Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00824

 

 

Д.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 730 194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч, түүний өмгөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013 онд хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 9 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээнд заагаагүй үндэслэлээр 15 хувийг буюу 1 153 463 төгрөгийг  суутган авч үлдсэн. Гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 153 463 төгрөг, алданги 576 731 төгрөг, нийт 1 730 194 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Хэрэгт авагдсан баримтаар 2013.04.05-ны өдөр 3 604 000 төгрөгөөс 631 980 төгрөг, 04.08-ны өдөр 1 070 000 төгрөгөөс 145 401 төгрөг, 05.03-ны өдөр 1 019 890 төгрөгөөс 127 184 төгрөг, түүнчлэн 82 350 төгрөгийн ажлаас 14 803 төгрөг, 2013.07.09-ний өдөр 943 645 төгрөгөөс 167 667 төгрөг суутгасан гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013.04.03-ны өдөр гэрээ байгуулж,Ногоон төгөл хотхоны барилгын 4 дүгээр блокын 3 давхрын А-Е айлын ханын плита 5 580 000 төгрөг, шалны плита 1 470 000 төгрөг, ОО-ийн хананы шавар 1 040 000 төгрөг, нийт 8 090 000 төгрөгийн ажил хийхээр болсон. Гэвч ажил гүйцэтгэх явцад гэрээнд заагдаагүй нэмэлт ажлууд хийгдэж нийт 9 352 910 төгрөг болсон ба үүнээс 935 291 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгаж, ажил гүйцэтгэгч нар ажлын явцад ажлаа орхиж явдаг тул 15 хувь хувь буюу 1 153 463 төгрөгийг суутгаж,  8 199 447 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Гэрээнд тусгагдаагүй ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн тохиолдолд заавал гэрээнд нэмэлт оруулах эсвэл шинээр гэрээ байгуулах ёстой байсан тул  өмнө нь байгуулсан гэрээний алдангийн талаарх зохицуулалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, уг нэмж хийсэн ажлуудыг хавтаст хэрэгт авагдсан баримттай тулгаж үзвэл 1 147 000 төгрөгийн ажлыг гэрээгээр тохирохгүйгээр гүйцэтгэсэн. Иймд 1 153 463 төгрөгийг төлөхөд татгалзахгүй бөгөөд алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Г ХХК-иас 1 730 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 576 731 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг бүрэн судлан үзээгүй, түүнд зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Д.Ч нь хариуцагчид 8 090 000 төгрөгийн ажил хийхээр бичгээр тохиролцож, 1 368 600 төгрөгийн ажлыг бичгийн гэрээгүй нэмж хийсэн. Нийт гүйцэтгэл 9 352 910 төгрөг болсноос хариуцагч нь 7 264 156 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 935 291 төгрөгийг хувь хүний орлогын албан татаварт суутган үлдэгдэл 1 153 463 төгрөгийг өгөхөөр болсон байдаг. Шүүхтайлбар, нотлох баримтыг буруу үнэлж буруу шийдвэр гаргасан. Үлдэгдэл төлбөр, гэрээнд тусгагдаагүй ажилд алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 576 731 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын бичгийн болон аман гэрээгээр хийгдсэн ажлын үр дүн, түүнд тохирсон хөлсний хэмжээ, анзын тооцоо зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч “Гангар инвест” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 153 463 төгрөг, гэрээний 11.2-т зааснаар анз 576 731 төгрөг нийт 1 730 194 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “анзыг төлөх үүрэггүй” гэж маргажээ. /хх1-3, 5-7/

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2013/04/03/02 тоот гэрээний дагуу Ногоон төгөл хотхоны 4 дүгээр блокын 3, 8, 13 дугаар давхарын А-Е айлуудын 00-н хана, шалны плита болон тагтны босго плита наах, бунхан, 00-н хананы дэвсгэр шавардлага зэрэг ажлыг нийт 8 090 000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр тохирч, хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн, мөн бичгийн гэрээгүйгээр тодорхой хэмжээний нэмэлт ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь бичгийн болон амаар байгуулсан гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 1 151 463 төгрөгийг суутган авч үлдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-5-9, 18, 43-62/

Хариуцагч нь “ нэхэмжлэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй” гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй. Талууд 2018 онд гэрээг эцэслэн дүгнэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд нийт 8 090 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх, хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд анз тооцох бичгийн гэрээтэй байсан, нэхэмжлэгч бичгийн гэрээтэй болон гэрээгүйгээр нийт 9 352 910 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, өөрөөр хэлбэл 1 262 910 төгрөгийн ажил бичгийн гэрээгүй гүйцэтгэсэн, хариуцагч 7 264 156 төгрөгийн ажлын хөлс төлж, 1 153 463 төгрөгийг суутгаж авч үлдсэн үйл баримтад маргаагүй./хх-110/

 

Мөн талууд дараах тооцоонд маргаагүй байна. Үүнд : Нийт хийсэн ажлын хөлс 9 352 910 төгрөгөөс, хариуцагчийн төлсөн 7 264 156 төгрөгийг хасахад 2 088 754 төгрөг үлдэх бөгөөд үүнээс хувь хүний орлогын албан татварт 935 291 төгрөгийг суутгаж, 1 153 463 төгрөг хариуцагчид үлдсэнд маргаагүй.

 

Талууд гагцхүү 1 153 463 төгрөгийн 50 хувь буюу 576 731 төгрөгийн анз тооцох эсэхэд маргаж байна. Хариуцагч хэдийгээр 1 262 910 төгрөгийн ажил бичгийн гэрээгүй хийгдсэн тул анз төлөхгүй гэж маргаж байгаа ч дээрх 1 153 463 төгрөгийг хариуцагч үндэслэлгүйгээр суутган авч, хугацаа хэтрүүлэн төлөхгүй байгаа зөрчлийг гаргахдаа анз тооцох үндэслэлгүй бичгийн гэрээгүй ажлын хөлснөөс 172 050 төгрөгийг суутгасан бусад анз тооцох тохиролцоотой ажлын хөлснөөс суутгасан болох нь бичгийн баримтаар нотлогдож байна гэж үзлээ. Иймд 86 025 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 644 169 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгчийн “ хариуцагч 1 153 463 төгрөгийн өглөгтэй болох нь Гангар инвест ХХК-ийн ахлах инженер Ц.Мягмардорж, Ш.Улаан нарын болон санхүүгийн албаны тодорхойлолтоор нотлогдоно, ажлын үр дүнд гологдол гараагүй, гэрээний 11.2-т анз тооцохоор тохиролцсон, гэрээнд заагдаагүй үндэслэлээр 1 153 000 төгрөгийг суутган авч саатуулсан” зэрэг тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /хх-109/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг нь агуулгын хувьд зөв болсон гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал гэрээнд заагдаагүй ажлын хөлснөөс 172 050 төгрөгийг суутгасан гэх тайлбарыг өгсөн ба үүний 50 хувь нь 86 025 төгрөг байна. /хх-114/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 1 644 169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86 025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ” гэж, 2 дахь заалтын “42 650 төгрөг гаргуулж” гэснийг “41 256 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД