Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00205

 

Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй

            иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

 

Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй,

Б.Байгальд холбогдох,

 

Дархан хөвөн ХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Байгаль нь Дархан Хөвөн ХК-ийн удирдлагыг 7 жил хийхдээ компанийг дампууруулж, өрөнд оруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд Дархан Хөвөн ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрх хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж ТУЗ-ийн 01 тоот тогтоолоор Л.Пүрэвбаатар миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн өмнөх захирал Б.Байгаль ажлаа хүлээлцэхгүй, тамга тэмдэг, компанийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлгэж өгөхгүй компанийн үйл ажиллагааг саатуулж байна. Мөн тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийж шүүхийн 17 шийдвэрээр бусад тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байдаг. Ийнхүү компанийн нэр хүнд унагаж эдийн засаг, санхүүгийн хямралд оруулаад яваа учир нэн яаралтай Дархан Хөвөн ХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулан авах шаардлагатай байна.

Иймд Б.Байгалиас Дархан хөвөн ХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Байгаль шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар нь Дархан Хөвөн ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах нэхэмжлэлийг хоёр дахь удаагаа гаргуулжээ. Эхний удаагийн нэхэмжлэлийн шаардлага нь тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1538 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Байгаль нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн бөгөөд мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргад холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр Дархан Хөвөн ХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаа хуралдуулж, хурлын материалыг хянаж үзээд журамд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9/2714 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбогдох дутуу материалыг тайлбар нотлох баримтуудын хамт Хооронд хүргүүлэх үүрэг өгсөн гэсэн. Дээрх албан тоотын дагуу дурдсан хугацаанд Дархан Хөвөн ХК-ийг материалаа ирүүлээгүй гэж үзэн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхийн 2016 оны ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манай хуралдуулсан хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Б.Байгаль надад хариу мэдэгдсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул удирдах байгууллагуудад гомдол гаргасны дагуу хууль зүйн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар СЗХ болон гуравдагч этгээд Л.Пүрэвбаатар нарыг байлцуулан захиргааны хэргийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн. Бодитой шүүхийн шийдвэр гарсаар байтал илтээр гүжирдэн доромжилсон хандлагатай нэхэмжлэлүүдийг шүүхэд удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэр төрөө сэргээлгэхээр хариуцагч Б.Байгаль миний бие Л.Пүрэвбаатарт холбогдуулан шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8, Иргэний̆ хуулийнн 89 дүгээр зүй̆лий̆н 89.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Байгалаас Дархан хөвөн ХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Байгаль нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний̆ хэрэг шүүхэд хянан ший̆двэрлэх тухай̆ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгалаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1- заасныг гэснийг, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Байгалиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Байгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 694 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20.19 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Пурэвбаатар нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Дархан-хөвөн ХК-иар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг өөрчилж хувь этгээд болох өөрийн зүгээс Дархан-хөвөн ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага болгосон. Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар нь хувь этгээдийн зүгээс Дархан-хөвөн ХК-ийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэх эрхгүй этгээд атал анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Дархан-Хөвөн ХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар 09 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан хугацааг зөрчөөгүй бөгөөд Дархан-Хөвөн ХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хурлыг 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хуралдуулж холбогдох материалыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид тус тус хүргүүлсэн байдаг болно. Гэтэл Санхүүгийн зохицуулах 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаас хойш бүхэл бүтэн 8 сарын дараа 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлээр уг хурлыг хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөрт гэж тооцох боломжгүй тухай хариу хүргүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх 9/3753 дугаар мэдэгдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 дугаар мэдэгдлээр 2016 оны оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Дархан хөвөн " ХК-ийн 2016 оны оны 03 дугаар сарын 21-ны өдөр зарлагдсан хурал 2016 оны оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаж хорооны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/2714 дүгээр албан бичгээр хугацаатай үүрэг өгсөн..." гэдэг боловч тус албан бичгийг огт илгээж байгаагүй болох нь Дархан-Уул аймгийн шуудан үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ий өдрийн 53 дугаар албан бичгээр нотлогддог. Дархан Хөвөн ХК нь 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасан хугацааны дотор хүргүүлсэн байхад материал хүлээн авснаас хойш 8 сарын дараа хянаж хурлыг хүчин. төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзсэн 9/3753 дугаар мэдэгдлийг хууль бус акт гэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 128/ШШ2017/0565 дугаартай шийдвэрээр шүүх дүгнэсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэж байсан шүүгчийн зүгээс хариуцагч надад удаа дараа нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар хувь этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах, Дархан-хөвөн ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болсон газар нь нэхэмжлэлээ гаргах эрхтэй мэтээр ойлгуулан хариуцагч надад эргэлзээ төрүүлж сөрөг нэхэмжлэлээс татгалзуулсанд маш их гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч миний биеийн байдал тааруу, яаралтай Хавдар судлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсны. улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хуралдааныг зохих хугацаагаар хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан боловч хариуцагч надад мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг хариуцагч миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 694 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн. давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарын Дархан хөвөн ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Байгаль эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...нотлох баримтыг үнэлж чадаагүй, ...шүүгчээс татгалзсаныг хүлээж аваагүй,...эргэлзээ төрүүлж сөрөг нэхэмжлэлээс татгалзуулсан,...хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч мэтгэлцэх боломж олгоогүй гэжээ.

 

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Байгаль нь 2012 оны 5 дугаар сарын 3-ний өдөр Дархан хөвөн ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан байна.

 

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан байх ба Санхүүгийн зохицуулах хороо тус хурлын материалыг хянаад хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болсон гэж тооцох боломжгүй гэж үзэж, энэ тухай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарт мэдэгджээ /хэргийн 1 дүгээр хавтас 50-53 дугаар тал/.

 

Хувьцаа эзэмшигч Б.Ариунсүх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардсан, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, ТУЗ-ын дарга, гүйцэтгэх удирдлагыг сонгох, үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг томилжээ /хэргийн 1 дүгээр хавтас 138-220 дугаар тал/.

 

2. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 59.4.-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, 59.5.-т энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.

 

Дархан хөвөн ХК-ийн дүрмийн 3.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал байх бөгөөд жилд нэг удаа хуралдана гэж заасан ба ТУЗ нь компанийн гүйцэтгэх захирлыг томилж, гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавихаар дүрмийн 3.17.5-т заасан байна /хэргийн 1 дүгээр хавтас 96-103 дугаар тал/.

 

Дархан хөвөн ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор Л.Пүрэвбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, ТУЗ-ийн тогтоолыг дурдаж, хариуцагч уг тогтоолыг биелүүлээгүй гэжээ.

 

3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-т зааснаар үнэт цаас гаргагч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хороо, хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо Дархан хөвөн ХК-иас ирүүлсэн ээлжит бус хурлын материалыг хянаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3752 дугаар мэдэгдлээр тус ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож, энэ тухай хувьцаа эзэмшигч болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д мэдэгджээ /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр тал/.

 

4.Б.Байгаль нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 9/3752 дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн өдрийн 9/3752 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдааныг бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0565 дугаар шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны 9/3753 дугаар мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг бүртгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 9/3752 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хүчинтэй байна /хэргийн 1 дүгээр хавтас 14-23 дугаар тал/.

 

Өөрөөр хэлбэл, Дархан хөвөн ХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон Л.Пүрэвбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон ТУЗ-ийн тогтоол хүчинтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

 

Дархан-Уул аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Байгалийн ...шүүгч Д.Алтантуяагаас татгалзах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй ба хариуцагч Б.Байгаль шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсанд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж байсан байх тул ...мэтгэлцэх боломжоор хангаагүй талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгалийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД