Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 580

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 91-75 тоотод оршин суух, Боржигин овогт Авирмэдийн Туул РД: /МТ-70042001/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 051 тоотод оршин суух Боржигон овогт Оюунбаярын Мөнгөнтуяа РД:/ФВ-75090204/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар 051 тоотод оршин суух Боржигон овогт Нацагийн Саруулхангай /МТ-75122317/ нарт холбогдох

 

20.524.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие А.Туул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эй Би Ди И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр харилцан тохиролцсон.

Тухайн үед миний бие бага насны хүүхэдтэй байсан тул дээр дурдсан ажилчдын хоол хийх ажлыг гүйцэтгүүлэхээр өөрийн төрсөн дүү болох /овог ондоо/ Н.Саруулхангай болон түүний эхнэр О.Мөнгөнтуяа нарыг сарын 3 сая төгрөгийн хөлс өгч ажиллуулахаар тохирч, Эй Би Ди И" ХХК-тай гал тогоог тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн.

Харин миний бие Улаанбаатар хотоос ажилчдын хоол хүнсний материалыг уурхайд очиж О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт хүлээлгэн өгч, ажилчдын байр болон бодит нөхцөл байдалтай танилцдаг байсан.

Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь уг ажлын байранд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд уг хугацаанд ерөнхий захиалагч Эй Би Ди И ХХК болон гэрээ байгуулсан Очирням ХХК, Сүрлэг хангайн зам ХХК, Монголиан бүүстэр ХХК, Баян-Ундарга дриллинг ХХК, Говийн пирамид ХХК зэрэг 6 компанийн ажилчдын хоолны төлбөр 131.467.500 төгрөг болсон. Үүнээс:Сүрлэг хангайн зам ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 9.238.000 төгрөг, нийт 34.238.000 төгрөг, Очирням ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг, тус 2 компанийн нийт 49.238.000 төгрөг нь О.Мөнгөнтуяагийн Хаан банк дахь 5003557495 тоот төгрөгийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн.

Гэтэл Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээрх мөнгөнөөс надад 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл болон бусад төлбөр нь дээрх компаниудаас төлөгдөөгүй гэж хэлэн итгүүлэн явсаар байсан бөгөөд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан.

Иймд миний бие О.Мөнгөнтуяатай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо хийхэд Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 5 сар 15 хоногийн цалин нийт 16,500,000 төгрөг болох боловч О.Мөнгөнтуяа нь тооцооны алдаа гаргаж 19,600,000 төгрөг гэж бичсэн байна.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь төлбөр тооцоотой компаниудаас төлбөрөө нэхэмжлэх байдлаар ажил хийгээгүй боловч энэ хугацааны цалин гэж нэг сарын тус тусын 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр тооцож 3 сар 20 хоногийн нийт 3.666.000 төгрөгийг өгөхөөр болсон.

Ингээд Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын цалинд нийт 20.166.000 төгрөг болох бөгөөд үүнээс 4.452.000 төгрөгийг урьдчилан өгсөн тул 15.714.000 төгрөгийн цалингийн үлдэгдэлтэй.

Хариуцагч О.Мөнгөнтуяагийн дансанд орж ирсэн нийт 49.238.000 төгрөгөөс А.Туул надад шилжүүлсэн 13.000.000 төгрөг, мөн Н.Саруулхангай, Э.Мөнгөнтуяа нарын цалингийн үлдэгдэл болох 15.714.000 төгрөгийг суутган тооцоход хариуцагч нараас 20.524.000 төгрөгийг авах ёстой байна.

Энэхүү мөнгөнөөс эхний ээлжинд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 9.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг дахин хугацаа тохирч өгөхөөр болсон боловч Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь эхний төлөх мөнгийг ч өгөөгүй төдийгүй утсаа авахаа больж, худал хэлж, утсаар ярих үедээ элдвээр хэлж, мессежээр хараал зүхэл урсган, нэг ч төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрч байна.

Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээр дурдсан 2 компаниас ажлын хөлсөнд орж ирсэн мөнгөний үлдэгдлийг хувьдаа ашигласнаас бусад ажилчдын цалин хөлс нэхэгдэж намайг болон бусдыг хохироогоод байна! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тухайн үед А.Туул нь төрсөн учраас, өөрийн итгэлтэй хүмүүс болох,

еөрийн төрсөн дүү Н.Саруулхангай түүний эхнэр С.Мөнгөнтуяа нарыг Дорноговь аймагт ажиллуулсан байдаг юм. Тухайн үед эдгээр компаниудаас хоолны мөнгийг авах, мөн үйл ажиллагааг хариуцаж ажиллуулах талаар О.Мөнгөнтуяад итгэмжлэн хариуцуулж өгсөн байдаг. Гэхдээ хөлсөөр ажиллах болон бусад төрлийн гэрээ бол байгуулаагүй, сар болгон О.Мөнгөнтуяа Н.Саруулхангай нарт тус бүрд нь 1.500.000 төгрөгийн цалин өгч байхаар тохиролцсон гэдэг. Тухайн үедээ О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нар нь ажил хийгээгүй, ажил бүрэн зогссон байсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, тухайн хоёр компаниас төлбөрөө нэхэмжлэх байдлаар ажил хийгээгүй, гэхдээ үүнд ажил хийх ёстой байсан эсвэл цалин 1.500.000 төгрөг авах байсан гэх талаар, талууд ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үедээ тус тусд нь 500.000 төгрөг буюу нийлээд 1.000.000 төгрөг, нийт 3 сар 20 хоногийн нийт 3,666,000 төгрөг өгөхөөр харилцан тохирсон ажил гүйцэтгэх гэрээний талууд нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний нэг тал нь Эй Би Ди И ХХК-г төлөөлж Амгалан буюу захиалагч, нөгөө талаас А.Туул харилцан тохирч гэрээ байгуулсан байгаа гэрээтэй холбоотой үүссэн асуудал огт биш, эдгээртэй холбоотой асуудлаар, гэрээний талууд маргах эрхтэй. Энэ гэрээн дээр хөндлөнгөөс О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нар нь маргах боломж байхгүй.

Тухайн үедээ А.Туулын авах ёстой мөнгө нь О.Мөнгөнтуяагийн дансанд орсон байгаа андуурах бол биш. Тухайн үедээ О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нар нь Дорноговь аймагт уурхай дээр нь байрлаж ажиллаж байсан. Тухай бүрд тооцоогоо хийж мөнгийг өөрийн дансандаа шилжүүлж авах үүрэгтэй байсан. А.Туулын дансанд орсон зүйл байхгүй, байнга О.Мөнгөнтуяагийн дансанд орж байсан юм байна лээ.

Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 20,524,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан А.Туулын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр дэмжиж оролцож байгаа тул ханган шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнтуяа нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2016 оны 12 сард манай нөхрийн эгч болох А.Туул нь бид хоёрт ажил өгөх гээд уурхай дээр буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхай дээр очиж ажилласан. Нөхөр Н.Саруулхангай бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг бараг дуустал өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөсөн.

Өөрсдийн хүчээр хөдөлмөрлөсөн байхад А.Туулд яагаад ажил олж өгч зуучилж бүх мөнгийг өгөх ёстойг сайн ойлгохгүй байна. А.Туул болон бид нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. А.Туул Эй Би Ди И" ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа ч тухайн үед уурхайн удирдлагууд гэрээ байгуулаагүй хэдий ч энд тэнд ажиллагаагаа явуулж байгаагаар нь үүний дагуу миний дансаар төлбөр тооцоогоо хийсэн болохоос А.Туулын урдуур ороод мөнгө төгрөгийг нь авчихсан асуудал биш юм. А.Туул нь энэ талаар маргаан үүсгэж бидний хооронд үл ойлголцох асуудал гараад хэрүүл хийгээд байхаар нь 17 гаруй сая төгрөгийн мөнгө өгөх ёстой гэсэн зүйл санагдана.

А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлаган дор ажиллаад байсан асуудал биш юм. Ажил олж өгсөн гэдэг утгаар мөнгө нэхэмжилж байвал А.Туулын хувьд зүгээр сууж байгаад хангалттай ашиг орлого олсон. Өөрөө гараа ч хөдөлгөхгүй орлогыг авна гэдэг байж боломгүй зүйл. А.Туулын зүгээс эхлэлтийн дараа зүйлс авч өгсөн асуудал байхгүй, бүгд л тухайн уурхай дээр байгууллагаас урьдчилгаа мөнгө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хоолны тооцоо хийхгүй, үйл ажиллагаа орох эрсдэлтэй үед Н.Саруулхангай бид хоёр л бүх зүйлийг зохицуулж ирсэн. Хоолны мөнгөний тооцоотой байгууллагууд хоолныхоо мөнгийг өгч чирэгдэл учруулахад би тухайн нутгийн засаг захиргааны байгууллага хяналтан дор суулт хийж, өлсгөлөн зарлаж байж олж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! ... гэжээ.

Хариуцагч Н.Саруулхангай нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Тус шүүхэд хандан Н.Саруулхангай надад холбогдуулан гаргасан А.Туулын тайлбартай уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч А.Туул бол миний төрсөн эгч. А.Туул нь эхнэр болох О.Мөнгөнтуяа бид хоёрт ажил олж өгсөн нь үнэн. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр бүхий л ажлаа биечлэн хийж гүйцэтгэсэн. Олсон орлогоосоо А.Туулд тодорхой хэмжээгээр өгөх нь зүйн хэрэг.

А.Туул нь Эй Би Ди И ХХК-тай ямар учиртай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй ямар ч байсан тухайн үед үйл ажиллагаа явуулаад байж байхад уурхайн компаниуд та нартай гэрээ байгуулаагүй хэдий ч энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийнэ гэдэг байдлаар хандаж байсан. Бид хоёр ч мөн адил А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлаган дор ажиллаад байсан зүйл огт байхгүй.

Бид хоёрын хувьд ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олсон хүмүүс. Хэл амаар доромжилж хэрүүл тэмцэл хийсээр байгаад манай эхнэрээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Би тухайн үед хэлсэн Асуудлаа шийдвэрлэж өгөх газраар нь шийдүүлсэн нь дээр байх гэж. А.Туул өөрсдийн танил тал өөр бусад байдлаар тухайн ажлыг олж өгсөн байж болох ч яг гардан хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг шулах нь шударга явдал гэж бодохгүй байна. А.Туулын хувьд ажил олж өгсөн гээд энэ орлогыг миний мөнгө гэдэг байдлаар хандаж байгаа нь зохимжгүй юм. Ажил олж өгөөд хамтарч ажилласан гэдэг байдлаар мөнгө авах ёстой бол А.Туулын хувьд хангалттай мөнгө төгрөг авсан. Байгууллагаас хоолны мөнгө гэж орж ирсэн мөнгийг үндсэндээ эргүүлээд хоолны түүхий эд авахад зарцуулдаг байсан. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр энд ажиллах хугацаандаа цалин гэж тооцож авсан зүйл байхгүй. Одоо бидний зүгээс А.Туулд өгөх мөнгөний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч А.Туул нь хариуцагч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаас ажлын хөлсөнд авсан 20.524.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: А.Туул нь Ч.Амгалан Эй Би Ди И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалант сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээгээр захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс 49,238,000 төгрөг О.Мөнгөнтуяагийн шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Д.Мөнгөнтуяа нь орж ирсэн мөнгөнөөс А.Туулд 13.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл цалиндаа 18,814,000 төгрөгийг авч, 17,424,000 төгрөгийг хувьдаа ашиглан улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь зохигчдын тайлбар болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн ... А.Туултай сар болгон 3 сая төгрөгийн цалин авахаар тохирч 01 дүгээр сарын 28-наас эхлэн Н.Саруулхангай О.Мөнгөнтуяа нар Эй Би Ди И ХХК-ийн гал тогоог хүлээн авсан. 06 дугаар сарын 16-ныг хүртэл ажилласан. 06 дугаар сарын 16-наас хойш 10 дугаар сарын 04-н хүртэл өмнө хийсэн ажлын тооцоог авах үүрэгтэй байсан. 01 дүгээр сарын 02-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэл цалин 19,600,000 төгрөг, 06 дугаар сарын 16-ныыс 10 дугаар сарын 04-нийг хүртэл 3,666,000 төгрөг авна. Нийт тооцоо 23,266,000 төгрөг, урьдчилгаа авсан мөнгө 4,452,000 төгрөг, үлдэгдэл 18,414,000 төгрөг, нийт 49,238,000 төгрөг шилжиж орж ирсэн /5003557495 дансаар/. Нийт орж ирсэн мөнгөнөөс А.Туулд 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл цалингийн тооцоо 18,814,000 төгрөг авсан. Үлдэгдэл 17,427,000 төгрөгийг зээл хэлбэрээр ашигласан нь үнэн. Энэ үлдэгдэл тооцоогоо эхний ээлжинд 01 дүгээр сарын 20-ны дотор 9,000,000 төгрөгийг өгнө. Үлдэгдэл мөнгө эхний мөнгө өгсний дараа дахин тохиролцоно... гэх агуулгатай зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, ажилчдын цалингийн жагсаалт, гал тогооны үлдэгдэл хүнс, байгууллага /Эй Би Ди И ХХК, Сүрлэг хангайн зам ХХК, Очирням ХХК/ -уудын хоолны нэгдсэн тооцоо, МТС Финанс ББСБ, А.Туул нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-7-8, 9-13, 18, 22-23, 34-51/

Хэдийгээр хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, өөрсдийн хийсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид өгөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан боловч баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Саруулхангай энэ нэхэмжлэлтэй ямарч холбоогүй тул чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч татгалзах зүйлгүй гэсэн тул Н.Саруулхангайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин баримтаар тогтоогдсон 17.424,000 төгрөгийг О.Мөнгөнтуяагаас гаргуулан А.Туулд олгож, илүү нэхэмжилсэн 3,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа дурдсан хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй, холбоо барих утсаар 95001223, 94058088, 99803784 дугааруудыг өгсөн боловч холбогдох боломжгүй, ашиглалтад байдаггүй, хариуцагч нарын өмгөөлөгч А.Ариунзаяа нь манай үйлчлүүлэгч нар хаа байгаа нь мэдэгдэхгүй утсаар холбогдож чадахгүй байгаа тухайгаа учирлаж тэднийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шийдвэрлэсэн болно.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан Н.Саруулхангайг хариуцагчаас чөлөөлөх талаар саналыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул Н.Саруулхангайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож О.Мөнгөнтуяагаас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж шийдсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 17,424,000 төгрөгийг гаргуулан А.Туулд олгож, үлдэх 3,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ