Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00787

 

А.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.М, Н.С нарт холбогдох,

20 524 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч О.М, Н.С нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 02-нь өдөр “Эй Би Ди И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр харилцан тохиролцсон. Тухайн үед миний бие бага насны хүүхэдтэй байсан тул дээр дурдсан ажилчдын хоол хийх ажлыг гүйцэтгүүлэхээр өөрийн төрсөн дүү Н.С болон түүний эхнэр О.М нарыг сарын 3 сая төгрөгийн хөлс өгч ажиллуулахаар тохирч, “Эй Би Ди И" ХХК-тай гал тогоог тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн.

Харин миний бие Улаанбаатар хотоос ажилчдын хоол хүнсний материалыг уурхайд очиж О.М, Н.С нарт хүлээлгэн өгч, ажилчдын байр болон бодит нөхцөл байдалтай танилцдаг байсан. Ерөнхий захиалагч “Эй Би Ди И” ХХК болон гэрээ байгуулсан ... 6 компаний ажилчдын хоолны төлбөр 131 467 500 төгрөг болсон. Үүнээс: “Сүрлэг хангайн зам” ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны 15 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 9 238 000 төгрөг, нийт 34 238 000 төгрөг, “Очирням” ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг, тус 2 компанийн нийт 49 238 000 төгрөг нь О.Мгийн Хаан банкин дахь 5303557495 тоот төгрөгийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн.

Гэтэл Н.Саруулхангай, О.М нар нь дээрх мөнгөнөөс надад 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл болон бусад төлбөр нь дээрх компаниудаас төлөгдөөгүй гэж хэлж итгүүлэн явсаар байсан бөгөөд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан.

...Н.Саруулхангай, О.М нарын цалин нийт 20 166 000 төгрөг болох бөгөөд үүнээс 4 452 000 төгрөгийг урьдчилан өгсөн тул 15 714 000 төгрөгийн цалингийн үлдэгдэлтэй. О.Мгийн дансанд орж ирсэн нийт 49 238 000 төгрөгөөс А.Т- шилжүүлсэн 13 000 000 төгрөг, мөн Н.Саруулхангай, Э.Мөнгөнтуяа нарын цалингийн үлдэгдэл болох 15 714 000 төгрөгийг суутган тооцоход хариуцагч нараас 20 524 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Нэхэмжлэгч А.Т- эхнэр О.М бид хоёрт ажил олж өгсөн нь үнэн. Эхнэр О.М бид хоёр бүхий л ажлаа биечлэн хийж гүйцэтгэсэн. Олсон орлогоосоо А.Т-д тодорхой хэмжээгээр өгөх нь зүйн хэрэг. А.Т- нь “Эй Би Ди И” ХХК-тай ямар учиртай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй ямар ч байсан тухайн үед үйл ажиллагаа явуулаад байж байхад уурхайн компаниуд та нартай гэрээ байгуулаагүй хэдий ч энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийнэ гэдэг байдлаар хандаж байсан.

...Миний мөнгө гэдэг байдлаар хандаж байгаа нь зохимжгүй юм. Ажил олж өгөөд хамтарч ажилласан гэдэг байдлаар мөнгө авах ёстой бол А.Т-ын хувьд хангалттай мөнгө төгрөг авсан байгууллагаас хоолны мөнгө гэж орж ирсэн мөнгийг үндсэндээ эргүүлээд хоолны түүхий эд авахад зарцуулдаг байсан. Эхнэр О.М бид хоёр энд ажиллах хугацаандаа цалин гэж тооцож авсан зүйл байхгүй. Одоо бидний зүгээс А.Т-д өгөх мөнгөний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Нөхөр Н.С бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг бараг дуустал өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөсөн. А.Т- нь энэ талаар маргаан үүсгэж бидний хооронд үл ойлголцох асуудал гараад хэрүүл хийгээд байхаар нь 17 гаруй сая төгрөгийн мөнгө өгөх ёстой гэсэн зүйл санагдана. Ажил олж өгсөн гэдэг утгаар мөнгө нэхэмжилж байвал Туулын хувьд зүгээр сууж байгаад хангалттай ашиг орлого олсон. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хоолны тооцоо хийхгүй, үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй үөд Н.С бид хоёр л бүх зүйлийг зохицуулж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Т-ийн нэхэмжлэлтэй О.М, Н.С нарт холбогдох 20.524.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдод давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... А.Т- нь хаа байгаа газар ирж хэл ам хийгээд хэрэлдээд, ах дүү хоёр тангараг тасардаг дээрээ тулаад байхаар нь “ямар зовлонтой юм бэ, юу хэрэгтэйг нь бичээд өгье” гэхэд А.Т- нь 17 гаруй сая төгрөг гаргаж өгөх ёстой гэж О.Мгаар  бичүүлж авсан. Одоо тэр бичгээ шүүхэд гаргаж өгч мөнгө авах ёстой гэж дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Иймд хэргийн хянан үзэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 563 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч А.Т- нь хариуцагч Н.Саруулхангай, О.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаас ажлын хөлсөнд авсан 20 524 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, өөрсдийн хийсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид өгөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүх Иргэний хуулийн гэрээний болон гэрээний бус үүргийн харилцааг зааглан ялгаагүй гэж үзсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1681.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч О.М, Н.С нар хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН