Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 88

 

“ОГХ” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...”ОГХ” ТББ-аас Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж болон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0859 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч “ОГХ” ТББ-ын өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, Б.Саран,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, Б.Саран нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0859 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, Б.Саран нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ОГХ” ТББ-ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0859 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. “ОГХ” ТББ нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн гаргасан. Төрийн бус байгууллагын байгаль орчны хамгаалах талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгуулахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж заасан. Гэтэл “ОГХ” ТББ нь “гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсэн шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн зүгээс энэ шаардлагыг хангуулахаар гэм буруутай этгээдийг тодруулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Нөгөө талаар гэм буруутай этгээд гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам биш бөгөөд тухайн газарт үйл ажиллагаа явуулах эрх бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баярсгоулд” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг ч мөн ханган шийдвэрлээгүй. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Байгаль орчны чадавхийг тогтоосон хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд хорт бодис гаргасан, хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж, гарсан зардлыг нөхөн төлнө” гэснийг зөрчсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталж, хууль зүйн улсын бүртгэлд бүртгүүлэн нийтээр дагаж мөрдөж байгаа бөгөөд аргачлалын 3 дахь заалтад “энэхүү аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байх”-аар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс хохирол төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, хохирлыг тооцсон зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулахаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар “яам нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах үүргийн хүрээнд хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэх” үүрэгтэй. Нэгэнт Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хариуцуулан нарийвчлан зохицуулсан байхад түүнийг хэрэгжүүлж ажиллаагүй хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус байна гэж дүгнэжээ. Ийнхүү шүүх "Нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 61.1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан. 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн хуулийн заалтад нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд “яам”-ны, 16, 17 дугаар зүйлд “Засаг дарга”-ын бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн.

7. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ерөнхий чиг үүргийн яам бөгөөд байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэхүү хохирол тооцох талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль эрх, үүргийн хуваарилалт маш тодорхой зааж өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, 17 дугаар зүйлийн 17.2д “Засаг дарга байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”, 17.2.9 “энэ үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх”, 17.2.1 “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 17.2.2-т ”нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 4 “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн бүрэн эрхтэй бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан арга хэмжээ авна”. /Засаг даргыг огцруулах үндэслэл болно/.

8. Өөрөөр хэлбэл Засаг дарга тухайн орон нутагт байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалж, хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн сэргээх арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнтэй уялдуулан байгалийн нөөц ашигласны төлбөр бүгд орон нутагт төвлөрдөг ба Засаг дарга түүнийг зарцуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, гэм буруутай этгээдээс хохирлыг төлүүлдэг жишиг тогтсон.

9. Хэрэв Монгол орны эвдэрсэн гэмтсэн газар бүрийн хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тооцох, улмаар нөхөн сэргээх аваас Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын чиг үүрэг, уялдаа холбоо алдагдаж бохирлуулагч нь төлөгч байх, гэм буруутай этгээд нь хохирлыг барагдуулах зарчим алдагдах сөрөг үр дагавартайг анхаарна уу.

10. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Жил бүр аймгийн Засаг дарга нартай байгаль орчны бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Өвөрхангай аймгийн Засаг даргатай 17-013 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 06-нд байгуулсан. Уг гэрээний 3.1-т Сайдын хүлээх үүрэг гэдэгт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах, учирч болох хохирлоос сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах чиглэлээр тодорхой асуудлаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад удирдлага, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж биелэлтийг хангуулна” гэсэн хэрэгжүүлэх арга хэмжээг Засаг дарга хэрэгжүүлж ажиллахаар тусгасан. Тухайлбал. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүтийн голд уурхайжилтын үйл ажиллагаанаас усны сан бүхий газарт үүссэн хохирлыг сав газрын захиргаатай хамтарч тооцох /Уянга сум, /34/ “Өөрийн нутаг дэвсгэр дэх эзэнгүй орхигдсон, бохирдож, доройтсон, эвдэрч, ухагдсан газрын тооллого, судалгааг хийн, газар хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээ авах”, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу “газрын төлбөрийн орлогын 15 хувийг газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах”, 17 “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх” гэж тус тус зохицуулсан. Уг гэрээг дүгнэхэд Засаг дарга уг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бөгөөд Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудал юм.

              11. “ОГХ” ТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан албан бичигт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/6168, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2574 дугаар бүхий албан бичгүүдээр тухай бүр хариу өгч, Засаг дарга хариуцан ажиллах талаар дурдсан. Ийнхүү хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэх үндэслэлгүй юм. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн эс үйлдэхгүй тогтоолгох тухай байгаагүй бөгөөд шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалын баталж мөрдүүлсэн ч хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажил тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А-156 тушаалын биелэлтийн талаар тайлан гаргах талаар огт дурдаагүй, энэ талаар маргаагүй байхад шүүх үндэслэл болгосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлыг хариуцан маргаан бүхий газарт байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байна” гэжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баталж, нийтээр дагаж мөрдөж байна. Энэхүү аргачлалын 2 дахь заалтад “энэхүү аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, амьтан, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажлыг зохион байгуулахыг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгасан.” 3 дахь заалтад “энэхүү аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт” даалгаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийг яамны бодлогын газарт тус тус даалгасан байна. Өөрөөр хэлбэл хохирлыг тооцуулах ажлыг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар, хохирлыг тооцох ажлыг эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэх талаар тодорхой заасан байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хохирол тооцох үүрэгтэй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

14. Шүүх “Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нарийвчлан зохицуулсан байхад түүнийг хэрэгжүүлэн ажиллаагүй хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус байна” гэжээ. Өвөрхангай аймгийн Уянга сум, Бөөрөлжүүтийн голд “Баярсгоулд” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдээгүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Байгаль орчны чадавхын тогтоосон хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд хорт бодис гаргасан, хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж, гарсан зардлыг нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу “Баярсгоулд” ХХК-д мэргэжлийн байгууллагаар хохирол тооцуулан нөхөн сэргээлгэх арга хэмжээг авахуулах боломжтой байсан. Гэтэл “ОГХ” ТББ нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн гаргасан.

15. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0859 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

16. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөөгүй нь буруу болжээ. 

17. Нэхэмжлэгч нь “...”ОГХ” ТББ-аас Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж болон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлагыг шүүхэд гаргасан байна.

18. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “...нэхэмжлэлийн шаардлага нь манай яамны чиг үүрэгт хамааралгүй, ...нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон” гэж маргажээ.

19. Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл ойлгомжгүй тодорхой биш байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь “...хохирол тогтоох чиг үүргийг яаманд хуулиар хариуцуулсан байхад энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь, эсвэл яам нь ... хохирол тогтоох эрх бүхий этгээдийг чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих...” гэх байдлаар тодорхойлж байгаа аль нь болохыг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ.

20. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдсан этгээд жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол шүүх энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих”, 25.2-т “...хамтран хариуцагчаар татан оролцуулах” эрхтэй байна.  

21. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар жинхэнэ хариуцагч биш гэдгийг тайлбарлаад байхад шүүхүүд анхаараагүй, эрх бүхий этгээдийн хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг дүгнэлгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагч гэж үзэн буруутгажээ.

22. Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, үүний үндсэн дээр хариуцагчийг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0859 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зарим гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ