Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00242

 

Д.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00774 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 824 дүгээр магадлалтай,

Д.Чийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-д холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг 1 153 463 төгрөг, алданги 576 731 төгрөг, нийт 1 730 194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд хариуцагч “Г” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 9 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээнд заагаагүй үндэслэлээр 15 хувийг буюу 1 153 463 төгрөгийг суутган авч үлдсэн. Гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 153 463 төгрөг, алданги 576 731 төгрөг, нийт 1 730 194 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Хэрэгт авагдсан баримтаар 2013.04.05-ны өдөр 3 604 000 төгрөгөөс 631 980 төгрөг, 04.08-ны өдөр 1 070 000 төгрөгөөс 145 401 төгрөг, 05.03-ны өдөр 1 019 890 төгрөгөөс 127 184 төгрөг, түүнчлэн 82 350 төгрөгийн ажлаас 14 803 төгрөг, 2013.07.09-ний өдөр 943 645 төгрөгөөс 167 667 төгрөг суутгасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013.04.03-ны өдөр гэрээ байгуулж, Ногоон төгөл хотхоны барилгын 4 дүгээр блокийн 3 давхрын А-Е айлын ханын плита 5 580 000 төгрөг, шалны плита 1 470 000 төгрөг, ОО-ийн хананы шавар 1 040 000 төгрөг, нийт 8 090 000 төгрөгийн ажил хийхээр болсон. Гэвч ажил гүйцэтгэх явцад гэрээнд заагдаагүй нэмэлт ажлууд хийгдэж нийт 9 352 910 төгрөг болсон ба үүнээс 935 291 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгаж, ажил гүйцэтгэгч нар ажлын явцад ажлаа орхиж явдаг тул 15 хувь хувь буюу 1 153 463 төгрөгийг суутгаж, 8 199 447 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Гэрээнд тусгагдаагүй ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн тохиолдолд заавал гэрээнд нэмэлт оруулах эсвэл шинээр гэрээ байгуулах ёстой байсан тул өмнө нь байгуулсан гэрээний алдангийн талаарх зохицуулалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, уг нэмж хийсэн ажлуудыг хавтаст хэрэгт авагдсан баримттай тулгаж үзвэл 1 147 000 төгрөгийн ажлыг гэрээгээр тохирохгүйгээр гүйцэтгэсэн. Иймд 1 153 463 төгрөгийг төлөхөд татгалзахгүй бөгөөд алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00774 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Гангар-Инвест” ХХК-иас 1 730 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 824 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Гангар-Инвест” ХХК-аас 1 644 169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чт олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86 025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “42 650 төгрөг гаргуулж” гэснийг” 41 256 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь алданги болох 576 731 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас шүүх нь энэхүү алдангийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн. Энэхүү үндэслэлийг давж заалдах шатны шүүх гаргахдаа “...Хариуцагч хэдийгээр 1 262 910 төгрөгийн ажил бичгийн гэрээгүй хийгдсэн тул анз төлөхгүй гэж маргаж байгаа ч дээрх 1 153 463 төгрөгийг хариуцагч үндэслэлгүйгээр суутган авч, хугацаа хэтрүүлэн төлөхгүй байгаа зөрчлийг гаргахдаа анз тооцох үндэслэлгүй, бичгийн гэрээгүй ажлын хөлснөөс 172 050 төгрөгийг суутгасан, бусад анз тооцох тохиролцоотой ажлын хөлснөөс суутгасан болох нь бичгийн баримтаар нотлогдож байна гэж үзлээ...” гэжээ.

Иргэн Д.Ч болон “Г” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №2013/04/03/02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар “...Гэрээнд заасан ажлын хэмжээнд өөрчлөлт орсон ижил төрлийн ажлыг шинээр нэмж хийх зэрэг нөхцөлд тухай бүр 2 тал гэрээнд нэмэлт хийж байна. Энэхүү нэмэлт болон нэмэлтээр баталсан хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэн болно...” хэмээн заасан юм. Өөрөөр хэлбэл гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд түүнийг батлах ёстой гэж тодорхойлсон байхад шүүгч нь хэлбэрийн шаардлага тавиагүй, харин нэмж гүйцэтгэх ажлыг хавсралтаар тохирч болох ажээ гэж үзэж байгаагаас харахад шүүгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний энэхүү хэсгийг бүрэн судлан үзээгүй, түүнд зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн талуудын байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч Д.Ч нь захиалагч “Г” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн ажлыг 8 090 000 төгрөгөөр хийхээр тохирсон байдаг. /х.х-5/

Дээрх ажлуудыг гүйцэтгэгч Д.Ч нь хийж гүйцэтгэх байтал гэрээнд тусгагдаагүй 4, 5, 6 дугаар давхаруудын А, Б, В, Г, Д, Е айлуудын ванны өрлөг плитаны ажил ногдох үнийн дүн 400 000 төгрөг /х.х-58/, мөн байрны 7, 5, 1, 9, 10, 14, 11 давхаруудын холбогдох айлуудад хийсэн ванны өрлөг, плита, хана, шалны плита, салхивчны өрлөг, салхивчны шавар, тагтны плитаны ажил ногдох үнийн дүн 408 600 төгрөг /х.х-60/, 6 дугаар давхарын А, Б, В, Д, Е айлуудын тагтны плитаны ажил ногдох үнийн дүн 480 000 төгрөг /х.х-62/, нийт 1 288 600 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн нь хэрэгт өгсөн нотлох баримт болох төлбөрийн даалгаварууд болон ажлыг дүгнэсэн гүйцэтгэлийн актууд дээр тодорхой байдаг.

Өөрөөр хэлбэл Д.Ч нь гэрээнээс гадуур нэмэлт ажил хийсэн бөгөөд №2013/04/03/02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” болон дээрх гэрээнд тусгагдаагүй ажлын нийт гүйцэтгэл нь 9 352 910 төгрөг болсноос “Г” ХХК нь 7 264 156 төгрөгийг Д.Чт олгож, 935 291 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан бөгөөд нийт 8 199 447 төгрөгийг бүрэн төлсөн байна.

Харин үлдэгдэл 1 153 463 төгрөгийн хувьд хэдийгээр гэрээнд 15 хувийг суутган авахаар заагаагүй ч тус компани нь аливаа ажлыг гүйцэтгүүлэхдээ гүйцэтгэгч нартаа амаар харилцан тохиролцож ажлаа бүрэн хийж дуусах хүртэл тус суутгалыг суутган авч, ажлаа бүрэн хүлээлгэн өгсний дараагаар 15 хувийг буцаан олгодог байсан. Үүний дагуу Д.Чийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээс 15 хувийг суутгаж байсан бөгөөд ажлаа бүрэн хийж, тооцоо нийлэх үед санхүүгийн албанаас гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлснөөс гадна илүү төлбөр төлсөн байна. Энэ нь гэрээнд заасан ажлаас гадна нэмэлт ажил хийсэн тул гэрээний дагуу нэмэлт гэрээг байгуулсны дараа үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтойг илэрхийлсэн байдаг.

Гэтэл шүүгч нь дээрх нотлох баримтуудыг судлахдаа “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй юм” гэж тодорхойлсон мөртлөө “...Түүнчлэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг нь агуулгын хувьд зөв болсон гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал гэрээнд заагдаагүй ажлын хөлснөөс 172 050 төгрөгийг суутгасан гэх тайлбарыг өгсөн ба үүний 50 хувь нь 86 025 төгрөг байна...” хэмээн нэхэмжлэгчийн бодит байдалд нийцэхгүй худал, үндэслэлгүй тайлбарыг үндэслэн хэрэгт авагдсан баримтыг судлан үзэлгүйгээр хуульд нийцээгүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх ёстой гэсэн заалтыг үндэслэн дээрх үлдэгдэл төлбөрт буюу гэрээнээс гадуур, гэрээнд тусгагдаагүй ажилд “Г” ХХК нь алданги төлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 824 дүгээр магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчид төлөх гэж шийдвэрлэсэн 1 644 169 төгрөгийн дүнгээс алданги болох 490 706 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хасч, хариуцагчийн төлөх төлбөрийг 1 153 463 төгрөг болгон, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ч нь “Г” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг 1 153 463 төгрөг, алданги 576 731 төгрөг, нийт 1 730 194 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн төлбөрийг алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 664 169 төгрөгийг гаргуулж, үлдэх 86 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Зохигч 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №2013/04/03/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч Д.Ч захиалагч компанийн барьж буй Ногоон төгөл хотхоны  4 дүгээр блокийн 3, 8, 13 дугаар давхрын А-Е айлуудын 00-н өрөөний хана, шалны плита болон тагтны босго, плита наах, бунхан, 00-н хананы дэвсгэр шавардлага зэрэг ажлыг гэрээнд заасан хугацаанд чанартай, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч “Г” ХХК ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээт ажлын хөлсийг 8 090 000 төгрөг гэж тохиролцсон байна.

 Гүйцэтгэгч гэрээнд зааснаас гадна гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг хийснээр нийт  9 352 910 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлснөөс 1 153 463 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх тус тус үүрэгтэй,  хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.3. дахь заалтад тус тус зохицуулжээ.

    Талуудын хооронд байгуулсан гэрээний 11.2-т захиалагч санхүүжилтийг хугацаа хожимдуулж хийсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ.  

  Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг гэрээнд заасныг үндэслэн алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа гүйцэтгэгчийн гэрээгүйгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 172 050 төгрөгт алданги тооцож гаргуулсныг давж заалдах шатны шүүх засч, дээрх үнийн дүнд ногдох алданги 86 025 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Хариуцагч “Г” ХХК гэрээнд заасан графикийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгохдоо тухай бүрт 15 хувийг суутган үлдээж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул үлдэгдэл 1 153 463 төгрөг бүхэлдээ гэрээгээр тохироогүй, нэмэлт ажлын хөлс тул алданги төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 824 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД