Би таных гэдгийг мэдээгүй” 
гэж хэлсэн. *** өдрийн 100 доллараар цалинжих Хятадууд ирсэн. Тийм учраас яаралтай зөөлцөөд өг гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтын шатанд ийм өндөр түвшинд асуудлыг хүрнэ гэж санаагүй. 1984 онд *** бид хоёр Барилгын техникумд хамт оюутан байсан. Ганц гэрчлэх хүн 2 жилийн өмнө нас барсан. Тэр бид хоёрыг анх танилцуулсан. *** тухайн үед Нийгмийн даатгалын хажуу талын 5 давхар байшинг барьж байсан. Тухайн үед хүний газар дээр барилга барьсан гээд бас л маргаантай байсан. Тэгээд намайг дүүргэлтийн хайрга өгөөч гэж хэлж байсан. Би тухайн үед тэрийг өндөр ханшаар аваад бичиг цаас хөөцөлдөж байсан бол надад нэхэмжлэх зүйл байх байсан. Тухайн үед би зохих хэмжээний барилгын материал  нийлүүлсэн. Би таны барилгыг бариад ашиглалтад оруулсны дараа мөнгийг чинь өгнө гэж гэрээ байгуулсан. Би ***г  хууран мэхлээгүй. 
…Үнэнийг хэлэхэд би байшин худалдан авахаар тохиролцоогүй. Харин барилга баригдаж дуусахаар би газрынхаа төлбөрийг, *** барилгын хийцийнхээ мөнгийг авна гэж тохиролцсон.
… *** “Найзтайгаа нийлээд энэ орон сууцыг барьж дуусаад зарагдахаар нь 10 хувийг нь авна. Түүн дээр 3 гарааж нэмж авна. Тийм болохоор ***аа би энэ байшинд амьдрах сонирхолгүй. Би нэг байшинг чинь авъя” гэж яриад анх гэрчилгээ тавьж Голомт банкин дээр очсон. Голомт банк баримтуудаа хадгалдаг бол энэ талаарх баримт Голомт банкинд байгаа. *** 2 удаа зээл авахаар хөөцөлдсөн боловч бүтэлгүйтсэн. *** гээд ***ын эхнэр *** гээд Хас банкны захирал хийж байсан хүн ***ББСБ-г нээсэн. Тэндээс зээл авчхаад байшингаа зараад буцааж өрөө төлье гэж ярилцсан. Тухайн үед ***ын гэр бүлийн байдал тогтворгүй буюу эхнэртэйгээ салаад эргээд нийлсэн байсан.  *** эхнэртэйгээ эргэж нийлэхдээ “***аа би хэрэглэж байсан мөнгөө буцааж авмаар байна. Манай охин гадаадад амьдардаг. Манай эхнэр мэдчихвэл сална. Тийм учраас намайг ойлгоод найздаа гарын үсэг зурж өгөөч” гэж хэлсэн. Би түүн дээр нь гарын үсэг зурж өгсөн.
…бид барилгыг барьж дуусгахын тулд дулааны шугам татна. Транс, зургийг нь хийнэ. Инженерийн шугам сүлжээнийх нь зургийг хийлгээд барилга дууссаны дараа энэ хүний асуудлыг шийдвэрлэх байсан. ***, *** бид нар нэгнийгээ мэддэг учраас би “өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргууллаа” гэдгээ хэлсэн. Миний газар дээр байшин барьж, би тэр хүмүүстэй тохиролцсон болохоор гэрчилгээг өөрийнхөө нэрээр гаргуулсан. Би бусдыг хууран мэхлэх зорилгоор өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй. 
…Би өөрийн эгч ***гаар ***ын данс руу мөнгө хийлгэдэг байсан. ***ын барьсан барилгын явцад бүх материал, мөнгөнд компаниас нь хяналт тавьдаг. Би ***тай хийж байгаа зүйлийнхээ талаар эгчдээ хэлсэн. Би эгчийгээ та хийж байгаа зүйлээ цаасан дээр баримт үйлдэж хийгээрэй. Надад хар дэвтэр байгаа. Та намайг мөнгө хий гэсэн үед мөнгө хийгээрэй гэж хэлсэн. Сүүлд нь *** надтай ирж уулзсан. Тухайн үед 3.500.000 орчим төгрөг өгсөн байсан. *** дараа нь надтай ирж уулзахдаа ***ББСБ мөнгөө нэхэгдээд байна. Миний барилга дуусахгүй байна. Манай эхнэрийн нэр дээр зээл авсан учраас ***ББСБ манай эхнэрээс мөнгөө нэхээд байна. Эхнэр надаас Сайхнаа та хоёрын асуудал юу болж байна гээд байна. Манай өмнөх эхнэр бид хоёрын дундаас төрсөн охин гадаадад байдаг. Түүн рүү мөнгө өгөх гэсэн юм чи гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу би гарын үсэг зурсан.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний мөнгөөрөө оруулж ирсэн хийцээр байшин барьсан. Удахгүй 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн болохоор миний мөнгийг өгөх юм байна гэж ойлгосон.
… Энэ 3 тохиролцоо хийгээд байшингийн хийцийг ***ын газар дээр аваачсан. Би мөнгөө л авах сонирхолтой байсан. Би газаргүй учраас газартай хүнд нь өгсөн.” гэх мэдүүлэг, 
-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** би 10 хаус оруулж ирж байгаа. Миний газар гээд газраа үзүүлсэн. Манай инженерүүд тухайн үед очиж үзсэн. Би ямарч өргүй. Би Элит орон сууцыг барьж байсан. Би хэзээч эхнэрээсээ салж байгаагүй. Миний охин гадаадад байдаг. Гэхдээ би охин руугаа мөнгө явуулаагүй. Хаусыг манай инженерүүд угсарсан. О.*** надаас кабелийн утас авсан. Үүний зардал 8.330.000 төгрөг болсон. ***, *** зэрэг 3 инженерүүд уг хаусыг барихад ажилласан. О.*** ковш авч ирсэн. Нураагдсан цэнхэр байшинг би эхлээд авъя гэхэд үгүй гэж хэлсэн. Уг байрыг Чингис хаан банкны барьцаанд тавьсан байсан. О.*** би 10 хаус авч ирнэ. Ажлын хөлсөнд 1 хаус өгнө гээд амаар надтай тохиролцсон. Надад ямарч банкууд зээл олгодог. ***ББСБ-ын барьцаанд тавьсан байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс О.*** өөрийнхөө нэрийг хасуулж, би эхнэрийнхээ нэрийг уг байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр оруулсан. Түүний дараа байшинг ***ББСБ-ын барьцаанд тавьсан. О.*** ***ББСБ-аас авсан зээлээс 10.000.000 төгрөгийг нь авсан. Мөн *** гэх эгчид нь мөнгө хэрэгтэй байна гээд мөн 10.000.000 төгрөг авсан. *** авсан мөнгөө өдөрт бага багаар төлдөг байсан. Би тэмдэглэллийн дэвтэр дээрх балаар бичсэн зүйлүүдийг бичүүлж авсан. *** ***ББСБ-ын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэж 2-3 удаа хүсэлт гаргаж байсан. *** эвлэрлийн гэрээ байгуулъя гээд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүс ирээд манай эд хөрөнгийг битүүмжилж, миний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, ***гийн байшинг хураасан. Би О.***аас нийт 56.330.000 төгрөг нэхэмжилсэн. *** алданги хүүгээ өгнө гэж байсан. Би өөрийнхөө үйлдсэн баримт дээр ***, О.*** нараар хэн хэнээр нь гарын үсэг зуруулсан.
…Би мөнгө авахгүй. Би энэ хэргээс болж 8.330.000 төгрөгийн хохирол учирсан. 10.000.000 төгрөг бол миний авах ёстой мөнгө биш. Энэ хэргийн жинхэнэ хохирогч бол ***ББСБ юм. 10.000.000 төгрөг бол ***ББСБ-д очих мөнгө. Би 10.000.000 төгрөгийг авахгүй. Би өөрийнхөө хохирсон 8.300.000 төгрөгийг авна” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Газар нь хүчингүй болсон. О.***тай таарахад миний газар дээр барьчих гэж хэлсэн. Хятадуудын визний хугацаа дуусах гээд байсан учраас эхний барилгыг барьсан. Дараагийн барилгыг барихдаа Оргил-Алтайн захирал ***тай ярилцсан. Дээврийн матераил нь байсан учраас уг байшинг Дарханд барьсан. Дараа нь О.***тай уулзаад газрын гэрчилгээгээ өөрсдийнхөө нэр дээр гаргуулъя гэсэн. Гэтэл газрын нь гэрчилгээ бидний нэр дээр гараагүй. Дараа нь барилгаа яахаар болсон гэхэд хүний нэр дээр болоод зээл авсан байсан учраас цагдаад хандсан. 
…Би газаргүй учраас гэрчилгээгээ авч чадаагүй.” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2013.12.25-ны өдөр 30.000.000 төгрөгийг зээлсэн. Барьцаанд баригдаж дуусаагүй барилгыг тавьсан *** ***ББСБ-тай 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Эхлээд 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг, дараа нь сар орчимын дараа 10.000.000 төгрөгийг нь өгсөн. 
…Хэлж байсан, гэхдээ О.***ыг дагуулж ирээгүй. Банкууд ***, О.*** нарт зээл өгөхгүй гэдэг. Би ***т О.***ыг мөнгө зээлж байгаа гэдгийг хэлэхгүй яасан юм гэж хэлж байсан.
…Барьцааны зүйлийг очиж үзсэн. Зээл олгох үед байрыг үзэхэд газрын гэрчилгээ байгаагүй. *** эхнэртэйгээ манайд ирээд найдвартай гэж хэлсэн. Би ***ын эхнэрийг таньдаг учраас дараа нь газрын гэрчилгээгээ гаргаж өг гээд зээл олгосо.” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Манай нөхөр бид хоёр барилгын хийцийг *** гэх хүнээс авсан. *** Хятад улсаас 2 байшин оруулж ирнэ гэж хэлсэн. Бид 1 хийцийг 54.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож газар дээр сууриа цутгасан байсан. Гэтэл Аймгийн Засаг дарга манай газрыг хураана гэсэн учраас бид байшингаа буулгасан байсан. Түүний дараа *** О.***, *** нар тохиролцоод байшинг О.***ын газар дээр барьсан байсан. Тэгээд 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж байсан. Тухайн үед О.*** зээл авч байгаад бидний мөнгийг өгнө гэж байсан. Дараа нь бидэнд байрь, машин өгье гэж байсан. 2014 онд нотариатаар оръё. Би хүүг чинь өгч чадахгүй гэж байсан. Бид хүүгээ авна гэж байсан. Би 2013.07.15-ны өдөр 20.000.000 төгрөг авч *** руу шилжүүлж байсан. Түүн дээр Ундаръяагаас 7.000.000 төгрөг зээлж нэмж ***т өгсөн.  Би 8 дугаар сарын 30-ны өдөр Ундаръяад зээлээ төлсөн. 
...***тай уулзахад байшингаа буулгаад ав гэж байсан. Бид шүүхэд хандах гэхээр баримтаа олохгүй байсан. Гэтэл *** надтай ирж уулзаад бид зээл авсан. Одоо манай гэр битүүмжлэгдсэн гэж хэлсэн учраас цагдаад хандацгаасан. 
…*** барилгын хийцийг худалдаж авна гээд О.***т өгсөн байсан. О.*** бидэнд мөнгөө өгнө гэсэн хэдий ч өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, 

-***, О.*** нарын хооронд хийгдсэн гэрээний хуулбар /хэргийн 8/, 

-*** П.***ын дансруу 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хэргийн 11/, 

-*** данснаас П.***ын дансруу 7,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хэргийн 12/, 

-“***” ББСБ-аас авсан 20 сая төгрөгийг 2013.12.25-ны өдөр О.***, *** нар хувааж авсан тухай баримт /хэргийн 20/, 

-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, холбогдох баримтуудын хуулбар /хэргийн 32-74/,  

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 80-81/, 
    
-“…Иргэн ***ын эзэмшлийн Toshiba маркийн 41 инчийн Led  өнгөт зурагт /хуучин/ 1ш, Toshiba маркийн хоёр хаалгатай хөргөгч /хуучин/ 1ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн өнөөгийн  үнэ цэнийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний байдлаар 2700000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017.01.11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 83-84/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө ***, *** нарын хооронд хийсэн гэрээг би гэрчилсэн учраас нотариотчийнхаа хувьд мэдүүлэг өгнө. *** нь 2013 онд над дээр өөрийн эртний танил, хамт барилгын техникумд сурч байсан гэх *** гэх залууг дагуулж ирж надтай танилцуулсан. Тухайн үед бол ***т өөрийнхөө эгч гэдгийг ч хэлж танилцуулсан. Үүнийг *** бол сайн мэдэх ёстой.  *** *** 2 болохоор хоорондоо ***ын нэр дээр бүртгэлтэй байдаг 1га газар дээр хамтарч барилга барих гэж байгаа, ***ын найз *** гэх залууд *** зуучилж өгч 9 давхарын барилгын орон сууц барихаар болсон. Ингээд ***ын энэ ажлын урамшуулал болгож *** газраа үнэлэхгүйгээр газар дээрээ барьсан байшинг тухайн үеийн ханшнаас доогуур үнээр ***т худалдахаар болсон. Ингээд өөрийн нэр дээрх байшингийн гэрчилгээг ***ын нэр дээр шилжүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед *** ***ын ***тай хамт барьж байгаа орон сууцны барилга ашиглалтад ороогүй, дулаан цахилгааны өр төлбөртэй байгаа учраас энэ мөнгийг өгөхийн тулд энэ байраа ***т шилжүүлж өгмөөр байна, дараа нь мөнгө төгрөгөө өгөлцөж авалцана гэсэн. Тэгээд хоорондоо хэлцэл хийх гэсэн юм яаж үүнийг шилжүүлэх вэ? гэж ирсэн юм. Тэр үед энэ хүмүүс хоорондоо барилгын үнэ гэж мөнгө төгрөг өгч авалцаагүй учраас би хамтран өмчлөгчөөр ***ыг ***ын нэр дээр оруулах хэлцлийг баталж өгсөн. Энэ хэлцлийн дараа *** хамтран өмчлөлөөс өөрөө хасагдах гэрээг хийж өгсөн. Үүний дагуу уг өмчлөл ***ын нэр дээр 100 хувь шилжсэн. 
…*** гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсныхаа дараа 30 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үүнээс 10 сая төгрөгийг  *** авсан, 20 сая төгрөгийг *** өөрөө авсан. Тэгэхдээ ***тай өөрийн эхнэр ***д 10 сая төгрөгийг би авсан шүү гэж ярина гээд тохиролцсон. Тэр 10 сая төгрөгийг би тухайн үед барилгынхаа өрийг төлөх гэж байгаа юм байлгүй гэж бодоод үлдсэн.  Гэтэл дараа нь ***, *** нар нь хоёулаа зарим үед энэ мөнгийг ***гийн данс руу хийгээд өгөөч гэж хэлээд мөнгө өгч хийлгэж байсан. Тэрийгээ болохоор “банкнаас авсан 10 сая төгрөгийг таныг авсан гээд хэлчихсэн учраас та энэ мөнгийг хийчих” гэж хэлээд надаар хийлгэж байсан юм. Тэр үед нь би ***аас юу болоод байгаа талаар асуухад “*** *** өмнө нь нэг хүнтэй сууж байгаад салсан бөгөөд нэг хүүхэд байдаг юм, одоо байгаа эхнэр нь аймар ааштай тэр хүүхдийг нь үздэггүй юм, тийм болохоор ***д үнэнгээ хэлээгүй, ***г ирэх юм бол та би авсан, би төлж байгаа гэж хэлээрэй гэж надад үг зааж өгсөн юм”.  Ингээд эд нар надад мөнгө авч ирж байгаад сүүлдээ мөнгөө авч ирж өгөхөө больсон учраас би тэр хүмүүсийн өмнөөс мөнгө төлөхгүй учир больсон. Энэ үеэс эхлээд *** нь эхнэрээ дагуулж хэд хэдэн удаа ирсэн. Энэ үед би *** *** нарын хэлснээр удахгүй энэ мөнгийг төлж өгнө гэсэн бичиг хийж өгөөд явуулж байсан. 
…*** эхнэрээсээ 10 сая төгрөгийг нуучихсан болохоор миний мөнгө авсан нь үнэн, төлж өгнө гэсэн бичиг болон өөрсдийн өгсөн мөнгийг банкинд тушаасан баримт зэргийг ашиглаад ингээд байгаа байх гэж бодож байна. 
…***, *** нар нь хоорондоо гэрээ хийж, ББСБ-с зээл авсны дараа над дээр хамт ирсэн. Тэгэхдээ ***аас барилгын үнээ авах гэж байгаа юм, тэгээд барилгын хийцийн үнийг хүнд нь өгмөөр байна. Тэгсэн *** ***тай хамт барьж энэ мөнгийг буюу 60 сая төгрөгийг өгье гэнээ гэж хэлсэн. Тийм болохоор та улсын бүртгэлтийн хэлтсээс гэрчилгээг нь авч өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би бичиг баримтыг нь бүрдүүлж богино хугацаанд барилгын гэрчилгээг гаргуулж өгсөн. Энэ гэрчилгээг бусад үл хөдлөх хөрөнгүүдийн хамтаар барьцаалж өндөр дүнтэй зээлийг аваад барилгаа *** бариулж дуусгасан, тэгээд барилгаа зарж эхлэсэн. Ингэхэд нь бүх нотариатыг би хийж өгсөн. Миний ойлгосноор ***т *** барилгаа зараад мөнгийг нь өгнө гэчихээд өгөхгүй болохоор нь *** авсан мөнгөө өгөхгүй байсан болов уу? эндээс л энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 96-97/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр *** 2013.12.25-ны өдөр *** ББСБ-с 30,000,000 төгрөгийн зээл авахад нь би зээлийн батлан даагчаар нь оролцсон. Тухайн үед манай нөхөр ***тай *** нь хамтарч ажиллаж байгаа 10 хаус байшин бариад 1 байшинг нь манай нөхөрт өгөхөөр боллоо гээд яваад байсан. Ингэж явж байхдаа л надаас зээл авах гэж байгаа юм, гэр бүлийн гишүүн батлан даагчаар байх ёстой юм гэж хэлэн ***, *** нар хамт ирээд тэгээд би очиж зээлийн гэрээн дээр нь хамтран зээлдэгчээр оролцсон юм. 
    …Ингээд 20 сая төгрөгийн зээл хүсээд уг мөнгийг тухайн өдөрт нь гаргуулан аваад 10 сая төгрөгийг нь *** аваад явсан юм. Тэгээд маргааш нь ***ын эгч ***д 10 сая төгрөг хэрэгтэй гээд нэмээд уг мөнгийг  авч нийт 30 сая төгрөгийн зээл болгосон юм. Үүнийг нь би бол мэдэж байсан. Тухайн үед ***, *** нар авсан мөнгөө буцаан хийхдээ миний данс руу хийж байхаар болсон боловч *** бол нэг ч төгрөг хийгээгүй харин *** болохоор миний дансруу эхний үед 20000 төгрөг хийж байгаад тэгээд дараа нь ахин 1000000 хүртэл төгрөгийн хэд хэдэн удаагийн гүйлгээ дансаар хийж нийт 3340000 төгрөгийг төлсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлж өгөөгүй. Ингээд энэ хүмүүс мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь би  тооцоо бичиж байсан дэвтэр дээрээ *** болон *** нараар өөрсдөөр нь  мөнгөө төлнө гэсэн гар бичмэл бичүүлж авч байсан. Энэ бол худлаа, ***ын охин Испани улсад байдаг нь үнэн. Миний хувьд ***ын охинтой бол байнгын холбоотой байдаг бөгөөд *** мөнгө төгрөг шилжүүлж өглөө гэхэд надад хэлнэ, ер нь бол *** мөнгө төгрөг  шилжүүлнэ гэхэд бол надаас  нуугаад явуулаад байх зүйл байхгүй юм.” гэх мэдүүлэг /хэргийн 102-103/, 

    -Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Яагаад энэ байшин миний өмчлөлийнх гэхээр анх *** гэх хүн надад захиалж оруулж ирүүлсэн боловч өөрөө авахаас татгалзсан. Тэгэхэд нь  би *** гэх хүнд та өөрөө захиалж зураг төслөө гаргаж оруулж ирчихээд одоо авахгүй гэж байгаа бол би өөрөө энэ байшинг бариад гэрчилгээг нь гаргуулсныхаа дараа таны хөрөнгө оруулалт хийсэн 27000000  төгрөгийг чинь гаргаж өгье гэж хэлсэн. Тэгэхэд бол *** зөвшөөрсөн. Ингээд байшинг гүйцээн барих гэсэн боловч барилга барьсан газар нь өөрөө нийтийн орон сууц барих зөвшөөрөлтэй байсан учраас хувийн орон сууцыг үргэлжлүүлж барих боломжгүй болсон. Ингээд *** надтай холбогдож яах талаараа ярьхад нь би та нар өөрсдөө газартай гэж хэлээд байшингийн материал захиалуулж оруулж ирсэн одоо би өөрөө өөр газар дээр барьж байгаад таны мөнгийг өгнө гэдгийг хэлж байсан. Миний хувьд тэрнээс өөрөөр бол хүнд зарах өгөх талаар хэлээгүй бөгөөд одоо зөвхөн би өөрөө газар аваад өөр газарт барьж ***тай тооцоо хийнэ, эсхүл энэ байшин дээр гэрчилгээ гаргуулж аваад явж байгаа *** *** нараас байшинг оруулж ирсэн зардал болон барилгын материалын тооцоог нэхэмжилж аваад ***тай тооцоо хийнэ гэсэн бодолтой байгаа юм. 
…Миний хувьд бол одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүмүүс одоогоор ашиглаад байж байг, өөрсдөө тэгээд дотроо асуудлаа шийднэ биздээ. Би болохгүй бол өөрөө байшингаа авна, эсхүл ***, *** нараас байшингынхаа бүх зардлыг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлж авна. *** бол энэ 2 байшинг намайг оруулж ирж бариулж байгаа талаар мэдэж байсан. Учир нь *** тухайн үед 2 байшингын суурийг цутгаж байх үед надтай уулзаж өөрийнөө барьж байгаа барилгаа үзүүлж байсан бөгөөд миний бариулж байгаа 2 байшин болон цаашид яах гэж байгаа талаараа хоорондоо ярилцаж байсан. Тэгэхэд бол би энэ 2 байшинг оруулж ирж барьж байгаа, ийм үнийн дүнтэй баригдах байшин гээд тодорхой тайлбарлан хэлж ярьж өгч байсан. ***аас уг барилгыг барихад ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй гэдгийг сайн мэдэж байсан. Тэгэхээр энэ хүн уг барилгыг хэнийн барилга болохыг нь сайн мэдэх учиртай.” гэх мэдүүлэг /хэргийн 111/, 

-“…250 маркийн бетон зуурмаг 16.0м.куб, Ф13-Ф22 маркийн арматур төмөр 2.0тм, цемент /хятад/ 1.0тн, ОХУ-д үйлдвэрлэгдсэн 150мм-ийн хүчний кабель утас 180.0 зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2016.11.17-ны байдлаар 8330000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2016.11.17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 113-114/, 

-***ын газар өмчлөл, эзэмшлийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 133-150/, 

-***т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалын хуулбар /хэргийн 188-202/, 

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, орон сууцны өмчлөх эрхээс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хэргийн 206-208/, 

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 238-250, 2 дугаар хавтас 1-6/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 16/, 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 26-31/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гэрчилгээг харлаа, тэгэхээр уг гэрчилгээг 2013.09.24-ний өдөр иргэн ***ын мэдүүлгийн дагуу амины орон сууцны анхны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэж олгохдоо өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг байшингын план зураг, байшингын 4 талын фото зураг, тэмдэгтийн хураамжуудыг үндэслэн ***улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон.  Бичиг баримтын бүрдлийг шалгаж байж гэрчилгээг олгодог ба тухайн үедээ ***ын материал бүрдүүлж өгөхөд кадастрын зураг дутуу байсанг нөхөн авч гэрчилгээг гаргаж өгч байсан юм. 
…Үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ хувийн болон нийтийн гэдгээс хамаарч ялгавартай баримт бүрдүүлдэг.  Дээрх тохиолдлын хувьд гэвэл хувийн орон сууц байсан ба хувийн орон сууцны гэрчилгээг олгохдоо өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, байшингын план зураг, байшингын 4 талын фото зураг, тэмдэгтийн хураамжуудыг үндэслэн гэрчилгээг олгодог юм. Энэ нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу уг ажиллагаа явагддаг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 34/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013.12.17-ны өдөр улсын бүртгэлийн ***дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг бүртгэсэн. Ингэхдээ болохоор эд хөрөнгө бүртгэгчийн  ажиллаж журмын /2011 оны 38 дугаар тушаалын хавср***р зааж өгсөн/ 5 дугаар зүйлд зааснаар хамтран өмчлөгч өөрчлөх хэлцлийг нэг мэдүүлгээр авч тухайн заасан байдаг юм. Үүний дагуу бүртгэлийг би хийсэн. Ингэхдээ болохоор эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, нотариатчаар батлуулсан хамтран өмчлөгч нэмсэн болон хассан хэлцэл зэрэг холбогдох бүх бичиг баримтыг үзэн шалгаж ямар нэгэн зөрчилгүй байсан учир гэрчилгээг гаргасан юм. *** нь уг амины орон сууцыг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд газрын гэрээ, гэрчилгээ, план болон фото зураг, өргөдөл зэргийг бүрдүүлж хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчилгээ авсан байдаг. Үүний дараагийн хамтран өмчлөгч нэмэгдэх, өөрчлөгдөх хэлцэл хийхэд газар эзэмшигч шаарддаггүй юм. Иймд ***ын мэдүүлэг болон ноториатчаар батлуулсан хэлцэл зэргийг үндэслэн ***ыг нэмж, ***ыг хасч 2013.12.17-ны өдөр улсын бүртгэлийн ***дугаартай *** дугаар бүхий гэрчилгээг бичиж олгосон юм” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 35/, 

-Яллагдагч *** нь сэтгэцийн хувьд эрүүл учир үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно. Яллагдагч *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 27/17 дугаар магадлагаа /хэргийн 2 дугаар хавтас 37/, 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 7 дугаар хороолол ОУ-ын худалдааны төвийн зүүн урд байрлах 75%-ийн гүйцэтгэлтэй 120.0м.кв талбай бүхий 2 давхар Амины орон сууцны байшингийн /***/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, тайлан бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017.4.5-ны өдрийн байдлаар 60000000 төгрөг байна.” гэх 2017.4.5-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 43/, 

-***гийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 62-63/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…танина, би 2012 онд танилцаж гэр бүл болоод хамтран амьдарч байгаад 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс гэр бүлээ цуцлуулсан. Үүнээс хойш бол *** нь манайхаар ирэн очин хамтран амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 67/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.***ын дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна. 
Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ял хөнгөрсөн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.***ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.*** залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байх боловч бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, дур мэдэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, улмаар уг эд хөрөнгийг барьцаалсан байдал нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

Харин “***” банк бус санхүүгийн байгууллагаас авсан гэх 30,000,000 төгрөгийн зээлээс 10 сая төгрөгийг О.*** аваагүй түүний эгч О.*** авсан байхад 20 сая төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс 45,330,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь ***, *** нарыг залилан нийт 45,330,000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч ***д 27,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ***т 18,330,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба  хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд шүүх бүрэлдэхүүн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.*** эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанд 18,330,000 төгрөгийг бэлнээр авчирч хохирогч ***т хүлээлгэн өгөх гэсэн боловч хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт “…Би мөнгө авахгүй. Би энэ хэргээс болж 8,330,000 төгрөгийн хохирол учирсан. 10,000,000 төгрөг бол миний авах ёстой мөнгө биш. Энэ хэргийн жинхэнэ хохирогч бол “***” ББСБ юм. 10,000,000 төгрөг бол ***ББСБ-д очих мөнгө. Би 10,000,000 төгрөгийг авахгүй, Би өөрийнхөө хохирсон 8,330,000 төгрөгийг авна” гэх мэдүүлэг өгч уг хохирлыг хүлээн авахаас татгалзсан ба шүүгдэгчийн хувьд хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно гэж үзсэн болно.
Хохирогч *** нь шүүх хуралдаан дээр бэлэн мөнгө авахаас татгалзсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул ***аас 18,330,000 төгрөг гаргуулж *** тоотод оршин суух *** ***т /РД:***/ олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч *** О.***ын авсан гэх 20 сая төгрөгийн хүү, алдангийг гаргуулахаар нэхэмжилсэн ба  “***” ББСБ-аас аван зээлийг шүүгдэгчид өгсний дараа хүү алдангийг төлнө гэсэн бичиг хийлгэж авсан, уг бичгийн дагуу О.*** хүү алдангийг хариуцах ёстой гэж тайлбарлаж байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг ойлгох тул хүү, алданги нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч ***д 27,000,000 төгрөг нөхөн төлсөн, ***ын өмчлөлийн тошиба маркийн 42 инчийн 1200000 төгрөгийн үнэ бүхий телевизор, тошиба маркийн 1500000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхийг дурдаад, 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *** ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч ***аас 10,000,000 төгрөг залилан авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** овогт *** ***ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний буюу 45330000 /дөчин таван сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***аас 18330000 /арван найман сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж *** тоотод оршин суух *** ***т /РД:***/ олгосугай. 
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т анхааруулсугай. 
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь хохирогч ***т 18330000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч ***д 27000000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, ***ын өмчлөлийн тошиба маркийн 42 инчийн 1200000 төгрөгийн үнэ бүхий телевизор, тошиба маркийн  1500000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ

                      ШҮҮГЧИД               Г.ГЭРЭЛТ-ОД
  
  Б.ИХТАМИР