Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02943

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 21

181/ШШ2023/02943

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Боржигон овогт О.Н /РД:/,

Нэхэмжлэгч: Эрдэнэх овогт Д.Б /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Модчин овогт Э.С /РД:/,

Хариуцагч: Модчин овогт З.Н /РД:/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Боржигон бариач овогт В.Э /РД:/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б ББСБ ХХК /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: ................. үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, О.Н-ээс 266,847,984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.Б,

Хариуцагч Э.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Л,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.

/Хариуцагч З.Н өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Н, Д.Б нар хариуцагч Э.С, З.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч О.Н 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Э.Стэй Сүхбаатар дүүргийн .................... хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг банкинд төлж, үлдэх төлбөрийг Э.Сд бэлнээр төлж, нийт 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ хийсний дараа Э.Сийн эгч тухайн байранд амьдарч байсан. Нялх хүүхэдтэй учраас захиалсан байр ашиглалтад ортол суллаж өгөхгүй гэсэн. Иймд үргэлжлүүлэн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын 1,000,0000 төгрөгөөр хөлсүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа сунгасан. Улмаар байраа чөлөөлөхийг шаардаж, удаа дараа очиход чөлөөлж өгөхгүй байсан учраас орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Сд тухайн байрыг худалдах хүсэл зориг байгаагүй. О.Н, З.Гэсэрбадам нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, О.Н хариуцагч Э.Сийн эх З.Гэсэрбадамыг Өрөндөө барьцаа өг гэсэн шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байдаг хоёр байр санал болгосон боловч тухайн байр нь Голомт банкны барьцаанд байсан учраас боломжгүй байна гээд охиныхоо байрыг шилжүүлж өгсөн.

Нэхэмжлэгч О.Нт 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий орон сууцыг өмчлөлд нь шилжүүлсэн. Уг хэлцэл нь хууль зөрчиж хийсэн хэлцэл юм. Татвараас зайлсхийх зорилгоор гэрээнд орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдаж байгаа талаар тусгасан. Бодит байдал дээр хэн алинд нь худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй. Уг гэрээ нь хүсэл зоригийн илэрхийлэлгүй гэрээ байсан. Э.С, В.Э нар нь өөрсдөө 250,000,000 төгрөгийн орон сууц худалдаж аваад 150,000,000 орчим төгрөг урьдчилан төлөөд 100,000,000 төгрөгийн зээл аваад түүнээсээ 36,000,000 орчим төгрөг төлсөн байхад 30,000,000 төгрөгөөр худалдах эрх зүйн үндэслэл байхгүй. Өөр хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж Дээд шүүхийн тогтоолд дурдсан. Нэхэмжлэгч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2018 оны 02 дугаар сарын 15-нд Э.С, З.Гэсэрбадам нарт 90,000,000 төгрөг зээлсэн, дахин 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг зээлсэн гэж мэдүүлсэн байна.

Тус орон сууцыг З.Гэсэрбадамын зээлийн барьцаанд О.Нт шилжүүлсэн, барьцаалбар болох нь хэрэгт авагдсан хэд, хэдэн нотлох баримтаар баримтаар хангалттай нотлогддог. Тодруулбал, үзлэг хийсэн тэмдэглэл, З.Гэсэрбадамын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Нийн хөрөнгө орлогын мэдүүлгээр тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулдаг, бусдад мөнгө зээлүүлдэг, зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авдаг нь тогтоогдоно.

О.Н тус орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 90,000,000 төгрөгийг банкинд төлсөн. Гэвч үлдэх 159,600,000 төгрөгийг Э.С бэлнээр авсан үйл баримт огт байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ мөнгийг зээлүүлсэн гэж мэдүүлдэг. Зээлсэн юм бол нэхэмжлэлийн шаардлагаа тусад нь гаргаад явах шаардлагатай. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн 159,600,000 төгрөгийг ээжид нь өгсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Маргаантай байгаа байрыг бусдад юу гэж шилжүүлэх вэ гэж хэлж байсан. Гэтэл энэ байр Д.Б гэж хүний нэр дээр гомдол гаргахаас 3 хоногийн өмнө шилжсэн байдаг. Д.Б Бейсткредит ББСБ ХХК-д барьцаалсан. Хуульч, өмгөөлөгч хүмүүсийн хийж байгаа том зураг. Ингээд үнэхээр арга мухардсан.

Бид О.Нт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байгаа. Мөн 159,600,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэж маргаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоно. Барьцаанд авсан зүйлийг халхавчилж, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгч О.Нт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагадаа:

3.1. Хариуцагчийн гаргасан тайлбараас харахаар О.Н орон сууцны өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан. Өмнө нь энэ хэрэг 3 шатны шүүхээр ороод шийдэгдсэн. Орон сууцыг шилжүүлэхдээ барьцаа гэж ойлгуулж шилжүүлсэн. Фидуцийн гэрээтэй адилтгаад үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн. О.Нийн зүгээс З.Гэсэрбадамын өр төлбөр нэмэгдэхээр барьцаа тавих шаардлага тавьсан. З.Гэсэрбадам цэцэрлэгийн байраа барьцаалах гэсэн боловч болохгүй болохоор нь охиныхоо байрыг барьцаалсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн өмчлөх эрх учраас үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. В.Э нь өөрийн хадам ээж З.Гэсэрбадамын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгох зорилгоор О.Нтэй 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ....................., эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Э нь энэхүү орон сууцыг О.Нт худалдах хүсэл зориг байгаагүй, талууд хөрөнгө худалдах тухай тохиролцоо огт хийгээгүй, тус гэрээний дагуу В.Э нь төлбөр мөнгө хүлээн аваагүй, зөвхөн зээлийн барьцаа болгох зорилготой байсан болох нь нэхэмжлэгч О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Э.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч З.Гэсэрбадамын мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар тогтоогддог.

Тиймээс О.Н, В.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө. гэж заасан.

О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Д.Бтай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Бд шилжүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар Д.Б нь О.Нийг тус орон сууцны жинхэнэ өмчлөгч биш гэж мэдэх боломжтой байсан гэдгийг тогтоох боломжгүй байх тул Д.Б нь тус орон сууцны шударга өмчлөгч гэж үзэхээр байгаа юм.

Тиймээс О.Н нь В.Этай байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан орон сууцыг буцаан өгөх боломжгүй байдалд хүргэж, бусдад өмчлөх эрхийг шилжүүлсэн байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны үнийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл бий болсон.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 04225 тоот захирамжаар шинжээч томилж, Сүхбаатар дүүрэг, ..................... орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгоход Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлангаар тус орон сууцны зах зээлийн үнэлгээг 356,400,000 төгрөгөөр тогтоосон.

Дээрх үндэслэлээр О.Нээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт Сүхбаатар дүүрэг, ....................., эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зах зээлийн үнэ 356,400,000 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкинд төлсөн 89,552,016 төгрөгийг хасаж, 266,847,984 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бейст кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Тиймээс Д.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч бөгөөд бид үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихтай холбоотой холбогдох баримтыг авсны үндсэн дээр зээл өгч, барьцааны гэрээ байгуулсан гэв

 

5. Нэхэмжлэгч О.Н, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс бие даасан шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд В.Э өөрийн эхнэр Э.Сд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, хөлслөх, зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахтай холбогдолтой бусад үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгож, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн олгосон байдаг.

Дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд Э.С, О.Н нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гуравдагч этгээд В.Эын банкны барьцааг чөлөөлөн үлдэгдэл 159,600,000 төгрөгийг Э.С хүлээн авсан талаар итгэмжлэлийн арын хуудсанд Э.С, О.Энхжаргал нар гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримтыг хариуцагч тал няцаагаагүй. О.Н тухайд үед Э.Сийн ипотекийн төлбөрийг төлөхөөс гадна бэлэн мөнгө төлж байрыг өмчлөлдөө шилжүүлж авсан. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудасны ард бичигдсэн. Хариуцагч тал мөнгө аваагүй гэдгээ нотолж чаддаггүй.

Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй. гэж хуульчилсан байх тул В.Э нь Э.С, О.Н нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй.

О.Нт байрны мөнгөний эх үүсвэр байгаагүй гэдэг боловч Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээрээс 2016 онд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 4 орон сууц бүртгэлтэй байгаа нь харагддаг. 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тухайн орон сууцыг худалдан борлуулсан гэдэг нь харагддаг. Худалдан борлуулаад хүнд зээлүүлсэн. Тухайн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг нь дараа оны 2 сард хөтлөгддөг. 2017 оны хөрөнгийн мэдүүлгийг 2018 оны 2 дугаар сард мэдүүлсэн. 2 орон сууц зараад бэлэн мөнгөтэй болсон нь харагдана. Мөнгөө авсан, өгсөн асуудал харагдана. Мөнгөө бэлэн хадгалж байсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Сээс байр худалдан авахдаа бэлэн байсан мөнгөө бэлэн өгсөн гэдэг.

Өмнөх шүүх хурал дээр би О.Н, З.Гэсэрбадам нарын хооронд зээлийн харилцаа байсан, энэ мөнгийг авлагын оронд авсан гэж огт хүлээн зөвшөөрөөгүй. Тэгж хэлээгүй. О.Нтэй хамт Төрийн банканд ажилладаг байсан хүнд З.Гэсэрбадам өртэй байсан. Тэр хүнээс нь О.Н авлагатай байсан учраас З.Гэсэрбадамын байрыг О.Н худалдаж аваад 156 сая төгрөг өгөөд авлага, өглөгөө өгч байгаа харилцаа. З.Гэсэрбадамаас авах ёстой байсан авлагын оронд байрыг нь авсан гэж хэлээгүй. 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс З.Гэсэрбадам, Э.С нараас авлагатай гэж бичсэн. Энэ байрны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад суллаж өгөхгүй маргаан үүссэний дараа зээлийг нь төлсөн зарлагаа авлагатай гэж бичсэнийг буруутгах боломжгүй.

Э.Сд төлбөрөө төлсөн. Орон сууцыг нь худалдан аваад суллаж өгөхгүй болохоор нь орон сууц хөлслөх гэрээ байгуулж байсан. Уг байрыг суллах хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг З.Гэсэрбадам удаа, дараа бичиж байсан нь нотлогддог.Барьцаа гэж шилжүүлсэн бол суллаж өгнө, хугацааг минь хойшлуулаач гэдэг асуудал ярихгүй байсан. Тайлбар бичихдээ З.Гэсэрбадам өмгөөлөгч авахгүй бол болохгүй байна гэж тайлбар бичсэн. Зээл байсан, барьцаа байсан гэж илэрхийлээгүй. Өмгөөлөгч хөлсөлж оруулж ирээд өмгөөлөгч нь ийм зүйл яриад эхэлсэн.

О.Н банкны тооцооны төвийн захирлаар ажилладаг байсан. Хэн нэгэнд мөнгө зээлээд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол барьцаалбар бүртгүүлээд барьцаанд бариад хүүтэй нь хамт барьцаалбараас гаргаад авах боломжтой гэж мэдэж байж хүүгүй мөнгө өгөх үйлдэл яах гэж гаргах юм бэ? Иргэд хоорондын зээлийг 10 хувийн хүүтэй байдаг гэж хамгийн сайн мэдэж байгаа. Зээлийн гэрээний барьцаалбарыг бүртгүүлээд иргэд хоорондоо барьцаалж болно. Гэтэл огт барьцааны зүйл байгаагүй. Хүний итгэлээр тоглож байна. Тус болсон биш гэж мессеж бичсэн. Өртэй байсан, зээлээ нэхээд байна. Сар бүр хүү төлөөд явж байна. Гэтэл гуйсан болохоор нь бэлэн мөнгөө өгөөд хүнээс мөнгө зээлж аваад байрыг нь нэр дээрээ болгож аваад Х.Ичинхоролоос авах байсан авлагаа гаргаж авах гэж байна. Хэрвээ О.Н тэр төлбөрийг төлөөгүй бол банкинд 2018 оны 02 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 67 сарын хугацаанд 35,400,000 төгрөгийн хүү төлнө. Энэ зээлийг О.Нт хүүтэй өгсөн бол хэдэн төгрөгийн хүү төлөх вэ? Банкны хүүд төлсөн 90,400,000 төгрөгөөр сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан бол хэдэн төгрөг төлөх юм бэ? О.Н байр хөлсөлж амьдарсан 5 жил 7 сарын мөнгийг шаардахгүй байна. Хэцүү байгааг нь мэдэж байгаа учраас болино, авахгүй гэсэн. Одоо болтол мөнгө угаасан гэж гүтгүүлж байгаа ч харж үзсэн. Тусалсан хүн. Одоо худалдаж аваагүй, зээлсэн гэж хэлээд байна. Үнэлгээ хийлгээд 356,400,000 төгрөг гаргасан. 80 м.кв байрыг 90 м.кв гэж үнэлгээ гаргасан. Одоо зөрүү мөнгө шаардаад байгаа нь үндэслэлгүй.

Хэрэв орон сууцны үнэ 159,600,000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол итгэмжлэл олгосон өөрийн эхнэр Э.С асвэл хадам эх З.Гэсэрбадам нараас шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч Э.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

О.Н, З.Гэсэрбадам нар хэн нь хэндээ ямар мөнгө зээлсэн нь хамаагүй. О.Н мөнгө зээлдэг хүн. Тэгэхээр хүү ашиг олох байсан гэж байна. Хүү ашиг олох байсан бол нэхэмжлэл гаргахдаа өөрсдөө шударгаар 159,600,000 төгрөг Э.Сээс аваагүй, З.Гэсэрбадамаас авсан гэсэн бол хэрэг маргаан дууссан байх байсан. Хууль мэдэхгүй хүнийг дарлаад сурсан хүмүүс. Яаж цааш нь хөрөнгийг шилжүүлэх тухай бүтэн зураг гаргасан. Ингээд хуульч би мухардсан. Нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээ түүний үндэслэл болсон итгэмжлэл нь хуульд нийцсэн гэж тайлбарлаад байна. Хууль зөрчсөн хэлцэл бол хүчингүй болно гэж хууль баталсан байх. Хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэдгийг олон баримтаар нотолсон гэв.

 

7. Нэхэмжлэгч О.Нээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг төлсөн баримт, Г.Нд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, В.Э, О.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Н, Э.С нарын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, З.Гэсэрбадамын О.Нт гаргасан хүсэлт, В.Эаас Э.Сд олгосон 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, З.Гэсэрбадамын Сүхбаатар дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбар, хариу тайлбар, О.Н, Д.Б анрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Төрийн банк ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 дугаартай Сэлгүүлэн ажиллуулах тухай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн.

Нэхэмжлэгч Д.Баас шүүхэд Г.Нд олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч Э.Сээс шүүхэд З.Гэсэрбадамд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Л.Гд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Төрийн банк ХХК, В.Э, Э.С нарын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 78 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, хавсралт, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлдэгчийн зөвшөөрөл, сөрөг нэхэмжлэл, зээлийн дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, В.Э, О.Н нарын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч З.Нээс шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, Л.Гд олгосон итгэмжлэлийг нотлох баримтаар ирүүлсэн.

Гуравдагч этгээд В.Эаас шүүхэд Л.Очбаяр, Б.Ганбат, О.Өлзийсайхан, Л.Г нарт төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 2,178,340 /308,000+307,950+70,200+1,492,190/ төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

Гуравдагч этгээд Б ББСБ ХХК-иас шүүхэд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Дд олгосон итгэмжлэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүрэм, Б ББСБ ХХК, Д.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/35 дугаартай Зээлийн гэрээ, БГ/35 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/35-В дугаартай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/35 тоот, 2019 оны 3 дугаар сарын 15-ны ЗГ35-Б зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/35-Б дугаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ/35 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кассын зарлагын ордер, харилцагчийн дансны хуулга, кассын орлогын ордер, Б ББСБ-ын дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр О.Наранбаярыг гэрчээр асууж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр 16 тоот, 80 мкв орон сууцны өмчлөгч хэн болох, хэнээс хэнд шилжсэн талаарх лавлагааг холбогдох баримтуудын хамт гаргуулсан. /1хх-ийн 162-179, 2хх-ийн 150, 157-158/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Х.Ичинхорлоог асууж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр 16 тоот, 80 мкв орон сууцны өмчлөгч хэн болох, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш дээрх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг холбогдох баримтуудын хамт гаргуулсан. /1хх-ийн 76-119, 224-232/

Гуравдагч этгээд В.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр З.Гэсэрбадамыг гэрчээр асууж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож, Э.Сийн Sodgerel Enkh-Amar фейсбүүк хаягт О.Нтэй 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд харилцсан цахим шууданд үзлэг хийж, Авлигатай тэмцэх газраас Боржигон овогт О.Н /РД:НЭ81022717/-ийн 2016 оноос 2021 он хүртэлх хөрөнгө орлогын мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулсан. /2хх-ийн 94-112, 115-121, 144-149, 3хх-ийн 51-65/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэхэмжлэгч О.Нийн арилжааны банкууд дахь харилцах дансны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг гаргуулсан. /2хх-ийн 183-206/

Гуравдагч этгээд В.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Сийн Sodgerel Enkh-Amar фейсбүүк хаягт О.Нтэй 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд харилцсан цахим шууданд үзлэг хийсэн боловч латин үсгээр хоорондоо харилцсан цахим шууданг шүүх хөрвүүлж, орчуулах боломжгүй тул үнэлээгүй болно.

Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.-д Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. гэж заасан тул 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч О.Н, Д.Б нар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: О.Н, Э.С нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байх тул хариуцагч Э.С, З.Н нарын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн .................... хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Э.Сд тухайн орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, Э.Сийн ээж З.Гэсэрбадамын зээлийн төлбөрт барьцаалсан учир 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Э.С 159,600,000 төгрөгийг аваагүй гэх үндэслэлээр маргасан.

4. Гуравдагч этгээд В.Эын зүгээс О.Н, В.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт Сүхбаатар дүүрэг, ....................., эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зах зээлийн үнэ 356,400,000 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкинд төлсөн 89,552,016 төгрөгийг хасаж, 266,847,984 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

5. Нэхэмжлэгч О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гуравдагч этгээд В.Э эхнэр Э.Сд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэлд төлөөлөх бүх эрхийг олгосон учраас Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар шаардах эрхгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэг талаас В.Эыг төлөөлж Э.С, нөгөө талаас О.Н нар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатр дүүрэг, ....................., 80 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ./1хх, 6/

Дээрх гэрээг В.Эаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Э.Сд Ү-2203009947 дугаартай, Сүхбаатар дүүрэг, ....................., 80 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, бэлэглэх, хөлслөх, зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой бусад үйлдэлд төлөөлөх бүрэн эрх-ийг олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан байна. Итгэмжлэлд Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт, шахалтанд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно гэжээ. /1хх, 51/

6.2. Улмаар Сүхбаатар дүүргийн ..................... 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр О.Н бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /1хх, 5, 76-119/

6.3. Нэхэмжлэгч О.Нийг маргаан бүхий орон сууцыг худалдан авах үед тухайн орон сууц нь Э.С, В.Э нарын Төрийн банктай 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээгээр авсан 100,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан байсан, Э.С, В.Э нар нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 35, 953,134 төгрөг төлсөн байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх, 42-49, 56-57/

6.4. Нэхэмжлэгч О.Нийн эгч Наранбаяраас зээл хаав гэх гүйлгээний утгатай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк ХХК-д 89,552,016 төгрөгийг О.Нийн өмнөөс шилжүүлснээр уг зээл болон барьцааны гэрээ дуусгавар болж, барьцаанаас чөлөөлөгдсөн болох нь талуудын маргаагүй тайлбар, гэрч О.Наранбаярын мэдүүлгээр тогтоогдсон. /1хх, 56-57, 2хх, 157-158/

6.5. О.Н, Э.С нар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч О.Н нь хөлслөгч Э.Сд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн .................... хаягт байрлах орон сууцаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хөлслүүлэх, хөлслөгч нь орон сууцны хөлсөнд нэг сарын 1,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан бөгөөд З.Гэсэрбадам 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр О.Нт орон сууц чөлөөлөх хугацааг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан байна. /1хх, 7-8/

6.6. Сүхбаатар дүүргийн .................... сууцны өмчлөх эрх О.Нийн өмчлөлөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ээр Б.Баярцогтын өмчлөлд,

Б.Баярцогтын өмчлөлөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ээр О.Нийн өмчлөлд,

О.Нийн өмчлөлөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Д.Бы өмчлөлд шилжин бүртгэгдсэн, Бэйст кредит ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ/35 дугаартай барьцааны гэрээ бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7/3082 тоот, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4701 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон. /1хх, 76-119, 162-179/

 

6.7. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Албан тушаалтны 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт З.Гэсэрбадамаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5%-ийн хүүтэй 90,000,000 төгрөг /Э.Ванчиндоржоос зээлсэн 90,000,000 төгрөгийг дамжуулан зээлүүлсэн/-ийн авлагатай гэж, 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт З.Гэсэрбадам, Э.С нараас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5%-ийн хүүтэй 90,000,000 төгрөг, /Нидерланд Улсын иргэн А.Схипорстоос зээлсэн мөнгийг зээлдүүлсэн/-ийн авлагатай гэж, 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт З.Гэсэрбадам, Э.С нараас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5%-ийн хүүтэй 200,000,000 төгрөг /хуримтлал болон хувь хүнээс зээлсэн/-ийн авлагатай гэж тус тус мэдүүлжээ. /2хх, 95-112/

 

6.8. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн .................... хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 356,400,000 төгрөгөөр тогтоосон байна. /3хх, 51-65/

 

7. Талууд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг 250,000,000 төгрөг байсан талаар болон В.Э, О.Н нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд татвар бага төлөх зорилгоор орон сууцны үнийг 30,000,000 төгрөг гэж тусгасан, О.Н, Э.С нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээний хугацаа дууссан боловч Э.С орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б бүртгэлтэй талаар маргаагүй.

 

Харин талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, дээрх гэрээгээр хариуцагч Э.С нь В.Эыг төлөөлж О.Нээс орон сууцны үнэ 159,600,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан эсэхэд маргаантай байна.

 

8. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч О.Н, В.Эыг төлөөлж Э.С нар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-т заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч О.Н тус орон сууцны төлбөрт Э.С, В.Э нарын Төрийн банктай 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 89,552,016 төгрөгийг Төрийн банк ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй боловч, үлдэх төлбөр 159,600,000 төгрөгийг Э.С бэлнээр хүлээн авсан эсэхэд маргасан.

Хэрэгт, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.Нээс 90,400,000 төгрөгийг зээлийн данс руу, 159,600,000 төгрөгийг бэлнээр Э.Сд хүлээлгэн өглөө, хүлээлгэн өгсөн О.Н, хүлээн авсан Э.С гэж гарын үсэг зурсан баримт авагдсан. Уг баримтад Э.С гарын үсэг зурсан талаар маргадаггүй боловч Бэлнээр мөнгө аваагүй, ээж З.Гэсэрбадамын өр төлбөрийн барьцаанд орон сууцыг барьцаалсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс О.Н, З.Гэсэрбадамтай зээлийн харилцаа байхгүй, З.Гэсэрбадамаас авах авлагагүй гэж тус тус тайлбарладаг.

Гэрч Х.Ичинхорлоогийн ...З.Гэсэрбадам бид хоёрын хооронд мөнгөний өглөг, авлага, зээлсэн мөнгөний асуудал байгаа. Хамгийн сүүлд хоёр удаа нотариатаар орж байсан. Өмнөх гэрээнүүд дээр нотариатаар орж байгаагүй...О.Нээс тухайн үед би 30, 40 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд З.Гэсэрбадам мөнгөө төлж чадахаа байгаад ирэхээрээ байраа заръя, Энийг зараад өрөө төлье гэхээр нөгөө байр нь Төрийн банкинд 8 хувийн зээлтэй, үлдэгдэлтэй байсан. Ерэн нэг орчим сая төгрөг байсан. Тэр байрыг О.Н худалдаж аваад, тэр ерэн нэгэн сая төгрөгийн үлдэгдэл зээлийг хаагаад 250,000,000 төгрөгөөр авсан юм байна лээ...Би 40, 50 саяыг авсан. 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд, 91,000,000 төгрөгийг банкны зээлэнд төлөөд зөрүү 160,000,000 орчим төгрөгийг О.Нээс Э.Сд бэлэн өгсөн юм билээ. Би тэрийг нь хараагүй гэх мэдүүлэг, нэхэмжлэгч О.Нийн Албан тушаалтны хө мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий гэрээ байгуулах хүртэлх цаг хугацаанд О.Н, З.Гэсэрбадам нарын хооронд зээлийн гэрээний харилцаатай байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн гэрч З.Гэсэрбадамын мэдүүлгээс О.Нээс зээлсэн хэдэн төгрөгийн барьцаанд уг байрыг барьцаалах болсон нь тогтоогдоогүй.

Хэдийгээр О.Н, В.Эыг төлөөлж Э.С нарын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд орон сууц худалдах үнийг 30,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч уг орон сууцыг З.Гэсэрбадамын өр төлбөрт тооцон шилжүүлсэн, барьцаалуулах зорилгоор О.Нийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нарын үндэслэж буй халхавчлагдсан гэх барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан, зохигчийн хүсэл зориг нэгдсэн гэж үзэх нөхцөл, барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллээ өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх болсон үндэслэл нотлогдоогүй.

Иймд О.Н, В.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж дүгнэв.

Харин Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй. гэж заасан тул гуравдагч этгээд В.Эыг шаардах эрхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал, хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар ялгамжтай зохицуулсан. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зохицуулжээ. Хуульд заасан үндэслэл нь мөн хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан буюу ноцтой төөрөгдлийн улмаас, хууран мэхэлж, хүч хэрэглэж хийсэн үндэслэлээр шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор хуульчилсан байна.

Гуравдагч этгээд В.Эын зүгээс О.Н, В.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр буст тооцуулахаар бус хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан тул Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар гуравдагч этгээд В.Эыг шаардах эрхгүй гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүх О.Н, В.Э нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж О.Нээс 266,847,984 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд В.Эын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч Э.С нь нэхэмжлэгч О.Нтэй 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч хөлслөгч Э.Сийн эх З.Гэсэрбадамын хүсэлтээр орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч хариуцагч Э.С нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, хариуцагч З.Нийн хамт үргэлжлүүлэн эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, З.Гэсэрбадамын хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иймд О.Н, Э.С нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Э.С, З.Н нарын эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Улмаар нэхэмжлэгч О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ээр Сүхбаатар дүүргийн .................... хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг Д.Бд шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч О.Нийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь дуусгавар болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

Хариуцагч Э.С, З.Н нарын зүгээс тус үл хөдлөх хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

10. Дээрх үндэслэлээр, Э.С, З.Н нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай Д.Бы нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч О.Нийн Э.С, З.Н нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд В.Эын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, О.Нээс 266,847,984 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,178,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, З.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ..................... 80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.С, З.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Д.Бы нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч О.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар О.Нээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 266,847,984 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд В.Эын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,178,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С, З.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ