Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01005

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01005

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00938 дугаар шийдвэртэй,

Б-ын нэхэмжлэлтэй

***-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор би нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, мөн торгуулийн ялаар шийтгэгдсэн. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд ***-д явуулсан албан бичигт С.Болбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ирүүлсэн. Миний эрхэлж байсан лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг дордуулсан, мөн хуулийг илт буруугаар ашигласан, төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан.

Тухайн үед би ***-д түр орлон гүйцэтгэгч Т.Тунгалагт энэхүү байдлыг тайлбарлан хуулийг буруу ашигласан халах үндэслэл болохгүй гэсэн боловч ялтан хүнтэй ажиллахгүй ажлаас чөлөөлж 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаал гаргаж, ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй гэж байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- эмч 2007 оноос хойш шинжлэгч эмчээр ажиллаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай байгууллагад албан бичиг ирсэн бөгөөд үүний дагуу тушаал гаргасан.

Ерөнхий эмч ахалсан албаны дарга энэ нийтийн албан тушаалтан биш, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ажлаас халах үндэслэл болохгүй, тухайн үед Ковид-19 өвчний үе ажлын ачаалал ихтэй, Б- эмч гэхэд 2-3 хүний ажлыг давхар хийж байсан хүнд нөхцөлтэй байна гэж хэлсэн боловч захирал Т.Тунгалаг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ гээд ажлаас халсан.

Бидний үзэж байгаагаар Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төрийн үйлчилгээний эмч нар нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэх үзэл бодолтой байдаг. Тиймээс шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангавал бид ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ыг ***-йн Малын их эмч, микологчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,446,375 төгрөгийг хариуцагч ***-ас гаргуулан Б-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ***-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 тоот албан бичиг байсан. Гэвч анхан шатанд хэргийг шийдвэрлэхдээ эдгээр байгууллагыг шийдвэрийг үнэлээгүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн энэхүү тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу хэрэгжсэн тул уг шийдвэрийг ирүүлсэн байгууллагыг шүүх хуралд хариуцагчаар заавал оролцуулах байсан гэж үзэж байна.

4.2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т дараах зөрчлийг ноцтойд тооцож хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцална гэж заасан. Үүнд тус журмын 8.4.12-т Төрийн үйлчилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, 8.4.17-д бусад ноцтой зөрчил гаргасан гэх заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь байгууллагын өмнөөс итгэмжлэгдсэн итгэмжлэлийн хүрээнд бус хувийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.2.а, 3.1.4.6-г мөн зөрчсөн гэж үэзж байна. Иймд энэ нь энэхүү журмын 4.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 78.1.6 дахь заалтууд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ лабораторт 14 жил тасралтгүй ажилласан. Уг хугацаанд хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, төрийн үйлчилгээний байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн удаа байхгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичигт нийтийн албан тушаалаас чөлөөлөх тухай бичиг ирсэн. Энэ бичгийг тухайн үеийн түр орлон гүйцэтгэгч н.Тунгалагт үзүүлэн уулзаж байсан. Уг хүн эрх мэдлийнхээ хүрээнд тушаал гаргасан. Авлигын эсрэг хуульд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нь тухайн албан үүргийг гүйцэтгэх мөн илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон. Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон бол нийтийн албан тушаалыг бууруулах арга хэмжээ авна гэж заасан. Би нийтийн албан тушаалтан биш, нийтийн албанд томилогдоогүй. Нийтийн албан тушаалтан байсан бол албан тушаал бууруулах арга хэмжээ авч болох байсан. Миний эрх ашиг сонирхлыг зөрчиж ажлаас халсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б- нь ***-йн малын их эмч, микологичоор ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар ажилтан Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичгийг тус тус үндэслэжээ.

 

Анхан шатны шүүх уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэж ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой баримтууд болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/434 дүгээр магадлалыг нотлох баримтаар авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд дээрх үйл баримтыг тогтоогоогүй, талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/00938 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА