Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 78

 

Л.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00897/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

          “Д Х” ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах тухай иргэний  хэргийг

          Хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.П-, өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

Хариуцагч нь “Д Х” ХК-ийн удирдлагыг 7 жил хийхдээ компанийг дампууруулж, өрөнд оруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд “Д Х” ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрх хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж ТУЗ-ийн 01 тоот тогтоолоор Л.П- миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн өмнөх захирал Б.Б- ажлаа хүлээлцэхгүй, тамга тэмдэг, компанийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлгэж өгөхгүй компанийн үйл ажиллагааг саатуулж байна. Мөн тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийж шүүхийн 17 шийдвэрээр бусад тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байдаг. Иймд “Д Х” ХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг нэн даруй гаргуулан авах шаардлагатай байна гэжээ....

Хариуцагч Б.Б-иас:

...Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр “Д Х” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаа хуралдуулж, хурлын материалыг хянаж үзээд журамд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 9/2714 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбогдох дутуу материалыг тайлбар нотлох баримтуудын хамт Хооронд хүргүүлэх үүрэг өгсөн гэсэн. Дээрх албан тоотын дагуу дурдсан хугацаанд “Д Х” ХК-ийг материалаа ирүүлээгүй гэж үзэн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.А-ийн 2016 оны ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манай хуралдуулсан хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Б.Б- надад хариу мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул удирдах байгууллагуудад гомдол гаргасны дагуу хууль зүйн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар Санхүүгийн зохицуулах хороо болон гуравдагч этгээд Л.П- нарыг байлцуулан захиргааны хэргийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн.

... Бодитой шүүхийн шийдвэр гарсаар байтал илтээр гүжирдэн доромжилсон хандлагатай нэхэмжлэлүүдийг шүүхэд удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэр төрөө сэргээлгэхээр хариуцагч Б.Б- миний бие Л.П-т холбогдуулан шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр:

            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас “Д Х” ХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-т олгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлилйн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Б.Б- миний бие нэхэмжлэгч Л.П-ын “Д Х” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд өмнө иргэний хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талд үйлчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1067 тоот шийдвэрийг гаргаж байсан. Шүүгч Д.Алтантуяагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 594 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д Х” ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулж “Д Х” ХК-ний гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нэхэмжлэгчээр Л.П-ыг сольж оролцуулсан, хариуцагч Б.Б- нэхэмжлэгч Л.П-т холбогдуулж “Д Х” ХК-ний 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.П-т холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.П-ыг Компани тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар “Д Х” ХК-ний гүйцэтгэх удирдлага мөн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Л.П-т хуулийн дагуу эзэмшил үүссэн байна гэж дүгнээд хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Б- эс зөвшөөрч шүүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү  гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б-ийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Д Х” ХК  нь 55126 ширхэг хувьцаатай, 218 хувьцаа эзэмшигчтэй, Б.Б- 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс тус компани захирлаар, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Д Х” ХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулж, хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхээр хүргүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо тус хурлын материалыг хянаад хүчин төгөлдөр хурал болсон гэж тооцох боломжгүй гэсэн хариуг тус компани гүйцэтгэх удирдлага Б.Б-д болон бусад хувьцаа эзэмшигчдэд, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Тус компани хувьцаа эзэмшигч Б.А- хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардаж тус компани Төлөөлөн Удирдах Зөвлөлийн /ТУЗ/ дарга Болдбаатарт болон гүйцэтгэх захирал Б.Б-д 2016 оны 09,10 дугаар саруудад шаардлага хүргүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилж, бусад санхүү, цалин, урамшуулалттай холбоотой асуудлыг  шийдвэрлэсэн байна.

Дээрх “Д Х” ХК-ний ээлжит бус хурлын материалыг  Санхүүгийн зохицуулах хороо хянаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3752 дугаартай Материал хянасан тухай мэдэгдлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож,мэдэгдлийн хувийг компани хувьцаа эзэмшигч Б.А-эд болон Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-нд хүргүүлсэн байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Б.Б-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулж гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаартай мэдэгдэлд дурдсан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах  шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаартай мэдэгдэлд дурдсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах  шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Уг шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн боловч Д Х ХК-ний 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал түүнээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байх тул тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон Л.П- компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах буюу  эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-ийн шүүгч Д.Алтантуяагаас татгалзсан хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэж шийдвэрлэснийг хууль болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж шийдвэрлэсэн байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байх тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.П- нь Компани тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс бүрэн эрх олгогдож сонгогдсон  тус компани гүйцэтгэх удирдлага мөн бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар Төлөөлөн Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компани нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд мөн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”гэж зааснаар нэхэмжлэгч Л.П- хариуцагч Б.Б-иас тус компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Б-ийн шүүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэсэн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1- заасныг” гэснийг, “Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-иас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

            

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ                       

                                                                                                                    Л.АМАРСАНАА