Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/00912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/00051/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, ****** хороонд оршин байгаа, ******ХХК-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****аймаг, *****сум, ****дүгээр баг, *****дүгээр хороолол,*****тоотод оршин суугаа, Н.Ө холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Г.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..*****ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.Ө нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *****тай ..*****тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Н.Ө нь ..*****тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй 704 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-т заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдзээлийн төлбөрт 3,518,601.22 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,187,736.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,522.41 төгрөг, нийт 4,789,859.96 төгрөгийн өртэй байна. Иймд зээлдэгч Н.Өоос *****тай байгуулсан ..*****тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4,789,859.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Өын асран хамгаалагч Н.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Ө нь архины хамаарлын улмаас олон хоног ухаан алдан ой тогтоолтоо алдаж тэнгэрэл гэдэг оноштойгоор хүний асрамжинд орсон тул *****наас нэхэмжилсэн 4,789,859.96 төгрөгийг төлөх боломжгүй байна. Н.Өыг эрх зүйн чадамжгүй болохыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .*****дугаартай шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төлбөрийн даалгаврын баримт, *****ны гүйцэтгэх захирлын тушаал, хуулийн этгээдийн гэрчилгээ, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3968 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, .*****дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .*****дугаартай шийдвэрийг тус тус гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ..*****ХХК нь хариуцагч ******* холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Н.Ө нь ..*****ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ..*****тоот зээлийн гэрээг байгуулан, 4,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болох нь Зээлийн болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч Н.Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай бүрэн нийцсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч ..*****ХХК нь үндсэн зээл 3,518,605.22 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,187,736.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,522.41 төгрөг, нийт 4,789,859.96 төгрөгийг хариуцагч Н.Өоос гаргуулахаар нэхэмжилжээ.

 

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн .*****дугаартай шийдвэрээр ...Н.Өыг бусад бүлэгт ангилагдсан тодорхой өвчний үе дэх тэнэгрэл эмгэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар Н.Өыг эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар Н.Нийг тогтоож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Өын асран хамгаалагч Н.Нийг татан оролцуулсан бөгөөд тэрээр ...Н.Ө нь архины хамаарлын улмаас олон хоног ухаан алдан ой тогтоолтоо алдаж тэнгэрэл гэдэг оноштойгоор хүний асрамжинд орсон тул *****наас нэхэмжилсэн 4,789,859.96 төгрөгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргасан болно.

 

4. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

..*****болон Н.Ө нарын хооронд байгуулсан ..*****тоот зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч нь цалин түүнтэй адилтгах тогтмол орлогоос зээлийн гэрээний хугацаанд энэхүү гэрээний 2.1.3-т заасан 4305136640 тоот дансанд хүлээн авч байх үүрэгтэй, 4.1-т зээлдэгч энэхүү гэрээний үүргийг хангахаар өөрийн цалингийн орлого болон дараах картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж байна, 4.2-т энэхүү гэрээний хавсралт №1-т заасан зээл, түүний хүүг эргүүлэн төлөх хугацаа болмогц банк зээлийн барьцаа болон бусад данснаас зээлийг үл маргах журмаар суутган төлүүлнэ гэж тус тус заасан бөгөөд зөвхөн Н.Өын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ.

Хөдөлмөрийн тухай хуульд цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгодог хөдөлмөрлөсний хөлс байдаг.

Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болдог байна.

 

..*****ХХК болон Н.Ө нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтад харшлаагүй гэж үзэхээр байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг нь зээлдэгч эрх зүйн чадамжгүй болсноор дуусгавар болох тул ..*****ХХК-ий гаргасан Н.Өоос зээлийн төбөр 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Өоос зээлийн төлбөр 4,789,859.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ..*****ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ..*****ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,587 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА