Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0517/з |
Дугаар | 221/МА2017/0242 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0242
Н.Энхболдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Энхболдын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Мфикс Капитал ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхонд байрлах 44В байрны 110, 123 тоот авто зогсоолуудын Улсын бүртгэлийн Ү-2206014408, Ү-2206013914 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109447, 000107202 дугаартай гэрчилгээг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Н.Энхболдын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Мфикс Капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар авто зогсоолын улсын бүртгэлийн Ү-2206014408, Ү-2206013914 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109447, 000107202 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож тус автозогсоолуудын өмчлөгчөөр Н.Энхболдыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолуудын өмчлөх эрхийг Н.Энхболдын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн тасагт даалгах шаардлага бүхий Н.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Иргэн Н.Энхболдын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгч Н.Энхболд нь ““Иргэний хууль”-ийн 112 дугаар зүйлийн 112.1, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 110.123 тоот автозогсоолуудын үнийг бүрэн төлснөөо тус ул хөдлөх хөрөнгуудийг өмчлөх эрхтэй болсон. Гэвч 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба хариуцагч уг эд хөрөнгө “Мфикс Капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд уг бүртгэлд “Капитрон банк” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй” гэж илтэд үндэслэл муутай дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан өдөр буюу 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр автозогсоолуудын үнэ болох 10,000 ам.долларын төлснөөр үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа автозогсоолуудыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Мфикс Капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаанд бүртгэсэн хариуцагч байгууллагын бүртгэлийг зөвтгөснийг агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт гэж үзэхээс аргагүй юм.
Монгол улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг иргэн, хуулийн этгээд өв болон гэрээний эрх зүйн харилцаанд оролцож олж авах боломжтой байдаг. Гагцхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн хувьд энэхүү эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах тусгай зохицуулалт үйлчилдэг. Харин улсын бүртгэлд өмчлөх эрхтэй этгээд эсхүл эрхгүй этгээд эсэхээс үл хамаарч цаг хугацааны хувьд түрүүлж бүртгүүлсэн этгээдийн хувьд өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байх мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Анхан шатны шүүх Н.Энхболдын үнийг бүрэн төлж, захиалан бариулсан өмч хөрөнгө болох автозогсоолуудыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхгүй этгээд “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагч байгууллагын хууль бус үйлдэлд огт дүгнэлт хийсэнгүй.
Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан 2004 оны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг дараах байдлаар зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байдаг. Үүнд:
1. Тухайн үед уг үл хөдлөх хөрөнгүүдийг “Мфикс Капитал” ХХК өөрийн хөрөнгөөр барьсан эсэх, бүхэлд нь өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь тус журмын 1.2-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаарх нотлох баримтууд нь хоорондоо бие биенээс үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйн ямар нэгэн зөрчилгүй, хууль тогтоомж эрх зүйн актуудтай зөрчилдөөгүй байх зарчмыг баримтлана.”, 1.3-т “3d хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж буй эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аль болох хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдсон байвал зохино.”, 2.1в-д “.. тухайн эд хөрөнгөтэй холбоотой шинээр бүртгүүлэхээр мэдүүлж буй эрх болон өмнө нь бүртгэгдсэн эрхүүд нь эрх зүйн ямар нэгэн зөрчилтэй эсэх, эрхийн улсын бүртгэлд авахаас татгалзах бусад үндэслэл, нөхцөл байгаа эсэхийг шалган тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. “Мфикс Капитал” ХХК нь “Блью Скай” хотхоны орон сууц, автозогсоолуудыг захиалагчдын хөрөнгө оруулалтаар барьж, тэдэнд худалдан борлуулах нь ойлгомжтой тодорхой атал хариуцагч журмын 4.5.2-т “Уг барилга нь нэг өмчлөгчтэй, эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх”, зөрчиж 4.5.3-т “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг, улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан илрүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана.” гэж заасан нотлох баримтыг “Мфикс Капитал” ХХК-иас огт шаардан гаргуулж авалгүй, “Блью Скай” хотхоны 4 блок орон сууц, 205 ширхэг автозогсоолыг бүхэлд нь “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгосон.
3. Улсын бүртгэлийн байгууллага “Мфикс Капитал” ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь тус журмын 4.10-т “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасныг шууд зөрчсөн байна.
Хариуцагч байгууллага дээрх журам болон “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасан “Улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс иргэн Н.Энхболдын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах.” гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Н.Энхболдыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх ндэслэлгуй байх бөгөөд харин нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээ үндэслэн “Капитрон банк” ХХК-иас зөвшөөрөл авч, өөрийн өмчийг салгаж бүртгуулэх боломжтой” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Иргэн Н.Энхболдыг автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамж нь ИХШХШтХ-ийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай юм. Гэтэл хариуцагч байгууллага уг шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Зүй нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.”, мөн хуулийн 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.” гэж заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага иргэн Н.Энхболдын нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох үндэслэл хангалттай тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч нь “Мфикс Капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд “Мфик Капитал” ХХК нь иргэн Н.Энхболдод огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй өөрийн өр төлбөрийг хангуулах барьцаанд барьцаалсан үйл баримт тогтоогдсон атал нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “Капитрон банк” ХХК-иас зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгүүлж, баталгаажуулахыг шаардаж буйд гомдолтой байна.
Иймд иргэн Н.Энхболдын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү.
Жич: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, өөрийн үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүсэлтэй байх тул хурлын товыг мэдэгдэж, биечлэн оролцох боломжоор хангахыг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дараахь үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.
1. Тогтоогдсон маргааны үйл баримт:
Нэхэмжлэгч Н.Энхболд “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 111 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 тоот авто зогсоолуудыг захиалж, мөн өдөр төлбөрийг бүрэн төлсөн байна.
Нэхэмжлэгчийн хувьд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01831 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргахад хариуцагчаас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12/6983 дугаар албан бичгээр бүртгэхээс татгалзсан байна.
“Мфикс капитал” ХХК нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 44В байрны зоорийн давхарын 123 тоот авто зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013914, 110 тоот авто зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014408 дугаарт тус тус бүртгүүлж гэрчилгээ авсан байна.
Улмаар “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаар зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлд маргаан бүхий 2 авто зогсоолыг “Капитрон банк” ХХК-д барьцаалуулсан байна.
2. Хэрэглэгдэх хууль зүйн зохицуулалт:
2.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “д хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна”, 5.5.4-т “барьцааны”, 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”,
2.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”,
- 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 17 дугаар зүйлийн 17.1.4-т “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”,
- 24 дүгээр зүйлийн 24.4 “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8-т “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ”,
2.3. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэсэн зохицуулалтууд энэхүү маргаан бүхий харилцаанд үйлчлэхээр байна.
3. Тогтоогдсон маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэн дүгнэвэл:
Нэхэмжлэгчийг 2016 онд 110, 123 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандах үед уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр 2010 оны 05 сард бүртгэгдсэн байсан бөгөөд уг өмчлөх эрхийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-д барьцаалсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 (түүнтэй холбоотой бусад эрх) дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.
Тиймээс хариуцагчаас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсныг захиргааны хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар 110, 123 тоот автозогсоолуудын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө үүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “Капитрон банк” ХХК-аас зөвшөөрөл ирүүлсэн тохиолдолд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад хуулиар үүрэг болгосон байх тул бүртгэлийн байгууллага “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрөл шаардсан нь хууль бус шаардлага биш байна.
110, 123 тоот автозогсоолуудын өмчлөх эрх “Мфикс капитал” ХХК-аас Н.Энхболдод шилжих асуудлаарх эдгээр 2 этгээдүүд хоорондын иргэний эрх зүйн маргаанаа дуусгавар болгосон эвлэрлийг иргэний хэргийн шүүхээс баталгаажуулсан байна. Үүнтэй холбоотойгоор Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-ийн зохицуулалт нь уг үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4-т заасны дагуу “барьцааны эрх үүсч”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу бүртгүүлсэн барьцааны бүртгэлийг зөрчиж, барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын дагуу өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд иргэн Н.Энхболдын сүүлд гаргасан мэдүүлгийн дагуу уг бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийснээр эрх нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрөлгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулах нь хууль зүйн хувьд боломжгүй байгаа учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын тухайд:
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т тухайн захирамж хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 1192, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж өөрчилж, 4 дэх заалтын дугаарыг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж затанхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ