Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/01106

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Н,

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.С,

Хариуцагч: З.Н нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд: В.Э-ын нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Сээс Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан байдаг бөгөөд худалдах, худалдан авах гэрээг хиймэгц тухайн орон сууцанд хариуцагч нь Орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл оршин суух болсон байдаг. Гэвч хариуцагч тохиролцсон ёсоор 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг суллаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, 7 дугаар сарын 18-ны өдөр эцсийн байдлаар суллаж өгнө хэмээн хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл орон сууцыг суллаж өгөхгүй байх тул уг орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Нэхэмжлэгч О.Н 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Э.Сээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр 16 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулан, нийт 250.000.000 төгрөгөөр дээрх байрыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээгээ гардан авснаар өмчлөх эрх нь хуулийн дагуу үүссэн байдаг. Тухайн үед гуравдагч этгээд болох В.Э нь өөрийн эхнэр Э.Сд хуулийн дагуу орон сууцаа захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл хийж өгсөн. Нэхэмжлэгч харилцан тохиролцсоны үндсэн дээр байрны зээлийн үлдэгдэл төлбөр 90.400.000 төгрөгийг Төрийн банканд төлж, 159.600.000 төгрөгийг хариуцагч Э.Сд бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа хариуцагчийн хүсэлтийн дагуу, түүний улсад төлөх татварыг багасгах зорилготойгоор 30.000.000 төгрөгөөр худалдсан мэтээр бичсэн болно. Нэхэмжлэгч тухайн үед хариуцагч болон гуравдагч этгээдэд зээл олгосон асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн орон сууцыг худалдаж авах л хүсэл сонирхолтой байсан. Тийм ч учраас хүйтэн сэрүүний улирал байсан тул хариуцагч орон сууцыг суллаж өгөх боломжгүй байна гээд орон сууц хөлслөх гэрээ байгуулан дээрх орон сууцанд түр амьдарч байсан юм. Дээрх үйл баримт хариуцагчийн төрсөн ээжийн удаа дараа орон сууцыг суллах хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт бичиж өгч байснаас нотлогдоно. Хар ухаанаар бодсон ч гэсэн хэн ч хэзээ ч банкны 8 хувийн лизингийн зээлээ төлж чадахгүй байгаа хүнд их хэмжээний мөнгийг зүгээр зээлдүүлэхгүй бөгөөд нөгөө талаас хүнээс мөнгө зээлж байгаа бол орон сууцаа барьцаалж барьцааны гэрээ байгуулах боломжтой байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын худалдах, худалдан авах гэрээг 30.000.000 төгрөгөөр хийж, 159.600.000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэлдээ дөрөөлөн, ийнхүү худал хуурмаг тайлбар бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Учир нь О.Н-ээс Э.С нь 90.000.000 төгрөг зээлж Төрийн банкнаас орон сууцны зээлийн гэрээг дуусгавар болгож чөлөөлүүлж О.Нийн хүсэлтээр байраа нэр дээр шилжүүлсэн байсан. Орон сууцны улсын бүртгэлд байгаа В.Э нь Э.Сийн 2 хүүхдийн аав буюу одоогоор тусдаа амьдарч байгаа өөрөөр хэлбэл нөхөр нь юм. Анх нөхрийн хамтаар тус байрыг 250.000.000 төгрөгөөр худалдан авсан, үүний 75.000.000 төгрөгийг банканд бэлнээр 75.000.000 төгрөгийг байрны эзэнд бэлнээр тус тус төлж, үлдсэн 100.000.000 төгрөгийг Төрийн банкны зээлээр худалдан авсан. Ингээд 2013 оноос хойш 2018 он хүртэл Төрийн банканд 36 орчим сая  төгрөг төлсөн учир нийт 186.000.000 төгрөг төлсөн, 250.000.000 төгрөгийн үнэтэй орон сууцаа О.Нт 30.000.000 төгрөгөөр худалдах үндэслэлгүй юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Э болон Э.С нар нь хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд улмаар орон сууц авах зорилгоор өөрсдийн бүхий л нөөц боломжийг ашиглаж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаартай 80 мкв орон сууцыг 250.000.000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ 100.000.000 төгрөгийг Төрийн банкнаас орон сууцаа барьцаалан 8 хувийн зээл авч төлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр О.Нээс 89.552.016 төгрөг зээлж Төрийн банкны Зээлийн гэрээг хаасан бөгөөд ингэхдээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаартай 80 мкв орон сууцыг О.Нарангэрэл өөрийн барьцаанд тавихыг шаардсан. Ийнхүү О.Нээс авсан 89.552.016 төгрөгийн зээлэнд орон сууцыг барьцаалахдаа О.Нийн шаардлагын дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж 30.000.000 төгрөгөөр зарсан болгож О.Нийн өмчлөлд шилжүүлж улмаар зээлээ төлснөөр эргүүлэн авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан юм. Тус гэрээг байгуулахдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй бөгөөд санхүүгийн таатай нөхцөл бүрдсэн учраас 89.552.016 төгрөгийг зээл болгон орон сууцаа О.Нарангэрэлд худалдах, худалдан авах гэрээ байгуулж барьцаанд үлдээсэн. Иймд В.Э болон О.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэгч О.Н нь бие даасан шаардлага гаргасантай холбогдуулан маргаан бүхий орон сууцыг зориудаар гуравдагч этгээдийн буюу Ч.Батсайханы өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн байна. Ийнхүү орон сууцтай холбоотой маргаан шүүхээр хянагдаж байгааг мэдсээр байж зориуд хууль бусаар Ч.Батсайханы өмчлөлд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд О.Н болон Ч.Батсайхан нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н, Д.Б нар нь хариуцагч Э.С, З.Н нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, О.Н, В.Э нарын хооронд байгуулсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч орон сууцыг өмчлөх эрхгүй гэж маргаж байна.

 

Мөн гуравдагч этгээд В.Эаас нэхэмжлэгч нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.Н, Д.Б нар нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.С, З.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Э.Сд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 хороолол 3 байр 16 тоот 80 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч О.Н нь орон сууцыг Э.Сд шилжүүлэн өгсөн, хариуцагч Э.С орон сууцны хөлс төлсөн эсэх талаар талууд мараагүй.

 

Харин талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1.1-т зааснаар гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан, талууд гэрээг сунгаагүй боловч хариуцагч Э.С нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, хариуцагч З.Нийн хамт үргэлжлүүлэн эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог боловч эд хөрөнгийн өмчлөгч эд хөрөнгөө буцаан авахаар шаардсан нөхцөлд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т зааснаар гэрээ дуусгавар болсон тул хөлслөгчийн эзэмшил хууль бус болно.

 

Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй тул хөлслүүлэгч О.Н гэрээ дуусгавар болсноор орон сууцаа чөлөөлөхийг хариуцагч Э.С, З.Н нараас шаардах эрхтэй байна.

 

Ийнхүү О.Н, Э.С нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссанаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т зааснаар гэрээ дуусгавар болсноос хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч О.Н үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх орон сууцны өмчлөх эрхийг Д.Бд шилжүүлсэн байна. /хх 178-179/

 

Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-т зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан боловч орон сууц хөлслүүлэх дээрх гэрээ дуусгавар болсноос хойш хөлслүүлэгч О.Н үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бы өмчлөлд шилжүүлсэн тул хуулийн энэ зохицуулалт Д.Бы шаардах эрхэд хамаарахгүй.

 

Харин орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсноор хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын талаар, нэхэмжлэгч О.Н нь гуравдагч этгээд В.Этай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 хороолол 3 байр 16 тоот 80 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч орон сууцны үнэ 30,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байна. /хх 6/

 

Дээрх гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 хороолол 3 байр 16 тоот 80 м2 талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Н 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн /хх 5/ байх бөгөөд талууд бичгээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 30,000,000 тодорхойлсон байх боловч худалдан авагч О.Н нь 90,400,000 төгрөгийг Төрийн банк дахь В.Эын зээлийн данс руу, 159,600,000 төгрөгийг бэлнээр В.Эын төлөөлөгч Э.Сд тус тус шилжүүлж, нийт орон сууцны үнэ 250,000,000 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримт /хх 51/-аар тус тус тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэлээ тодорхойлохдоо О.Нээс 89,552,016 төгрөгийг зээлсэн бөгөөд түүний хүсэлтээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг О.Нийн өмчлөлд шилжүүлсэн, орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүй, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, энэ нь 250,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцаа 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байгаагаас нотлогдоно тайлбарлажээ.

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байх явдал юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд гуравдагч этгээд В.Эын эхнэр Э.С орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх боловч дээр дурдсанчлан Э.С нь О.Нтэй 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа болох нь орон сууц хөлслөх гэрээ /хх 7/, Э.Сийн ээж бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гэсэрбадамын гаргасан “Миний бие охины нэр дээр 8 хувийн Төрийн банканд зээлтэй байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 3-16 тоот байрыг 90,000,000 төгрөгийг чөлөөлүүлж, иргэн О.Нт 250,000,000 төгрөгөөр зарсан. Уг байрыг чөлөөлж өгөх хугацааг 6 сарын 1-нд чөлөөлж өгнө гэж тохирсон” гэх тайлбар /хх 52/, гэрч Х.Ичинхорлоогийн өгсөн “... Гэсэрбадам гэж хүн надад өртэй, өрийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй гэсэн. Тэгээд өөрийнх нь байр буюу охин нь амьдардаг, охиных нь нэр дээр байсан, өөрийнх нь өмчлөлийн байрыг зарж надад өр барагдуулахдаа ерэн хэдэн саяын барьцаанд байсан байрыг О.Н зээлийг нь төлөөд О.Н бид хоёрын дунд бас байсан өглөг авлага байсныг хоёр талдаа хаагаад байр зарах болсон” гэх мэдүүлэг зэргээр О.Нээс В.Эд шилжүүлсэн 250,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд О.Н, В.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн О.Н болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Одбаяр нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 3 дугаар байр, 16 тоот 80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч Э.С, З.Н нарт даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул О.Н болон В.Этай нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, О.Н болон Д.Б нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гуравдагч этгээд В.Эын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, З.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, улсын орлогоос илүү төлөгдсөн 237,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Н, Д.Б нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ