Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1067

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00897/И

 

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Д- ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-д холбогдох

 

Д--ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пүрэвбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Д-” ХК-ны гүйцэтгэх захирал Л.Пүрэвбаатар, өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б-нь “Д-” ХК-ийн удирдлагыг 7 жил хийхдээ компанийг дампууруулж, өрөнд оруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд “Д-” ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрхи хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж ТУЗ-ийн 01 тоот тогтоолоор Л.Пүрэвбаатар миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн өмнөх захирал Б-ажлаа хүлээлцэхгүй, тамга тэмдэг, компанийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлгэж өгөхгүй компанийн үйл ажиллагааг саатуулж байна. Мөн тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийж шүүхийн 17 шийдвэрээр бусад тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байдаг. Ийнхүү компанийн нэр хүнд унагаж эдийн засаг, санхүүгийн хямралд оруулаад явуу учир нэн яаралтай “Д-” ХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулан авах шаардлагатай байна” гэв.

 

Хариуцагч Б-нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
 

“...Нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар нь “Д-” ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах нэхэмжлэлийг хоёр дахь удаагаа гаргуулжээ. Эхний удаагийн нэхэмжлэлийн шаардлага нь тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1538 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б-нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн бөгөөд мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргад холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр “Д-” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьца эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаа хуралдуулж, хурлын материалыг хянаж үзээд журамд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 9/2714 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбогдох дутуу материалыг тайлбар нотлох баримтуудын хамт Хооронд хүргүүлэх үүрэг өгсөн гэсэн. Дээрхи албан тоотын дагуу дурдсан хугацаанд “Д-” ХК-ийг материалаа ирүүлээгүй гэж үзэн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхийн 2016 оны ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манай хуралдуудсан хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Б-надад хариу мэдэгдсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул удирдах байгуулагуудад гомдол гаргасны дагуу хуудь зүйн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар СЗХ болон гуравдагч этгээд Л.Пүрэвбаатар нарыг байлцуулан захиргааны хэргийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0565 дугаар бүхий шийдвэрийн 14 дүгээр хуудасны үндэслэх нь гэсэн хэсэгт: Ийнхүү шүүх үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудаас 1 дэх шаардлага болох “Санхүүгийн зохицуулах Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, шаардлагыг хангаж ...15 дугаар хуудасны 1.”Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах,” шаардлагын тухайд: “Дархан-Хөвөн” ХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 03 дугаар сарын сарын 21-ний өдөр хуралдуулахаар 09 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ шийдвэр нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Хязгаарлагдсал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна” гэсэн хугацааг зөрчөөгүй хуулийн энэхүү заалттай нийцсэн байна. Энэ нь нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тогтоолын дагуу өдөр тутмын “Өдрийн мэдээ”, “МЫ-Өнөөдөр” сонинд 2016 оны 02 дугаар сарын 05,02 дугаар сарын 19-ний өдрүүдэд зар өгсөн баримтаар давхар нотлогдсон байна. Ийнхүү “Дархан-Хөвөн” ХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хурлыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулж холбогдох материалыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тус тус хүргүүлсэн байна. Тус хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаас хойш 8 дугаар сарын дараа мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлээр уг хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох боломжгүй тухай хариу хүргүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх 9/3753 дугаар мэдэгдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв. 16 дугаар хуудасны Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.” 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ.” 1 дэх хэсгийн 4-д “өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулна.” 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.” гэж хуульчилснаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч “Д-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хариуг өгөх үүрэгтэй байжээ. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хариу өгөх хугацааг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргадаг энэ харилцаатай холбоотой журамуудад зохицуулаагүй хэдий ч уг асуудлыг зохицуулалтгүй харилцаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Д-” ХК 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээлэлийг хурал хуралдснаас хойш ажлын 3 өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх, гэж заасан хугацааны дотор хүргүүлсэн байхад материал хүлээн авснаас хойш 8 сарын дараа хянаж уг хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзсэн 9/3753 дугаар мэдэгдэл илт хууль бус байна. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдэл илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. 17 дугаар хуудасны аливаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэг хууль зүйн зохицуулалтгүй явагдах боломжгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хянаж шийдвэрлэх хугацаа ямар ч хуулийн зохицуулалтгүй явагддаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагч “Д-” ХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн хурал, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлын материалыг хянаж хорооны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/2714 дүгээр албан бичгээр хугацаатай үүрэг өгсөн гэх боловч энэ албан бичгийг тус компанийн удирдлага хүлээн аваагүй байна. Дээрх 9/2714 дүгээр албан бичгийг тус компанид хүргүүлснээ хариуцагч нотлоогүй бөгөөд харин “Монгол шуудан” ХК-ийн Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаар албан бичгээр “...Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 09 дүгээр сард “Дархан-Хөвөн” ХК-ийн нэр дээр албан бичиг ирүүлээгүй болно.” гэж нотолжээ. Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас “Дархан-Хөвөн” ХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон хойшлогдсон хурлын материалыг хянаж уг хурал хүчинтэй эсэх шийдвэрийг гаргах бүрэн эрхээ хуулинд заасан хугацаа, зохицуулалтын хүрээнд хийгээгүй гэж дүгнэх боломжтой бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. 19 дүгээр хуудасны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь: 1.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Д-” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаар мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр, үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг, гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж зааснаар нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн болно. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо болон гуравдагч этгээд Л.Пүрэвбаатар нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул дээрхи шийдвэр хүчин төгөлдөр болсон. СЗ хороо нь уг шүүхийн шийдвэрээр “Д-” ХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болсныг бүртгэж авах нь тодорхой болсон тул хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хүчинтэй тооцох боломжгүй болсон байхад уг хурлаас томилогдсон гүйцэтгэх захирал гэх Л.Пүрэвбаатар нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тус компани нь СЗ хороонд шүүхийн шийдвэрийн дагуу зохих хариуг өгнө үү гэсэн албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн байдлаас хариу ирээгүй байгаа тул хариуг шүүх хуралд нотлох баримтаар хүргүүлэх болно. Бодитой шүүхийн шийдвэр гарсаар байтал илтээр гүжирдэн доромжилсон хандлагатай нэхэмжлэлүүдийг шүүхэд удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэр төрөө сэргээлгэхээр хариуцагч Б-миний бие Л.Пүрэвбаатарт холбогдуулан шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д- нь хариуцагч Б-холбогдуулан Д--ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б-нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Д--ны 2016 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг ТУЗ-ын хурлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 тогтоолоор 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт хуралдуулах зарыг Д--ны гүйцэтгэх захирал Б-Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байх бөгөөд товлогдсон хуралд нийт хувьцаа эзэмшигчдийн 33,5 %-ийн хувьцаа эзэмшигчид ирсэн тул дахин 2016 оны 3 дугаар сарын 31ний өдрийн 16 цагт хуралдахаар товлосон байна. /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

Д--ны 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 01 тогтоолоор Тооллогын комисс, 02 тогтоолоор тус Компаний дүрмийг баталж, 03 тогтоолоор Хурлын дарга, нарийн бичгийн даргыг томилж, 04 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг баталж, 05 тогтоолоор ТУЗ-ын дарга, гишүүдийн цалин урамшуулалын хэмжээг баталж, 06 тогтоолоор Үйл ажиллагааг сэргээх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Их хэмжээний хэлцэл хийх эрхийг ТУЗ-д олгох тухай баталж тус тус шийдвэрлэжээ. /хх-ийн 60-88 дугаар хуудас/

 

Д--ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний хурлын 01 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг томилж, 02 тогтоолоор ТУЗ-ийн гишүүдийн 100%-ийн саналаар компаний гүйцэтгэх захирлаар Б.Байгалийг томилж, 03 тогтоолоор Төсөл хэрэгжүүлэх, санхүүжилтыг захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захирал Б-олгож, 04 тогтоолоор Аудитын хороо байгуулж, 05 тогтоолоор Цалин урамшууллын хороо байгуулж, 06 тогтоолоор Нэр дэвшүүлэх хороо байгуулжээ.

 

            Дээрхи Д--ны  Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхээр хүргүүлсэн байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаартай Мэдэгдлээр ...Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 69 дүгээр зүйлийн 69.6, 46 дугаар зүйлийн 46.5, 75 дугаар зүйлийн 75.4, 75.8, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 зэргийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Д--ний 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болсон гэж тооцох боломжгүй гэсэн хариуг хувьцаа эзэмшигч Б.Байгальд, хувийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК, хувьцаа эзэмшигч Б.Ариунсүх нарт хүргүүлжээ. /хх-ийн 5 дугаар хуудас/

 

            Д--ны 2016 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдбаатарт хувьцаа эзэмшигч Б.Ариунсүх шаардлага хүргүүлж, Д--ны гүйцэтгэх захирал Б-шаардах бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 27, 10 дугаар сарын 18-нд гардуулж, Д--ны Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт болохыг зарлаж, нийт Хувьцаа эзэмшигчдийн 77,9 %-ийн ирцтэйгээр хуралдсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0/2 хурлын тэмдэглэл бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 177-189 дүгээр хуудас/

 

            Д--ны Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 тогтоолоор Тооллогын комиссын дарга, гишүүдийг томилж, 02 тогтоолоор Үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах тухай баталж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Д--ны ТУЗ-ын анхдугаар хурлын 01 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Ганчимэгийг, 02 тогтоолоор Д--ны гүйцэтгэх удирдлагаар Л.Пүрэвбаатарыг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 тогтоолоор Д--ны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болон аудит, цалин урамшуулал, нэр дэвшүүлэх хороодыг баталж, 04 тогтоолоор ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын цалинг тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 190-209 дүгээр хуудас/

 

            Дээрхи  Д--ны Хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хойшлогдсон хурлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3752 дугаартай Материал хянасан тухай мэдэгдлээр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож, хувийг Д--ны хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхэд, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д тус тус хүргүүлжээ.

 

            Нэхэмжлэгч Б-нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  хүчингүй болгуулах, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Д--ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0565 дугаартай шийдвэрээр ...Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 60.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Д--ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдааныг бүртгэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ....нэхэмжлэгчийн   2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаар тоот мэдэгдэлд дурьдсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 14-23 дугаар хуудас/

 

Д--ны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаар тоот мэдэгдэл нь хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0565 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн Д--ны гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орсонтой холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэл өөрчлөлт оруулах, компаны хэвийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай тул компаны гэрчилгээ, тамга тэмдэгийг хариуцагч Б-гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т: “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.3-т: “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд нь компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д: “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус зааснаар Л.Пүрэвбаатар нь компанийн гүйцэтгэх захирлын хувьд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй байна.

 

Иймд компанийн гэрчилгээ, тамгыг  Б-эзэмшиж, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд саад учруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Б- Д--ийн гэрчилгээ, тамга тэмдэгийг тус тус гаргуулж, Д--д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Б-гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, нэхэмжлэгч Д--д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА