Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 488

 

Г.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар магадлалтай, Г.А-т холбогдох 1715002600088 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Г-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт “Өрнөх” цайны газрын урд талд хууль сахиулагч, цагдаагийн алба хаагч Д.Н, Т.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан баримтаар тогтоогдсон. Тодруулбал, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “18378, D.N гэх бичигтэй хар хөх өнгийн цагдаагийн алба хаагчийн хүрмийг тойруулж харахад баруун ханцуйны урд хэсэгт оёдлын машинаар оёсон хэсэг байх бөгөөд Д.Н нь тухайн хэсгийг Г.А урсан гэж заав” гэж тэмдэглэгдсэн, мөн гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Н, Т.Г болон гэрч Б.Э, Д.М нарын мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 тоот “Д.Н-ийн биед хоншоор, баруун хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Г.А хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа талаар тодорхой дурдалгүйгээр “Г.А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Г.А-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй, харин зөрчлийн шинжтэй байна” гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3-т “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол…” гэж заасан. Энэ нь төрийн албан хаагчийн биед халдахгүйгээр эсэргүүцсэн байвал хариуцлага хүлээлгэх зохицуулалт юм. Тухайн тохиолдолд Г.А хүч хэрэглэн эсэргүүцсэн, төрийн албан хаагчийн биед халдан нүүрийг нь маажин, хувцсыг нь урсан зэрэг үйлдлийг хүч хэрэглээгүй гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Г.А нь хууль сахиулагчид хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон. Яллагдагчаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, өмгөөлөгч авах эсэхийг асуугаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч нь улсын яллагчтай мэтгэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлт байхгүй байна. Шүүгдэгчийг өмгөөлөгч авах эрхээр нь мөрдөгч, прокурор, шүүхийн аль ч шатанд хангаагүй тул процессийн ажиллагааны алдааг засуулах шаардлагатай. Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд дээрх үндэслэлээр гомдол гаргаж байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасан хэлсэн саналдаа “...Эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй байна. Г.А нь цагдаагийн ажилтан нарт хүч хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Г.А нь зөрчил гаргасан нь үнэн, гэхдээ захиргааны зөрчил гаргасан. Хяналтын шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх зарчмын дагуу асуудалд хандах болов уу гэж бодож байна. Шүүгдэгчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй тул хэргийг дахин шалгуулах нь зүйтэй гэж прокурор үзэж байна. Тухайн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нь Г.А-т анх зөрчил гэж ойлгуулсан учраас өмгөөлөгч аваагүй байдаг. Энэ асуудал гарахад цагдаагийн байгууллагын ажилтнуудын буруутай үйлдэл нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Г.А-ыг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Өрнөх” цайны газрын урд талд цагдаагийн алба хаагч Д.Н, Т.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.А нь цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь хангалттай тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлгээс үзвэл түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3-т заасан төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон зөрчлийн шинжийг агуулсан байна” гэж дүгнэн Г.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх болсон хүсэл зорилго, цагдаагийн алба хаагчид руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл зэрэг тухайн гэмт хэргийн субьектив болон обьектив шинжүүд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг бол шүүгдэгч Г.А-ын үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Харин давж заалдах шатны шүүх Г.А-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг цагаатгаагүй орхигдуулсан байх тул энэ талаар магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн давж заалдах шатны шүүх Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь энэ хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд илрээгүй тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж өөрчилж, 4 дэх заалт буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэснийг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН