Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1303

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П.партнерс” ХХК-д холбогдох,

 

7 187 940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхтөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бум-Аюуш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Богд Жавзандамын гудамж, хариуцагч “П.партнерс” ХХК болон Удирдлагын академи, Монголын менежментийн холбоо ТББ, “Э” ХХК, “Бм” ХХК-ууд хамт өмчилдөг.

Тус барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон мөн оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөн тодорхой хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг хурлуудын тэмдэглэлд тусгагдсанаар засварын ажлыг манай компани зохион байгуулах үүрэг хүлээсэн ба хариуцагч болон бусад компанид өөрт ногдох талбайн хэмжээгээр төлбөрийг төлөхөөр болсон.

Гэтэл хариуцагч “П.партнерс” ХХК нь өөрийн өмчлөлийн талбайд ногдох 7 187 940 төгрөгийг төлөхгүй, үндэслэлгүйгээр татгалзсан. Бид ажил гүйцэтгэх гэрээг “С” ХХК-тай байгуулж, улмаар тус компанид хариуцагчийн өмнөөс 7 187 940 төгрөгийг төлсөн.

Уг 5 давхар байрны өмчлөгч нарыг эзэмшдэг талбайг нийт 2 700 м.кв гэж тооцож, гадна фасадыг засварлахад гарсан 59 898 671 төгрөгөөс хариуцагчийн өмчилдөг 324 м.кв талбайд ногдох хэмжээг 7 187 940 төгрөг гэж тогтоосон.

Өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайн засварын зардал 22 185 төгрөг болсон.

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 40 дүгээр байрны өмчлөгч нарыг нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээд байгаа боловч аваарын шат болон гадна фасадыг засварлах хуралд оролцсон этгээдүүд тухайн зардлыг хариуцах учиртай.

Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид, хамтран өмчилдөг барилгын засвар үйлчилгээг хийх ёстой гэж шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргахгүй.

Гэхдээ барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөж, нэхэмжлэгчид нийт зардал хэд болох, өмчлөгч бүрт ногдох хэмжээг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон.

Нэхэмжлэгч тал ямар ч үндэслэлгүйгээр 7 187 940 төгрөгийг нэхэмжилж байна. Тус компанийн нэхэмжлэлд дурдсанаар дээрх төлбөрийг “С” ХХК-нд төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар уг байрыг 11 өмчлөгч эзэмшдэг. Үүнээс хэдэн орон сууцны болон аж ахуйн зориулалтаар ашигладаг талаар тодорхойгүй ба орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа хүн дундын өмчийн ашиглалт, засвартай холбоотой зардлыг төлөхгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй.

Гэвч нэхэмжлэгч тал бүх өмчлөгч нарыг хуралд оролцуулаагүй байж эзгүйд нь шийдээд өөр байгууллагаас тэдгээрт ногдох хувийг нэхэмжилж байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 17 104 500 төгрөг гэсэн байхад өмчлөгч нарын өмнөөс 57 898 671 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм хэмжээний зардал гарсан бол өмчлөгч нарт тайлан тавьж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт байх ёстой.

Шүүхэд өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримтаар “С” ХХК-руу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой байтал хувь хүн рүү мөнгө шилжүүлсэн, шилжүүлсэн төлбөр нь 59 898 671 төгрөгт хүрэхгүй байна.

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 угаа зүйлийн 108.5.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан хариуцагч П.партнерс ХХК-нд холбогдох 7 187 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018-2 дугаар протокол, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018-3 дугаар хуралдаанаар өмчлөгч компаниуд барилгын засварын ажил хийх, зардал мөнгийг хувь тэнцүүлэн гаргахаар тохиролцсон. Барилгын гадна пасадны ажлын төсөв нь 59 898 671 төгрөг болсонд маргаан байхгүй.

 “П.партнерс” ХХК нь 1 м.кв-ын үнийг 22 185 төгрөгөөр тооцон 324 м.кв талбайн гадна фасадны үнэд 7 187 940 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа батлах нотлох бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нь засварын ажил хийгдсэн, төлбөрийн баримтын талаар маргаагүй.

Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлэлгүй шийдвэр гаргасан. Мөн “Б” ХХК нь төлбөрийн үүргээ биелүүлэх талаар хариуцагч “П.партнерс” ХХК-д бичгээр мэдэгдэхэд 7 187 940 төгрөгийг бартераар төлөхийг санал болгож байсан. 40 дүгээр байр нь 5 давхар бөгөөд нэг давхар нь 540 м.кв талбай бүхий нийт 2 700 м.кв талбайтай барилгыг 2 492.05 м.кв талбайтай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар 1 давхар нь 540 м.кв талбайтай гэдэг нь нотлогдсоор байхад 5 давхар барилгыг 2 700 м.кв-тад хүрэхгүй байна гэж үзэх нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөхгүй гэдэггүй, төлбөрийн хэмжээний талаар маргадаггүй.

Иргэний хуульд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заасны дагуу хариуцагч компани өөрт ногдох хэсгийн төлбөрөө төлөх ёстой.

Барилгын засварын ажил бүрэн хийгдэж дууссан, “П.партнерс” ХХК-ийн хувьд 1 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 40 дүгээр байрны гадна өнгө үзэмж сайжрахын хэрээр түүний үр шимийг хүртэж байгаагийн хувьд өөрт ногдох хэсгийн төлбөрийг үл маргах журмаар төлөх ёстой.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “П.партнерс” ХХК-нд холбогдуулан 7 187 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Удирдлагын академийн дэд захирал Б.Баясгалан, “Б” ХХК-ийн захирал О.Э, “П. партнерс” ХХК-ийн захирал Т.Ө, “Эв” шүдний эмнэлгийн захирал Г.А нар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Стадион Оргил Зайсангийн гудамж байрны өмчлөгчдийн хувьд барилгын гадна фасад, галын аваарын шатыг засварлах талаар уулзаж, шийдвэр гаргасан ба уг шийдвэрт зардлын төсвийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж, зардлыг өмчлөгч нарт өмчилж буй талбайтай нь дүйцүүлэн хариуцуулахаар тохиролцжээ. Энэ хуралд хариуцагч “П. партнерс” ХХК-ийн захирал Т.Ө оролцож, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

 

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн байрны өмчлөгч нарын хамтарсан хурал болж, барилгын фасад, аваарын шат хийлгэхэд гарч буй нийт 81 757 161 төгрөгийн төсвөөр хийлгэхийг олонх санал нэгтэй зөвшөөрсөн, өмчлөгчийн талбайн хэмжээгээр дүйцүүлэн зардлыг хуваахаар тохиролцсон байна. Уг хуралд хариуцагч “П. партнерс” ХХК-ийн захирал оролцоогүй байна.

 

Засвар үйлчилгээ хийгдсэн талаар талууд маргаагүй.

 

Оффисын байрны гадна фасадны ажлын төсвийг 59 898 61 төгрөг, аваарын шатны ажлын төсвийг 21 858 490 төгрөгөөр тооцож мэргэжлийн төсөвчин гаргасан нь баримтаар тогтоогдсон.

 

Уг 40 дүгээр байрны өмчлөгч нь “Монголын менежментийн холбоо” ТББ, “Б” ХХК,  иргэн Ш.А, иргэн Ш.Э, “П.партнерс” ХХК, иргэн Ш.Я,  “ Э” ХХК, иргэн Ц.Б , иргэн С.С, “БА” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээгээр тус тус өмчилдөг талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.  /х.х-ийн 78-108 хуудас/.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.-д: “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана”  гэж тус тус заажээ.

 

            40 дүгээр байрны  нийт 2,492.05 м.кв талбайтай болох нь дээр дурдсан өмчлөгч нарт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээнд бичигдсэн байдлаар тогтоогдсон, дийлэнх хэсгийг “Монголын” ТББ /330м.кв+324 м.кв/ , “Б” ХХК /540 м.кв/, “П.партнерс” ХХК 324 м.кв/, “Э” ХХК /216 м.кв/ “Б” ХХК /360 м.кв/   өмчилдөг байх ба өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалттай холбоотой зардал шийдвэрлэх асуудалд өмчлөгч иргэдийг оролцуулаагүй гэх гомдлыг хариуцагч гаргахгүй юм.

 

            Дээрх 2 хурлын шийдвэрээр тогтоосон хэмжээгээр зардлыг “П.партнерс” ХХК нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар хариуцах бөгөөд түүнд ногдох хэсэг нь 13 хувь /324:2492/ байна. 

 

            “С” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зардал нь 18 646 500 төгрөг байгаа ба үүнд материалын зардал ороогүй тул гадна фасадны засварын зардлыг төсөвт тусгасан 59 898 671 төгрөгөөс тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй. Үүнийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

 

            59 898 671 төгрөгийн 13 хувь нь 7 786 827 төгрөг байх ба нэхэмжлэгч нь 7 187 940 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар “П.партнерс” ХХК-иас 7 187 940 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгосугай” гэж өөрчилж,

2 дах заалын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 130 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

                                                       

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА