Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 774

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/00774

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч-ийн гаргасан,

 

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

 

1,730,194.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2013 онд хариуцагч Г ХХК-ийн барьсан “*******” орон суууцны барилгын ажилд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээг тус компанитай байгуулж, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 9,000,000.00 төгрөг авахаар болсон. Гэвч хариуцагч тал гэрээнд заагаагүй үндэслэлээр 15 хувийг суутган авч, оршин суугчдаас гомдол гаргаагүй тохиолдолд буцаан өгдөг байсан.

 

Одоо нэхэмжилж буй 1,153,463.00 төгрөг бол суутган авч үлдсэн төлбөр бөгөөд намайг тухайн үед авах хүсэлт гаргахад барилгын ажилтай холбоотой гомдол гаргах 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байна гэсэн. Ингээд уг хугацаа дууссаны дараа дахин хариуцагч байгууллагад хандахад мөнгө байхгүй гэсэн. Үүний дараа 2018 оны 01 дүгээр сард нэхэмжлэхэд тус компанийн гүйцэтгэх захирал Э нь мөнгийг олгохоор шийдвэрлэсэн юм.

 

Гэтэл санхүүгийн алба нь мөнгө өгөөгүй, манайд одоохондоо мөнгө байхгүй гэсэн. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,153,463.00 төгрөг, алданги 576,731.00 төгрөг, нийт 1,730,194.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3,604,000.00 төгрөгөөс 631,980.00 төгрөг, 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,070,000.00 төгрөгөөс 145,401.00 төгрөг, 05 дугаар сарын 03-ны өдөр 1,019,890.00 төгрөгөөс 127,184.00 төгрөг, түүнчлэн 82,350.00 төгрөгийн ажлаас 14,803.00 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 943,645 төгрөгөөс 167,667.00 төгрөг, нийт 1,087,055 төгрөгийг суутгасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр нэмж ажил гүйцэтгээгүй, суутгасан төлбөрүүдийн үлдэгдэл нь 1,153,463.00 төгрөг юм” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Талууд 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, хавтаст хэргийн 5 дугаар талд заасан 8,090,000.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал “*******”-ы барилгын 4 дүгээр блокын 3 давхрын А-Е айлын ханын плита 5,580,000.00 төгрөг, шалны плита 1,470,000.00 төгрөг, ОО-ийн хананы шавар 1,040,000.00 төгрөг, нийт 8,090,000.00 төгрөгийн ажил хийхээр болсон.

 

Гэвч ажил гүйцэтгэх явцад гэрээнд заагдаагүй нэмэлт ажлууд хийгдсэн, энэ нь нийт 9,352,910.00 төгрөг болсон ба үүнээс 935,291.00 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгаж, ажил гүйцэтгэгч нар ажлын явцад ажлаа орхиж явдаг тул 15 хувь хувь буюу 1,153,463.00 төгрөгийг суутгаж авсан. Бид, нийт 7,264,156.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг.

 

Хүн амын орлогын албан татварыг манай компаниас төлж 8,199,447.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Гэрээнд тусгагдаагүй ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн тохиолдолд заавал гэрээнд нэмэлт оруулах эсвэл шинээр гэрээ байгуулах ёстой.

 

Гэтэл талууд гэрээнд тусгагдаагүй ажлын талаар тухайлан гэрээ байгуулаагүй учраас өмнө нь байгуулсан гэрээний алдангийн талаарх зохицуулалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, уг нэмж хийсэн ажлуудыг хавтаст хэрэгт авагдсан баримттай тулгаж үзвэл 1,147,000.00 төгрөгийн ажлыг гэрээгээр тохирохгүйгээр гүйцэтгэсэн байна.

 

Иймд, 1,153,463.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй бөгөөд алданги төлөх үндэслэлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч Чоос хариуцагч Г ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,730,194.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч болон хариуцагч Г ХХК нар 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал хариуцагчийн барьж буй “*******” орон сууцны барилгын ажилд уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохирчээ /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Тодруулбал, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар нэхэмжлэгч нь дараах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. Үүнд:

 

  • 4-р блокын 3-р давхрын А, В-Е айл, 8, 13-р давхрын А-В айлын 00 өрөөний ханын плита наах ажлыг 5,580,000.00 төгрөгөөр,
  • 4-р блокын 3-р давхрын А, В-Е айл, 8, 13-р давхрын А-В айлын 00 өрөөний шалны плита, бунхан, босго плита наах ажлыг 1,470,000.00 төгрөгөөр,
  • 4-р блокын 3-р давхрын А, В-Е айл, 8, 13-р давхрын А-В айлын 00 өрөөний ханын дэвсгэр шавар хийх ажлыг 1,040,000.00 төгрөг, нийт 8,090,000.00 төгрөг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч талд хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн ажлыг зөвхөн нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр ажлын үр дүнг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 9 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч нь гэрээнд заасан эдгээр ажлыг өөрийн биеэр шинээр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч нь тус гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлөх, ингэж төлөхдөө 15 хувийг суутгаж, дараагийн хуваарьт ажлыг хийж гүйцэтгэсний дараа ямар нэгэн доголдол илрээгүй бол өгдөг байжээ.

 

 Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж, мөн 346 дугаар зүйлийн 346.1.-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж, түүнчлэн 346.2.-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зохигчид гэрээнд заасан 00 өрөөний ханын болон шалны плита наах, дэвсгэр шавар тавих, бунхан, босго плита наах зэрэг ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохирсон ба хариуцагч тал ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үед төлөхдөө энэ хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-д “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасны дагуу гагцхүү татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хөлсийг төлдөг байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн үүргээ заасан ажлыг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэх учиртай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г ХХК-ийн барилгын инженер ******* нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Чийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, улмаар ямар нэгэн доголдолгүй гэсэн бичиг үйлдсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “би гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан Г ХХК-ийн баримтаар нэхэмжлэгч Чт төлбөл зохих төлбөрийн үлдэгдлийг 1,151,463.00 төгрөг гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нийт 8,090,000.00 төгрөгөөс 6,938,537.00 төгрөгийг хүлээн авч, харин 1,151,463.00 төгрөгийг аваагүй гэсэн /х.х-ийн 10 хуудас/.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг компаниас нэхэмжлэгчид нийт 7,264,1546.00 төгрөгийг төлсөн боловч талууд 8,090,000.00 төгрөг дээр нэмж 1,262,910.00 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн, үүнээс 7,264,1546.00 төгрөгийг төлсөн ба дутуу буюу 1,151,463.00 төгрөгийн 1,147,000.00 төгрөгт ногдох ажлыг гэрээгээр тусгайлан тохиролцоогүй учраас алдангийн зохицуулалт хамаарахгүй хэмээн мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г ХХК-иас нэхэмжлэгч Чт 7,264,1546.00 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал нэмж 1,262,910.00 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй /х.х-ийн 48, 50, 51, 52, 55, 57, 59, 61 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, улмаар түүнд төлөх төлбөрийг тохирсон төлбөр тооцооны баримтыг жагсаавал:

 

  • 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар 4,681,390.00 төгрөгийн ажлаас хүн амын орлогын албан татварт 468,139.00 төгрөгийг төлж, 609,233.00 төгрөгийг суутгаж, 3,604,018.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн баримтаар хүн амын орлогын албан татварт 107,705.00 төгрөгийг төлж, 160,910.00 төгрөгийг суутгаж, 808,435.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн баримтаар 1,019,890.00 төгрөгийн ажлаас хүн амын орлогын албан татварт 101,989.00 төгрөгийг төлж, 127,184.00 төгрөгийг суутгаж, 790,718.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар 109,806.00 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлж, 16,470.00 төгрөгийг суутгаж, 82,350.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн баримтаар 750,000.00 төгрөгийн ажлаас 75,000.00 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлж, 675,000.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн баримтаар 1,234,780.00 төгрөгийн ажлаас хүн амын орлогын албан татварт 123,478.00 төгрөгийг төлж, 167,667.00 төгрөгийг суутгаж, 943,635.00 төгрөгийг төлөх,
  • 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн баримтаар 480,000.00 төгрөгийн ажлаас 48,000.00 төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлж, 72,000.00 төгрөгийг суутгаж, 360,000.00 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 47-62 хуудас/.

 

Үүнээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс суутгасан дүнгийн нийлбэр нь нийт 1,151,463.00 төгрөг болсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг төлбөрийг төлөхөөс татгалзаагүй хэдий ч 1,147,000.00 төгрөгт ногдох ажлыг гэрээгээр тохиролцоогүй тул алданги төлөх үндэслэлгүй гэсэн.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.-т зааснаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Тайлбарлавал, хэрэв талууд 1,151,463.00 төгрөгийг төлөөгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд тухайлан заагаагүй бол нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй юм.

 

Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан баримтад дурдсанаар нэхэмжлэгчид төлбөл зохих 1,151,463.00 төгрөгөөс 1,147,000.00 төгрөгт ногдох ажлыг талуудын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой заагаагүй боловч уг 1,151,463.00 төгрөгийн төлбөрт алдангийн талаарх зохицуулалт хамаарна.

 

Учир нь, энэхүү ажил гүйцэтгэх гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.-д зааснаар зохигчид гүйцэтгэх ажлын хэмжээнд өөрчлөлт орсон ижил төрлийн ажлыг шинээр нэмж хийх зэрэг нөхцөлд тухай бүр гэрээнд нэмэлт хийж байхаар тохиролцсон байх хэдий ч үүнд хэлбэрийн шаардлага тавиагүй, харин нэмж гүйцэтгэх ажлыг хавсралтаар тохирч болох ажээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д заагаагүй ажлыг хийж гүйцэтгэх тохиолдолд заавал бичгээр шинэ гэрээ байгуулахаар тохироогүй бөгөөд тухайн нэмж гүйцэтгэх ажлыг хавсралтад тусгаснаар гэрээний салшгүй хэсэг болох агуулгатай байна. Энэ нь, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцэх бөгөөд зохигчид 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д заасан болон заагаагүй нэмэлт ажлыг тухай бүр хавсралтад тусгаж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, төлбөр тооцоог баталгаажуулж байсан байна.

 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан алдангийн талаар тусгайлан тохироогүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул төлөөгүй үлдсэн 1,151,463.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцох үлдэслэлтэй юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Чийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ямар нэгэн доголдол илрээгүй тохиолдолд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.-т заасны дагуу тухайн сарын 15, 30, 31-ний өдрүүдэд төлбөрийг төлдөг байжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч тал 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүрэн хүлээн авч, улмаар доголдолгүй гэсэн байх тул 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна /1,151,463x.0.3%=3,454 /1 өдрийн алданги/, 3,453x1490=5,144,970/.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу бий болсон үүргийн талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байдаг.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.-д тус тус зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх тус хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

 

Гэвч хариуцагч Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,151,463.00 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй тохиолдолд олгохоор шийдвэрлэсэн байгаагаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй /х.х-ийн 4, 23 хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,730,194.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Г ХХК-иас 1,730,194.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чт олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,650.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,650.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР