Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1379

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т К” ХХК-д холбогдох

55 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 25 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө” ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “О К” ХХК-тай Токио таур төслийн скиз болон интерьер дизайн, гадна тохижилтын зарим хэсгийг хийж гүйцэтгэхээр зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний төслийн зарим хэсгийг туслан гүйцэтгүүлэхээр “Т К” ХХК-ийн захирал Б.Ганболдтой зөвшилцөн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний гэрээ байгуулсан. Гэрээний үнийг 80 000 000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 50 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Велфайр маркийн цагаан өнгийн автомашиныг “О К” ХХК-аас хариуцагчид шилжүүлсэн, бэлэн мөнгө 5 000 000 төгрөгийг Б.Алтан-Өлзий хариуцагчид шилжүүлсэн. “Т К” ХХК гэрээнд зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зураг төслийг хийж гүйцэтгэж дуусгах ёстой байтал дуусгаагүй. Хариуцагчийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 дахь үе шатны скиз зургийг явуулсан. Энэ зураг хөрөнгө оруулагчид таалагдаагүй талаар хариуцагч талд мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч талтай огт харилцаагүй бөгөөд 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд скиз зургаа ч, интерьер дизайны зургаа ч дуусгаж бидэнд үзүүлээгүй. Бидний хувьд 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүлээсэн. Ингээд 4 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэрээ цуцлах, урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 5 000 000 төгрөгийг буцаан авах тухай албан бичиг явуулсан. Албан бичигт 7 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байсан ч хариу ирүүлээгүй. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд “Т К” ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаанд өгсөн 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т К” ХХК-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Манай компани 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Ө” ХХК-тай барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаанд ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Захиалагч талаас зарим нэг чухал даалгавар, кадастрын зураг, хэмжилтийн зураг зэргийг гаргаж өгөөгүй байсан учраас гэрээний дагуу ажил тодорхой хугацаагаар хойшилсон. Гэхдээ энэ талаар захиалагч талтай харилцан тохиролцсон байсан. Бид хийж гүйцэтгэх ажлаа хийж дуусгаад захиалагч компанид хүлээлгэн өгөхөөр удаа дараа утсаар холбогдсон боловч хүлээж аваагүй. Мөн энэ талаар гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр тогтоогддог. “Т К” ХХК нь зөвхөн “Ө” ХХК гэсэн үндсэн захиалагчтай гэдгийг гэрээний 1.1-д тодорхой зааж өгсөн. Захиалагч тал анх манай компанитай гэрээ хийхдээ “О К” ХХК-ийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй мөртлөө, ажлыг хүлээж авах үед “О К” ХХК-ийн тухай бидэнд хэлсэн. Гэтэл танай компанийн хийсэн ажил манай захиалагчид таалагдахгүй байна гэж хэлсэн. Манай компанийн хийгээд дуусгасан ажлыг гэрээнд заасны дагуу хүлээж авахгүй, зориудаар хугацаа хожиж манай компанийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй утгатай зүйл ярьсан. Манай компанитай гэрээ хийсэн “Ө” ХХК нь зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө “О К” ХХК-тай зураг төсөл хийх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл “О К” ХХК-тай “Ө” ХХК нь зураг төсөл боловсруулахаар 135 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, түүнийгээ “Тэппэн констракшин” ХХК-аар хийлгэсэн гэсэн утгатай зүйл ярьдаг. Хариуцагчийн хувьд энэ шударга бус зүйлийг нотлохын тулд “Ө” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгсөн зүйлгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл урьдчилгаанд өгсөн автомашиныг 5 000 000 төгрөгийн хамт эргүүлэн өгөх шаардлагагүй юм. Түүнчлэн гэрээний 4.1-д гэрээний үүргийг гүйцэтгэхэд захиалагч тал шаардлагатай баримтыг гаргаж өгнө гэж заасан. Гэтэл захиалагч тал бидэнд шаардлагатай бичиг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Үүнээс болоод бидний хийж гүйцэтгэх ажил тодорхой хугацаагаар хойшилсон гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлийг тайлбарлаж байсан. Харин өнөөдрийн хувьд чанарын шаардлага хангаагүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад гүйцэтгэж байгаа ажил нь чанарын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол хөндлөнгийн мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах эрхтэй байсан. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч “Т К” ХХК-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зураг төсөл боловсруулах гэрээний 1.1, 2.1.1-2.1.5-д заасан бүх ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэснийг батлах баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Дээрх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээд захиалагч талыг ажлын үр дүнг хүлээж авч, үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа хүссэн. Гэтэл “Ө” ХХК нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, утсаа салгаж, үл ойшоож явсаар байгаад өдийг хүрсэн. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс ажлаа гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч утасны зурвас, групп чатад үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр “О К” ХХК-тай “Ө” ХХК гэрээ байгуулсан гэдгийг уг гэрээг байгуулахаас өмнө мэдэж байсан. Мөн тухайн үзлэгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш и-мэйл ирээгүй болох нь нотлогдсон. Хэрэв гэрээнд заасан ажлаа хийж дуусгасан бол цахим хэлбэрээр өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хийгээд дуусгачихсан байх ёстой ажлыг бидэнд өгөөгүй мөртлөө нэхэмжлэгч талд танилцуулаагүй 200 гаруй хуудас баримтыг гэнэт шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хугацааг сунгах боломж байхгүй байсан. Талууд ажлын үр дүнтэй 5 үе шаттайгаар танилцаж байхдаа гэрээний хугацааг сунгах боломжгүй тухай сануулж хэлсэн гэдгийг хэлмээр байна. Энэ тухай хариуцагч компанийн ажилтан гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр нотлогддог. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан байна. Энэ хугацааны дагуу хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах шаардлагагүй байсан. Нэхэмжлэгч нь туслан үүрэг гүйцэтгэгч уг ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас “О К” ХХК-д өөрийнхөө мөнгөн хөрөнгөөс 5 000 000 төгрөгийг бэлнээр, мөн хар өнгийн тоёота маркийн автомашин мөн 13 000 000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон. Харин “Т К” ХХК нь “Ө” ХХК-ийн өмнө хариуцлага хүлээж, захиалагчийг хохиролгүй болгох ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т К” ХХК-аас 42 000 000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг, хариуцагч “Т К” ХХК-ийн ажлын хөлс 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч “Ө” ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423 950 /дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “Т К” ХХК-ийн төлсөн 282 950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “Т К” ХХК-аас 367 950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч "Өөрф Фактори" ХХК нь 2018 он 1 дүгээр сарын 2-ны өдөр “О К” ХХК-тай "Зураг төсөл боловсруулах тухай гэрээ" байгуулж Баянзүрх дүүргийн 3-р хороо, Токиогийн гудамжид байрлах Токио Тауэр төслийн Эскиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг, гадна тохижилтын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэх болсон бөгөөд уг ажилд хариуцагч "Тэппэн Констракшн" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар үндсэн захиалагч болох “О К” ХХК-аас зөвшөөрөл авч, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хариуцагч "Тэппэн Констракшн" ХХК-тай харилцан тохирч "Зураг төсөл боловсруулах тухай гэрээ" байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрт 55 000 000 төгрөгийг бэлнээр болон бартер хэлбэрээр төлсөн байдаг.

Хариуцагчтай байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай байсан бөгөөд ажлын явцыг зохигчид болон үндсэн захиалагч “О К” ХХК-ийн төлөөлөгчид хамтран шалгаж, гэрээнд заасан эрхийн дагуу санал, шүүмжлэлээ илэрхийлж, гэрээний хугацааг сунгах боломжгүй тул хугацаандаа хийж гүйцэтгэх ёстой гэдгийг онцгой анхааруулж байсан. Гэвч хариуцагч нь гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд хийсэн ажлаа нэхэмжлэгчид огт хүлээлгэн өгөөгүй байж гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгасан хэмээн маргасан. Шүүх уг бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэсэн боловч хэрэгт цугласан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаарлагаас үндэслэлгүйгээр 13 000 000 төгрөгийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Учир нь хавтаст хэргийн 190 дүгээр талд авагдсан үндсэн захиалагч “О К” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2018/310 тоот мэдэгдлийг миний бие и-майл хаягт үзлэг хийлгэн баталгаажуулсан бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгч “Өөрф Фактори" ХХК нь гэрээ цуцалсантай холбоотой 37 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг 7 000 000 төгрөгийн хамт “О К” ХХК-д төлсөн бөгөөд 50 000 000 төгрөгийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөх дутуу хэмээн бичсэн байдаг. Уг нотлох баримтыг шүүгч үнэлж 37 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг нэхэмжлэгчээс “О К” ХХК-д өгсөн хэмээн дүгнэсэн атлаа 7 000 000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Нөгөө талаас хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийн үнэтэй автомашин, 5 000 000 төгрөг бэлнээр авсан гэдэг үйл баримттай маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг “О К” ХХК-д 50 000 000 төгрөгийн үнэтэй автомашины үнийг төлж дуусгасан гэдэгтэй ч огт маргаж мэтгэлцээгүй юм.

Харин ч ажлаа хугацаандаа хийж дуусгасан хэмээн үлдэгдэл төлбөрөө нэхэж 25 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаад байсан билээ. Гэтэл шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй хэмээн буруутгасанд гомдолтой байна. Хариуцагч нь өнөөг хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу нэг ч ажил бодитоор хийж хүлээлгэж өгсөн зүйл байхгүй байхад нэхэмжлэгч ийнхүү 13 000 000 төгрөгөөр хохирч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

“Ө” ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн "зураг төсөл боловсруулах тухай гэрээ"-г “Т К” ХХК-тай байгуулсан ба гэрээгээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорийн давхартай, орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай Токио тауэр төслийн эскиз болон дотор интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгнө, захиалагч тал санхүүжилтийг гүйцэтгэгч талд саадгүй олгохоор тохиролцсон.

Гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал байхаар тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу “Т К” ХХК нь захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, зураг төслийн ажлын явц бүрийг 7 хоног тутамд хуралдаж, санал бодлоо ярилцаж шийдвэрлэсээр ирсэн ба 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр талууд зураг төслийн явц байдлын талаар танилцсан ба бид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зураг төслийг бэлэн болгосон.

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бэлэн болсон зургийг хүлээлгэж өгөх гэсэн боловч “Ө” ХХК-ийн захирал Б.А гаднаас зочид ирсэн, дараа болъё гэж хэлсэн, 4 дүгээр сарын 1-ний өдөр удаа дараа залгасан боловч Б.Алтан-Өлзийгийн утас холбогдохгүй байсан. Бид анхан шатны шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа дурдсан, мөн хийж гүйцэтгэсэн ажлын зургийг нотлох баримтаар гарган өгсөн байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т гэрээ батлагдсан өдрөөс хойш 60 хоног байна гэж заасан болон гэрээний 3.1-т заасан хугацаа нь 72 хоног байхад, мөн талууд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ байгуулсан ба батлагдсан өдөр нь 1 дүгээр сарын 4-ний өдөр гэж үзвэл 87 хоног болж байна. Гэтэл анхан шатны шүүх ажлын 60 хоногт багтаахаар тохиролцсон байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу “Ө” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлж 7 хоногийн хугацаа заасан атлаа энэ хугацаандаа гэрээнээс татгалзаж байгаагаа манай компанид дахин мэдэгдээгүй, гэрээнээс татгалзах журмыг хуулиар тогтоосон байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь Иргэний хуульд нийцэхгүйн зэрэгцээ шүүх гэрээнээс татгалзсан үндэслэлийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа харилцан буцаана гэж хариуцагчаас шаардаж 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол учирсан байна гэж дүгнээд 42 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх гэрээнээс хохирол учирсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ урьдчилгаа төлснийг буцаан төлөх үүрэг ногдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын гэрээгээр тохиролцсон автомашины үнийн дүнгээс зөрүүтэйгээр өөрөөр хэлбэл Оршил констракшн болон “Ө” ХХК-иудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 37 000 000 төгрөгөөр автомашиныг үнэлж суутган тооцсон нь үндэслэлгүй. Хэрэв шүүх хохирол учирсан гэж төлбөр гаргуулахаар бол автомашины үнэлгээг хийлгэх шаардлагатай байжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэрээнээс татгалзаагүй, гэрээнээс татгалзах “О К” ХХК-ийн үндэслэл манайд хамааралгүй, гэрээний үүргээ биелүүлсээр байхад гэрээнээс татгалзах журам зөрчин гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгон татгалзсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь манай компанид төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 101/ШШ2019/00161 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч “Т К” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхий шүүгч Л.Э-ээс татгалзах хүсэлт гаргасан байна.

Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 104/ШЗ2019/00401 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасан заалтыг зөрчсөн байна.  

            Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд  хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Токио тауэр” зураг төслийн талаар Б.Алтансүхийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуунаас төлсөн 222 950 төгрөг, хариуцагч “Т К” ХХК-аас төлсөн 650 900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО