Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01421

 

 

 

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Сд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 327 059 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014.08.21-ний өдөр Стай зээлийн гэрээ байгуулан 150 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. С гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир 2014.12.05-ны өдөр дахин гэрээ хийж зээл 150 сая төгрөг, 3 сарын хүү нь 7 650 000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацааг 2014.12.21 гэж зааж өгсөн. Төлөх үүрэг нь хүү, алдангитайгаа нийлээд 169 473 750 төгрөг болсон. С нь 2014.12.05-ны өдөр дээрх үүрэг дээрээ нэмж 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн тооцоо нь үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 2 040 000 төгрөг, алданги 11 020 000 төгрөг нийт 33 060 000 төгрөг болсон. Үүний дараа С нь барьцааны зүйлээ чөлөөлмөөр байна гэхээр нь өмнөх 2 гэрээгээ дүгнэж барьцааг нь чөлөөлж өгсөн. Ингээд 2015.07.08-ны өдөр 2 гэрээгээ дүгнэж зээлийн гэрээ гэж нэрлээд үндсэн зээл 170 000 000 төгрөг, хүү 20 230 000 төгрөг, алданги 180 150 000 төгрөг нийт 370 450 000 төгрөг болсон. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ 2018.08.21-ний өдөр М, С нарын хооронд байгуулагдсан. 500 000 юань зээлэхээр тохирсон ч юань 141 150 000 төгрөгийг хүлээн авсан. М.С нь Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан нь дансны хуулгаар нотлогдоно. Харин 150 сая төгрөг хүлээж аваагүй. 2014.09.14-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр шаардлагатай болоод 22 сая төгрөг зээлсэн. Гэхдээ бичгээр гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч 20 сая төгрөг зээлсэн гэдэг ч манайх 22 сая төгрөг зээлсэн гэдгээ зөвшөөрдөг. Бичгээр гэрээ байгуулагдаагүй учир хүү, алданги тооцохгүй. Мөн 2018.08.21-ний өдрийн гэрээнд хүү, алданги тооцохгүй, бичгийн гэрээ байхгүй. Талуудын хооронд 2 удаагийн гэрээний тооцоо байдаг. Төлбөрийг нэмж нэгтгээд 2014.12.05-ны өдөр 600 000 юаны гэрээ хийсэн боловч энэ мөнгийг шилжүүлж аваагүй. Тиймээс хүү, алданги тооцохгүй. М.С нь 2015.10.15-ны өдөр 126 200 000 төгрөгийг Мгийн ээж Лхамсүрэнгийн Голомт банкны данс руу шилжүүлсэн, орохдоо юань болж 400 000 юань хөрвөгдөн орсон. Үүнийг Ариунаагийн төлбөрт өгсөн мөнгө гэж нэхэмжлэгч маргадаг ч Ариунаа, С нарын маргаан энэ хэрэгт хамаагүй. 2016.09.15-ны өдөр Саас Мгийн ээж Лхамсүрэнгийн Голомт банкны дансанд 30 000 000 төгрөг, 2015.08.31-ний өдөр Мгийн Голомт банкны дансанд 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд 164 900 000 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Мэнддаваагийн Саас 255 775 000 төгрөг гаргуулж Бэхчандарын Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 71 284 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.М татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 863 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Саас 1 436 825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Мгаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр М.Сын охины сургалтын төлбөрт 15 000 сингапур доллар хэрэгтэй байсан тул 22 000 000 төгрөг нийт 163 150 000 төгрөг зээлж авсан. Уг 141 150 000 төгрөг болон 22 000 000 төгрөгт ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ болон 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу 600 000, 500 000 юанийг тус бүр М.Сд хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу юань хүлээлгэн өгөөгүй, өгсөн болох нь нотлогдоогүй байхад юанийг хүлээлгэн өгсөн мэтээр хийсвэрээр дүгнэж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнээс хүү, алданги тооцсон нь хууль бус. Б.М нь 2014 оны 08 дугаар 21-ний өдөр юаны зээлийн гэрээ байгуулахдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 500 000 юань, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 600 000 юанийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 671 400 юанийн гэрээнүүд нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй. Зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан үйл ажиллагааг зохих газраас нь тусгай зөвшөөрлийг авалгүй эрхэлсэн, тусгай зөвшөөрөл авалгүйгээр гадаад валютаар зээлийн гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно зэрэг үндэслэлээр хариуцагч татгалзсан. Шүүх нэхэмжлэгч нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй байхад ямар үндэслэлээр 500 000 юанаар гэрээ байгуулсан байхад энэ гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй, 50 000 000 төгрөгөөр зээлийн болон барьцааны бичгээр байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй байхад сарын 1.7 хувийн хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэж зааснаар тухайн гэрээний хугацааг дууссан өдрөөс сунгагдсанд тооцохоор байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу хүүг үргэлжлүүлэн тооцох боломжгүй гэж зөв дүгнэсэн атлаа уг 2 гэрээгээр шаардсан үнийн дүнг 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг шаардсан мэтээр оролцуулан тооцсон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдсэн. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан ямар нэгэн сунгалтын гэрээ гэж бичигдээгүй, алдангийн дараагийн заалтад "энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлсэн өдрөөс байгуулагдсанд тооцно" гэж заасан. Хариуцагч М.С нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр юань хүлээн аваагүй, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 141 150 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сард 22 000 000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Б.М нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг 'болох нь түүний голомт банкны дансны хуулгаар бүрэн нотлогддог бөгөөд уг хуулгын гүйлгээний утга хэсэгт нэг хүнээс олон давтамжтайгаар зээлийн хүү, зээл төлөв, зээл олгов гэсэн байдаг, энэ үйл баримтыг хариу тайлбар дээр нэг бүрчлэн дурдаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсвэл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Сд холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 21, 2014 оны 12 дугаар сарын 05, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 327 059 850 төгрөг гаргуулахаар шаардсан, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс 500 000 юань 3 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 600 000 юанийг 6 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 671 400 юанийг 1 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэй зээлэн авч, зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 болон 0,5 хувиар алданги төлөх, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 5 шарын буудлын урд байрлах 600 м.кв зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж 54, авто засварын газрын зориулалттай 1 620 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх 5-6, 8-10, 201, 232/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх иргэд хоорондоо гадаад валют зээлүүлэхийг хуулиар хориглоогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр тогтоогоогүй гэж үзэж талуудын хоорондын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч гэрээгээр  500 00 юань буюу 150 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарласан,хариуцагч 500 00 юань хүлээж аваагүй, 141 150 000 төгрөг хүлээж авсан гэж маргажээ. /2хх-109/

 

Талуудын хоорондын  гэрээгээр  хариуцагч нь  зээлд 150 000 000 төгрөг, хүүд 7 650 000 төгрөг, нийт 157 650 000 төгрөгийг төлөх  үүрэг үүссэн  гэж үзнэ.  Учир нь /ганц жинтэй өгүүлбэр бичмээр байна/

 

Хариуцагчийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Түмэн цагаан” ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх 141 150 000 төгрөгийн зээлийг төлсөн нь нэхэмжлэгчээс уг мөнгөн хөрөнгийг авсан болохыг нотолно гэх тайлбар үндэслэлгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

 

“Түмэн цагаан” ХХК өөрийн Худалдаа хөгжлийн банкны 406042247 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 126 200 000 төгрөгийг “Түмэнцагаан” ХХК-аас барааны үнэ, зээлийн төлбөр гэх утгаар, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 24 200 000 төгрөгийг “Түмэн цагаан” ХХК-аас зээлийн төлбөр гэх утгаар, хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкны 3105105238 тоот данснаасаа 38 000 000 төгрөгийг Лхамсүрэн гэх утгаар, Б.Лхамсүрэн, Б.Ариунаа нарын данс руу тус тус шилжүүлсэн байна. /1хх112, 117-118/

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан ба хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөр этгээдэд хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчээс энэ талаар зөвшөөрөл аваагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлж өгөөгүй, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцож, 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор зээлсэн 20 000 000 төгрөг буюу 70 000 юанийг нэмж 600 000 юанийн гэрээ байгуулсан, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, талууд энэ талаар маргаагүй тул дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

 

Түүнчлэн талууд 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 000 000 төгрөгийн гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 236 475 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, нийт 256 475 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.М, Б.Ариунаа нарын Голомт банк дахь дансанд 700 000 төгрөг төлсөн тул 255 775 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 437 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.     

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД