Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 29

 

Ц.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0184/Э/001/2018/0049

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдаанд:

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

Шүүгдэгч                                        Ц.С-

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны 131 дугаар шүүгчийн захирамжтай Ц-ын С-д холбогдох 2016090000609 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.С- нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 19 дүгээр байрны 03 тоотод оршин суух Ц.С-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 02-ны 131 дугаар захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү- овогт Ц-ын С-д холбогдох эрүүгийн 1918000290050 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

“гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

“төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг” ойлгоно гэж;

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.т хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан бөгөөд хуулийн 3.1.1.т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”;

3.1.2.т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна” гэж тус тус хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.2.т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд нь мөн хуулийн 3.1.1.т заасан гэр бүлийн бусад гишүүнд хамрагдахаар байхад хууль тогтоогч тусгайлан “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна” гэж хуульд тусгасан байгаа нь энэ хуулийн 3.1.1.т заасан гэр бүлийн бусад гишүүд гэдэгт тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа гишүүд хамрагдана гэсэн агуулгатай гэж үзэхээр байна.

Энэ агуулага ч мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тусгагдсан байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь хэдийгээр хадам эх, хүргэн боловч нэг гэрт амьдардаггүй тус тусдаа амьдардаг, шүүгдэгчийн хувьд хадам эхтэйгээ урьд нь таарамжгүй харилцаа байгаагүй, ямар нэгэн байдлаар гэр оронд нь очиж хэрүүл маргаан хийж, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэртээ ирэхэд эхнэр нь байхгүй болохоор нь хадам ээжийнхээ гэрт хайж очсон, түүнээс биш эхнэртэйгээ маргалдаад эхийг нь зодно гэсэн санаа зорилгоор хадам эхийндээ очиж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаагүй, тохиолдлын чанартай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг зодож гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй буюу хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон Прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн дүгнэлтдээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба гаргасан саналдаа:

...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.С- тайлбартаа:

...Би урьд нь архи ууж агсам тавьдаггүй байсан. Сүүлд л хадам эхийнхээ хөл рүү өшиглөж гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос Ц.С-г согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 19 дүгээр байрны 03 тоотод оршин суух Ц.С-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.С-гийн хадам эх Ц.С- нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.т зааснаар хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээд мөн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 131 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ