Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01443

 

О.Н, Д.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01106 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Н, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.С, З.Н нарт холбогдох,

Гуравдагч этгээд: В.Э

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н нь 2018.02.01-ний өдөр Э.Сээс Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг хиймэгц тухайн орон сууцанд хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр 2018.05.28-ны өдрийг хүртэл оршин суух болсон. Гэвч хариуцагч тохиролцсон ёсоор 2018.05.28-ны өдөр орон сууцыг суллаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, 7 дугаар сарын 18-ны өдөр эцсийн байдлаар суллаж өгнө хэмээн хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл орон сууцыг суллаж өгөхгүй байх тул уг сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018.02.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Учир нь Нээс С нь 90 000 000 төгрөг зээлж Төрийн банкнаас орон сууцны зээлийн гэрээг дуусгавар болгон чөлөөлүүлж Нийн хүсэлтээр байраа нэр дээр нь шилжүүлсэн. Орон сууцны улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан В.Э нь Сийн 2 хүүхдийн эцэг бөгөөд тусдаа амьдарч байгаа. Анх нөхрийн хамтаар тус байрыг 250 000 000 төгрөгөөр худалдан авсан, үүний 75 000 000 төгрөгийг банкинд бэлнээр, 75 000 000 төгрөгийг байрны эзэнд бэлнээр тус тус төлж, үлдсэн 100 000 000 төгрөгийг Төрийн банкны зээлээр худалдан авсан. Ингээд 2013 оноос хойш 2018 он хүртэл Төрийн банканд 36 орчим сая төгрөг нийт 186 000 000 төгрөг төлсөн, 250 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцаа Нт 30 000 000 төгрөгөөр худалдах үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:  В.Э болон Э.С нар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаартай 80 м.кв орон сууцыг 250 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ 100 000 000 төгрөгийг Төрийн банкнаас орон сууцаа барьцаалан 8 хувийн зээл авч төлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр О.Нээс 89 552 016 төгрөг зээлж Төрийн банкны зээлийг хаасан бөгөөд ингэхдээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаартай 80 м.кв орон сууцыг О.Нарангэрэл өөрийн барьцаанд тавихыг шаардсан. Ийнхүү О.Нээс авсан 89 552 016 төгрөгийн зээлд орон сууцыг барьцаалахдаа О.Нийн шаардлагын дагуу худалдах-худалдан авах гэрээгээр 30 000 000 төгрөгөөр зарсан болгож өмчлөлд нь шилжүүлж улмаар зээлээ төлснөөр эргүүлэн авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй,санхүүгийн таатай нөхцөл бүрдсэн учраас 89 552 016 төгрөгийг зээл болгон орон сууцаа О.Нарангэрэлд худалдах-худалдан авах гэрээ байгуулж барьцаанд үлдээсэн. Иймд В.Э болон О.Н нарын хооронд байгуулсан 2018.02.01-ний өдрийн "үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. О.Н нь бие даасан шаардлага гаргасантай холбогдуулан маргаан бүхий орон сууцыг зориуд гуравдагч этгээдийн буюу Ч.Бы өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн. Орон сууцтай холбоотой маргаан шүүхээр хянагдаж байгааг мэдсээр байж зориуд хууль бусаар Ч.Бы өмчлөлд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд О.Н болон Ч.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч О.Н 2018.02.01-ний өдөр хариуцагч Э.Сээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр 16 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулан, нийт 250 000 000 төгрөгөөр дээрх байрыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж, 2018.02.27-ны өдөр гэрчилгээгээ гардан авснаар өмчлөх эрх нь хуулийн дагуу үүссэн.Тухайн үед гуравдагч этгээд болох В.Э нь өөрийн эхнэр Э.Сд хуулийн дагуу орон сууцаа захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл хийж өгсөн. Зохигч харилцан тохиролцсоны үндсэн дээр байрны зээлийн үлдэгдэл төлбөр 90 400 000 төгрөгийг Төрийн банкинд төлж, 159 600 000 төгрөгийг хариуцагч Э.Сд бэлнээр хүлээлгэн өгсөн.Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа хариуцагчийн хүсэлтийн дагуу, түүний улсад төлөх татварыг багасгах зорилготойгоор 30 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр бичсэн. Нэхэмжлэгч тухайн үед хариуцагч болон гуравдагч этгээдэд зээл олгосон асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн орон сууцыг худалдаж авах л хүсэл сонирхолтой байсан. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын худалдах, худалдан авах гэрээг 30 000 000 төгрөгөөр хийж, 159 600 000 төгрөгийг бэлнээр авсан. Гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 3 дугаар байр, 16 тоот 80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч Э.С, З.Н нарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул О.Н болон В.Этай нарын хооронд 2018.02.01-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, О.Н болон Д.Б нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гуравдагч этгээд В.Эын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, З.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, улсын орлогоос илүү төлөгдсөн 237 750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Н, Д.Б нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: В.Э би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5-р хороолол 3 байр 16 тоот 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ийнхүү худалдаж авахдаа 150 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 100 000 000 төгрөгийг "Төрийн банк"-ны 8 хувийн зээлээр худалдаж авсан. Ийнхүү зээлд их хэмжээний мөнгө төлж ирсэн бөгөөд В.Э миний хадам ээж З.Гэсэрбадамын танил О.Н хүн ирээд өөрийгөө ""Төрийн банк "-ны захирал танай хадам ээжид бид 2-ын дунд өр авлага зээлийн асуудал дээр хамтарч ажилладаг" гэж танилцуулсан. Та нар надаас мөнгө зээлээд байраа чөлөөлөөд бага хүүтэйгээр зээлээ эргүүлээд төлчих боломжтой, би та нарт ингэж тусалж чадна гэсэн. Ингээд О.Нээс 89 552 016 төгрөгийг зээлсэн. Гэтэл тухайн үед эхнэр Э.С, О.Н нар нь барьцааны гэрээ хийгээгүй худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж О.Нийн өмчлөлд шилжүүлж, зээлийн 89 552 016 төгрөгөө хүүгийн хамт төлснөөр байраа буцааж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. В.Э би О.Нээс 250 000 000 төгрөг хүлээж аваагүй, бидний хооронд орон сууц худалдах тухай ямар ч асуудал яригдаагүй бөгөөд 89 552 016 төгрөгийг зээлийн асуудал байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нягталж үзэлгүйгээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож улмаар В.Э намайг бодитоор 160 447 984 төгрөгийг хохиролд учруулаад байна. Бид О.Нээс 89 552 016 төгрөгийг л зээлсэн болохоос 159 600 000 сая төгрөгийг аваагүй бөгөөд бидний хооронд орон сууцыг О.Нт худалдах тухай огт яригдаагүй. Анхан шатны шүүх асуудлыг бодитойгоор тал бүрээс шийдэж чадаагүйд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 09-ны өдрийн 01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Н, Д.Б нар нь хариуцагч Э.С, З.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1-р хх-1, 26, 41, 53-54/

 

Мөн гуравдагч этгээд В.Эаас талуудын хооронд байгуулсан дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргажээ. /1хх-121-122/

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

1. Анх маргааны зүйл болох байрны өмчлөх эрх В.Эын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд В.Эаас Э.Сд өгсөн итгэмжлэлээр В.Эыг төлөөлж Э.С О.Н нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж өмчлөх эрх О.Нт шилжсэн / 1хх-6, 51/

2. О.Н нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 3-р байрны 16 тоот сууцны өмчлөх эрхээ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Бд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. / 1хх-5, 153/

3. Уг байранд Э.С, З.Н нар амьдардаг. О.Н нь В.Эаас /итгэмжлэлээр хэлцлийг Э.С байгуулсан/ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх сууцыг худалдаж авахдаа хариуцагч Э.Стэй 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл уг сууцыг хөлслөх гэрээ байгуулсан. /1хх-7/

4. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч байрыг Э.С чөлөөлөхгүй байгаа. /1хх-7/

5. Орон сууц 250 000 000 төгрөгийн үнэтэй болох тухайд талууд маргаагүй. Харин татвар бага төлөх зорилгоор гэрээнд сууцны үнийг 30 000 000 төгрөг гэж тусгажээ./1хх-6/

6. Э.С, В.Э нарын зээлийн дансанд 89 552 016 төгрөгийг “Наранбаяраас зээл хаав” гэсэн бичилтээр шилжүүлсэн /1хх-56-57/

7. Төрийн банкнаас Э.С, В.Э нар нь 100 000 000 төгрөгийн зээл авсан байснаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 35 953 134 төгрөг төлсөн байсан. /1хх-56-57/

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, дээрх гэрээгээр хариуцагч Э.С нь  В.Эыг төлөөлж О.Нээс орон сууцны үнэ 159 600 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан эсэхэд маргаантай байна.  

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 51 дүгээр талд “2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр О.Сд 90 400 000 төгрөгийг зээлийн дансанд, 159 600 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өглөө” гэх бичвэрийг О.Н, Э.С нар үйлдэж харилцан гарын үсэг зурсан баримт авагдсан хэдий ч 159 600 000 төгрөгийг Э.С аваагүй, өөрийн ээж З.Гэсэрбадамын өр төлбөрийг нэхээд дарамтлаад байсан тул гарын үсэг зурсан гэх агуулгатай тайлбарыг гаргажээ.  /1хх-51/

 

Нэхэмжлэгч О.Н нь маргаан бүхий орон сууцыг хариуцагчаас худалдах худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч Э.С, гуравдагч этгээд В.Э нар нь дээрх гэрээгээр О.Нээс мөнгө хүлээж аваагүй гэж тайлбарлажээ./1хх-242, 246/

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Э.С дээрх мөнгийг аваагүй” гэдгийг нотлохоор нэхэмжлэгч О.Нтэй өр зээлийн асуудалтай байсан гэх З.Гэсэрбадамыг гэрчээр асуулгах хүсэлт гаргажээ. /1хх-242/ Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нь “О.Нээс мөнгө хүлээж аваагүй” гэх татгалзал, тайлбараа нотлохоор “Төрийн банк” ХХК-ийн захирал О.Нийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраас гаргуулах хүсэлтийг гаргажээ./1хх-246/ Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нь “О.Нээс Э.Сд мөнгийг хүлээлгэж өгч байсан” гэх гэрч Х.Ичинхоролын мэдүүлгийн хуурамч болохыг шалгуулахын тулд тодорхойлолт гаргуулна гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. /1хх-225-232, 2хх-2/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчийн болон гуравдагч этгээдийн дээрх хүсэлтүүдийг хангахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

Гэрч асуулгах, гэрчийн мэдүүлэг хуурамч болохыг тогтоолгохоор зохих байгууллагад хандах, шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулан авах, төрийн эрх бүхий байгууллагаас /Авилгатай тэмцэх газраас/ хувь хүний хөрөнгө орлогын мэдээллийг гаргуулах зэрэг нь хэргийн оролцогч өөрөө тогтоох боломжтой нөхцөл байдал биш гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.Анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохоор шаардсаны эцсийн үр дагавар юу болох, ямар агуулга, үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулах нь зүйтэй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох хэдий ч хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх үндсэн шаардлага буюу маргааны зүйлд хэлцлийн хүчин төгөлдөр байдал, үр дагаврын асуудал хамаарах эсэхийг анхаарах нь зүйтэй юм. Нэгэнт шүүх маргааны зүйл нь ижил гэж үзэж бие даасан шаардлагыг хүлээгээд авсан тохиолдолд эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох ёстой юм. Тухайлбал талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр сууцны үнийг аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд “ Наранбаяраас зээл хаав” гэх бичилтийг анхаарах, Наранбаярын эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах нь зүйтэй. Учир нь Э.С, В.Э нарын зээлийг н.Наранбаяр гэх иргэн хаасан байдал баримтаас харагдаж байна.

 

Хэрэгт эрх зүйн дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД