Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01819

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр  Дугаар 183/ШШ2023/01819  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Х гудамж, 0 тоотод оршин суух С.Б /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан, Ш/х-***, өөрийн байранд байрлах Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /рд:******/-д холбогдох

 

Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Миний бие 2007 онд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид мөөгөнцөр, хор судлаач малын их эмчээр ажилд орсон бөгөөд тус лабораторийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Т-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалаар ажлаас халагдсан. Дээрх хугацаанд миний бие олон улсад мөөгөнцрийн шинжилгээ болон хүнсний аюулгүй байдал, био аюулгүй байдал, био хамгааллын чиглэл, мал эмнэлгийн халдварт вирусийн өвчин зэрэг чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ чиглэлээр Монголд улсад ажиллаж байгаа ганц мэргэжилтэн гэж ойлгож болно. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сард нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, торгуулийн ялаар шийтгэгдсэн тус тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид миний бие С.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл миний эрхэлж байсан хуучин албан тушаал Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 д тус тус заасан нийтийн албанд хамаарахгүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан энэ байдлаас харахад миний хуучин эрхэлж байсан төв лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг доройтуулсан мөн хуулийг илт буруугаар ашигласан төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан. Тухайн үед би улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид түр орлон гүйцэтгэгч Т.Т-т энэхүү байдлыг тайлбарлан хуулийг буруу ашигласан халах үндэслэл болохгүй гэсэн боловч ялтан хүнтэй ажиллахгүй гээд 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаал гаргаж, ажлаас халсан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч, микологич албан тушаалтай С.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас... нь чөлөөлсөн. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дээрх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхээс С.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардлага тавьсан зэрэг үндэслэлээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд: ...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу манай байгууллагад шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг Иргэний шүүхэд гаргахаар заасан. Хэрвээ гомдол гаргасан тохиолдолд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах зохицуулалттай. Маргаан бүхий тушаал 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулагдсан гэж үзвэл нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тухайн хэтрүүлсэн хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

  

Нэхэмжлэгчээс Мал эмнэлгийн ерөнхий газрын албан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/96 албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/2220 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2022/1057 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, С.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг,

 

Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/57 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/53 дугаар, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалууд, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Хөдөлмөрийн дотоод журам, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар С.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал зэрэг нотлох баримтыг бүрдүүлэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид холбогдох С.Б-ын гаргасан ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Б нь ...Миний бие 2007 онд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид мөөгөнцөр, хор судлаач малын их эмчээр ажилд орсон. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сард миний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид С.Б миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсний дагуу тус лабораторийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний эрхэлж байсан албан тушаал нь Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан нийтийн албан тушаалд хамаарахгүй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан энэ байдлаас харахад миний хуучин эрхэлж байсан төв лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг доройтуулж, хуулийг илт буруугаар ашиглан төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн ажлаас халсан 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь ...Тус тушаал нь шийтгэх тогтоол, магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичигт үндэслэсэн бөгөөд манай байгууллагад шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. Нөгөөтэйгүүр ажилтан С.Б гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн нь манай байгууллагын болон бусад ажилчдын ажил хэргийн нэр хүндэд халтай төдийгүй байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхэд гаргахдаа мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу 1 сарын дотор гомдол гаргах зохицуулалттай. Маргаан бүхий тушаал 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулагдсан гэж үзвэл нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч С.Б нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч, микологичоор ажиллаж байхдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ...А ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа шүүгдэгч Д.С-гийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон нэхэмжлэх дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан 60,001,000 төгрөгийг Хаан банкны ******* тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9,340,030 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авч, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт буруутайд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ34 дүгээр тогтоолоор С.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, тус тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус шийдвэрийг биелүүлэхээр, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар ...Ялтан С.Б нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид малын эмчээр ажиллаж байна. Иймд С.Б-ыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийтийн албан тушаалаас буюу ажлаас чөлөөлж хариуг ирүүлнэ үү гэх албан бичгийг ажил олгогчид хүргүүлж, улмаар тус лабораторийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар С.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал болон дээрх албан бичигт үндэслэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус заасан.

 

Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл-ийг баталсан байх бөгөөд тус тогтоолын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслан албан тушаалын зэрэглэл баталсан 3 дугаар хавсралтад, нэхэмжлэгч С.Б-ын эрхэлж байсан малын их эмч, микологчийн албан тушаалыг ТҮ-8 д хамааруулахаар заасан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч С.Б-ын эрхэлж байсан ажил, албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй, ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шаардах эрхийн хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд С.Б түүнийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан байсан болох нь түүнд хүргүүлсэн Мал эмнэлгийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/96 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, түүний мэйлп хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож, дээрх хугацаагаас хойш 1 сар 4 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар баримтгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй, хууль мэдэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид холбогдуулан гаргасан ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ