Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2023/00126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Р******* сум * дугаар баг С******* хороолол * дугаар гудамж * тоот хаягт оршин суух Ч овогт Ж-ийн Н*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг Д******* сум * дүгээр баг Сант *-** тоот хаяг оршин суух Б овогт Ш-ийн Б*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,241,669 /найман сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай 132/2020/00104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Н*******,

Хариуцагч Ш.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ж.Н******* нь хариуцагч Ш.Б*******д холбогдуулан 8,241,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          Ш.Б******* нь 2016 оны 11 сарын 4-нд над руу утсаар яриад мөнгөө өсгөх үү гэсэн. Эхний ээлжинд 2,280,000 төгрөгөөр элсэн орох юм бол 7 хоногийн дараа 20,000,000 төгрөгтэй болно. Яарах хэрэгтэй гэсэн. Тэгээд би Төрийн банкнаас цалингийн зээл авч Ш.Б*******ын дансанд мөнгөө шилжүүлсэн. 7 хоногийн дотор мөнгийг гаргаж өгнө гэж анх хэлж авсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Гэнэт Ш.Б******* над руу яриад дахиад мөнгө шилжүүлэхгүй бол мөнгөө олж авч чадахгүй гэсэн тул дахин Ш.Б*******ын данс руу 3,868,000 төгрөг шилжүүлсэн. Анх 2016 оны 11 сарын 7-ны өдөр 3,700,000 төгрөгийн зээл авч тэр өдөр нь Ш.Б*******ын дансанд 2,280,000 төгрөг хийсэн. 2,280,000 төгрөгийн зээлийн хүү 422,622 төгрөг зээлтэй хамт төлөгдөж дууссан. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин зээл нэмж авч 3,868,000 төгрөгийг Ш.Б*******ын Төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн. 3,868,000 төгрөгийн 2 жилийн хүү 1,670,976 төгрөгийг Төрийн банкинд би төлж барагдуулсан. Анх 2016 оны 11 сард мөнгийг чинь өсгөж 20,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Би Ш.Б*******д итгээд мөнгөө өгсөн. Дараагийн зээлийг мөнгөө шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргээд өмнөх мөнгийг чинь өгч чадах ганц арга нь дахиж мөнгө өгөх гэж хэлсэн. Би “Жи сүлжээнд элсэж ороогүй. Хариуцагчийн хариу тайлбарт намайг анх ярьсан гэсэн ч би яриагүй. 2 дугаарт хариуцагчид мөнгийг явуулахдаа Ш.Б******* гэсэн нэр регистрийн дугаарыг бичиж байсан. 2017 оны 12 сарын 2-ны өдөр мөнгө шилжүүлсэн нь “Основ” хөтөлбөрт элсүүлсэн огноотой зөрж байна. Би энэ хүнд мөнгө өгсөн гэдэг нь Төрийн банкны зээл авсан баримт болон банкны хуулгаар нотлогдож байна. Нийт шилжүүлсэн мөнгөө 24 сарын хугацаагаар жилийн 21.6 хувийн хүүгээр тооцож 8,241,669 нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 сард “Жи сүлжээнд 2,280,000 төгрөгөөр нэг хүнтэй хамтран элсэж орж 7 хоногийн дараа эхний цалин 500 долларыг авч байсан. 2016 оны 10 сарын 28-ны өдөр Монголд албан ёсоор нээгдэхэд нилээдгүй хүн орж байсан. Манай Д******* сумаас зөндөө хүн орсон. Тухайн үед Ж.Н******* рүү 2 удаа утасдаж байсан ч тэр үед ороогүй. Ж.Н******* дараа нь над руу яриад манай сумынхан элсээд зөндөө мөнгө авч байна. Чамайг таньдаг болохоор танай багт оръё гэсэн. Эхний 2,280,000 төгрөгөнд 2 цүнхтэй бэлэг ирснээс нэгийг нь Ж.Н*******т өгч байсан. Ж.Н******* цүнхтэй бэлгийг авсан. Сүүлд удааширч эхэлсэн. Нэг хүн 4 суудалд элсэж ороод суудал бүрээс 5,000,000 төгрөг авдаг юм байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд Ж.Н******* 4 суудлаар ороод өөрөө хотод очиж манай нутгийн охин А дээр би хэн, хэн гэдэг нэрээр ямар суудлаар орсон байна гэдгээ харсан байсан. Эхний 40 гаруй хүний мөнгө орсон байгаа. Эхний хуудсанд Н*******ийн нэр байхгүй байсан тул эхний хуудасны он сарыг дараагийн хуудаснаас Н*******ийн нэрийг хуулбарлаж авсан байсан тул он сар зөрөх нь тодорхой. Миний хувьд компанийн дансаар орж нэрээ авсан. Ж.Н*******ийг сумдуудаар цагдаа нар явж байгаа тул өргөдлөө логин нэр, зурагтай хавсаргаад өгөөрэй гэсэн. Компанид мөнгө нь орсон тул тэр мөнгийг төлөх боломжгүй. Би ч гэсэн өөрийн мөнгөө оруулж байсан тул Ж.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н******* нь жи сүлжээний хохирогчоор тогтоогдож хохирлын мөнгө авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        3.Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1210/1305 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

        -2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1210/46 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

        -Мөнгөн шилжүүлэгийн баримтууд / хэргийн 8-р хуудас/

        -Мөнгөн шилжүүлэгийн баримт /хэргийн 149-150-р хуудас/

        4.Хариуцагчаас Төрийн банкны гүйлгээний хуулгууд /1-р хавтаст хэргийн 25-26-р хуудас/, Гар бичвэр /ХХ-ийн 27-р хуудас/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/687 дугаартай шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 165-250-р хуудас, 2-р хавтаст хэргийн 1-59-р хуудас/-ын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

        5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Ж.Н*******ийн Хаан банк, Төрийн банкны 2022 оны 3 дугаар сараас хойш орлогын дансны хуулгууд /2-р хавтас хэргийн 83-130-р хуудас/-ыг нотлох баримтаар гаргуулсан,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөнгөө өсгөх зорилгоор 2016 оны 11 сард цалингийн зээл авч 2,280,000 төгрөг, 2017 оны 12 сард өмнө өгсөн мөнгөө авахын тулд “Жи ” ХХК компанийн “основ” хөтөлбөрт хамрагдахаар дахин зээл авч 3,868,000 төгрөг, нийт 6,148,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, банкнаас зээл авч хүү төлсөн тул банкны хүүгээр хүү тооцож 2,093,669 төгрөг нийт 8,241,669 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.  

3.Хариуцагч Ш.Б******* нь Ж.Н*******ийг “Жи ” ХХК-д хүчээр оруулаагүй, өөрөө над руу яриад манай багт ормоор байна гээд миний данс руу 6,148,000 төгрөгийг шилжүүлж байсан боловч би “Жи ” ХХК-ийн дансанд өдөрт нь тушааж түүний нэр дээр логин нэр үүсгэсэн, шилжүүлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй, нэхэмжлэгч нь жи сүлжээний хохирогчоор тогтоогдож мөнгө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч Ж.Н******* нь хариуцагч Ш.Б*******д нийт 6,148,000 төгрөгийг хоёр удаагийн шилжүүлэгээр шилжүүлж байсан болох нь хэргийн 8-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримтын хуулбараар тогтоодож байна.

-Хариуцагч Ш.Б*******, нэхэмжлэгч Ж.Н*******ээс 2 удаагийн шилжүүлэгээр нийт 6,148,000 төгрөг дансанд нь шилжин ирсэнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 6,148,000 төгрөгийг өөрөө аваагүй Жи компаний дансанд шилжүүлсэн. Учир нь Ж.Н******* нь Жи сүлжээнд хариуцагчийн багт элсэж орно гэсэн хүсэлт гаргасныг нь хүлээн авч нэхэмжлэгчээс ирсэн эхний 2,280,000 төгрөгийг өөрийн дээд спонсор Цолмонсайханы данс руу өөрийн нэрээр шилжүүлж, Н*******ийг “Жи ” сүлжээнд элсүүлж, Naraa71 гэсэн логон нэр үүсгэж, 2,280,000 төгрөгийн элсэлтэнд компаниаас ирсэн цүнхтэй бэлэг /9 ширхэг цаг, жижиг том нийлсэн 30 ширхэг нүүрний тос/-ийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарласан.

  -Нэхэмжлэгч цүнхтэй бэлэг аваагүй гэдэг боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б******* 2,280,000 төгрөгөөр элссэн хүнд бэлэг өгнө гэсэн. Би бэлэг юм бол авъя гэсэн. Гэхдээ хариуцагчаас цүнхтэй бэлэг биш 4-5 ширхэг тос, 5 ширхэг цаг авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч “Жи ” гэх сүлжээнд  элсэн орж, өгсөн бэлэгийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

-Дараагийн 3,868,000 төгрөгөөр “Основ” хөтөлбөрт Н*******ийн хүү Хангай Ханддоржийг элсүүлсэн гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан 163 дугаар хуудсанд авагдсан жагсаалтын 49-52 дугаарт авагдсан бичилтээр нотлогдоно гэж байгаа боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

-Нэхэмжлэгч “Основ” хөтөлбөрт Улаанбаатар хот орж А гэдэг хүн дээр очиж элссэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч А гэх хүний данс руу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 3,132,500 төгрөг шилжүүлсэн байна /хэргийн 149-150-р хуудас/. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа “Жи ” сүлжээнд би элсэн орсон мөнгө. Элсэлтийн мөнгийг дээд хүнийхээ дансанд хийдэг гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн данс руу шилжүүлсэн 6,148,000 төгрөг нь хариуцагчид зээлүүлсэн мөнгө биш харин “Жи ” гэх сүлжээнд элсэхээ зөвшөөрч шилжүүлсэн мөнгө гэж үзэхээр байна. 

5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

-Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” байхыг хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас түүний дансанд орсон 6,148,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч Ж.Н******* “Жи ” гэх сүлжээнд элсэн орсон, тухайн компаний хохирогчоор тогтоогдож, хувь тэнцүүлэн олгосон төлбөрийг авсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 20** оны * дугаар сарын ** ны өдрийн 2020/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, нэхэмжлэгчийн Төрийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 1-р хавтасны 223-р хуудас, 2-р хавтасны 118-р хуудас/,

            Дээрх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,817 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б*******аас 8,241,669 /найман сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран ёс/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146,817 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР