Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00237

 

С.Бын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01674 дүгээр магадлалтай,

С.Бын нэхэмжлэлтэй

“УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-т холбогдох

Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-т холбогдуулан Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч УМЭАЦТЛд холбогдуулан гаргасан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01674 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01819 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “129 дүгээр зүйлийн 129.2” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01674 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б миний бие хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/01674 дугаар магадлалд “Нэхэмжлэгч УМЭАЦТЛйн малын их эмч, микологич албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарахгүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.Б миний бие нь 2007 оноос хойш ямар нэгэн алдаа дутагдал, зөрчилгүй УМЭАЦТЛйн малын их эмч, микологчийн албан тушаалд ажиллаж байсан. УМЭАЦТЛйн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тийн 2021.12.08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. УМЭАЦТЛ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Т.Тийн Б/48 дугаар тушаал нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.04-ний өдрийн дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн гарсан.

Миний бие Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сард нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, мөн торгуулийн ялаар шийтгэгдсэн. Ийнхүү ял шийтгүүлсэнтэй холбоотойгоор малын эмч, микологч албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан гэж ямар этгээдийг ойлгох талаар онцлон тайлбарлажээ. “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4 болон Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсгээс үзэхэд УМЭАЦТЛйн малын их эмч, микологч нь тус хоёр хуулийн заалтын алинд нь ч хамаарахгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн “нийтийн албан тушаалтан” гэж ямар албан тушаал хашдаг этгээд болох нэр томьёог тайлбарласан тайлбарыг авч үзэлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн албанд ажиллуулахыг шүүх дэмжих үндэслэлгүй хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь яг ямар хуулийн зүйл заалт, ямар үндэслэлээр УМЭАЦТЛйн малын их эмч, микологч гэх албан тушаалыг нийтийн албан тушаалтан гэж үзсэнээ огт тайлбарлалгүй Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийх замаар шийдвэрээ гаргасан.

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан гэж тусгайлан заасан нь нийтийн албанд томилогдох эрхийг хязгаарлах нь тодорхой тооны албан тушаалын ангилалд хамаарахаас төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа бүх этгээдэд хамаарна гэсэн үг биш гэдэг нь тодорхой байна. УМЭАЦТЛйн малын их эмч, микологч албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах хэдий ч Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн тайлбараас үзвэл нийтийн албан тушаал гэх ангилалд хамаарахгүй, нийтийн албан тушаалтан гэдэг нэр томьёог онцгойлон тайлбарласаар байтал шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд өөрийн шийдвэр, үндэслэлээ “нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган, агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ” хэмээн субьектив өнцгөөр тайлбарлаж байгаа нь шүүгч гагцхүү хуульд захирагдана гэх зарчмыг зөрчиж байна.

Ийнхүү давж заалдах шатны магадлалын 5 дахь хэсэгт УМЭАЦТЛйн малын их эмч, микологч ямар үндэслэлээр нийтийн албан тушаалтанд хамаарч байгааг тайлбарлах бус нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын талаар болон хуулийн үзэл баримтлалын талаар тайлбарласан тайлбараас өөр ямар нэгэн хууль зүйн үндэслэл байдаггүй. УМЭАЦТЛйн малын их эмч, микологч албан тушаал нь Засгийн газрын 2019.07.03-ны өдрийн төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийн 3 дугаар хавсралтын ТҮ-8 дахь хэсэгт хамаарч байх тул нийтийн албан тушаалтан гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэлгүй бөгөөд төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулах ял шийтгэл эдлэх нь түүнийг нийтийн албан тушаалаас бусад албан тушаал хашихыг хориглох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэх зарчмын дагуу нэгэнт малын эмч, микологч албан тушаалтныг нийтийн албанд хамааруулж үзэхгүй тул эрх зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрлөх эрхэд халдсан нь хууль бус байна.

УМЭАЦТЛйн захирлын түр орлон гүйцэтгэгч Т.Тийн Б/48 дугаар тушаал нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДМШ/434 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.15-ны өдрийн 3/22010 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн гарснаас үзэхэд миний хөдөлмөрлөх эрхэд халдсан нь малын эмч, микологч нь нийтийн албан тушаалтан мөн гэж үзээд буй энэхүү эрх зүйн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалсан бөгөөд өөрөөр миний хөдөлмөрлөх эрхэд халдах ямар нэгэн үндэслэл байгаагүй, үүрэгт ажлаа саадгүй, чөлөөтэй гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэх юм.

4.2. Нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган дэлгэрүүлэн тайлбарласан хэсгийг няцаах нь:

Эрүүгийн хуулийн нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах ял нь Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдэд хамаарах нь ямар нэгэн салаа утгагүй шууд ойлгогдохоор байгааг анхаарах нь зүйтэй. Хэрэв давж заалдах шатны шүүхийн үндэслэл дээрх нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган үзэх байсан бол хууль тогтоогч анхнаасаа нийтийн албан тушаалтан гэдгийг онцгойлон тайлбарлалгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийг иш татах эсхүл төрийн бүх ангиллын албан хаагч нийтийн албан тушаалтан байна, Авлигын эсрэг хуулийн 4.1.1 дэх хэсэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан гэж заасан шиг төрийн үйлчилгээний албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан гэж заах боломжтой байсан биз ээ. Давж заалдах шатны шүүх хууль тогтоогчийн санаа зорилго, үзэл баримтлалыг анхаарч үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн тайлбар дээр нарийвчлан заасан Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсэг л хууль тогтоогчийн жинхэнэ санаа зорилго гэж үзэх юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсэг нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас бусад албан тушаал /гүйцэтгэх, туслах/ нь нийтийн албан тушаалтан биш хэмээн зааж өгсөөр байтал нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамааруулан үзсээр байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.28-ны өдрийн 210/МА2023/01674 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.10.27-ны өдрийн 001ШХТ2023/01294 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.М нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-т холбогдуулан Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... миний эрхэлж байсан ажил, албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын хавсралтад заасан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ТҮ-8 зэрэглэлд хамаардаг. ... Авлигын эсрэг хуулийн 4.1, УИХ-ын байнгын хорооны 2014.12.23-ны өдрийн 20 дугаар тогтоолд тус тус зааснаар нийтийн албан тушаалд хамаарахгүй” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... “УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-ын даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан н.Тунгалаг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн С.Быг ажлаас чөлөөлсөн ...” гэжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ малын их эмч, микологчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй ... байх боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шаардах эрхийн хугацаа хэтрүүлж шүүхэд хандсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхтэй адил шийдэл гаргаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан боловч ийнхүү шийдвэрлэсэн үндэслэл ялгаатай байна.

Тодруулбал, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхээс өөр дүгнэж энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авчээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалыг нийтийн албан тушаал гэж үзэх нь Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял шийтгэлийн зорилготой тус тус нийцнэ, энэ ял шийтгэл нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль нэг байгууллагад ажиллуулах явдлыг хязгаарлахад оршино гэх агуулгаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.  

10. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож адил шийдэл гаргасан байх боловч  хууль хэрэглээний асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан нөхцөл хангагдсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий байх тул тус хэрэг маргааныг хяналтын шатны журмаар хэлэлцүүлэхээр тогтов.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоосон хэдий ч холбогдох хуулийн зохицуулалтын талаар ялгаатай дүгнэлт өгчээ.

Нэхэмжлэгч С.Б нь “УМЭАЦТЛ ТБГУТҮГ”-т малын их эмч, микологчоор ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрх хасах, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолоор “...улсын яллагчаас С.Быг С.Д нарын хүмүүсийг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж, өөртөө 9,340,030 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан, нэр бүхий хүмүүсийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн”-ийг дурдаж, “... шүүгдэгч С.Д нарын гуйлтаар 5 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон нэхэмжлэх дээр гарын үсэг зуран, тамга дарж ашиглуулан, ... бусад этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж дүгнэн С.Д нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжсан үндэслэлээр дээрх ялыг ногдуулсан байна.

Энэ нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

Анхан шатны шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нь нийтийн албанд хамаарахаар заасны дагуу С.Бын эрхэлж байгаа малын их эмч, микологчийн албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарахгүй гэж үзжээ.

Харин давж заалдах шатны шүүх дээрхээс эсрэг дүгнэлт хийж, “... нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх төрлийн гэмт хэрэгт бус, харин тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулахаар хуульчилсан байгаа нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн байгууллагад авлига, албан тушаалын гэмт хэрэгт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг төрийн аль ч байгууллагад ажиллуулах явдлыг хязгаарлах агуулгатай байх тул нийтийн албан тушаалтан гэдгийг төрийн албан хаагчтай адилтган агуулгыг дэлгэрүүлэн тайлбарлах нь Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хуулийн үзэл баримтлалд нийцнэ.” гэж үзсэн байна.

12. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй хэдий ч үндэслэлийг тодруулах шаардлагатай.

Тодруулбал, С.Бт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамжсан үндэслэлээр нэмэгдэл ялын чанартай нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.01.04-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан байх ба уг шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардсаны дагуу түүнийг ажил олгогч ажлаас халсан байна.

С.Быг ажлаас халах шийдвэр гаргасан тухайн нөхцөл байдлыг авч үзэхэд Эрүүгийн хуульд тодорхойлсон нийтийн албан тушаалтан, нийтийн албанд ажиллах эрхийг хасах гэсэн хууль зүйн ойлголтуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтны хүрээг тус хуулийн зорилготой уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулиар нийтийн албанд томилогдох, хаших явцад нийтийн ба хувийн ашиг сонирхол өөр хоорондоо зөрчилдөх, ийнхүү зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулахын тулд “нийтийн алба” гэх ойлголтыг томьёолсон. Энэ ч агуулгаар төрийн үйлчилгээний албаны хувьд нийтийн албыг төлөөлөн шийдвэр гаргах түвшний албан хаагчдыг Авлигын эсрэг хуулиар дамжуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

Харин Эрүүгийн хууль нь нийгмийн хор уршиг өндөр эрх зүйн зөрчлөөс сэргийлэх, нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хэвийн байдалд буцаан сэргээх, нийгмийн харилцааг дэг журам, эмх цэгцтэй, айдас түгшүүргүй, амгалан тайван үргэлжлүүлэх, зөрчил гаргасан этгээдэд зохих ял шийтгэл ногдуулах зорилготой. Улмаар Эрүүгийн хуульд “нийтийн алба” гэх ойлголт нь нэгдүгээрт, тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн бий эсэхийг тогтоох; хоёрдугаарт, зарим төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн агуулгыг тодорхойлох хоёр зорилгоор хэрэглэгдсэн байна.

Дээр дурдсан нэгдүгээр зорилго буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо Эрүүгийн хууль нь “нийтийн албан хаагч” гэх ойлголтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдийн хүрээнд хязгаарлахаар байх бол ял шийтгэлийн агуулгыг тодорхойлох хоёр дахь зорилгын хүрээнд “нийтийн алба” гэх ойлголтыг дээрх хоёр хуулийн үйлчлэлээс өргөжүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь нийтийн албаны чиг үүргийг тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн болон үйлдэхэд хамжиж тусалсан аливаа этгээд хэрэгжүүлэх боломжгүй, ийм этгээд нийтийн албан хаагчаар ажиллах нь нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, нийтийн төлөө ёс зүйтэй ажиллана гэх итгэл үнэмшил төрүүлэхгүй. Энэ үүднээс нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял шийтгэлийг гагцхүү нийтийн албан хаагч (өргөн ба явцуу аль ч утгаар)-д ногдуулахыг шаардахгүй, иймд ял шийтгэлд заасан хугацаанд нийтийн албан хаагч нь тус албанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүйг илэрхийлэх төдийгүй энэ хугацааны дотор нийтийн албан тушаалд томилогдох боломжгүй аль ч агуулгыг багтаана.   

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж томьёолсон байна. Нийтийн алба гэх ойлголтыг онолын түвшинд өргөн ба явцуу утгаар тодорхойлох бөгөөд дээр дурдсанчлан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хүрээнд нийтийн албаны хязгаарыг тогтоох явцуу ойлголтоос гадна тэдгээрт үйлчлэх нийтийн зорилготой нийтийн хэрэгцээний болон нийгмийн үйлчилгээний бусад этгээдэд ажиллаж буй албан хаагчдыг хамтад нь нийтийн албанд хамруулан өргөн хүрээнд ойлгох тохиолдлууд бий.

Гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн этгээдийг нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах ял шийтгэлийг хэрэгжүүлэхдээ нийтийн алба гэх ойлголтыг өргөн утгаар авч үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эдгээр үндэслэлээр тодруулан тайлбарлаж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Харин 2022.12.16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон уг зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулсан, эдгээр заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Уг хуулиар Эрүүгийн хуульд тодорхойлсон “нийтийн албан тушаалтан”, “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэсэн ойлголтуудад хууль тогтоогч аутентик тайлбар хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтанд ямар субъект хамаарахыг нарийвчлан хязгаартай тодорхойлж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг хэнд, ямар нөхцөлд хэрэглэхийг тогтоосон байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

13. Түүнчлэн хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байх боловч анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох боломжтой гэх давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/01674 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь С.Б Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Н.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД