Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1370

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

   Дугаар 101/ШШ2019/01370

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ны гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

30,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, өмгөөлөгч Х, хариуцагч М, өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие өөрийн хамаатны эзэмшлийн 584 м.кв талбайтай газрыг хамтран худалдахаар зар тавьсан бөгөөд уг зарын дагуу “Сод монгол групп” ХХК-ийн салбарын захирал М гэх хүн надтай холбогдон манай компани шатахуун түгээх станц барих гэж байгаа тул чиний газрыг сонирхож байна гэсэн. Гэвч дараа нь бид авах боломжгүй болсон, харин газрыг чинь би өөрийнхөө найзад 100,000,000.00 төгрөгөөр зарахаар болсон тул чи надад асуудалгүй 30,000,000.00 төгрөгийг өгөөрэй гэсэн юм.

 

Ингээд А гэх хүн тухайн газрыг худалдан авахаар болж, бид хоёр нотариат дээр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан ба газрын үнэ 100,000,000.00 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь өөрийн дансаар 80,000,000.00 төгрөг, 20,000,000.00 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь дансаар авч, үүнээс 30,000,000.00 төгрөгийг хариуцагч Мын дансанд шилжүүлсэн.

 

Гэтэл хэсэг хугацааны дараа худалдан авагч А-с газрын дор шугам, сүлжээ байгаа учраас газрын эрх шилжих боломжгүй юм байна, наймаагаа буцаая гэсэн гомдол гаргаж, үүнээс болж бид нар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Гэвч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч миний бие 100,000,000.00 төгрөгийг буцаан өгөхөөр болсон.

 

Энэ талаар хариуцагч Мад “чи авсан 30,000,000.00 төгрөгийг буцааж өг” гэж хэлэхэд тэрээр “би Атай найзууд учраас дундаас нь мөнгө авсан гэвэл хүн чанаргүй юм болно, би чамд 30,000,000.00 төгрөгийг чинь өгье, харин чи Ат битгий хэлээрэй, би асуудалгүй өгнө” гэсэн. Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгийг буцааж өгөөгүй байна.

 

Би, худалдан авагч А-тай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу түүнд 60,000,000.00 төгрөгийг өгсөн, одоо 30,000,000.00 төгрөгийг хариуцагчаас авч өгөх ёстой. Баянзүрх дүүргийн газрын албанаас газрын эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн тул А худалдаж аваагүй, намайг та нар хуурсан гэж шүүхэд хандсан. Уг иргэний хэрэг хянан шалгагдаж байхад хариуцагч М нь “намайг хэрэгт битгий оролцуулаач, би мөнгөө удахгүй өгнө” гэж хэлж байсан.

 

Нэхэмжлэгч О, худалдан авагч А нарын хоорондын гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудал яригдаж байна. Хариуцагч Мын авсан 30,000,000.00 төгрөгийг түүнээс гаргуулахгүй бол нэхэмжлэгч талд хохиролтой. Хариуцагч тал иргэн хүн учраас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд биш, түүнд зуучлалын хөлс авах эрх байхгүй. 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлах харилцаа үүсээгүй. Бид, энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст залилангийн хэрэг гэж хандсан боловч цагдаагийн байгууллагаас иргэний хэрэг маргаан гэсэн хариу өгсөн. Хариуцагч Мын тайлбарт “маргаан үүссэн тухай 2018 оны 12 дугаар сард буюу 7 сарын дараа мэдсэн” гэжээ. Гэвч тэрээр үүнийг аль эрт мэдсэн, үүнийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотолно.

 

Иймд, хариуцагчаас 30,000,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Отой танилцсан. Түүний худалдах гэж байсан газрын хэмжээ “Сод монгол групп” ХХК-ийн сонирхож байсан хэмжээнд хүрэхгүй байсан. Гэрч буюу худалдан авагч А нь манай байгууллагаас сервис түрээслэдэг бөгөөд миний бие нэхэмжлэгчийг түүнтэй уулзуулж, газрыг худалдахад зуучилж өгсөн.

 

Анх намайг нэхэмжлэгчид түүний газрыг худалдан авах этгээдэд зуучилж өгөхөд 30,000,000.00 төгрөгийг өгөх үү гэхэд тэрээр за гэсэн тул А-тай уулзуулсан. Ингээд тэд худалдах, худалдан авах гэрээний үнийг 100,000,000.00 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгчээс надад зуучлалын хөлс гэж 30,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн.

 

Гэтэл хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч тал надад газар худалдах, худалдан авах тухай гэрээнээсээ буцсан талаар хэлэхэд би “та нар жоохон хүүхдүүд биш өөрсдөө учраа ол” гэсэн. Одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би газар худалдан авах хүн олж өгч, зуучлалын хөлсөө авсан.

 

Энэ хэрэгт талуудын хүсэл зориг юу байсан гэдэг нь их чухал. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О, хариуцагч М нарын хооронд ямар харилцаа болсон бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжаас харахад нэхэмжлэгчид иргэн Э-ийн нэр дээрх эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх сонирхол байсан. Тэгэхээр хариуцагч М нь газар эзэмших эрхийг худалдаж авах сонирхолтой этгээдийг олж өгөхөөр тохиролцсон байна. Үүний дагуу ч нэхэмжлэгч О нь 584 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг А-т худалдаж, 70,000,000.00 төгрөгийг өөртөө авч, зуучлалын хөлсөнд 30,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгчээ.

 

Зуучлагчийн үүрэг нь хоорондоо сонирхол бүхий иргэдийг холбож өгснөөр дуусгавар болж, хөлс авах эрхтэй болно. Энэ талаар Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д тодорхой зохицуулсан бөгөөд заавал бичгээр гэрээ байгуулахыг шаардахгүй.

 

Зуучлагч этгээд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газартай холбоотой хэлцлийн үр дагаварыг хариуцахгүй, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч тал тогтоогоогүй байна.

 

Нөгөө талаар худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тохиолдолд зуучлалын гэрээ мөн адил цуцлагдахгүй, яагаад бэ гэвэл зуучлагч этгээд үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон тул талуудын хоорондын гэрээнээс үүсэх үр дагавар хариуцагч Мад хамааралгүй, тэрээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учраас 30,000,000.00 төгрөгийг авсан.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад          

  ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ооос хариуцагч Мад холбогдуулан 30,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2018/02713 тоот захирамжаар нэхэмжлэгч А-ийн гаргасан хариуцагч Э, О нарт холбогдох 100,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчид эвлэрсэн учраас талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 8, 9 хуудас/.

 

Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн гэрчийн мэдүүлгээр гэрч А нь нэхэмжлэгч Отой *******,*******,*******д байршилтай 584 м.кв талбайтай, ******* тоот гэрчилгээний дугаартай 15 жилийн хугацаатай газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч тухайн газар дор ус, дулааны шугам байсан гэсэн үндэслэлээр эзэмших эрхийг төрийн эрх бүхий байгууллагаас худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээс татгалзсан учраас тийнхүү тэрээр худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, өгсөн болон авсан зүйлээ харилцан буцаах нэхэмжлэлийг харъяа шүүхэд гаргажээ.

 

Ингээд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, хариуцагч Э, О нар нэхэмжлэлийн шаардлага болох 100,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэл нийт 4 сарын хугацаанд сар бүр 10,000,000.00 төгрөгийг төлөх нөхцөлөөр эвлэрсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Оы “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансанд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрч А-с 80,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн бол үлдэх 20,000,000.00 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь тоот дансаар авсан хэмээн тайлбарласан ба үүнээс 30,000,000.00 төгрөгийг мөн энэ өдөр хариуцагч Мын “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн байна /х.х-ийн 11, 21 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр Э-ийн хамт *******,*******,*******д байршилтай 584 м.кв талбайтай, ******* тоот гэрчилгээний дугаартай 15 жилийн хугацаатай газрын эзэмших эрхийг бусдад худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан бөгөөд хариуцагч Мын ажилладаг байсан “Сод Монгол групп” ХХК-ийн зүгээс уг газрын эзэмших эрхийг худалдан авахаар ярилцаж байсан хэдий ч худалдан авахаас татгалзсан байна.

 

Гэвч хариуцагч М нь тус газрын эзэмших эрхийг худалдан авах сонирхолтой этгээд болох гэрч А-г нэхэмжлэгч буюу худалдагч Отой холбож, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд 30,000,000.00 төгрөгийг авахаар тохирчээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Мын “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансанд 30,000,000.00 төгрөгийг “584 м.кв талбайтай газар зуучилсны хөлс” хэмээн төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 46 хуудас/.

 

  Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч О болон хариуцагч М нар бие биеэ таньдаггүй бол, харин гэрч А, хариуцагч М нар танилууд бөгөөд хариуцагч тал гэрчид дээр дурдсан газрын эзэмших эрхийг худалдан авахыг санал болгосон байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 410.2.-т “Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэг талаас 584 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг худалдах хүсэлтэй нэхэмжлэгч О, нөгөө талаас тухайн газрын эзэмших эрхийг худалдан авах сонирхолтой гэрч А нарыг холбож, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан тохиолдолд хөлс шаардах эрхтэй хариуцагч Мын хүлээх эрх, үүргийг ийнхүү зохицуулсан ба хариуцагч тал гагцхүү эдгээр этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдах завшааныг бий болгох учиртай.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Мыг нэхэмжлэгч О болон гэрч А нарыг холбосон болон талуудын хооронд уг газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд, хариуцагч М нь нэхэмжлэгч Отой зуучлалын гэрээ байгуулсан зуучлагч этгээд байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно.    ..................хуулиар тогтооно” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар зохигчид хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулга болон гол нөхцлийг тодорхойлох эрхтэй бөгөөд Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд уг зуучлалыг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамруулаагүй байх тул хариуцагч М нь гэрээ, хэлэлцээр байгуулах сонирхолтой талуудыг энгийн зуучлалын хэлбэрээр зуучилж, хөлс авах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэрч Атай байгуулсан газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 100,000,000.00 төгрөгийг буцаан өгөхөөр болсон учраас хариуцагч Мад өгсөн 30,000,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй” гэсэн.

 

Гэвч Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлагч нь хэлэлцэн тохиролцсон худалдагч, аль эсхүл худалдан авагчийн ашиг сонирхлын төлөө түүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах этгээдийг олж, холбож өгөх үүргийг хүлээх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч нэг тал биш юм.

 

Тодруулбал, зуучлагч этгээд зөвхөн худалдагч, эсхүл худалдан авагчтай гэрээ, хэлэлцээр байгуулах этгээдийг олох үүргийг хүлээх бөгөөд зуучлуулсан этгээдийн нэгэн адил тухайн худалдах, худалдан авах гэрээний худалдагч, худалдан авагчийн эрх, үүргийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, зуучлагч нь өөрийн эд хөрөнгийг худалдаж буй худалдагч, аль эсхүл худалдан авч буй худалдан авагч биш учраас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1.-д тус тус зааснаар худалдсан эд хөрөнгийн биет болон эрхийн доголдлыг зуучлагч тал хариуцахгүй, гагцхүү тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсанаар түүний үүрэг дуусгавар болдог журамтай.

 

Энэ нь, тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу зуучлагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой бөгөөд зуучлагч нь энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар худалдагч, эсхүл худалдан авагчийн хамтран үүрэг гүйцэтгэгч биш болно.

 

Иймд, нэхэмжлэгч О, Э болон гэрч А нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар тус гэрээг байгуулах завшааныг бүрдүүлсан зуучлалын гэрээ мөн адил цуцлагдах ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж, мөн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

  Тайлбарлавал, хариуцагч М нь гэрээ, хэлэлцээр байгуулах этгээдүүдийг холбох зуучлагчийн хувьд үүргээ шударгаар биелүүлэх ёстой бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэх ёсгүй. Тухайлбал, зуучлагч нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.7 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд буюу худалдан авагч болох гэрч Атай ашиг сонирхол нэг байх, өөрөө худалдан авагч байх, эсхүл өөрийн өмчлөлийн зүйлийг худалдсан байх гэх зэрэг үүргээ шударгаар биелүүлэхэд саад болох ашиг сонирхлын зөрчил үүсгэх учиргүй.

 

Тодруулбал, зуучлагч болох хариуцагч тал өөрөө тухайн газрын эзэмших эрхийг худалдан авсан тохиолдолд түүнийг зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй, мөн худалдан авагч этгээдтэй ашиг сонирхол нэг этгээд байсан бол худалдах, худалдан авах гэрээний үнийг тогтооход шударга бусаар нөлөөлөх гэх зэрэг нөхцөл байдал үүсдэг байна.

 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Аийн “би, Мыг 30,000,000.00 төгрөгийг авсан талаар мэдээгүй, энэ тухай хожим мэдсэн, хэрэв тухайн газрын эзэмших эрх миний нэр дээр шилжсэн тохиолдолд гэрээг цуцлах нэхэмжлэл гаргахгүй байсан, би Отой холбогдож, газрын эзэмших эрхийг 100,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, Маас ямар нэгэн мөнгө аваагүй, өөрөө л үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдаж авсан, ер нь зам дагуу газар 200-300 сая төгрөгийн үнэтэй байдаг” гэж мэдүүлснээс, нэхэмжлэгчийн “худалдан авагч Аийн нэр дээр газрын эзэмших эрх шилжсэн бол нэхэмжлэл гаргахгүй байсан, анх 80,000,000.00 төгрөгөөр худалдах гэж байсан, 70,000,000.00 төгрөгийг хүлээн авснаар худалдах гэж байсан тэрхүү үнээр худалдсан” гэсэн тайлбараас тус тус үзэхэд хариуцагч Мыг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “70,000,000.00 төгрөгөөр худалдах гэж байсныг хариуцагчийн хүсэлтээр 100,000,000.00 төгрөгөөр худалдсанаас миний бие одоо 30,000,000.00 төгрөгийг гэрчид өгч хохирох нөхцөл бүрдүүлсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй ба, харин гэрчийн мэдүүлэгт дурдсанаар худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдагч, худалдан авагч нар тогтоож, үүнээс зуучлагчид 30,000,000.00 төгрөгийг зуучлалын хөлс гэж төлсөн байна.

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.

 

Энэ нь, хэн нэгэн этгээд өөрийн хүсэл зоригийн дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил, өмчлөл үүсгэх бөгөөд дээр дурдснаар ийнхүү эд хөрөнгийг гэрээ, хэлэлцээр болон хуульд заасан үндэслэлээр аваагүй тохиолдолд уг эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрх түүнд үүсэхгүй юм.

 

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Мыг 30,000,00.00 төгрөгийг хууль, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Оы гаргасан хариуцагч Мад холбогдох 30,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР