Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   А.Туулын нэхэмжлэлтэй иргэний

                  хэргийн тухай

 

 

                                                                  Хэргийн индекс: 148/2018/00291/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         Д.Буянжаргал

                                                                                    Г.Давааренчин

                      Оролцогчид:

                             Нэхэмжлэгч                                  А.Туул

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:        Д.Номин-Эрдэнэ

                                 Хариуцагчийн өмгөөлөгч:           А.Ариунзаяа                       

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш  нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гомдлоор А.Туулын нэхэмжлэлтэй Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарт холбогдох   20.524.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч А.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Миний бие  2017 оны 01 дүгээр сарын 02-нь өдөр “Эй Би Ди И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр харилцан тохиролцсон. Тухайн үед миний бие бага насны хүүхэдтэй байсан тул дээр дурдсан ажилчдын хоол хийх ажлыг гүйцэтгүүлэхээр өөрийн төрсөн дүү Н.Саруулхангай болон түүний эхнэр О.Мөнгөнтуяа нарыг сарын 3 сая төгрөгийн хөлс өгч ажиллуулахаар тохирч, “Эй Би Ди И" ХХК-тай гал тогоог тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн.

Харин миний бие Улаанбаатар хотоос ажилчдын хоол хүнсний материалыг уурхайд очиж О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт хүлээлгэн өгч, ажилчдын байр болон бодит нөхцөл байдалтай танилцдаг байсан. Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь уг ажлын байранд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд уг хугацаанд ерөнхий захиалагч “Эй Би Ди И” ХХК болон гэрээ байгуулсан “Очирням” ХХК, “Сүрлэг хангайн зам” ХХК, “Монголиан бүүстэр” ХХК, “Баян-Ундарга дриллинг” ХХК, “Говийн пирамид” ХХК зэрэг 6 компаний ажилчдын хоолны төлбөр 131.467.500 төгрөг болсон. Үүнээс: “Сүрлэг хангайн зам” ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10-р сарын 03-ны 15.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 9.238.000 төгрөг, нийт 34.238.000 төгрөг, “Очирням” ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10-р сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг, тус 2 компанийн нийт 49.238.000 төгрөг нь О.Мөнгөнтуяагийн Хаан банкин дахь 5303557495 тоот төгрөгийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн.

Гэтэл Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээрх мөнгөнөөс надад 2017 оны 10-р сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл болон бусад төлбөр нь дээрх компаниудаас төлөгдөөгүй гэж хэлж итгүүлэн явсаар байсан бөгөөд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан.

Иймд миний биө О.Мөнгөнтуяатай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо хийхэд Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 5 сар 15 хоногийн цалин нийт 500.000 төгрөг болох боловч С.Мөнгөнтуяа нь тооцооны алдаа гаргаж 19 600.000 төгрөг гэж бичсэн байна. Мөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь төлбөр тооцоотой компаниудаас төлбөрөө нэхэмжлэх байдлаар ажил хийгээгүй боловч энэ хугацааны цалин гэж нэг сарын тус тусын 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр тооцож 3 сар 20 хоногийн нийт 3.666.000 төгрөгийг өгөхөөр болсон.

Ингээд Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын цалинд нийт 20.166.000 төгрөг болох бөгөөд үүнээс 4.452.000 төгрөгийг урьдчилан өгсөн тул 15.714.000 төгрөгийн цалингийн үлдэгдэлтэй О.Мөнгөнтуяагийн дансанд орж ирсэн нийт 49.238.000 төгрөгөөс А.Туул шилжүүлсэн 13.000.000 төгрөг, мөн Н.Саруулхангай, Э.Мөнгөнтуяа нарын цалингийн үлдэгдэл болох 15.714.000 төгрөгийг суутган тооцоход хариуцагч нараас 20.524.000 төгрөгийг авах ёстой байна.

Энэ мөнгийг эхлээд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг дахин хугацаа тохирч өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг өгөөгүй тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь харицагч нартай хөлсөөр ажиллах болон бусад төрлийн гэрээ  байгуулаагүй бөгөөд сард  О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт тус бүрд нь 1.500.000 төгрөгийн цалин өгч өөрийн үйл ажиллагааг явуулахаар тохиролцсон гэдэг. Тухайн үедээ О.Мөнгөнтуяа, Б.Саруулхангай нар нь ажил хийгээгүй, ажил бүрэн зогссон байсан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, тухайн хоёр компаниас төлбөрөө нэхэмжлэх байдлаар ажил хийгээгүй, гэхдээ үүнд ажил хийх ёстой байсан эсвэл цалин 1.500.000 төгрөг авах байсан гэх талаар, талууд ямар нэгэн маргаан байхгүй.

Нэхэмжлэгч А.Туул болон “Эй Би Ди И" ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх  гэрээний дагуу  А.Туулын авах ёстой мөнгө нь тухайн үед хариуцан ажиллаж байсан О.Мөнгөнтуяагийн дансанд орсон. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 20.524.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан А.Туулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр дэмжиж байгаа тул ханган шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч О.Мөнгөнтуяа нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд
гаргасан тайлбартаа: ... 2016 оны 12 дугаар сард манай нөхрийн эгч болох А.Туул нь бид хоёрт ажил өгөх гээд уурхай дээр буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхай дээр очиж ажилласан. Нөхөр Н.Саруулхангай бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг бараг дуустал өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөсөн.

Өөрсдийн хүчээр хөдөлмөрлөсөн байхад А.Туулд яагаад ажил олж өгч зуучилж бүх мөнгийг өгөх ёстойг сайн ойлгохгүй байна.

А.Туул болон бид нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. А.Туул “Эй Би Ди И" ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа ч тухайн үед уурхайн удирдлагууд гэрээ байгуулаагүй хэдий ч энд  үйл ажиллагаагаа явуулж байгаагаар нь миний дансаар төлбөр тооцоогоор хийсэн болохоос  А.Туулын урдуур  ороод  мөнгийг авсан асуудал биш юм.  А.Туул нь энэ талаар маргаан үүсгэж бидний хооронд үл ойлголцох асуудал гараад хэрүүл хийгээд байхаар нь 17 гаруй сая төгрөгийн мөнгө өгөх ёстой гэсэн зүйл санагдана. Ажил олж өгсөн гэдэг утгаар мөнгө нэхэмжилж байвал Туулын хувьд зүгээр сууж байгаад хангалттай ашиг орлого олсон. Өөрөө гараа ч хөдөлгөхгүй орлогыг авна гэдэг байж боломгүй зүйл.

А.Туулын зүгээс эхлэлтийн зүйлс авч өгсөн асуудал байхгүй, бүгд л тухайн уурхай дээр байгууллагаас урьдчилгаа мөнгө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хоолны тооцоо хийхгүй, үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй үөд Н.Саруулхангай бид хоёр л бүх зүйлийг зохицуулж ирсэн. Хоолны мөнгөний тооцоотой байгууллагууд хоолныхоо мөнгийг өгөхгүй чирэгдэл учруулахад би тухайн нутгийн засаг захиргааны байгууллагын хяналтан дор суулт хийж, өлсгөлөн зарлаж байж олж авсан.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Саруулхангай  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.Туул бол миний төрсөн эгч.  Эхнэр  О.Мөнгөнтуяа бид хоёрт ажил олж өгсөн нь үнэн. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр бүхий л ажлаа биечлэн хийж гүйцэтгэсэн. Олсон орлогоосоо А.Туулд тодорхой хэмжээгээр өгөх нь зүйн хэрэг. А.Туул нь “Эй Би Ди И” ХХК-тай ямар учиртай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй ямар ч байсан тухайн үед үйл ажиллагаа явуулаад байж байхад уурхайн компаниуд та нартай гэрээ байгуулаагүй хэдий ч энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийнэ гэдэг байдлаар хандаж байсан. Бид хоёр ч мөн адил А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлаган дор ажиллаад байсан зүйл огт байхгүй. Бид хоёрын хувьд ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олсон хүмүүс. Хэл амаар доромжилж хэрүүл тэмцэл хийсээр байгаад манай эхнэрээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Би тухайн үед хэлсэн Асуудлаа шийдвэрлэж өгөх газраар нь шийдүүлсэн нь дээр байх гэж хэлсэн.  А.Туул өөрсдийн танил тал өөр бусад байдлаар тухайн ажлыг олж өгсөн байж болох ч яг гардан хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг шулах нь шударга бус гэж бодож байна. Миний мөнгө гэдэг байдлаар хандаж байгаа нь зохимжгүй юм. Ажил олж өгөөд хамтарч ажилласан гэдэг байдлаар мөнгө авах ёстой бол А.Туулын хувьд хангалттай мөнгө төгрөг авсан байгууллагаас хоолны мөнгө гэж орж ирсэн мөнгийг үндсэндээ эргүүлээд хоолны түүхий эд авахад зарцуулдаг байсан. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр энд ажиллах хугацаандаа цалин гэж тооцож авсан зүйл байхгүй.

Одоо бидний зүгээс А.Туулд өгөх мөнгөний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шийдвэрээр

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Туулийн нэхэмжлэлтэй О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдох 20.524.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдод давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.  

 

             Нэхэмжлэгч А.Туул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие “Эй Би Ди И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилчдын хоолыг нь хийхээр болсон. Энэ үед би бага насны хүүхэдтэй байсан учраас өөрийн төрсөн дүү Н.Саруулхангай болон түүний эхнэр О.Мөнгөнтуяа нарт ажлаа хариуцуулж сард, тус бүрт нь 1.500.000 төгрөгийн цалин олгохоор тохиролцон ажил гүйцэтгүүлсэн. Гэтэл О.Мөнгөнтуяа нь цалин олгосоор байхад хоёр компаниас үйл ажиллагаанд зориулж түүний дансанд орж ирсэн мөнгийг авчхаад байгаа тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  Гэтэл шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч  байна.

Үүнд 1.  Хариуцагч нарын дансанд  хоолны тооцооны мөнгө компаниудаас ордог байсан асуудал дээр  талууд маргадаггүй. Тухайлбал  нэхэмжлэлийн шаардлага болох 20.524.000 төгрөг  хариуцагч О.Мөнгөнтуяагийн “Хаан банк”-ны дансаар  шилжин  орсонд  зохигчдын хэн нэг нь маргадаггүй.  Энэ мөнгө нь  хэнийх талаар л зохигчид маргадаг бөгөөд хариуцагч энэ татгалзлаа нотолж чадаагүй.  Харин эсрэгээрээ нэхэмжлэгч шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээгээр  нотолдог боловч шүүх гэрээг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

2. Хариуцагч нарын хооронд хийсэн тооцооны баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн.  Үүнийг шүүх  нотлох баримт үнэлэх зарчмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.  Нотлох баримтыг зээлийн гэрээ мэтээр дүгнэн, Иргэний хуулийн 56.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу дүгнэлт болсон гэж үзэж байна.

3.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

             Хариуцагч нарын өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Анхан  шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.  Нэхэмжлэгч А.Туул нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагч нараас ямар үндэслэлээр мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч талаас гэрээ байгуулсан гэх  “Эй Би Ди И” ХХК-ны захирал н.Амгаланг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд н.Амгалан нь олдохгүй байсан тул  гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

 Нэхэмжлэгч А.Туул хариуцагч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт  холбогдуулан 20.524.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч А.Туул нь  нэхэмжлэлийн шаардлагаа “Эй Би Ди И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийн тулд өөрийн дүү О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нартай хамтран ажиллах хэлцэл байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс олгохоор тохиролцон нэр бүхий 6 компанийн ажилчдын хоол нийлүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн, хариуцагч О.Мөнгөнтуяа нь өөрийнх нь дансаар шилжүүлсэн  “Эй Би Ди И” ХХК-тай байгуулсан гэрээний буюу  “Очирням” ХХК, “Сүрлэг хангайн зам” ХХК-аас шилжүүлсэн хоолны мөнгийг хүлээн авч надад шилжүүлээгүй гэж тайлбарладаг бол хариуцагч  О.Мөнгөнтуяа  нэхэмжлэлийн татгалзлаа А.Туул биднийг тухайн ажилд зуучилж өгсөн болохоос А.Туултай ямар нэгэн хэлцэл хийгээгүй, би гэрээний дагуу  “Очирням” ХХК, “Сүрлэг хангайн зам” ХХК-аас  хоолны мөнгөө авсан тул А.Туулд хамаагүй гэж маргажээ.

  Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар  хэргийн үйл баримт тодорхойгүй байгаа бөгөөд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага  тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл  зохигчдын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдсэн эсэх, “Эй Би Ди И” ХХК-тай ажилчдын хоол бэлтгэх ажил гүйцэтгэх гэрээг зохигчдын хэн нь хийсэн,  тус гэрээнд нэхэмжлэгч А.Туул, хариуцагч О.Мөнгөнтуяа нар ямар үүрэгтэй оролцсон,   хариуцагч О.Мөнгөнтуяа нь нэхэмжлэгч А.Туулд 13.000.000 төгрөгийг ямар шалтгаанаар шилжүүлсэн, хариуцагч О.Мөнгөнтуяагийн дансанд “Очирням” ХХК, “Сүрлэг хангайн зам” ХХК ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр мөнгө шилжүүлсэн, тус компаниудаас шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч А.Туул ямар үндэслэлээр гаргуулах шаардлага гаргаж байгаа  зэрэг нь тодорхой бус байна.

Анхан шатны шүүх дээрхи байдал буюу хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтыг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу зохигчдын хооронд үүссэн маргааныг  хоёр өөр төрлийн харилцаа буюу   гэрээний үүргийн харилцаа, гэрээний бус харилцаа хоёрыг хольж тайлбарлан  шийдвэрлэсэн нь ойлгомжгүй  болжээ  

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт  тодорхойгүй байхад хэргийн хянан шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                           Д.БУЯНЖАРГАЛ

 

                                                                              Г.ДАВААРЕНЧИН