Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00873

 

Д ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

            Д ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Б-д холбогдох

            Д ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пүрэвбаатар, хариуцагч Б , нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пүрэвбаатар, өмгөөлөгч Л.Оюунсувд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Хариуцагч нь Д ХК-ийн удирдлагыг 7 жил хийхдээ компанийг дампууруулж, өрөнд оруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд Д ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрх хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж ТУЗ-ийн 01 тоот тогтоолоор Л.Пүрэвбаатар миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн өмнөх захирал Б  ажлаа хүлээлцэхгүй, тамга тэмдэг, компанийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлгэж өгөхгүй компанийн үйл ажиллагааг саатуулж байна. Мөн тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийж шүүхийн 17 шийдвэрээр бусад тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байдаг. Иймд Д ХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг нэн даруй гаргуулан авах шаардлагатай байна гэжээ.

       Хариуцагч Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр Д ХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаа хуралдуулж, хурлын материалыг хянаж үзээд журамд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9/2714 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбогдох дутуу материалыг тайлбар нотлох баримтуудын хамт Хороонд хүргүүлэх үүрэг өгсөн гэсэн. Дээрхи албан тоотын дагуу дурдсан хугацаанд “Дархан Хөвөн” ХК-ийг материалаа ирүүлээгүй гэж үзэн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхийн 2016 оны ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манай хуралдуулсан хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Б  надад хариу мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул удирдах байгууллагуудад гомдол гаргасны дагуу хууль зүйн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар Санхүүгийн зохицуулах хороо болон гуравдагч этгээд Л.Пүрэвбаатар нарыг байлцуулан захиргааны хэргийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн. Бодитой шүүхийн шийдвэр гарсаар байтал илтээр гүжирдэн доромжилсон хандлагатай нэхэмжлэлүүдийг шүүхэд удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба нэр төрөө сэргээлгэхээр хариуцагч Б миний бие Л.Пүрэвбаатарт холбогдуулан шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Б-аас гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, нэхэмжлэгч Д ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Хариуцагч Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч /захирал/ Л.Пүрэвбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Д ХК-ийн гүйцэтгэх захирал миний бие нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б  нь давж заалдах журмаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаж үзээд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна, гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. ИХШХШТХуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар хэргийн харъяалал зөрчсөн. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхэд хамааралтай шаардлага байсан учраас анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр байсан. Харин давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байгаа бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлэсэн ч дээрх сөрөг нэхэмжлэл нь хэргийн харъяалал зөрчиж гаргасан нэхэмжлэл байсан учраас ач холбогдолгүй бидний цаг хугацааг алдагдуулсан ажил болох юм. Хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар нэхэмжлэл гаргах гэж байгаа бол ИХШХШТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар харъяалах хэргийн шүүхэд хандах нь зүйд нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн 1067 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 09 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ. 

          Нэхэмжлэгч Д ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвбаатар хариуцагч Б-д холбогдуулан Д ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б  Д ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б-иас Д ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж, Д ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

           Хариуцагч Б  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарт холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар Д ХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

       Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн өдөр шүүх хуралдаан хийж, шийдвэр гаргажээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Б нь хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүгчийн захирамжаар татгалзсан тухайн өдрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийснийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

           Хариуцагч Б-д сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гардуулсан буюу танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүний гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасныг зөрчөөгүй байна.  

        Түүнчлэн нэхэмжлэгч Д ХК-ийн эрх зүйн байдлыг тодорхойлсон баримт буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын хооронд үүссэн маргаанд хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл баримт хэлэлцэгдэж байгаа нөхцөлд тус компанийн хувьцаа эзэзмшигчдийн тоо, эзэмшиж буй хувь хэмжээ, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хэн гэж үзэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч Д ХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН