Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 52

 

О.Са-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар магадлалтай 201609000609 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, 1995 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг  тэнсэж хянан харгалзаж байсан О.Са- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.Са-т холбогдох хохирогч Г.Од-аас 10.000.000 төгрөг залилан авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Са-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Са-аас 18.330.000 төгрөг гаргуулж Г.Од-т олгохоор, шүүгдэгч О.Са- нь хохирогч Г.Од-т 18.330.000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.На-д 27.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг үнэлэхдээ О.Са-т холбогдох үйлдлийг О.Ам-гийн Г.Од-аас мөнгө зээлсэн үйлдэлтэй хольж хутгаж ойлгосон нь анхан шатны шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнэхэд хүргэсэн. Анхан шатны шүүх О.Ам-гийн Г.Од-аас зээлсэн гэх 10.000.000 төгрөгийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй харин О.Са-ын Намхайжамцангаас залилж авсан гэх 17.000.000 төгрөг Г.Од-аас авсан гэх 10.000.000 төгрөг, мөн Г.Од-ын барилгад зарцуулсан гэх 8.000.000 төгрөгийн асуудлыг хянан хэлэлцсэн. О.Ам-тай холбоотой 10.000.000 төгрөгийн өгсөн авсан буцааж төлсөн асуудал энэ хэрэгт огт хамааралгүй байхад давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралгүй, шалгагдаагүй асуудлаар дүгнэлт гаргаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч О.Са- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Маргааны гол зүйл нь О.Ам-гийн асуудал бөгөөд үүнийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Эрүүгийн эрх зүй бус харин Иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Тус хэрэгт анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. О.Са- нь бусдаас 20.000.000 төгрөг залилан мэхэлж авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад 10.000.000 төгрөгийн асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос О.Са-ыг 2013 оны 09 дүгээр сард хохирогч Т.На-гийн 120м2 талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн газарт барихаар худалдаж авахаар тохиролцож, Т.На-гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27.000.000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн Т.На-д итгүүлж, улмаар 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, Т.На-г хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Г.Од-т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол өөрийн эзэмшлийн газарт нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Т.На-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Од-ын нэр дээр шилжүүлж, Г.Од-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, Т.На-, Г.Од- нарт нийт 55.330.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Са- нь хохирогч Г.Од-аас 10.000.000 төгрөг залилан мэхэлж аваагүй, уг үйлдэл нь Г.Од- болон О.Ам- нарын хооронд үүссэн иргэд хоорондын зээлийн харилцаа гэж дүгнэн тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Са-ыг бусдыг залилан мэхэлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар үлэмж хэмжээний буюу 45.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд О.Са- болон Т.На-, Г.Од- нар, түүнчлэн бусад оролцогчдын хооронд үүссэн харилцааны санаа зорилго, маргааны бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, уг харилцаа  залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх, тийм бол бодит хохирол хэнд, ямар хэлбэрээр учирсан, эсхүл иргэний эрх зүйн харилцааны гүйцэтгэл сунжирснаас улбаатай маргааны шинжтэй эсэх талаар хэргийн үйл баримтын агуулгыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нэг мөр тогтоолгүйгээр О.Са-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хэрэгт авагдсан харилцан зөрүүтэй баримтыг үнэлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН