Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00466

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00466

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03232 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор намайг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд ид намайг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл миний эрхэлж байсан хуучин албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг доройтуулсан, мөн хуулийг илт буруугаар ашигласан төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан.

Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн ийн малын их эмч, микологич албан тушаалтай С.Быг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Манай байгууллага шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг Иргэний шүүхэд гаргахаар заасан. Хэрвээ гомдол гаргасан тохиолдолд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй. Маргаан бүхий тушаал 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулагдсан гэж үзвэл нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Тухайн хэтрүүлсэн хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч ид холбогдуулан гаргасан ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ажлаас чөлөөлсөн тушаалыг миний бие 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардан аваад зөвшөөрөхгүй байсан тул дээд газрынхаа холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан. Эрх бүхий албан тушаалтан нь ...тушаалыг хүчингүй болгох боломжтой, юутай ч гомдлоо бичгээр өгчих, орлон гүйцэтгэгч Т.Тунгалаг болон бусад дарга нарт гэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тухайн үед тушаалыг хүчингүй болгох болов уу гэж ажил олгогчдоо итгэж байсан.

Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас миний гаргасан гомдлын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/36 албан бичиг өгсөн. Уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/Ш32022/01057 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

4.2 Мөн миний бие 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр эрүүл мэндийн байдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, шүүх хуралдааны явцад тайлбарлах боломж олгоогүй, хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж тайлбарлаж, хэт нэг талын буюу хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж, миний эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 С.Б нь шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагч байгууллагад Энэ ажилтнаа чөлөөл гэсэн албан бичиг ирсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч байгууллагад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх байхгүй.

5.2 Нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Маргаан бүхий тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчээс Та тушаалаа хэзээ гардаж авсан бэ гэж асуухад Авсан өдрийг нь сайн санахгүй байна. Гэхдээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тушаал гарсан. Тухайн өдрөөс 3-4 хоногийн дараа авсан гэж хариулсан. Тэрээр иргэний хэргийн харъяалах шүүхэд гомдол гаргах хугацааг 2 сараар хэтрүүлж нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ид холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

3.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны зүйл болох ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б48 дугаар тушаалын /хх 14/ талаар дүгнэлт хийсэн. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь маргааны талуудад хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буюу ажил олгогч өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан баримтыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3.2 Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш дээрх тушаалын хуулбар хэргийн 153 дугаар талд авагдсаныг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт гэж үзэхгүй тул энэ баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагад нийцээгүй байна.

Дээрх баримтыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, нөхөн бүрдүүлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН