Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 113/2017/0008/З |
Дугаар | 105 |
Огноо | 2018-03-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 105
Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг
даргын Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2017/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Ч.Э.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2017/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Э-ийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6125684 (зургаан сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун наян дөрвөн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлалыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга миний бие 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээж авсан.
4. Ч.Э-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.
5. Нэхэмжлэгч Ч.Э нь Санхүүгийн албаны дарга байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин зөрчил гаргасан тул хариуцагч миний бие нь маргаан бүхий захиргааны акт болох Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг батлан гаргаж ажлаас нь чөлөөлсөн.
6. Ингэхдээ Ч.Э нь 1-рт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Өөрөөр хэлбэл “Орон нутаг хөгжил сангийн төсвийг батлуулахдаа тооцоо судалгаа хийгээгүй, сумын ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт болох 4320000 төгрөгийг батлуулаагүй” буюу ажлын байрны ...заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дутагдал гаргасан. Гэтэл шүүхээс дүгнэхдээ уг асуудлыг сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал хэмээн, Санхүүгийн албаны даргын албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэгт үл хамаарах асуудлыг зөрчил хэмээн ажлаас халах үндэслэлд хамааруулсныг буруу гэж үзжээ.
7. Сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын албаны Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж заасны дагуу ажлын алба буюу Тамгын газраасаа зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар туслалцаа авахаар байна.
8. Иймд Баянтал сумын Санхүүгийн албаны дарга нь Засаг даргыг Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах буюу төсвийн төсөл боловсруулах, батлуулахад нь зохион байгуулалтын арга хэмжээ авч, хариуцан ажиллах тул ажлын байрны тодорхойлолтод нь төсвийн төсөл боловсруулах, батлуулах талаар тусгасан. Иймд Орон нутаг хөгжил сангийн төсвийн төсөлд 4320000 төгрөгийг тусгаагүй асуудал нь дан ганц Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй асуудал биш, харин Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ болон зохион байгуулалтын арга хэмжээ авч Засаг даргад туслах хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргасан байхад зөрчилд тооцоогүй.
9. 2-рт: “Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн” зөрчил гаргасан. Үүнийг анхан шатны шүүх сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эзгүй байсан ба №22 төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №2 төлбөрийн хүсэлтээр хийсэн гүйлгээг залруулах албан бичгийг ёсчлоогүй ба Санхүүгийн албаны дарга нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, бүрдэл дутуу гарын үсгээр гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн.
10. Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын эзгүйд гүйлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагааны журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ зөрчсөн. Учир нь Санхүүгийн албаны дарга байсан Ч.Э нь төлбөрийн хүсэлтэд хяналт тавьж, гүйлгээг баталгаажуулах үүрэгтэй. Гэтэл хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй, гүйлгээг баталгаажуулж Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн.
11. Өөрөөр хэлбэл гүйлгээг баталгаажуулах үүргээ биелүүлэхдээ Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчиж гүйлгээг баталгаажуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх ойлголтод хамаарна. Ч.Э нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдаж, сахилгын шийтгэлгүйд тооцогдоогүй байхдаа дахин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан.
12. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2017/0012 дугаар шийдвэр, давж заалдах шатны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
14. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Санхүүгийн албаны дарга Ч.Э-ийг “ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг үл биелүүлж, удаа дараа ажилдаа хариуцлагагүй хандан Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчин бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийсэн, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж 4,320,000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй, 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халжээ.
15. Төрийн албан хаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд нэхэмжлэгч Ч.Э-ийг ажлаас халсан үндэслэл болох “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
16. Тодруулбал, нэхэмжлэгчийг “2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлийн тухайд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Улаанхүү нь Ч.Э-ийн 2016 оны үр дүнгийн гэрээг 90.3 оноогоор “А” буюу маш сайн гэж дүгнэсэн, гэтэл сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь тус үнэлгээг бууруулж “D” буюу дутагдалтай гэж дүгнэж баталгаажуулахдаа юуг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д заасан “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ”, 6.4-д заасан “Менежер нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө” гэснийг зөрчсөн нь тогтоогджээ.
17. Мөн нэхэмжлэгчийг “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг батлуулахаар оруулахдаа буруу тооцоолол хийж, 4,320,000 төгрөгийг төсөвт оруулж батлуулаагүй” гэж түүний албан тушаалын чиг үүрэгт шууд хамааралгүй асуудлаар буруутгаж ажлаас халах тушаалын үндэслэл болгосон нь хууль бус байна.
18. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлд сум, дүүргийн Засаг даргын орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан байх ба мөн зүйлийн 66.1.1-д “тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах”, 67 дугаар зүйлийн 67.1-д “...сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус зааснаар сумын төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд сумын 2014, 2015, 2017 оны төсөвт дээрх 4,320,000 төгрөгийг тусгаагүй ч 2017 онд төсвийн тодотгол хийсэн, үүнд нэхэмжлэгчийг шууд буруутган зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
19. Харин, сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Г 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эзгүй байсан хугацаанд бүрдэл дутуу гарын үсгээр 70,000 төгрөгийн гүйлгээг өөр дансанд шилжүүлсэн нь Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.5-д заасныг зөрчсөнийг хариуцагчаас Санхүүгийн албаны дарга Ч.Э нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэстэй боловч дан ганц энэ үндэслэл нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ажлаас халах үндэслэл болохгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
20. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т төрийн албан хаагчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд албан тушаал бууруулах үндэслэлийг хуульчилсан бол, 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах үндэслэлийг зохицуулсан байтал хариуцагч сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хуулийн 2 өөр зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг үндэслэж нэхэмжлэгч Ч.Э-ийг ажлаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, 2 шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
21. Хариуцагчаас “нэхэмжлэгч Ч.Э нь Санхүүгийн албаны дарга байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул маргаан бүхий Б/08 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
22. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг зааж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан нь түүнийг ажлаас халсан, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнээс шалтгаалж төрийн албанаас халах үндэслэлийг зохицуулсан, харин 26 дугаар зүйлд сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилсан байна.
23. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА