Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00617

 

“Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1187 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Э...” ХХК

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Чингисхаан банк” ХХК

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Э.Золбоо, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: НШШГГ-н 2018-11-29-ний өдрийн 302 тоот тогтоолын дагуу .. .. тоот, 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, .. тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт, ..А тоот, 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилга, .. тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ХУД-н ИХАШШ-н 2017-06-15-ны өдрийн шийдвэрээр Чингисхаан банк ХХК-д 6,000,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаа явуулахаар болж, тогтоол үйлдэн үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн. Дээрх ажиллагааны хүрээнд үнэлгээ хийгдэж НШШГ-с 2018-12-12-ны өдрийн 4/684 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход .. тоот 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 107,188,000 төгрөгөөр, .. тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт 1,462,000,000 төгрөгөөр, ..А тоот, 1123.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилгыг 3,841,344,000 төгрөгөөр, .. тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 246,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг мэдэгдсэн. НШШГГ-н томилсон шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн болон барьцаалагчийн эрхийг ноцтой зөрчиж, эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хямд үнээр авах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Шинжээч томилсон НШШГГ-н 2018-11-29-ний өдрийн 302 тоот тогтоолд ... Каунти орон сууцыг зааж өгсөн байхад шинжээч дураараа 10, 11 дүгээр автомашины зогсоолыг үнэлсэн. Зогсоолтой байр хэдэн төгрөгийн үнэтэй, зогсоолгүй байр хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг зааг ялгааг гаргаагүй. Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоосон, энэ байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага эсэх нь мэдэгдэхгүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд компанийн гүйцэтгэх удирдлага хөрөнгийн үнэлгээний тайланг хянасан, шийдвэр гүйцэтгэлийн эрх үүрэг хүлээсэн эсэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үнэлгээчин Г.Отгонбаяр гэх хүн очиж үнэлгээ хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.Отгонбаяр гэдэг хүнийг томилоогүй. Сэлэнгэ Эстимэйт ХХК нь үнэлгээний тайланг хянаагүй зэрэг зөрчлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: ..Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан баталгаа авч, барьцаа эд хөрөнгийг битүүмжилж хураагаад үнэлгээний талаар өмчлөгч нар болон хариуцагчийн төлөөлөгчид үнийн саналыг хүргүүлсэн. Гэвч төлбөр төлөгч болон хариуцагчийн төлөөлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг цааш үргэлжлүүлж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт төлбөр авагч талаас ирсэн учраас ШШГТХ-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаярт эрх үүрэгт танилцуулсан тухай баримт хэрэгт авагдсан. Хөрөнгийн үнэлгээний компани нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нартай харилцан хамааралгүй, өөрсдөө дүгнэлтээ гаргаж эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг байгууллага. Энэ эрх, үүргийнхээ дагуу дүгнэлтээ гаргаж бидэнд өгсөн. Манай байгууллага тайланг авч талуудад хугацаанд нь мэдэгдсэн. Энэхүү тайланд хөрөнгийг үнэлгээг хэрхэн яаж гаргасан тухай тодорхой тусгасан байхад зөвхөн unegui.mn гэж нэг зүйлийг дахин, дахин дурдаж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад Remax компанийг олон удаа дурдсан, үнэхээр үнэтэй байр гэж тайлбарлаж байгаа бол нотлох баримтын шаардлага хангасан баримт нь хаана байна вэ. Зөвхөн нэг сайтад тавигдсан үнэлгээ барьцаанд хураагдсан дөрвөн объектын үнэлгээг нотолж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Үнэлгээтэй холбоотой асуудалд зогсоолын үнэлгээг дутуу хийсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэлгээчин 1 гэрчилгээтэй 1 объектыг үнэлнэ гэдгийг ойлгоно гэж найдаж байна.. үнэлгээг харахад зах зээлийн бодит ханшаар үнэлсэн.. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 183/ШШ2019/00946 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн0 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1187 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргааны бүхий л үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нар болох Б.Дашдондог, Д.Төмөрбаатар, н.Батцэцэг, Б.Мишээлт нарыг ХХША-нд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулах тухай хүсэлтийг 2019-04-01-ний өдөр, 2019-04-22-ны өдөр гаргасныг шүүх эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэн оролцуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ИХ-н 179-р зүйлд “Дуудлага худалдаанаас орсон орлогыг хуваарилах” гэсэн зохицуулалт байх ба 179.1-с үзэхэд дуудлага худалдаагаар олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг хангаж үлдсэнийг нь эд хөрөнгө өмчлөгч нарт шилжүүлэхээр байна. Иймд эд хөрөнгийн өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Өмчлөгч нарын төлбөрт хураагдаж дуудлага худалдаагаар орох гэж байгаа эд хөрөнгүүдийн үнэлгээ нь их багаас хамаарч шууд хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тул өмчлөгч нар үнэлгээнд гомдол гаргах, үнэлгээтэй холбоотой өөрсдийн байр сууриа илэрхийлэх, санал хүсэлт гаргах, эд хөрөнгөө үнэлэх эрхтэй байна.             “Сэлэнгэ эстимэйт” ХХК-н үнэлгээчин Г.Отгонбаяр нь үнэлгээ хийхдээ харьцуулах аргаар буюу unegui.mn цахим төрөлжсөн худалдааны сайтаас үнэлгээ тогтоосон байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа хамт үл хөдлөх худалдааны томоохон зуучлалын байгууллага болох “Ремакс” ХХК-н remax.mn гэсэн сайтаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн зарагдаж байгаа талаар үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг 2018-12-17-ны өдрийн 89 тоот албан бичгээр гаргасныг 2019-04-22-ны өдөр буюу бүхэл 5 сарын дараа үзлэг хийсний улмаас нотолгооны ач холбогдлоо алдаж, тухайн сайтад нэхэмжлэлд дурдагдсан яг ижил төрөл чанарын орон сууцууд зарагдаж, зарын сайтаас устсан байсан. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндсэн эрхийг шууд хязгаарласан болно. 2019-04-22-ны өдөр болон 2018-12 сарын өдөр нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа үл хөдлөх худалдааны remax.mn гэсэн сайт л үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх өөрийн санаачилгаараа ub properties гэсэн фэйсбүүк цахим хэрэгслээр үзлэг хийж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль бус байна. Мөн үзлэг хийсэн сайтуудыг нотлох баримтаар хуулбарлаж баталгаажуулаагүй атлаа шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль бус байгаа юм. Энэ нь ИХШХШТХ-н 25.1.3, 25.2.2, 37.1, 38.1 дэх заалтуудаас харахад иргэний хэрэгт зөвхөн хэргийн оролцогч л нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх эрхтэй ба харин шүүхийн хэргийн оролцогч нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаагүй тохиолдолд өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх эрх олгогдоогүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс НШШГГ-с томилсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг бодитой, үнэн гарсан эсэхийг зөвхөн тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулснаар тогтоох боломжтой тул эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. ИХШХШТХ-н 25.1.3, 25.2.2, 37.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх үүрэгтэй ба энэ эрх, үүргийнхээ хүрээнд маргаж буй шаардлагаа нотлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин тухайн нотлох баримт нь хэрхэн үнэлэх, хэрэгт ач холбогдолтой, ач холбогдолгүй талаас үнэлэх эсэх нь хэлэлцүүлэг дууссаны дараах шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн үндсэн эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлага нотлохоор хүсэлт гаргасныг хангаагүй нь хууль бус байна. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх юунд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тодорхойгүй байгаа юм. Хариуцагчийн зүгээс “Сэлэнгэ эстимэйт” ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй гэж тайлбарладаг бөгөөд миний ойлгож байгаагаар эрх бүхий байгууллагаас шинжээчийг санаандгүй байдлаар буюу тойргийн зарчмаар томилдог гэж ойлгодог. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй, хамтран ажиллах гэрээгээр томилогддог, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн хууль бус байхад шүүх мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь үндэслэлгүй байгаа юм.. шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ” гэж иймэрхүү төрлийн маргаанд нэхэмжлэгч нар хугацаа авах зорилготой гэж илтэд буруутган үзэж шийдвэрлэж байгаа илт байна. Тодруулбал: анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон үндсэн эрхүүдийг удаа дараа зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдахдаа бичгээр гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан гомдлыг шийдвэрлэсэн магадлалын хянавал хэсэгтээ нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл болгонд тайлбар өгөөгүй, яагаад үндэслэлгүй байгаа талаар, ямар учраас гомдлыг хүлээж авахгүй байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт тайлбарыг гаргаж өгөөгүй зэргээс тодорхой харагдаж байна. Шүүх эцсийн байдлаар хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хязгаарлах арга хэмжээ авдгын хувьд гаргасан шийдвэртээ хэргийн оролцогчийн гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэл бүхий тайлбар, үндэслэлийг тодорхой бичиж өгөх ёстой гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны бүх шийдвэр, захирамжуудад нь зөвхөн хүлээж авах үндэслэлгүй, үндэслэлтэй л гэсэн 2 байдлаар л шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, иргэд бидэнд ойлгомжтой байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Яагаад үндэслэлтэй, үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаагаа тайлбарлахгүй илтэд нэг талыг баримталж шийдвэрлээд байгаад туйлын гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Э... ХХК 2018-12-17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ..тоотын, 35 м.кв 2 өрөө орон сууц., .. тоотын 312 м.кв талбайтай орон сууц 10, 11 тоот зогсоолын хамт., ..А тоотын 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга., .. тоотын 111.75 м.кв 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохыг шаарджээ. /хх1-н 1/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Э... ХХК 8.688.182.053 төгрөгийг төлөхөөр Чингисхаан банктай эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-06-15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар захирамжаар баталж, захирамжийг сайн дураар эс биелүүлвэл албадан гүйцэтгэхийг заасан /хх1-н9/ байна.

       Нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч шинжээч томилж үнэлгээ тогтоосон байх бөгөөд эдгээр ажиллагааг зохих журмын дагуу явуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцжээ.

       2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч нарыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

       Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.    Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.

        Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

       Б.Дашдондог, Д.Төмөрбаатар, С.Батцэцэг, Б.Мишээлт нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй /хх 1-н 68-74,76,100-102/ байх тул шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэхүү хүсэлтийг шийдвэрлэсэн нь /хх 1-н 243/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-г зөрчөөгүй байна.   

        3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлоор шийдвэр,магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

       Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

       “Ремакс” ХХК-с зарим эд хөрөнгийн үнийн талаарх мэдээллийг нэхэмжлэгч тал өөрөө олж авах боломжгүй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул “...remax.mn гэсэн сайтад үзлэг хийх хүсэлт...” тэй холбоотой гомдол мөн “...өөрийн санаачилгаараа ub properties гэсэн фэйсбүүк цахим хэрэгслээр үзлэг хийж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон...” гэх үндэслэлийг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 168 дугаар зүйлийн 168.1-г зөрчинө.  

       4. Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилно.

       Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлыг буюу үнэлгээг эргэлзээтэй гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд тусгай мэдлэг шаардагдахгүй буюу шүүхийн шатанд шинжээч томилох хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 38 дугаар зүйлийн 38.6-т нийцжээ.

      Үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур тодорхойлсон нь тогтоогдоогүй тул шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй болно. 

      5. Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

      Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага,зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг тус тус   хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ