Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1187

 

 

 

 

 

 

 

 

 

                                       “Э Ж М Э” ХХК-ийн

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Э Ж М Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э Ж М Э” ХХК-ийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Л.О хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 302 тоот тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 15 байр, 33 тоот, 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамж, 301 байр, 202 тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 22А тоот, 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилга, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, Нарны зам 802 байр, 409 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Чингис хаан банк ХХК-д 6 000 000 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаа явуулахаар болж, тогтоол үйлдэн үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн. Дээрх ажиллагааны хүрээнд үнэлгээ хийгдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/684 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 15 дугаар байрны 33 тоот 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 107 188 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамж, 301 байр, 202 тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт 1 462 000 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 22А тоот, 1123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилгыг 3 841 344 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, Нарны зам 802 байр, 409 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 246 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн болон барьцаалагчийн эрхийг ноцтой зөрчиж, эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хямд үнээр авах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 тоот тогтоолд Роял Каунти орон сууцыг зааж өгсөн байхад шинжээч дураараа 10, 11 дүгээр автомашины зогсоолыг үнэлсэн. Зогсоолтой байр хэдэн төгрөгийн үнэтэй, зогсоолгүй байр хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг зааг ялгааг гаргаагүй. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоосон, энэ байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага эсэх нь мэдэгдэхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд компанийн гүйцэтгэх удирдлага хөрөнгийн үнэлгээний тайланг хянасан, шийдвэр гүйцэтгэлийн эрх үүрэг хүлээсэн эсэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үнэлгээчин Г.О гэх хүн очиж үнэлгээ хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.О гэдэг хүнийг томилоогүй. “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь үнэлгээний тайланг хянаагүй зэрэг зөрчлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1414 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гүйцэтгэх хуудсанд арга журмыг зааж өгсөн. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг дурдсан. Шийдвэр гүйцэтгэлийн харьяа шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөх хугацаанд мэдэгдлийг гардуулсан байдаг ч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас арга журмын дагуу барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан баталгаа авч, барьцаа эд хөрөнгийг битүүмжилж хураагаад үнэлгээний талаар өмчлөгч нар болон хариуцагчийн төлөөлөгчид үнийн саналыг хүргүүлсэн. Гэвч төлбөр төлөгч болон хариуцагчийн төлөөлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг цааш үргэлжлүүлж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт төлбөр авагч талаас ирсэн учраас Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаярт эрх үүрэгт танилцуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хөрөнгийн үнэлгээний компани нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нартай харилцан хамааралгүй,  өөрсдөө дүгнэлтээ гаргаж эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг байгууллага. Энэ эрх, үүргийнхээ дагуу дүгнэлтээ гаргаж бидэнд өгсөн. Манай байгууллага тайланг авч талуудад хугацаанд нь мэдэгдсэн. Энэхүү тайланд хөрөнгийг үнэлгээг хэрхэн яаж гаргасан тухай тодорхой тусгасан байхад зөвхөн unegui.mn гэж нэг зүйлийг дахин, дахин дурдаж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад Remax компанийг олон удаа дурдсан, үнэхээр үнэтэй байр гэж тайлбарлаж байгаа бол нотлох баримтын шаардлага хангасан баримт нь хаана байна вэ. Зөвхөн нэг сайтад тавигдсан үнэлгээ барьцаанд хураагдсан дөрвөн объектын үнэлгээг нотолж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Чингис хаан банк” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01414 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч төлбөр төлөгч “Э Ж М Э” ХХК төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/08335 дугаартай шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 183/ГХ2017/00791 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарч , төлбөр төлөгч “Э Ж М Э” ХХК -иас төлбөрийн үлдэгдэлд 8 688 182,053 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 799 430 төгрөгийг тус тус албадан гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. Үнэлгээтэй холбоотой асуудалд зогсоолын үнэлгээг дутуу хийсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэлгээчин 1 гэрчилгээтэй 1 объектыг үнэлнэ гэдгийг ойлгоно гэж найдаж байна. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа үнэлгээчин зогсоолтой холбоотой асуудлыг бүрэн үнэлээгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үзлэгтэй холбогдуулан гаргасан хэд хэдэн хөрөнгийн үнэлгээний ерөнхийд нь үнэлсэн асуудлыг гаргаж ирсэн байна. Гэхдээ бодит байдалд хөндлөнгийн гэрчүүд байлгаж, UB properties компанийн яг тэр барилгын үнэлж байгаа үнийг харахад зах зээлийн бодит ханшаар үнэлсэн байгаа нь харагдаж байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, тайлбар өгөх, дүгнэлт хийх, судлуулахаар хүсэлт гаргах, дэмжих бүрэн эрхтэй боловч гаргаж өгсөн баримтыг харвал нэхэмжлэлийн шаардлагыг хангах баримт бүрдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Э Ж М Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А давж заалдах гомдолдоо:

... "Сэлэнгэ Эстимэйт" ХХК-ийн шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 тогтоолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгатын 15 дугаар байрны 33 тоот 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 107,188,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Роял Каунти /170247/, Тэнгэр рашааны гудамж, 301 байр, 202 тоот, 312 м.кв талбайтай орон сууж, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт 1 462 000 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 22А тоот, 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилгыг 3 841 344 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, Нарны зам 802 байр, 409 тоот, 111.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 246 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

"Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин гэх Г.Отгонбаяр нь үнэлгээ хийхдээ харьцуулах аргаар буюу unegui.mn цахим төрөлжсөн худалдааны сайтаас үнэлгээ тогтоосон байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх худалдааны томоохон зуучлалын байгууллага болох “Ремакс” ХХК-ийн remax.mn гэсэн цахим сайтаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн зарагдаж байгаа талаар үзлэг хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргахдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 89 тоот албан бичгээр хүсэлт гаргасныг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хийсний улмаас нотолгооны ач холбогдлоо алдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг шууд хязгаарласан болно.

Мөн маргааны бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нар болох Б.Д, Д.Т, н.Б, Б.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулах тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гаргасны шүүх эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэн оролцуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Б.Д, Д.Т, н.Б, Б.М эд хөрөнгүүдийн үнэлгээтэй холбоотой байхад эдгээр өмчлөгч иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөхөөр байхад гуравдагч этгээдээр оролцуулаагүйд гомдолтой байна. Иргэний хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаанд санал ирээгүй тохиолдолд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр төлбөр авагч буюу нэхэмжлэгчид санал болгож зөрүү төлбөрийг өмчлөгч нарт буцаах хууль зүйн зохицуулалттай байхад эдгээр өмчлөгч иргэдийн өмчлөх эрх шууд хөндөгдөж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Э Ж М Э” ХХК НШШГГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дүгээр захирамжаар хариуцагч “Э Ж М Э” ХХК-аас 8 688 182 053 төгрөгийн төлбөрийн 6 000 000 000 төгрөгийг графикийн дагуу бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 2 688 182 053 төгрөгөөс бүрэн чөлөөлөх, нэхэмжлэгч нь 6 000 000 000 төгрөгийг дээрх графикийн дагуу бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд 8 688 182 053 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

            Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГ 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 18290600 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 34 дүгээр тал/

 

            “Э Ж М Э” ХХК болон “Ч” ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 0776/01/РА/01-2013, 0776/01/РА/02-2013, 0776/01/РА/03-2013, 0776/01/РА/04-2013, 0776/01/РА/05-2013, 0776/01/РА/06-2013 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй байна.

 

            “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү-2202004988, Ү-2202014228, Ү-2206013421, Ү-2204035419 тоот дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 302 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Э Ж М Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО